Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 134/ШШ2018/00037

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ГНЭ-д холбогдох

ГНЭ Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилуулж, цалингийн зөрүү 202 305 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ц миний бие 2013 оны 07 дугаар сарын 15-наас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/161 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Ц миний хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.6-г үндэслэн цуцалсан. 2017 оны 11 дүгээр сарын дундуур болсон их эмч нарын хурал дээр нэгдсэн эмнэлгийн дарга С.А нэхэмжлэгч миний биеийг нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалаас чөлөөлж, албан тушаалыг бууруулна гэсэн аман шийдвэр гаргахад миний бие тухайн албан тушаалыг өгөхгүй гэж маргахгүй, харин цалин хөлсийг бууруулахыг бол зөвшөөрөхгүй гэсэн. Тус эмнэлгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/162 тоот тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн өсвөр үеийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар томилсон нь миний ажил албан тушаал, цалин хөлсийг үндэслэлгүй хууль бусаар бууруулсанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч миний бие нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхдаа 745 010 төгрөгийн цалин авч байсан бол одоо өсвөр үеийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтны цалин 634 912 төгрөг болж үүний зөрүү 110 098 төгрөг болсон болно. Эмнэлгийн даргын баталсан хуваарийн дагуу тус эмнэлгийн эмч нар сард 3-4 удаа илүү цагаар ажиллах буюу жижүүр эмчийн үүргийг гүйцэтгэдэг. Илүү цагаар ажилласан цалин хөлсийг бодохдоо үндсэн цалинг тухайн сард ажиллавал зохих цагтаа хуваагдаад гарсныг тухайн сард ажилласан илүү цагаар үржүүлээд дахин 2-оор үржүүлж илүү цагаар ажилласан цагийн хөлсийг тооцож олгодог.

Тухайлбал эмчилгээ эрхэлсэн орлогч даргын цалин

745 010/160 цаг=4656 төгрөг /нэг цагийн ажлын хөлс/

4656*67 /илүү цаг/=311973 төгрөг,

311973*2=623 946 төгрөг,

Өсвөр үеийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан

634 912/160 цаг=3968 төгрөг /нэг цагийн ажлын хөлс/

3968*67/илүү цаг/=265869 төгрөг,

265 869*2=531739 төгрөг

Зөрүү нь:

623 946-531 739=92 207 төгрөг нийт цалин, илүү цагийн зөрүү 202 305 төгрөг болно.

Иймд, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү 202 305 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Цуцлах үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.6 дахь хэсгийг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д ажил олгогчийн санаачлагаар, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг нь сонговол зохих албан тушаалд ажиллах болсон гэсэн үндэслэлээр ажлаас халаад хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулах үндэслэл бүхий шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбарт нэхэмжлэгчийг 5-6 удаагийн алдаа дутагдал гаргасан учраас хөдөлмөрийн дотоод журмын 15.3-т заасан үндэслэлээр чөлөөлсөн гэдэг тайлбар гаргадаг. Ажлаас чөлөөлсөн цуцалсан энэ үндэслэлийг харахад 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасантай холбоотой Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбар гарсан байдаг. Хариуцагчийн тайлбараас харахад ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж хэлээд байгаа юм шиг харагдаж байгаа. Б.Ц Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн үндэслэлээр халаагүй. Хариуцагчийн гаргасан тайлбарт бол үнэхээр байгааг олоогүй тайлбар байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хүртэл ингэж цугларсан байдаг. Тэгэхээр Улсын Дээд шүүхийн тогтоолын 15 дугаар зүйлд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заана гэсэн байдаг. Тэгэхээр ямар үндэслэлээр халж байгаа нь ойлгомжгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.6 дахь хэсгийг үндэслэж гээд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Ц өөр ажилд томилох тул гээд тодорхой бус зүйлүүд заагаад ажлаас халсан байгаа. Тиймээс цалин хөлс буурсан учраас нэхэмжлэл гаргахаас аргагүй байдал хүрсэн. Хурлын тэмдэглэл дээр би бол ажил албан тушаалаа өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин цалин бууруулахгүй гэдэг шаардлага удаа дараа тавьж байдаг. Тэгтэл сахилгын шийтгэл ногдуулж байгаа юм шиг цалин хөлс нь буурчихсан байгаа. Энэ нь сахилгын шийтгэл ногдуулсаны дараа үүсэх үр дагавар болохоос биш өөр ажил албан тушаалд томилох, сонгогдох тохиолдолд цалин хөлс буурах гэсэн зүйл яригдахгүй. Улсын Дээд шүүхийн 2006 оны тогтоолын 15 дугаар зүйлийн 15.6-т, 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан сонгууль, томилолтоор зохих өөр орон тооны ажил албан тушаалд ажиллах болсон боловч ажилтан өөрөө эсвэл тухай байгууллага орон тооны тогтмол цалинтай ажилд зохих журмаар сонгогдох буюу томилогдох гээд ажилтны хүсэл зоригийн дагуу хийгдэхээр заагдсан байдаг. Б.Ц би статистик эмчийн ажил хийе гэдэг зүйл хэлсэн байдаг. Тэгтэл тэр албан тушаал дээр тавиагүй өөр албан тушаал дээр тавьсан байдаг. Үүн дээр хөдөлмөрийн маргаангүй гэх үндэслэлгүй. Дараа нь ажил албан тушаал буурсан ч гэсэн цалин хөлс буурахгүй байх шаардлага тавьсан. Цалин хөлс бууруулахгүй байх талаар сүүлд ярилцана гэж хэлсэн боловч ярилцаагүй. Сүүлд тайлбар өгөхдөө өөрийн ажил албан тушаалд тохирсон цалин авах нь зүйтэй гэдэг зүйл хэлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлтэй тохирсон тайлбарыг өөрт нь өгөөгүй. Хариуцагч хэлэхдээ би нэхэмжлэгчийн Нэгдсэн эмнэлгийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.3-т заасан үндэслэлээр чөлөөлсөн гэдэг тайлбар хэлсэн. Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл ажил олгогчийн зүгээс ажил албан тушаалыг өөрчилж томилж болно гэсэн заалт байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр хоёулаа шүүхэд ажлын байрын дотоод журмаа хүргүүлсэн байдаг. Тэгэхдээ дотоод журмын 15.3 дахь заалт нь хоёр өөр байдаг. Үүнийг магадлахын тулд Аудитын газар болон Нэгдсэн эмнэлгийн бичиг хэрэгт очиж үзлэг хийсэн. Энэ үзлэг дээр нэхэмжлэгчийн өгсөн дотоод журамтай ижилхэн журам хадгалагдаж байсан. Нэхэмжлэгчийн өгсөн дотоод журмын 15.3-т зааснаар ажлын шаардлагаар ажилд томилох чөлөөлөх эрхтэй гэсэн заалтыг 4 болгоод нэмээд өөрийн өгсөн хөдөлмөрийн дотоод журмын 3 дахь хэсэгт саяны өгүүлбэрийг нэмсэн байдаг. Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч тал давуу эрх эдлэхгүй гэсэн байдаг боловч амьдрал дээр байнга давуу эрх эдэлсэн байдаг. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж өөрчилж байгаа бол энэ байдал нь тогтоогдсон байх ёстой. Улсын Дээд шүүхийн тогтоолын 40.1.2-т зааснаар ажил албандаа тэнцэхгүй гэдэг нь тогтоогдсон байх ёстой гэж үздэг. Энэ бол хүмүүс гараа өргөөд сэтгэл санааны асуудлаар шийддэг зүйл бол биш. Энэ байдлыг хуулийн үүднээс нягт нямбай үнэлгээ дүгнэлт хийх шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. 2017 оны 10 дугаар сарын 15-нд өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр шаардлагатай тохиолдолд ажилтныг түр хугацаагаар ажиллуулна гээд заасан байдаг. Түүнээс бол таалагдахгүй байна гээд ажлаас чинь өөрчилж байна гэж бол тохироогүй. Үүнийг бол үгчлээд оруулсан байдаг. Тиймээс цуглуулсан нотлох баримт шинж чанарын тайлбар зэргийг харахад нэхэмжлэгч ажлын байрны шаардлага хангаагүй ажил мэргэжилдээ тэнцэхгүй гаргасан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байдаг нь хоорондоо авцалдаж өгдөггүй. Хэрвээ та энэ комиссоор энэ ажилд тэнцэхгүй байна гэдгийг тогтоогоод хөдөлмөрийн гэрээ цуцалж байна гэх боломж бол нээлттэй байсан. 2 хурлын тэмдэглэлээс харахад 10 дугаар сарын 31-ний хурлын тэмдэглэл эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил албан тушаал гэж байгаа. Үүн дээр хоёр гэрч асуулгасан. Нэхэмжлэгч хэлэхдээ миний ажил албан тушаалыг удирдлагын багийн хурлаар шийдээгүй. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилчдын хурлаар санал хураагаад шийдсэн гэдэг. Тэгтэл 2 хурлын тэмдэглэл дээр хоёулан дээр нь шийдсэн юм шиг зүйл байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгөх саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч С.А шүүхэд гаргасан тайлбартаа:

С.А миний бие нь аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын болон нийгмийн бодлогын хэлтсийн удирдлагуудаас санал болгосны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэгт ажилд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Ажил хүлээн авах үед Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хангалтгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалд иргэд үйлчлүүлэгчид сэтгэл ханамж таарамжгүй, эмнэлгийн доторх өнгө үзэмж алдагдаж муудсан байдалтай /2011 оноос урсгал засвар хийгдээгүй/ байсан зэргээс ажил сайжруулах чиг сэтгэлээсээ хүсэж зорилго тавин ажиллаж ирсэн билээ. Аймаг, орон нутгийн удирдлагуудаас ч итгэл хүлээлгэн үүрэг даалгавар өгсөн билээ.

Миний хувьд уг ажлыг хүлээн авмагц эмнэлгийн нийт эмч, ажилчидтай уулзаж, ярилцлага зохион байгуулж, энэ ажлыг гүйцэтгэхдээ баг бүрдүүлнэ хэмээн ялангуяа удирдлагын багийн гишүүдийг ажлаас халах, солих асуудалгүйгээр хэн ажлаа сайн хийнэ, тэр хүнтэй хамтран ажиллана, харин ажлын сахилга хариуцлага алдах, ажлын байрны шаардлага хангахгүй, биелүүлэхгүй, идэвхи санаачлагагүй байгаа ажилтны ажил сайжруулах шаардлагын дагуу сольж, ажиллуулах болно гэдгийг анхааруулж ярьж байсан. Байгууллагын удирдлагын хувьд албан хаагчтай холбоотой тушаал, шийдвэр гаргахад тухайн албан хаагчид түүний гэр бүлд нь нөлөөлдөг гэдгийг сайн ойлгож ухамсарладаг билээ. Гэхдээ албан хаагчаа бодоод төрийн ажлыг цалгардуулж болохгүй билээ. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга /ЭЭОД/-ын хувьд ажил авмагц чанарын менежерийн хамт уулзаж “Иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын асуудлыг гол хариуцаж ажиллах үүрэгтэй. Та нарын хувьд идэвхи санаачлагатай байж, ажил сайжруулахад голлон анхаарч, нягт уялдаа холбоотой хамтарч ажиллах ёстой шүү” гэдгийг онцгойлон анхааруулж байсан.

Мөн ЭЭОД-ыг 3 дахь шатлалын болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгтэй холбож туршлага судлах, ажлын байранд нь дадлагажуулах  сургалтанд томилолт, унааны зардлыг олгож суралцах саналыг тавьсан боловч ЭЭОД-ын ажлыг хийж байсан Б.Ц нь үл тоомсорлож хүлээн аваагүй билээ. Б.Ц нь “Клиникийн профессор” цолондоо цалингийн 20 хувийн нэмэгдэл авч байсан нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан эмч мэргэжилтэнд нэмэгдэл олгох журмыг зөрчиж олгож байсан тул уг нэмэгдлийг олгохгүй болсон хэдий ч эмнэлгийн дотоод хяналтын ажлыг хавсран гүйцэтгүүлж цалингийн 40 хувь хүртэл нэмэгдлийг олгож байсан.

Эмнэлгийн хамт олон 2017 онд Г Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын хүрээнд:

-90-н бүтээлч ажил, эмч, мэргэжилтнүүдийн онол практикийн хурал, ажил мэргэжлийн уралдаан, эрүүл зөв хооллолтын өдөрлөг зэрэг ажлуудыг зохион байгуулж, 90 жилийн ойн медаль, дурсамж тэмдэг хийлгэж, дурсамж ном хэвлүүлсэн.

-Нэгдсэн эмнэлгийн засварын ажлын талаар АЗД, удирдлагын түвшинд тавьж хөөцөлдсөний үр дүнд ОНХСангаас 80 сая төгрөгийн хөрөнгийн төсөв батлуулж хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэгт засварын ажлыг хийлгэсэн.

-Эмнэлгийн гадна, дотно тохижилт, гадна талбайн гэрэлтүүлэг, тасгуудын хаягжуулалтыг шинэчилж, гадна үсгэн болон урсдаг гэрлэн хаягийг хийлгэлээ.

-2017 оны 03 дугаар сард эмнэлгийн магадлан итгэмжлэлийг сунгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангаснаар “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи чанарын шаардлага хангасан магадлан итгэмжлэл”-ийг 2021 он хүртэл сунгуулсан зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ бүх ажилд бусдыг уриалан дуудаж манлайлан оролцох үүрэг бүхий удирдлагын нэг бол ЭЭОДаргын албан тушаал юм. Тухайн үед энэ албан тушаал дээр ажиллаж байсан Б.Ц нь ямар ч идэвхи санаачилгагүй, өдөр хоногийг өнгөрөөсөн төдий байж бүр зарим ажлаас хойш сууж байсан. Жишээ нь: 2017 оны хавар Улаанбаатар хотоос магадлангийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулах үеэр чөлөө зөвшөөрөлгүйгээр хувийн ажлаар зөрж Улаанбаатар хот руу явж байсан. Ялангуяа ЭЭОД-ын хувьд магадлан итгэмжлэлийн шалгалтанд бэлтгэх ажлыг удирдан зохин байгуулж, ажиллах байтал шаардлагын түвшинд хүрч ажиллаагүй. Энэ тухайн үед магадлан итгэмжлэлийн шалгалтын багийн ахлагч “Танай ЭЭОД гэж сул хүн л явж байдаг юм байна. Хариуцан ажиллах ёстой гамшгийн бэлэн байдлыг хангах болон эрсдэл аюулгүй байдлыг хангах эрсдэлийн үнэлгээний ажлыг чанарын албаны даргадаа өгчихсөн. Ер нь хамаг ажлаа Чанарын албаны даргадаа үүрүүлчихсэн байна” гэж байлаа. Энэ байдлаас үзэхэд Б.Ц нь ажил үүргийн хуваариа мэддэггүй эсвэл өөрийн ажлаа бусдаар хийлгэж, биеийн амрыг хайдаг байдал нь харагдаж байна гэж үзэж байна. Магадлан итгэмжлэлийн 22 зүйлийн шалгуур үзүүлэлт дүгнэхэд тусламж үйлчилгээний мөрдөлттэй холбоотой 13 зүйл шаардлага хангах түвшинд хүрэхгүй байгаа нь ЭЭОД-ын ажил үүрэгтэй нь шууд холбоотой юм.

ЭЭОД-ын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдээ хангалтгүй биелүүлж байсан гэж дүгнэсэн. Үүнд:

 -Эмч мэргэжилтэнг мэргэжил арга зүйгээр хангах чадвар дутмаг, ажил зохион байгуулах, асуудал дэвшүүлэх, санал санаачилга тааруухан,

-Хүнд өвчтөнд тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, түргэн шуурхай зохион байгуулах, хүнд тохиолдол бүрт эмч нарын хамтарсан үзлэгийг зохион байгуулна гэсэн заалтыг хангаагүй. Жишээ нь: 2017 оны 02 дугаар сард ослоор маш хүнд ирсэн 15 настай өвчтөний үзлэг эмчилгээнд биеэр ирж оролцоогүй.

-НЭ-ийн дарга, удирдлагатай хамтран ажиллах сэтгэлийн чиг хандлагагүй. Түүнчлэн ажлын байрны гол үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг бүрэн хангаж ажиллахгүй байна гэж дүгнэсэн.

Б.Ц шууд ажлыг нь өөрчилчихөөгүй ээ. Удаа дараа ажлаа сайжруулах зөвлөгөө, санамж, үүргүүдийг өгсөн боловч ахиц дэвшил гараагүй ба өөртэй нь ганцаарчилж уулзаж ажлын байраа солих саналыг хүртэл хэлж байсан. Байгууллагын эрх ашгийн үүднээс аргагүй удирдлагын багийн хуралдуулж уг асуудлыг хэлэлцсэн. Хурал дээр Б.Ц өөрөө ч “Би юм хийхгүй байсан байж магадгүй ээ. Энэ ажлыг өгөхгүй гэж татгалзах зүйлгүй” гэж хэлж байсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хурлаар ЭЭОД-ыг солих эсэх талаар санал авахад Б.Ц солих нь зүйтэй гэсэн санал хуралд оролцсон гишүүдийн олонхиор дэмжигдэж шийдвэрлэгдсэн. Хурлын дараа Б.Ц ЭЭОД-аар ажиллах хугацаандаа эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт арга ажиллагаа, гаргасан ахиц дэвшил, шинээр нэвтрүүлсэн туршлага, ажлын талаар тайлангаа бичиж өгөхийг хүссэн ч хүлээн аваагүйгээр барахгүй нэгэнт ажлаа өгч байгаа юм чинь тайлан бичиж өгөхгүй гэсэн хандлага, хариултыг өгсөн. Мөн Б.Ц ажлаас өөрчлөгдөхөөс нь өмнө ажил үүргийнх нь хүрээнд НЭ-ийн хэмжээнд эмчилгээ үйлчилгээнд мөрдөгдөж байгаа стандарт, журмуудыг авчирч танилцуулах үүргийг өгсөн боловч биелүүлээгүй. Энэ мөрдөж ажиллах стандарт, журмууд нь байхгүй ба ажилдаа хэрхэн хандаж байгааг харуулж байна гэж дүгнэлээ. Б.Цэцэгмаагийн ажлыг хэлэлцүүлэхэд:

-ГСАНЭ-ийн хөгжлийн стратеги төлөвлөгөө 2016-2018 /Чанарын албаны дарга У.А боловсруулсан материал/

-Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө /Чанарын албаны дарга У.А боловсруулсан материал/

-Эмнэлэгт өвчтөн илгээсэн бүртгэл журнал,

-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг ГСА-т хэрэгжүүлэх дэд хөтөлбөр

ЭЭОД-ын үйл ажиллагаатай холбогдох төлөвлөгөө, тайлан болон бусад холбогдох материал нэг ч байхгүй байгаа нь ажилдаа хэрхэн хандаж байсны бас нэг бодит илрэл юм.

Түүнчлэн цахим санд хийж байсан ажлаа файлаар хүлээлгэн өгөх нь битгий хэл ашиглаж байсан “Notеbook”-ийн програмыг устгаж ашиглах боломжгүй болгосон байсныг мэдээлэл технологийн инженерээр засварлууллаа. Б.Ц нь ЭЭОД-ын ажлыг хийж байх үедээ цэрэг татлагын эмч нарын үзлэгийн комиссыг ахлаж ажилладаг ба 2017 оны эхний цэрэг татлагаар уналт, таталттай хүнийг оношилж, асуудлыг тодруулахгүйгээр явуулсны улмаас анги, салбар дээрээ очоод 1 сарын дараа унаж татаад нүүр, ам нь халцарсан байдалтайгаар орон нутагт нь хүргүүлсэн байна. Мөн оны сүүлийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний Төв дамжингийн ерөнхий эмч, эмнэлгийн бүлгийн дарга, дэд хурандаа Т.Н “Танай аймаг шиг 16-хан хүн цэрэгт явуулчихаад тэдний шинжилгээ бүгдийг дутуу ирүүлсэн, Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 144-р тогтоолын хавсралтын 2.2.1 дэх заалтыг зөрчсөн, шинжилгээг стандарт баланк дээр тамга, тэмдэг, гарын үсэгтэй байх, шинжилгээг нь эрүүл мэндийн дүгнэлт гаргах хуудсанд эмх цэгцтэй үдсэн байх зэрэг шаардлагуудыг хангаагүй шинжилгээнүүдийг бүрэн хийгээгүй, алга цоохор дутуу хийсэн, маш хариуцлагагүй хандсан байна” гэдгийг мэдэгдсэн. Мөн энэ шаардлага аймгийн Тамгын газрын Цэргийн штабын даргад ирсэн байгаа.

Энэ мэтчилэн ажилдаа хандах хандлага муу, идэвхи санаачилга сул, хамтран ажиллах байтал хангалтгүйн улмаас НЭ-ийн хөдөлмөрийн дотоод журмын 15.3-т заасан үндэслэлээр Б.Ц албан тушаалыг өөрчилж мэргэжлийнх нь дагуу хүүхдийн эмчээр шилжүүлэн томилон ажиллуулсан юм. Б.Ц гаргасан нэхэмжлэлд ажил үүргээ чанарын шаардлагын түвшинд хийх хүсэл зорилго тусгагдаагүй, зөвхөн мөнгөний төлөөх сэтгэл нь давамгайлан байгаа нь ажиглагдаж байна.

Б.Ц цалинг бууруулахгүй байх хүсэлтийг хангах боломжгүй юм. Учир нь төрийн албан хаагч нь тухайн томилогдсон албан тушаалын цалингийн шатлал, зэрэглэлийн дагуу л хөдөлмөрийн хөлсөө авах боломжтой юм гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би бол итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажил олгогчийг бүрэн төлөөлөх утгаар оролцож байгаа. Манай эмнэлгийн даргаар С.А гэдэг эмч 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Тэгтэл Б.Ц эмч 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж тушаалаар чөлөөлөгдсөн байгаа. Тиймээс С.А гэдэг дарга орлогч даргатайгаа бүтэн 10 сар цуг ажиллаж байсан гэх үндэслэлтэй. Тиймээс энэ хугацаанд эмчилгээ эрхэлсэн орлогч даргыг хувийн болоод ажил төрлийн таарамжгүй байдлаас бол халаагүй гэдэг нь харагдаж байгаа. С.А дарга нь Б.Ц 10 сар хамт ажиллаж байгаад цаашид хамтарч ажиллах боломжгүй гэж үзсэн. Боломжгүй шалтгаан нь шүүхэд өгсөн С.А эмчийн тайлбарт тодорхой тусгагдсан байгаа. 10 сарын дараа Б.Ц ажлаас халаагүй албан тушаалыг өөрчилсөн гэж ойлгож байгаа. Ажлын байрыг өөрчилсөн тушаал шийдвэр хууль ёсны дагуу гарсан. Б.Ц ажлаас халсан гэдэг ойлголт буруу юм. Б.Ц бүтэн 10 сар цуг ажилласны улмаас ажил сайжруулах зорилгоор албан тушаалыг өөрчилсөн гэж ойлгож болно гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.Ц нь ГНЭ  холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү 202 305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хариуцагчаас “...Ажил хүлээн авах үед Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хангалтгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалд иргэд үйлчлүүлэгчид сэтгэл ханамж таарамжгүй, эмнэлгийн доторх өнгө үзэмж алдагдаж муудсан байдалтай /2011 оноос урсгал засвар хийгдээгүй/ байсан, ...Эмчилгээ эрхэлсэн орлогч даргыг 3 дахь шатлалын болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгтэй холбож туршлага судлах, ажлын байранд нь дадлагажуулах  сургалтанд томилолт, унааны зардлыг олгож, суралцах саналыг тавьсан боловч Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлыг хийж байсан Б.Ц нь үл тоомсорлож хүлээн аваагүй, бүх ажилд бусдыг уриалан дуудаж, манлайлан оролцох үүрэг бүхий удирдлагын нэг бол Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаал юм. Тухайн үед энэ албан тушаал дээр ажиллаж байсан Б.Ц нь ямар ч идэвхи санаачлагагүй өдөр хоногийг өнгөрөөсөн төдий байж бүр зарим ажлаас хойш сууж байсан...”, “...Магадлан итгэмжлэлийн 22 зүйлийн шалгуур үзүүлэлтийг дүгнэхэд тусламж үйлчилгээний мөрдөлттэй холбоотой 13 зүйл шаардлага хангах түвшинд хүрэхгүй байгаа нь Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил үүрэгтэй нь шууд холбоотой...”, “...Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үйл ажиллагаатай холбогдох төлөвлөгөө, тайлан болон бусад холбогдох материал нэг ч байхгүй байгаа нь ажилдаа хэрхэн хандаж байсны бас нэг бодит илрэл...”, “...Б.Ц нь Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлыг хийж байх үедээ цэрэг татлагын эмч нарын үзлэгийн комиссыг ахлаж ажилладаг ба 2017 оны эхний цэрэг татлагаар уналт, таталттай хүнийг оношилж, асуудлыг тодруулахгүйгээр явуулсны улмаас анги, салбар дээрээ очоод 1 сарын дараа унаж татаад нүүр, ам нь халцарсан байдалтайгаар орон нутагт нь хүргүүлсэн ...” хэмээн маргана. 

1.Ажилтан нь 2013 оны 07 дугаарын 15-ны өдрөөс эхлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна ажилтныг ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй байх тул тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

ГНЭ даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/161 дүгээр тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн “... Б.Ц өөр ажилд томилох” гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, дуусгавар болгожээ. /хх-9/

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон” үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/162 дугаар тушаалаар Өсвөр үеийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар томилсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан бөгөөд “...  өөр ажилд шилжүүлэх” гэдэг үндэслэл нь ажилтан өөр эсхүл тухайн байгууллагад орон тооны тогтмол цалинтай ажилд зохих журмаар сонгогдох буюу томилогдох боловч ажил олгогч ийнхүү захиргааны санаачлагаар ажилтны ажлын байрыг өөрчлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар ажилтны зөвшөөрлийг авсан байх ойлголт юм.

Гэтэл ажил олгогчийн Б/161 дүгээр тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зохицуулалт, хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар хоёр зөрүүтэй байна.

Зүй нь, ажил олгогч ажилтныг ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, алдаа зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримтлан үйл баримтыг тогтоож, түүнийг шалгаж шийдвэрлэсэн байх ёстой.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлээ “... ажилдаа хандах хандлага муу, идэвхи санаачлага сул, хамтран ажиллах байдал хангалтгүйн улмаас Нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.3-т заасан үндэслэлээр Б.Ц албан тушаалыг өөрчилж, мэргэжлийнх нь дагуу хүүхдийн эмчээр шилжүүлэн томилон ажиллуулсан” гэж тайлбарлах боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, түүнийг нотлох талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, мөн Б/161 дүгээр тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Тодруулбал, ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох өөрөөр хэлбэл, ажилдаа хандах хандлага муу, идэвхи санаачлага сул, хамтран ажиллах байдал хангалтгүй байсан талаарх зөрчлийг шалгасан материал, хэлэлцсэн тухай баримт байхгүй байна.

Түүнчлэн хариуцагчаас “...хурал дээр Б.Ц нь “би юм хийхгүй байсан байж магадгүй, энэ ажлыг өгөхгүй гэж татгалзах зүйлгүй” тухайгаа хэлж байсан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан” гэж,

харин нэхэмжлэгчээс “…дээрх албан тушаалыг өгөхгүй гэж маргахгүй, цалин хөлсийг бууруулахыг бол зөвшөөрөхгүй, статистикч эмч болох талаар хурал дээр хэлж байсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/161 дүгээр тушаалаар намайг өсвөр үеийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар томилсон нь миний ажил албан тушаал, цалин хөлсийг үндэслэлгүй хууль бусаар бууруулсанд гомдолтой байна” гэж мэтгэлцэнэ.

Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг. Гэтэл Б/161 дүгээр тушаалын үндэслэл нь ажилтанд дээрх хуулийн зүйл, заалтад байхгүй “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь буруу юм.

Өөрөөр хэлбэл, ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэж үзэхээр байна.

Хэдийгээр гэрч А.О “... Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь эмч нарын чадавхийг дээшлүүлэх талаар ажил хэрэг явуулах хэрэгтэй байдаг, урсгалаараа явдаг, нэг хүн олон жил дарга хийгээд байна уу даа гэж дүгнэж байсан, бүтээлч санаачлага байхгүй болсон ...”, гэрч М.Э “...миний хувьд хангалттай ажиллаж чадахгүй байсан гэж үзэж байна”, гэрч С.З “...Сэтгэл, гар нийлж ажиллаж чадахгүй байсан болохоор сольсон байх гэж бодож байна”, гэрч Л.У “...Магадлан итгэмжлэлийн шинжээч нар ажлын байранд хүн болгоны ажлыг заалт заалтаар нь тус тусад нь шалгадаг, Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын хийх ёстой ажлыг Чанарын албаны даргаар хийлгүүлж байсныг магадлан итгэмжлэлийн шалгалтаар энэ зөрчлийг илрүүлж, чанарын албаны даргаас эмчилгээ эрхэлсэн орлогч даргын хийх ёстой ажлыг чанарын албаны даргаас салгаж өгсөн...”, ... Зохион байгуулалт, ажил үүргийн хуваарилалт, эмч нарын ёс зүйн харьцаа хандлага, эдгээр тал дээр хангалтгүй ажилласан, тайлан мэдээ гаргах зэргийг муу гэж дүгнэсэн ...”, гэрч С.Б “...Өнгөрсөн оны цэрэг татлагын шинжилгээний бүрдүүлэлт дутуу байна гэсэн асуудал гарсан, тухайн үед нь Б.Ц эмчтэй яриад хэлж байсан...”, гэрч Ж.Э “... Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын харьцаа хандлага, ёс зүйг хангалтгүй гэж дүгнэж байна...” гэж мэдүүлэх боловч харьцуулан үзэх бичгийн баримтгүйгээр гэрчийн мэдүүлгийг дангаар нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. 

Иймд, нэхэмжлэгчийн ГНЭ эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 202 305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ..., ... хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” хэмээн заажээ.

Ийнхүү ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож байгаа тул түүний цалингийн зөрүү болох 202 305 төгрөг, илүү цагийн зөрүү 92 207 төгрөг, нийт 202 305 төгрөгийг буцаан олгох нь хуульд нийцнэ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалыг хашиж байхдаа сард 745 010 төгрөгийн үндсэн цалинтай, харин Өсвөр үеийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар томилогдсоноор сард 634 912 төгрөгийн үндсэн цалинтай байсан болох нь нэхэмжлэгчийн цалингийн карт /хх-2/, хөдөлмөрийн гэрээ /хх7-8/ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /745 010-634 912=110 098 төгрөг/

Түүнчлэн тус эмнэлгийн даргын баталсан хуваарийн дагуу тус эмнэлгийн эмч нар сард 3-4 удаа илүү цагаар ажиллах буюу жижүүр эмчийн үүргийг гүйцэтгэдэг  байсан нь 2017 оны 01-12 дугаар сарын эмч нарын жижүүрийн хуваарь /хх11-22/, цалингийн карт /хх-2/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын цалингийн хувьд: /745 010:160цаг =4656 төгрөг буюу нэг цагийн ажлын хөлс, 4656х67 илүү цаг= 311 973 төгрөг, 311 973х2=623 946 төгрөг/

Өсвөр үеийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтны цалингийн хувьд: /634 912:160 цаг=3968 төгрөг буюу нэг цагийн ажлын хөлс, 3968х67 илүү цаг=265 869 төгрөг, 265 869х2=531 739 төгрөг/

Зөрүү нь: /623 946- 531 739=92 207 төгрөг, нийт 110 098+92 207=202 305 төгрөг/

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба харин хариуцагчаас цалингийн зөрүү болох 202 305 төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамжид 6719 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ГНЭ Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ГНЭ нэхэмжлэгчийн цалингийн зөрүү болох 202 503 /хоёр зуун хоёр мянга таван зуун гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6719 /зургаан мянга долоон зуун арван ес/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.