| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0294/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/302 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Б.О
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2025002740300 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Б-г 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг Оргилуун дэн буудалд иргэн Г.Б-ийг “гар утсаа өгчих ганц яриад өгье” гэж хэлээд ХУАВЭЙ Вай-6 загварын гар утсыг шилжүүлэн авч 447.200 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-гийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг, -Хохирогч Г.Б-ийн “...Би гэртээ байж байхад миний танил Б утсаар залгаад би хотоос ирчихсэн хорооллын эцэст байдаг Оргилуун буудалд хүрээд ир гээд очтол миний танил Б, Л, Б нар нэг өрөө авчихсан 1 шил архи задалчихсан сууж байсан. Тэгээд хамт ууж байгаад Б гэх залуу надаас утсаа өгчих хүнтэй утсаар яриад өгье гэж хэлээд миний гар утсыг аваад явсан болохоор би цагдаагийн байгууллагад хандсан юм... би өөрийн гар утсаа эргүүлээд авчихсан болохоор гомдол санал огт байхгүй... гэх мэдүүлэг/хх- ийн 16-р хуудас/ -Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мэдүүлсэн ажлаа тараад Сонорхайрханы гадаа зам дагуу таксинд суух гээд зогсож байхад Б над дээр ирэн ХУАВЭЙ Вай-6 загварын гар утас гаргаж ирэн утас авах уу гэсэн. Тэгээд би 80 000 төгрөгөөр худалдан авч байсан ...2020 оны 6 дугаар сарын дунд хавьцаа өөрийнхөө барьж байсан Самсунг Глакси Жи-3 загварын гар утсаа надад өгч намайг хохиролгүй болгож өгсөн....” гэх мэдүүлэг /ххийн 18-р хуудас/ -Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20-21-р хуудас/ -Ашид билгүүн ХХК-ны ... ХУАВЭЙ Вай-6 загварын гар утасны үнэ 447,200 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 24-26-р хуудас/ зэргийг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч С.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 3-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг Оргилуун дэн буудалд бусадтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа иргэн Г.Б-т “гар утсаа өгчих ганц яриад өгье” гэж хэлээд ХУАВЭЙ Вай-6 загварын гар утсыг шилжүүлэн аваад буцааж өгөхгүйгээр бусдад 80 000 төгрөгөөр зарж борлуулан өөртөө ашигласан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч С.Б-гийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. С.Б-гийн үйлдлийн улмаас Г.Б-т 447,200 төгрөгийн шууд хохирол учирсан шалтгаант холбоотой байдал нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдсон ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч С.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг Оргилуун дэн буудалд иргэн Г.Б-ийг “гар утсаа өгчих ганц яриад өгье” гэж хэлээд ХУАВЭЙ Вай-6 загварын гар утсыг шилжүүлэн авч 447.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч шүүх хуралдаанд “Би гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Г.Б нь өөрт учирсан хохирлоо биет байдлаар буцаан авсан цаашид гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, гэж шүүхэд мэдэгдсэн /хх-ийн 16-р хуудаст /, иргэний нэхэмжлэгч хохирол төлөгдсөн талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ялын доод хэмжээгээр оногдууллаа. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт С.Б-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А