Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/00617

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.М

Хариуцагч: Х.З

Эцэг болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М

                                нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Зтой 2008 онд танилцсан. 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүү М.М төрсөн. Хүү М.Мг төрсөн цагаас нь Х.З эцэг нь мөн биш гэж маргалдаж явж байгаад эцэг тогтоолгохоор болсон. Шүүгчийн захирамжаар 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр эцэг тогтоолгоход 99,9%-иар эцэг мөн болохыг тогтоосон. Үүний дараа Х.З утсаар ярьж миний хүүхэд мөн учир хүүхдийн тэтгэлэг төлнө гэсэн. Иймд Х.Зг хүү М.Мгийн эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Х.З шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 7 дугаар сарын 11-ний өдөр  иргэн Г.С-тай гэр бүл болж, 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүрэгт гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан. Бид 2008, 2012 онд 2 хүүхэдтэй болсон. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт эвтэй, тогтвор суурьшилтай амьдардаг. Эхнэр 3 дахь хүүхдийг минь төрүүлэх хугацаа болсон тул жирэмсний амралтаа авсан байгаа болно. С.Мын нэхэмжлэлд эцэг тогтоолгох, тэтгэмж тогтоолгох гэсэн 2 үндсэн агуулгыг харуулж байна. С.Мын нэхэмжлэл нь санаатайгаар гэр бүл үймүүлэх зорилготой ба намайг болон миний эх, эхнэр хүүхдүүдийг элдвээр доромжлон бидний нэр төрд халдаж байгаа нь ёс зүйгээс хэтэрч байна. С.М гэр оронд хүртэл ирж танхайрч халдаж байсан ба энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж, газар дээр нь саатуулан гомдол гаргаж байсан болно.  

 

Шүүх нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, эмчийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, М.Мгийн төрсний гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн лабораторийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1856 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Х.Зд холбогдуулан М.Мгийн эцэг болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” гэж зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн М.М эхийн нэрийг авснаас гадна хариуцагч Х.З нь М.Мгийн эцэг мөн эсэх асуудлаар маргасан байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар дээрх маргааныг шүүх шийдвэрлэнэ. Хариуцагч хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2018/01546 дугаар захирамжаар хангаж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Биологийн лабораторийг шинжээчээр томилсон байна. Тус лабораторийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1856 дугаар дүгнэлтээр хариуцагч Х.З нь М.Мгийн биологийн эцэг байх магадлал 99,99%-иар тогтоогджээ. Дээрх дүгнэлтийг хуульд заасан арга, журмын дагуу гаргуулсан ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, шинжилгээний үр дүнгийн талаар хариуцагч маргаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлэв. Иймд Х.Зг М.Мгийн эцгээр тогтоох үндэслэлтэй.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Х.Згоос хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү М.Мг сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.  Хүү М.М нь Улаанбаатар хотод амьдарч байх тул түүнд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамаарч тэтгэлэг тогтоогдоно.

3. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эмнэлгийн болон хорооны тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байна.  

4. Нэхэмжлэгч нь эцэг тогтоолгох болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд тус бүрт нь улсын тэмдэгтийн хураамж төлнө. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг тогтоолгох шаардлагад төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй. Харин хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Тэжээн тэтгүүлэгч М.М нь 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, одоо 2 нас 10 сартай тул хариуцагчаас сар бүр гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар буюу 99300 төгрөг болно. Иймд нэхэмжлэлийн үнийг уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлж, үүнээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол 33148 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 33148 төгрөг гаргуулж улсын орлогод, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 103348 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Х.Зг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү М.Мгийн эцгээр тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Згоос 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү М.Мг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.З нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Маас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 33148 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Х.Згоос улсын тэмдэгтийн хураамжид 103348 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Мад олгосугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА