Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М

Улсын яллагч Б.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2025003970337 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Б-ыг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Ж.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Хохирогчид 202.000 төгрөг эмчилгээнд нь өгсөн гэх мэдүүлэг -Хохирогч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... “Би 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Вокзал дээр гэр лүүгээ явж байсан чинь Т, Б хоёртой тааралдаж төв рүү ороод нэг шил архи аван барилгачин дээр ирээд Бгийн машинд суугаад буцаад вокзал дээр ирсэн. Б, Б, Т бид 4 нийлээд вокзалын голын эрэг дээр очиж Б-гийн машин дотор 1 шил архи хуваан ууж байхад Т нь намайг чи хулгайч биздээ вокзалийн нэр хүнд унагаад гэхээр нь би чи юу яриад байгаан гэсэн чинь Б миний хацар руу алгадсан. Тэр үед миний уруулнаас цус гараад толгой эргээд дотор муухай оргиод байсан. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардалд Б 202000 төгрөг өгсөн. Би шүүх хуралдаанд суухгүй” гэсэн мэдүүлэг...” /хх-ийн 5-8-р хуудас/ -Гэрч С.Т-гийн мэдүүлсэн... 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянцагаан баг вокзалын голын эрэг дээр Б, Б, Б бид 4 архи ууж байсан. Би Б-д хандан чи хулгай хийхээ болиоч, гэхэд би зүгээр юм олдог гэж хэлсэн. Тэгээд Б Б хоёр цуг машины цаашаа яваад юм яриад байсан. Тэр хоёр дээр Б очиж салгахад Б ах нь бие муутай шүү битгий зодоорой гэж хэлээд байсан. Б бид 2 бол Бөд гар ч хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/ -Гэрч Л.Б-ийн мэдүүлсэн... ”...Би 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед зокзал дээр Т бид 2 Б-тай таараад нэг шил 0.75 литрийн архи уух гээд байж байтал Б хүрч ирсэн. Тэгээд бид 4 нийлээд вокзалын хойд талын голын эрэг дээр очоод машин дотроо архиа 4-үүлээ хувааж ууж байх үед Т нь Б-д хандан чи хулгай хийхээ болиоч вокзалын нэр хүнд унагаад гэхэд Б нь Т-д хандан чамд ямар хамаа байна, битгий хуцаад бай гэж хэлээд, салаавч гаргасан.Т Б хоёр машинаас гараад нэлээн муудалцсан.Б араас нь гараад бас хэрэлдээд Б-ийг алгадаад авсан. Тэр үед би машинаасаа буугаад Б Б хоёрыг салгаад Б-ийг хөөж явуулсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 545 дугаартай“ Ж.Б-ийн биед тархины эдийн няцрал, дээд урууланд шарх, хамрын ясны хугарал, хоёр нүдний хананы хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Тархины эдийн няцрал, дээд урууланд шарх нь шинэ гэмтэл, хамрын ясны хугарал, хоёр нүдний ухархайн хананы хугарал нь хуучин гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....”гэх дүгнэлт /хх-ийн 14-17-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт хамт архи ууж байсан Ж.Б-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь тархины эдийн няцрал, дээд урууланд шарх, хамрын ясны хугарал, хоёр нүдний хананы хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “Ж.Б-ийн биед тархины эдийн няцрал, дээд урууланд шарх, хамрын ясны хугарал, хоёр нүдний хананы хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч Д.Б-ын бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Ж.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Эмчилгээний зардлыг төлсөн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэнэ үү. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэжээ. Шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байгаа.” гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Ж.Б нь эмчилгээний зардал 202,000 төгрөг авсан цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 46-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт, Д.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сард 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А