Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 183/2016/00791/И |
Дугаар | 2503 |
Огноо | 2017-12-11 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2503
МОК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/02167 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч МОК ББСБ ХХК нарын, хариуцагч Д.Э нарнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 72 364 800 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч МОК ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх хариуцагч Д.Э нарнартай 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 48 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа Морингийн зам гудамж 60/2 байрны 43 тоот хаягт байрлах 45.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан. Зээлийн мөнгийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Д.Э-т гардуулж өгсөн ба хариуцагч зээлийн үйл ажиллагааны шимтгэлд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 240 000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн хүүд 1 984 000 төгрөг тушаасан. Үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй. 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зээлийн төлбөр төлөхийг сануулсан. Зээлийн гэрээнд хариуцагч нар нь эхлээд зээлийн гэрээний хүүг төлж байгаад төгсгөлд нь зээлийн үндсэн төлбөрийг төлөхөөр тохирсон байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Д.Э нарнараас үндсэн зээлд 48 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 8 444 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 788 800 төгрөг, нийт 58 732 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан. Гэрээндээ сарын хүүг 5 хувиар гэж тохирсон боловч дээрх хугацааны хүүг сарын 4 хувиар тооцож нэхэмжилсэн. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахад зээлийн гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй, нэг ч төгрөг төлөхгүй мэтээр тайлбар гаргасан.
Иймд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 13 632 000 төгрөгөөр нэмэгдүүлж, энэ нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 4 сар 22 хоногийн хүүгийн төлбөрт сарын хүүг гэрээнд заасан 5 хувиар тооцож, 13 632 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 72 364 800 төгрөг нэхэмжилж байна. Мөн хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан тул барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О, Д.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид МОК ББСБ ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй. Өөрөөр хэлбэл 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулна гэж бидэнтэй тохиролцоогүй. Нэхэмжлэгч байгууллага нь биднийг хууран мэхэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э нарнараас 69 580 800 төгрөгийг гаргуулан МОК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 784 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О, Д.Э нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа Морингийн зам гудамж 60/2 байрны 43 тоот хаягт байрлах 45.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 69 580 800 төгрөгийг гаргуулан, МОК ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч МОК ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 677 815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О, Д.Э нараас 505 854 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд хууль хэрэглээний хувьд үнэлэлт, дүгнэлт өгөөгүйн улмаас хариуцагч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаа нь хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэхийг шаарддаг. МОК ББСБ ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нарт 48 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдсоор байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч н.Чинбат 48 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь түүний мэдүүлгээр нотлогдсон.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараах үйл ажиллагааг ойлгоно, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн байгууллага дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно, 12.1.1-д тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх гэж заасан. МОК ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу тооцож авах хүүгээ ихэсгэхийн тулд гэрээг дахин байгуулахдаа өмнөх зээлийн гэрээний мөнгийг н.Ч-аар төлүүлэхийг Д.Э-т санал гаргасан. Дахин гэрээ байгуулсны дараагаар маргаан бүхий мөнгийг н.Чинбатад шилжүүлэн өгсөн. Өөрөөр хэлбэл МОК ББСБ ХХК нь Д.Э-ийн н.Ч-д төлбөл зохих мөнгөн төлбөрийг төлсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүснэ. Зээлийн гэрээний дагуу мөнгийг хариуцагч нарт өгөөгүй тул зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1, 23.2.2, 23.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Хариуцагч нарт зээл авах хүсэл зориг байгаагүй. Эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаанд эхлээд зээлдэгч нь зээл авах тухай хүсэл зоригоо илэрхийлсэн байхыг шаарддаг. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн ч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Иймээс нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул үүнээс хойш хүү тооцох эрхгүй.
Мөн хэргийн 9 дүгээр талд гэрээ цуцлах тухай 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч байгууллагын албан бичиг байдаг. Гэрээ цуцлах гэдэг нь хууль бус гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцалсан гэж үздэг. Гэтэл шүүх үүнд хууль зүйн хувьд үнэлэл, дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөх боломжтой.
Нэхэмжлэгч МОК ББСБ ХХК, хариуцагч Д.Э нарнарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 58 732 800 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, 72 364 800 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, хүсэл зоригийн дагуу гэрээг байгуулаагүй, нэхэмжлэгчээс мөнгө аваагүй, нэхэмжлэгч зээл олгох журмаа зөрчсөн гэж тайлбарлан, маргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нэхэмжлэгч МОК ББСБ ХХК нь Д.Э нарнарт 48 000 000 төгрөгийг 6 сарын хугацаагаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хариуцагч Д.Отгонпүрэвийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа Морингийн зам гудамж, 60/2 дугаар байрны 43 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206012237 дугаарт бүртгэлтэй 45.7 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалах нөхцлийг харилцан тохиролцон 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ЗГ2016/12 тоот зээлийн болон 2016/12 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-10-15, 5-8/
Хариуцагч нар, нэхэмжлэгч МОК ББСБ ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 40 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн байжээ. Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгөн хөрөнгөө хүүгийн хамт буцаан төлж чадаагүйн улмаас хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч компанийн захирал Д.Б, иргэн Ч.Ч нартай тохиролцон уг зээлийн гэрээний үүргээ иргэн Ч.Ч-аар төлүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Ч.Чинбат, Т.М нарын мэдүүлэг, 2015 оны зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн хүү төлсөн кассын орлогын баримт, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-156-161, 179-182, 184-201 дүгээр тал/
Улмаар хариуцагч тал, нэхэмжлэгч компанитай 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шинээр 48 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, хариуцагч Д.Э 48 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан баримтад гарын үсэг зурж, мөнгийг иргэн Ч.Ч-д шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн кассын зарлагын баримт зэргээр нотлогдсон байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн, нэхэмжлэгчийг хариуцагчид мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /хх-29, 136-152, 156-161/
Хариуцагч нар “... 2016 оны гэрээг дарамтанд байгуулсан ...” гэх тайлбараа баримтаар нотлоогүйн гадна тэд зээл төлөх хуваарийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн хүүд 1 984 000 төгрөг төлж байсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-29 дүгээр тал/
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн /цаашид хуулийн гэх/ 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүрээнд, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгч нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заагдсан нэхэмжлэгч МОК ББСБ ХХК-ийг зээл олгох журмаа зөрчсөн, тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн хувийн хэрэг нээж хөтлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийг үгүйсгэх, хариуцагчийг зээлийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч нарын 2015 оны зээлийн гэрээний үүргийг өөр этгээдээр төлүүлэхийг нэхэмжлэгч компанийн захирал н.Батбаяр зөвшөөрсөн нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасныг зөрчсөн буюу тусгай зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.
Түүнчлэн гэрч Ч.Чинбат хариуцагчийн өмнөөс өмнөх зээлийн гэрээний үүргийг төлж хаасан боловч уг мөнгөө хариуцагчаас буцааж авсан учир хариуцагч нарыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Харин хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нар гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч МОК ББСБ ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/45 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай албан ёсоор мэдэгдэж, гэрээний үүргээ мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахыг шаардсан байх тул зээлийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр цуцлагдсанд тооцно. Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт оновчгүй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Зээлдэгч нь зээл төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөөгүй үлдсэн зээлд ногдох хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй. Гэрээг нэхэмжлэгч талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан бөгөөд зээлдэгч буюу хариуцагч нар үндсэн зээлийг төлөх хугацаа болоогүй учир Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй. Иймээс хариуцагч нарын 2016.05.22-08.01-ний өдрийг хүртэлх хугацаанд 8 000 000 төгрөг /(48 000 000 х 5%) х 3 сар 10 хоног/-ийн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагч Д.Э, Д.О нараас үндсэн зээл 48 000 000 төгрөг, үндсэн хүү 8 000 000 төгрөг, нийт 56 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МОК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 364 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/02167 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “69 580 800” гэснийг “56 000 000 /тавин зургаан сая/” гэж, “2 784 000 төгрөг нэхэмжилсэн” гэснийг “16 364 800 /арван зургаан сая гурван зуун жаран дөрвөн мянга найман зуун/ төгрөгт холбогдох” гэж, 2 дахь заалтын “69 580 800” гэснийг 56 000 000” гэж, 3 дахь заалтын 505 854” гэснийг “437 950” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 506 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Ч.ЦЭНД