Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0360/З |
Дугаар | 128/ШШ2020/0786 |
Огноо | 2020-12-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2020/0786
2020 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 128/ШШ2020/0786 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: х овогт Ц-гийн П /*************/
Хаяг:******************************************
Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
Хаяг: ******************************************************
Гуравдагч этгээд: А овогт М-ийн О /РД:***************/
Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : ...Маргаан бүхий тушаалтай танилцаад Захиргааны ерөнхий хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлд хандаж хариуг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр авсан. Миний бие 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт Сургалт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байранд томилогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.А солигдсон. Үүнээс үүдэн 2018 оны 5 дугаар сараас эхлэн өргөдлөө өгөөд өөрийн санаачилгаар ажлаас гар гэж дарамтлах болсон бөгөөд Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Ц.О надад хандаж Гадны хүн ажиллуулахгүй, ажлаа өг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан хүнээ ажиллуулна" гэх зэргээр дарамт, шахалт үзүүлж, ажил үүргээр хангахгүй, ажил хийлгэхгүй, хийх нөхцөлийг бүрэн хаасан. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-д албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл ажил олгогч нь ажлын өрөө компьютер хэрэглэж, цагаа бүртгүүлэхээс бусад бүх нөхцөлийг хаасан. Жишээ нь: Байгууллагын 14 хоногт 1 болдог захиргааны хуралд оруулахгүй, албаны программаар албан бичиг илгээх, даалгавар өгөх, нийтэд өгч буй мэдээ мэдээллийг өгөхөө больсон. Үүнээс үүдэн ажиллах боломжгүй болсон.
Миний эрхэлж байсан ажлын гол үүрэг бол сургалт зохион байгуулах, алба хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх байдаг. Сургалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан нэгдсэн төлөвлөгөөний дагуу жил бүрийн 9 дүгээр сараас дараа оны 6 дугаар сар хүртэл явагддаг. 2018 оны төлөвлөгөөг ажилд орохоос өмнө баталсан байсан тул тус төлөвлөгөөний дагуу сургалтыг явуулж, 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 6 сар хүртэл хэрэгжиж хийсэн ажлын тайлангаа өгсний дагуу үр дүнгийн гэрээгээ үнэлүүлж явсан. Ингээд 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд санал өгч төлөвлөгөөнд тусгуулах гэсэн боловч саналыг огт хүлээж аваагүй, намайг оролцуулалгүйгээр төлөвлөгөөг 2019 оны 12 дугаар сард баталсан. Удалгүй албан тушаал бууруулсан.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь босоо удирдлагатай байгууллага тул даргын зөвшөөрөлгүй ажил явагддаггүй. Батлагдсан төлөвлөгөөний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги байгууллагуудад сургалт орсон эсэхийг хянах, хэрэгжилтийг хангуулах, тайланг нэгтгэж гаргах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт орох сургалтыг зохион байгуулдаг. Төрийн албаны зөвлөлийн хариунд дурдсанчлан ажлын өрөө компьютер байгаа л бол хийж болдог ажил биш. Миний хувьд 2018-2019 оны албаны сургалтын тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа 54 анги байгууллагын тайланг сар бүр хүлээн авч нэгтгэн Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нд танилцуулж анги байгууллагуудад үүрэг чиглэл өгч, биечлэн явж шалгаж ажилладаг байсан бөгөөд сургалтын жилийн тайланг нэгтгэж дараагийн сургалтын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар саналаа бичиж 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр захиргааны удирдлагын газрын дарга, хошууч С.Бд танилцуулахад хянаж хариу өгөөгүй. Сургалт бол бусад ажил шиг ганцаараа компьютерт хийдэг ажил биш, сургалтад хамрагдах анги, нэгж ажилчид, даргын зөвшөөрлөөр явагддаг. Гэтэл энэ бүх нөхцөлийг хаасан. Ингээд ажил хийх бүх боломжийг хаачхаад ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын албан тушаал бууруулан томилсон тушаал нь гарсан дариуд буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд маргаан бүхий тушаалыг хянуулах гэж өгөөд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04/354 тоот хариуг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Монгол шуудангаас хүлээн авсан.
Төрийн албаны зөвлөлөөс ажлын байрны зорилго зорилтын хүрээнд албан үүргээ өөрийн санаачилгаар гүйцэтгэх боломжтой байсан мэтээр бичсэн боловч төрийн тусгай албаны үүрэгт ажил, миний эрхэлж байсан сургалтын ажил бол онцлогтой. Өөрөөр хэлбэл ажиллах нөхцөл боломжийг бүрэн хаасан атлаа ажлаа хийсэнгүй гэж албан тушаал бууруулж байгаа нь буруу. Мөн төрийн тусгай алба нь босоо тогтолцоотой аливаа шийдвэр үйл ажиллагаа бүгд даргын зөвшөөрөл үүргийн дагуу явагддаг гэдгийг анхаарч үзсэнгүй.
Мөн 2019 оны 12 сард дотоод хяналт шалгалт явуулсан гэдэг боловч хяналт шалгалт явуулах журмаа зөрчсөн. Үндэслэлгүй илтгэх хуудас гаргасан байдаг. Төрийн албаны зөвлөл болон маргаан бүхий тушаалд Сахилга ёс зүйн хорооны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийг дурддаг боловч энэ нь албан тушаал бууруулах үндэслэл биш юм. Мөн тус хурлын протоколд миний яриагүй зүйлийг ярьсан мэтээр бичиж илт худал гарсан бөгөөд энэ талаар гарын үсэг зурахдаа бичиж тэмдэглэсэн. Сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 9 сарын 27-ны өдрийн А/183 тоот тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 4.1, 3.4-д заасан арга хэмжээг авах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Иргэн Ц.П нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/1286 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын газарт сургалт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/343 дугаар тушаалаар тус газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллах хугацаандаа албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн. Тухайлбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд албаны сургалтыг зохион байгуулах, сургалт судалгааны ажлын төлөвлөгөөг боловсруулах, удирдамж хөтөлбөр гаргах зэрэг ажлуудыг боловсруулан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлыг өөрийн санаачилгаар хийгээгүй, ажлын цаг ашиглалт болон албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагад тэнцэж байгаа эсэхэд Хяналт шалгалтын газраас албаны шалгалт хийсэн байна. Үүнд: Ц.П нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд тавигдах тусгай шаардлагын боловсрол, мэргэжил гэсэн шаардлагыг хангаж, туршлага хэсгийн 2, мэргэшил хэсгийн 1, ур чадвар хэсгийн 7 нийт 10 шаардлагыг хангахгүй байгаа нь Хуулийн хэлтсийн дарга хурандаа Ц.О, Хүний нөөцийн хэлтсийн дарга дэд хурандаа Э.Н, ахлах мэргэжилтэн ахмад Д.Э, сургалт хариуцсан мэргэжилтэн дэд хурандаа Д.Н, хошууч Х.Б, дэслэгч Э.С, дэслэгч М.Г, хуулийн хэлтсийн мэргэжилтэн хурандаа Я.С, ахмад А.Ц нарын өгсөн тайлбараар тогтоогдсон байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд дэвшүүлэх, бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэн томилох журам-ын 4.1-т Алба хаагч тухайн албан тушаалд ажиллах шаардлага хангахгүй байгаа тухай дүгнэлт нь түүнийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл болно, 4.2-т Энэ журмын 4.1-т заасан дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу алба хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн эрх бүхий албан тушаалтан, салбар нэгжийн дарга гаргана гэж тус тус заасан.
Мөн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 22 өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 17 өдрийн, нийт 39 өдрийн ажил хэсэгчлэн болон бүтэн өдрөөр тасалсан нь цагийн бүртгэл Шуурхай удирдлагын хяналтын төвийн ерөнхий жижүүр, хошууч Ц.Т, ахмад Б.М, ахмад Г.З нарын илтгэх хуудас, төв конторын цахим бүртгэлээр тогтоогдсон байна.
Дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15, "Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1.14. Удирдах дээд шатны менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, төрийн албан хаагчийн ажлын байрны шаардлагыг ханган ажиллах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон чанд сахин биелүүлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Харин энэ хугацаанд хошууч Ц.П цалингаа бүрэн авсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Ц.Пг сургалтын мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллах хугацаанд ажиллах албан өрөө компьютер техник хэрэгслээр хангаж, албан тушаалын тодорхойлолтод заасан хэрэгжүүлэх зорилго, зорилт, чиг үүргийг баталж, мөрдүүлсэн байхад хэвийн ажиллах нөхцөлөөр хангуулах эрхийг хаасан гэдэг нь үндэслэлгүй байна.
Харин төрийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дүгээр тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.
Гуравдагч этгээд М.О шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 6/569 дүгээр тушаалаар 405 дугаар хаалттай хорих ангид ерөнхий жижүүр, 2012 оны 6/607 дугаар тушаалаар төлөөлөгч, 2014 оны Б/1104 дүгээр тушаалаар ахлах төлөөлөгч, 2018 оны 6/1452 дугаар тушаалаар Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны дарга, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/263 тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус томилогдон 10 дахь жилдээ ажиллаж байна.
Захиргааны удирдлагын газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдохоос өмнө хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн. Авлигатай тэмцэх газраас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хувийн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн албан бичиг ирсэн.
Мөн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг/ шатлан дэвших зарчмаар томилогдон ажиллаж байна. Миний хувд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон хурандаа Ц.О нартай урьд нь хамтран ажиллаж байгаагүй. Нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан тохиолдолд миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул өөр байгууллага, албан тушаалд шилжиж ажиллах боломжгүй байна. Тухайлбал, энэ албан тушаал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт нэг байдаг, энэ албан тушаалд тууштай ажиллана гэх байдлаар орон сууцны зээлд хамрагдсан учир би ажил албан тушаалтайгаа байж амар тайван амьдарлаа авч явмаар байна. Мөн энэ шүүх хуралд биечлэн оролцох шаардлагагүй гэж үзэж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.П нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Захиргааны удирдлагын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичил хийлгүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
1.Маргааны үйл баримтын талаар:
Анх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/1286 дугаар тушаалаар Ц.Пг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан мэргэжилтнээр[1], 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/373 дугаар тушаалаар[2] Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилсон.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дүгээр тушаалаар Ц.Пг албан тушаал бууруулан, 441 дүгээр нээлттэй хорих ангийн нийгмийн ахлах ажилтнаар томилжээ.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаас маргаан бүхий 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дүгээр Ц.Пг албан тушаал бууруулан томилох тухай тушаалыг гаргахдаа ...Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.16, 45 дугаар зүйлийн 45.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.1, 276.3.3, 281 дүгээр зүйлийн 281.1.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сахилга, ёс зүйн хорооны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааныг шийдвэр... зэргийг баримталжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү тушаалынхаа үндэслэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ... нэхэмжлэгчийн ажлын цаг ашиглалт, хуулиар хүлээсэн болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн. Мөн тухайн албан тушаалд тавигдах туршлага, ур чадвар гэх мэт нийт 10 шаардлагыг хангахгүй байна гэж хяналт шалгалтын газраас дүгнэсэн... гэж тайлбарласан.
Харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Ц.Пгээс ...хурандаа Ц.О байнгын өрөөндөө дуудаж, гадны хүн ажиллуулахгүй гэсэн...,намайг ажлын цаг ашиглалт муу гэж үзсэн.., ээлжийн амралтаа аваад 08 дугаар сарын 13-ны өдрөөс ажилдаа орсон. Намайг ажилдаа орсноос хойш ямар ч ажил үүргээр хангаагүй...гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд албаны эрх мэдлийг хэтрүүлэн ашигласан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад байгууллагын удирдлагууд солигдсоны дараа түүнийг дарамтлах, албан тушаалаа хэтрүүлэн ашиглах асуудал үүссэн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4-т заасан хориглосон үйл ажиллагааг хийж дарамталсан... гэж үгүйсгэн маргасан.
2. Албан тушаалын тодорхойлолт, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тухайд.
Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжүүдэд 2018-2019 онд зохион байгуулсан албаны сургалтын нэгдсэн тайлан[3]-гаар болон дээрх хугацаанд зохион байгуулсан ажлынхаа талаар баримтуудыг гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Пг 2018-2019 онуудад хуулиар хүлээсэн болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж буруутгах атлаа түүний ажлын гүйцэтгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Н нягтлан үзэж байгууллагын зорилт, албан тушаалын тодорхойлолт, хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг, албан даалгаврыг үйл ажиллагаандаа зохион байгуулалт хийж ажилласныг 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангаар 90.1 хувь гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн байна.[4]
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.П 2019 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тайлагнасан[5] байгаа зэргээс үзвэл түүнийг 2019 оны хагас жилийн байдлаар албан тушаалын тодорхойлолт, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж буруутгах боломжгүй болохыг зайлшгүй дүгнэх нь зүйтэй.
3.Цаг ашиглалтын тухайд:
Хэрэгт авагдсан ажлын цагийн бүртгэлийн талаар илтгэх хуудас[6], цагийн бүртгэлийн нэгдсэн тайлантай холбогдуулан шүүхээс Шүүхийн шийдвэр ерөнхий газрын жижүүрийн цаг бүртгэл хэрхэн явагддаг талаар Шүүхийн шийдвэр ерөнхий газрын төв байранд үзлэг хийхэд цахим бүртгэлийн мэдээллийн санд[7] нэхэмжлэгчийн цаг ашиглалт хангалтгүй гэж дүгнэгдэхээр байсан[8].
Хэдийгээр цагийн цахим бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах боломжтой гэж тайлбарлах боловч уг өөрчлөлтийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан гарсан, түүнийг баримтаар нотолсон тохиолдолд засварлах журамлажээ.
Тиймээс хэрэгт авагдсан ажлын цагийн бүртгэлийн талаар илтгэх хуудас, цагийн бүртгэлийн нэгдсэн тайланд нэхэмжлэгчийн эмнэлэгт хэвтсэн хоногийг тасалсанд тооцсон байжээ.
Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...манай албан хаагч нар зөвхөн Төрийн албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд чөлөө олгодог. Ц.П тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй тул ажлыг тасалсанд тооцсон. Бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдолд зайлшгүй зөвшөөрөл чөлөө авах ёстой... гэж тайлбарласан.
Харин шүүх нэхэмжлэгч Ц.Пг өөрийн сонгосон эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлснийг буруутгах боломжгүй гэж үзсэн тул 2019 оны 8 дугаар сарын 21-ээс 9 дүгээр сарын 02-ны хооронд хэвтэн эмчлүүлснийг[9] эс тооцвол түүний ажлын цаг ашиглалт хангалтгүй, тодорхойгүй шалтгаанаар удаа дараа ажлаас хоцорсон, ажил тасалсан буюу Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 ...байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах... нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
4. Албан тушаалд тавигдах шаардлагын тухайд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалд ажилласан хугацаа, ...харгалзан албан тушаал..., бууруулна гэжээ.
2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай хууль шинэчлэн найруулагдан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулжээ.
Харин 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр баталсан[10] нэхэмжлэгч Ц.Пгийн эгүүлэн тогтоохыг шаардаж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн-ий албан тушаалын тодорхойлолтын 3-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 6-аас доошгүй жил, үүнээс төв аппаратын мэргэжилтэн болон түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх туршлагатай гэжээ.
Гэтэл нэхэмжлэгчийн хувьд тус байгууллагад 2018 оны 10 дугаар сараас эхлэн ажилласан[11] буюу хариуцагч байгууллагын боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид тавигдах тусгай шаардлагын туршлага хэсгийг хангахгүй байна.
5. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4-т заасан хориглосон үйл ажиллагааны тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Пд түүний шууд удирдах албан тушаалтан болох Захиргаа удирдлагын газрын дарга дэд хурандаа С.Б, хуулийн хэлтсийн дарга хурандаа Ц.О нараас Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.4 албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах гэж заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэх талаар шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан ...нотлох баримтыг гаргаж өгөх, эх сурвалжийг заах... боломжийг хангалттай олгосон боловч энэ талаарх хөдөлбөргүй баримт ирүүлээгүй болно.
Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Ц.Пг албан үүргээ гүйцэтгэх явцад дээрх нэр бүхий албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах ажлын байран дахь дарамт шахалт үзүүлж байсан талаар албаны дотоод хяналт шалгалт хийсэн боловч тухайн асуудал нотлогдоогүй.
Хэдий тийм ч шүүх ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэн Хүний эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх хуульд заасан чиг үүрэгтэй нь холбогдуулан Хүний эрхийн үндэсний комисст хандсан[12] боловч маргааны үйл баримттай холбоотой баримт байгаагүй болно[13].
Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтийг хүлээн авч гэрчийн мэдүүлэг авсан[14] боловч дарамталсан гэх талаар хөдөлбөргүйгээр тогтоогдсон баримт олдоогүй болно.
Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дүгээр тушаалын зарим нэг үйл баримт бодит нөхцөлд байдалд нийцээгүй байх боловч ажлын цаг ашиглалт болон тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага-ыг хангахгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий байна.
Товчхондоо хариуцагчийн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн.
Маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөн гэж үзэхээргүй байх тул уг актыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Захиргааны удирдлагын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичил хийлгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 45 дугаар зүйлийн 45.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Пгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Захиргааны удирдлагын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] 1 Хавтас хэргийн 69 хуудас
[2] 1 Хавтас хэргийн 70 хуудас
[3] 1 Хавтас хэргийн 51-55 хуудас
[4] 1 Хавтас хэргийн 74-80хуудас
[5] 1Хавтас хэргийн 81-88 хуудас
[6] 1 Хавтас хэргийн 43-49 хуудас
[7] 2 Хавтас хэргийн 38-39 хуудас
[8] 1 Хавтас хэргийн 201-241 хуудас
[9] 1 Хавтас хэргийн 50 хуудас
[10] 1 Хавтас хэргийн 96-102 хуудас
[11] 1 Хавтас хэргийн 8, 69-70 хуудас
[12] 2 Хавтас хэргийн 128 хуудас
[13] 2 Хавтас хэргийн 129-130 хуудас
[14] 2 Хавтас хэргийн 74-75 хуудас