Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 119

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг,

хохирогчийн өмгөөлөгч: Б.Дашдорж, /0747/

иргэний хариуцагч: Р.Мягмарсүрэн,

шүүгдэгч: Т.Энхтайван, түүний өмгөөлөгч Д.Очирваань /2009/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

    Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Янкиал овогт Тунгалагийн Энхтайванд холбогдох эрүүгийн 2016 2400 0600 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

             Монгол улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6б-13 дугаар гудамж 01 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол, 23 дугаар байр 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ГЭ 82082911, Янкиал овогт Тунгалагийн Энхтайван.

 

 Шүүгдэгч Т.Энхтайван нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Телевизийн хуучин эцсийн замд 2016 оны 6 дугаар сарын 15-наас 2016 оны 6 дугаар сарын 16-нд шилжих шөнө 04 цагийн орчимд “Ниссан блюберд” маркийн, 72-46 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”,

 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Тамирыг мөргөж, биед нь хүнд зэргийн гэмтэл  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Энхтайван мэдүүлэхдээ:

“Телевизийн хуучин эцсийн замд 2016 оны 6 дугаар сарын 15-наас 2016 оны 6 дугаар сарын 16-нд шилжих шөнө 72-46 УНВ улсын дугаартай бэр эгчийнхээ машиныг бариад хотын төв рүү чиглэлтэй явж байсан. Энэ үед орчны үзэгдэх байдал муу, бороотой, манантай байсан. Би дуут дохиогоо өгч гэрлээ анивчуулаад зам дээр зогсож байсан 4 хүний хажуугаар нь гарсан. Гэнэт миний зүүн гар талаас нэг хүн гэрэлд тулаад ороод ирэхээр нь би машинаа зүүн гар тийшээ дарсан боловч амжилгүй баруун талаараа хохирогчийг мөргөөд, баруун тийшээ дарж машинаа зогсоосон. Тухайн үед 50 км/цагийн хурдтай явж байсан. Цаг агаарын байдалд хурдаа тохируулж яваагүй, анхаарал болгоомжгүй байдлаас болж осол гарган, хохирогчид хүнд гэмтэл учруулснаа ойлгож байна. Техникийн шинжээч болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Би хохирогчийг хагалгаанд ороход хажууд нь байсан ба түүнийг эмнэлэгт байхад нь хэд хэдэн удаа эргэсэн. Осол болсны дараа хохирогчид эмнэлгийн тусламжийг үзүүлсэн. Би даатгалын нөхөн төлбөр авахаар хөөцөлдсөн боловч одоо хүртэл авч чадахгүй байна. Эгч Р.Мягмарсүрэн маань М.Тамирын эмчилгээний зардалд 2 693 000 төгрөг төлсөн. Би хохирогчийг мөргөсөндөө маш их гэмшиж байна. Түүний биеийн байдал сайжирч, хөл дээрээ босоод явж байгаад баярлаж байна. Гэхдээ хохирогчийн бие бүрэн эдгэрээгүй, хойшид эмчилгээ хийлгэх шаардлагатайг мэдэж байгаа учраас цаашид гарах эмчилгээний зардлыг ажил хийж төлнө. Шүүхийн шийдвэр гарсны дараа даатгалаас мөнгөө аваад хохирогчид өгнө. Миний унаж явсан машины бүрэн бус байдал осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй. Надад хөнгөн ял оногдуулна уу” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч-Р.Мягмарсүрэн мэдүүлэхдээ:

“Ниссан блюберд” маркийн, 72-46 УНВ улсын дугаартай автомашин нь миний эзэмшлийн машин юм. Дүү Т.Энхтайван машиныг маань хааяа барьдаг ба би жолоочийн хариуцлагын даатгалд түүний нэрийг нь оруулсан байсан. Тэр өдөр манай нөхрийн бие муудсан тул эгч маань 11 дүгээр хорооллоос эм авчирсан юм. Эм уугаад нөхрийн маань биеийн байдал гайгүй болохоор нь түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр Т.Энхтайван машин барьж байгаад ийм хэрэг гарсан. Энэ хэрэг гарсанд маш их харамсаж байна. Бид даатгалаас нөхөн төлбөрийн мөнгө өгөхийг хүлээж, даатгалаа авч чадахгүй байна. Гэхдээ хохирогч Г.Тамирт эмчилгээний зардалд 2 143 000 төгрөгийг би өөрөө төлсөн. Өнөөдөр дахин 550 000 төгрөгийг нэмж төлж байна. Хохирогчид цаашид гарах зардлыг Т.Энхтайван өөрөө төлнө гэж надтай тохирсон” гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Тамир мэдүүлэхдээ:

“2016 оны 6 дугаар сарын 15-ны орой хадам эгч Г.Жаламжав “хамт явж, ажлын хүнтэй уулзаад хүрээд ирье” гэж хэлсэн тул бид хоёр оройн 23 цаг өнгөрч байхад Баянхошуунаас гарч, Баянхошууны Хөтлийн караокед нөгөө хүнтэй нь уулзахаар орсон. Тэнд хоол идэнгээ хүний хоёр, хоёр жижиг шилтэй “Нийслэл” пиво ууж, суусан. Г.Жаламжав эгч нөгөө хүнтэйгээ нилээн удаан юм яриад, суугаад байсан. Би тэр хүнтэй ч танилцаагүй, нэг шар эмэгтэй байсан. Тэгээд тэр караоке нь хаахаар болж бид гурав шөнийн 02 цаг өнгөрч байхад гарцгаасан. Тухайн үед тэр караокенаас ахимаг насны хоёр эрэгтэй хүн хамт гарцгаасан. Тэгсэн Г.Жаламжавын уулзсан эмэгтэй “манай гэр хороололд байдаг, та хоёр намайг гэр рүү хүргээд өгчих” гэж гуйтал нөгөө караокенаас хамт гарч ирсэн хоёр ахимаг насны ах нар “тэгвэл замдаа бид хоёр буучихъя, такси зогсохгүй байна” гээд бид нар такси барих гээд нилээн удаан зогссон. Тэгсэн нэг саарал өнгийн суудлын автомашин ирж зогсоход бүгдээрээ орж суугаад телевизийн хуучин эцсийн орчмоор явж байтал таксины жолооч гэнэт зогссоноо “та нар мөнгөө өг” гэж хэлсэн. Г.Жаламжавын найз хүүхэн нь нөгөө хоёр залууд “та нар эхлээд буух гэж байгаагаараа мөнгөө өг” гэтэл нөгөө хоёр залуу “юун сүртэй юм” гээд хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би “яршиг харилаа” гээд түрүүлээд машинаас бууж зам хөндлөн баруунаасаа зүүн тийш чиглэлтэй гарчихаад замынхаа эсрэг талд зогсоод харахад Г.Жаламжав болон нөгөө хоёр эрэгтэй хүмүүс машинаасаа буучихсан маргалдаад зогсоод байхаар нь би өөрт байсан мөнгөө өгөх санаатай зам хөндлөн буцаад зүүнээсээ баруун тийш чиглэлтэй замаар алхаад явж байхад хойноосоо урагшаагаа чиглэлтэй зорчих хэсгийн 1, 2 дугаар эгнээнээс хоёр машин их хурдтай дуут дохиогоо хангинуулаад ирж яваа харагдсан. Тэгсэн 1 дүгээр эгнээнээс ирж явсан автомашин нь өнгөрөөд явчихсан. Тэгээд би амжаад гүйх санаатай ухасхийтэл миний өмсөж явсан өсгийтэй гуталны баруун хөлний сандаалны арын олом нь тасарчих шиг болохоор хөлөө чирээд алхаад явж байхдаа зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс ирж явсан машиныг миний араар гарчих юм болов уу гэж бодсон. Тэгээд цаашаа юу болсныг огт санахгүй байна. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт 5 хоносон гэж байхад сэрсэн. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар бороотой, зам нойтон байсан. Миний аарцагны яс сэтэрч хугарч, давсаг руугаа шигдсэн, тархины яс цөмөрч толгойдоо хүнд гэмтэл авсан, баруун хөлийн гадна хэсэгт шалбарч, зулгарсан, бүх бие хавдаж, өвчин орсон байсан. Миний биеийн байдал өмнөхөө бодвол арай дээрдэж байгаа ч ам муруй, зүүн талын нүд өвдөж, нулимс нь гоожоод байгаа. Мөн хүзүү толгой хөшиж, бөөр хэсгээр өвдөж байна. Өнөөдрийг хүртэл хөл дээрээ босоогүй тэргэнцэр дээр сууж байгаа. Би эмчилгээний баримтуудыг бүрдүүлж байгаа. Цаашид дахин нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардал, бусад хохирлуудыг нэхэмжилнэ” гэжээ. (хэргийн 26-27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Жаламжав мэдүүлэхдээ:

“2016 оны 6 дугаар сарын 15-ны орой ажлаа тараад гэртээ ирэхэд надтай хамт ажилладаг байсан тогооч Б.Анхтуяа над руу залгаад надаас мөнгөө авах ёстой байсан юм. Тэгээд би түүний байгаа газар болох Баянхошууны Хөтлийн караоке руу бэр М.Тамирын хамтаар 23 цаг өнгөрч байхад явж очсон. Тэгээд тэндээ Б.Анхтуяа, М.Тамир бид гурав караокед нь хоол идэж, хүний хоёр, хоёр жижиг шил пиво ууцгаагаад нилээн удаан Б.Анхтуяатай хамт юм ярьж суусан. Тэгээд тэр караоке нь хаахаар болж бид гурав шөнийн 02-03 цаг өнгөрч байхад гарцгаасан. Тухайн үед тэр караокенаас хоёр эрэгтэй хүн хамт гарцгаасан. М.Тамирын хамтаар явж байгаа юм чинь Б.Анхтуяаг гэрт нь хүргээд өгье гээд такси барих гэж байгаад нилээн удаан зогссон. Тэгсэн суудлын жижиг машин ирээд зогсоход бид гурвыг суухад нөгөө караокенаас хамт гарсан хоёр залуу замдаа бууя гээд машинд орж ирээд суусан. Телевизийн шинэ эцсээс уруудаад бараг хуучин эцэс орох хооронд нөгөө таксины жолооч “эхлээд мөнгөө өгчих” гээд зогссон. Тэгээд таксины мөнгөнөөс болоод бид нар маргалдаад байж байхад М.Тамир түрүүлээд “би буцаад харилаа” гээд машинаас буугаад явчихсан. Тэгээд нөгөө таксины жолоочид хэсэг явсан газрынхаа төлбөрийг хийчихээд бид нар машинаас буугаад гараад ирэхэд М.Тамир наашаагаа зам хөндлөн алхаад ирж яваа харагдсан. Ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй зорчих хэсгийн 1, 2 дугаар эгнээнээс маш хурдтай хоёр машин дуут дохиогоо өгөөд ирж яваа харагдсан. Тэгсэн 1 дүгээр эгнээний машин арай түрүүлж явсан болохоор бид нарын хажуугаар их хурдтай өнгөрөөд явсан. Харин 2 дугаар эгнээний машин ямар хурдтай ирж явнаа гэж бодтол удалгүй түс тас гээд хүчтэй дуу чимээ гарсан. Тэгээд яав ийв гээд хартал М.Тамир нөгөө мөргөсөн машиныхаа баруун талын хаалганы харалдаа боржуурын хажууханд хэвтэж байсан. Тэгээд би “хүн аллаа шүү дээ” гэж орилоод М.Тамир дээр яваад очтол “намайг хөдөлгөж болохгүй шүү” гээд байсан. Тэнд байгаа хүмүүс 102 болон 103 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар бороотой, зам нойтон байсан. Бид нар бүгд зүгээр биеэ авч явах чадвартай байсан. Ойр орчимд гарц гарам байгаагүй. Би автомашиныг гэрэл тусаад ороод ирэхэд ойролцоогоор 50-60 орчим метрийн зайнд харсан” гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч-Б.Анхтуяа мэдүүлэхдээ:

“...2016 оны 6 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд би хамт ажиллаж байсан Г.Жаламжавтай уулзахаар болж Баянхошууны хөтлийн буудал дээр ирэхэд тэр бэргэн гэх нэг эмэгтэйн хамт ирсэн. Бид гурав караокед орж хүний хоёр лаазтай пиво ууцгаасан. М.Тамир түрүүлээд машинаас буугаад явсан. Машины хажууд түс тас гээд л явсан. М.Тамирыг хаачив гээд хартал нөгөө мөргүүлсэн машиныхаа баруун талд боржуурын харалдаа газар хэвтэж байсан. Замын хөдөлгөөн сийрэг, гадаа бороотой, үзэгдэх орчин муу байсан. Тамир таксинд машины хаалганы хажууд суусан. Тэгээд машин зогсоход түрүүлээд ганцаараа буучихсан байсан. Бид гурав уг нь адилхан л уусан. Тамир гайгүй биеэ авч явах чадвартай байх шиг байсан... Ямар ч байсан хүчтэй дуу дохио сонсогдсон. Тэгсэн төд удалгүй түс тас гээд дуу гарсан...” гэжээ. (хэргийн 45, 46 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 8455 тоот дүгнэлтэд:

1. М.Тамирын биед хэвлийн битүү гэмтэл, давсагны задрал, хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл, цус хуралт, духанд, баруун зулайд шарх, баруун мөр, цээж, ооч хэсэгт зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 59 дүгээр хуудас)

 

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд:

1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж үзэхэд дугуйн хэмжээсний хувьд баруун болон зүүн гар талын хойд дугуйнуудын өргөний хэмжээ ижил бус байв. Хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй байсан. Мөн автомашин ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд бүрэн бус байсан.

2. Хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй байсан нь ослын өмнө, хойно хэдийд үүссэнийг нарийн тогтоох боломжгүй.

3. Энэ автомашины хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй байсан. Мөн автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд салхины шил баруун гар талдаа үйрч, цацарч, дотогшоо цөмөрч орсон, зүүн гар талын урд крыло зурагдаж будаг нь халцарсан, урд буфер зүүн гар талын хэсэгтээ доод хормойн сетк нь цуурч хагарсан, урд буфер баруун буландаа бэхэлгээ нь мултарсан, баруун гар талын урд их гэрлийн гаднах шил цуурч хагарч, дотогшоо чихэгдэж орсон, копут баруун хэсэгтээ хонхойж цөмөрсөн, бүрэн хаагдахгүй гажсан, баруун гар талын урд ойрын гэрлийн чийдэн асахгүй, хойд буфер баруун хэсэгтээ цуурч, хагарч будаг нь халцарсан, тоормосны хоёр гэрлийн чийдэн, зүүн гар талын хойд оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын хойд гэрлийн гаднах шил цуурч хагарч скочоор наасан, дуут дохио ажиллахгүй, дагалдах хэрэгслийн иж бүрдэл (галын хор, ослын зогсолтын тэмдэг, эмийн сангүй) дутуу байв. Автомашиныг өргүүр дээр өргөж, явах анги болон жолооны механизмын үзлэг хийхэд баруун гар талын хойд амортизаторын пүрш хугарсан, зүүн гар талын урд гарын доод өндгөн тулгуур, рулийн тяг хөдөлгөөнтэй холхиотой болсон байлаа. Дугуйн хэмжээсний хувьд баруун болон зүүн гар талын хойд дугуйнуудын өргөний хэмжээ ижил бус байв. Зүүн гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 0,0 сd, баруун гар талын гэрлийн тусгалын эрчим хол дээрээ 0,0 сd (стандарт 10000.0-225000.0 сd) гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байлаа. Мөн зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, баруун гар талын ойрын гэрлийн чийдэн асахгүй байв.

4. Автомашины зүүн гар талын урд крыло зурагдаж будаг нь халцарсан, урд буфер зүүн гар талын хэсэгтээ доод хормойн сетк нь цуурч хагарсан, хойд буфер баруун хэсэгтээ цуурч, хагарч будаг нь халцарсан, тоормосны хоёр гэрлийн чийдэн, зүүн гар талын хойд оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын хойд гэрлийн гаднах шил цуурч хагарч скочоор наасан, дуут дохио ажиллахгүй, баруун гар талын хойд амортизаторын пүрш хугарсан, зүүн гар талын урд гарын доод өндгөн тулгуур, рулийн тяг хөдөлгөөнтэй холхиотой болсон, дугуйн хэмжээсийн хувьд баруун болон зүүн гар талын хойд дугуйнуудын өргөний хэмжээ ижил бус зэрэг эвдрэл, гэмтлүүд нь ослын өмнө үүссэн байж болно. Урд салхины шил баруун гар талдаа үйрч, цацарч, дотогшоо цөмөрч орсон, урд буфер баруун буландаа бэхэлгээ нь мултарсан, баруун гар талын урд их гэрлийн гаднах шил цуурч хагарч, дотогшоо чихэгдэж орсон, копут баруун хэсэгтээ хонхойж цөмөрсөн, бүрэн хаагдахгүй гажсан, баруун гар талын урд ойрын гэрлийн чийдэн асахгүй, холын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан зэрэг гэмтлүүд нь ослын үед үүссэн байж болно. Харин автомашины хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй байсан, зүүн гар талын хол ба ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй.

5. Ослоос өмнө үүссэн байж болох автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөөгүй байж болно. Шинжээчийн тусгай мэдлэг шаардлагатай болсны дагуу энэ асуултад хариулахад автомашины хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй, өрөөлдөж барьж байсан нь хэрэв ослын өмнө үүссэн тохиолдолд тоормосны замыг уртасгах, шарвалт үүсэх байдлаар осолд нөлөөлөх боломжтой. Мөн зүүн гар талын хол ба ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь хэрэв ослоос өмнө үүссэн тохиолдолд жолоочийн харах орчныг хязгаарлах байдлаар осолд нөлөөлж болно гэжээ. (хэргийн 101-110 дугаар хуудас)

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 413 тоот дүгнэлтэд:

“1. 72-46 УНВ улсын дугаартай, “Ниссан блюберд” маркийн автомашины жолооч Т.Энхтайван нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн

9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч М.Тамир нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ. (хэргийн 114, 115 дугаар хуудас)

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл. (хэргийн 3-9 дүгээр хуудас)

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

           Т.Энхтайван ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 152 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Энхтайван нь 2016 оны 6 дугаар сарын 15-наас 2016 оны 06 дугаар сарын 16-нд шилжих шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Телевизийн хуучин эцсийн замд “Ниссан блюберд” маркийн, 72-46 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”,

 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс хохирогч М.Тамирыг мөргөж, бие махбодид хэвлийн битүү гэмтэл, давсагны задрал, хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл, цус хуралт, дух, баруун зулайд шарх, баруун мөр, цээж, ооч хэсэгт зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогч М.Тамир, гэрч Г.Жаламжав, Б.Анхтуяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 8455 тоот дүгнэлт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 413 тоот техникийн шинжээчийн дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын 16-ны хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан байдал, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 20350 тоот өвчний түүх, “Манал оточ” эмнэлгийн өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т.Энхтайваны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Т.Энхтайванг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Т.Энхтайваны хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

 

Хохирогч нь эмчилгээний зардалд 3 014 200 төгрөг нэхэмжилснээс 286 100 төгрөг нь нотлох баримтаар нотлогдсонгүй. Иргэний хариуцагч Р.Мягмарсүрэн нь хохирогчид 2 693 000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд М.Тамирын эмчилгээний зардал төлөгдсөн гэж үзлээ.

Хохирогч М.Тамир нь цаашид гарсан эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй ба үүнийг шүүгдэгч болон иргэний хариуцагч төлөхөө илэрхийлж байна.

М.Тамир нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-т заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. Мөн дүрмийн 3.9-д заасан “явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн нь Техникийн шинжээчийн 413 дугаартай дүгнэлт, гэрч Г.Жаламжав, Б.Анхтуяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 5360 тоот дүгнэлтээр нотлогдож байна.

Зам тээврийн осол гарахад хохирогчийн дээрх буруутай байдал нөлөөлснийг харгалзан шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөрийн хэмжээг шүүх багасгах үндэстэй боловч шүүгдэгч болон иргэний хариуцагч хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч, 2 693 000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.

Хохирогч нь “би тахир дутуугийн группийн хуралдаанд оролцохоор Завхан аймагт байна, энд эмчилгээ хийлгэх тул Улаанбаатар хот руу буцах хугацаа тодорхойгүй учир намайг оролцуулахгүй шүүх хуралдаан хийнэ үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авсан болно.