Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 456

 

Г.Ган-Очирт холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхтайван,

шүүгдэгч Г.Ган-Очир, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Ган-Очир, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Ган-Очирт холбогдох эрүүгийн 1908000600009 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Ганбатын Ган-Очир, 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмэг эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 18 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УШ92082418/;

            Г.Ган-Очир нь согтуугаар, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 44 дүгээр гудамжны 24 тоот хашаанд байрлах монгол гэрт хойд эцэг Ч.Доржсүрэнтэй маргалдан, түүнийг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Ган-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                     

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ган-Очирыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Г.Ган-Очирын цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Г.Ган-Очироос 8.774.787 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Г.Ган-Очирын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч банкны зээлтэй холбоотой асуудлаа иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, 1 ширхэг камерын бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар өнгийн хуванцар хагархай 10 ширхэг, хагарсан цаг 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэгийг устгаж, Г.Ган-Очирт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ган-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэсэнд сэтгэл доогуур байна. Тухайн үед сэтгэл зүйн болон бие махбодын довтолгоог түрүүлж эхлүүлээгүй ба амь хохирогчийн амь насанд аюултай байдал мэдэгдээгүй. Анхан шатны тусламж дуудах гэхэд “Хэрэггүй, зүгээр” гэсэн. Энэ хэрэг гэнэтийн санамсаргүй болсонд маш их харамсаж байна. Шүүхээс бодит хохирлыг 8.774.787 төгрөгөөр тогтоосон байдаг. Миний ар гэр, хувийн байдлыг харгалзан бодит хохирол болон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсье...” гэв.

Шүүгдэгч Г.Ган-Очирын өмгөөлөгч Б.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй. Хэрэг гарах үед шүүгдэгч, амь хохирогч нар хоёулхнаа байсан бөгөөд маргааныг амь хохирогчоос эхлүүлж, улмаар шүүгдэгчийн хоолойг гараараа багалзуурдсан байдаг. Энэ үйл явдал нь гэрч Ц.Сарантуяагийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн хоолой багалзуурдсанаас гэмтэл учирсан болох нь 888 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүх шүүгдэгчийг амь хохирогчийн толгойн тус газарт цохисон гэж дүгнэсэн боловч амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл ямар арга хэлбэрээр, ямар арга нөхцөл байдалд учирсан талаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт “...ер нь бол энэ гэмтэл хавтгай зүйлийн үйлчлэлээс үүснэ. Гэхдээ гарын цохилтоос бас үүсч болно. Бас мохоо зүйлийн үйлчлэлээс үүсч болно...” гэх мэтчилэн тодорхойгүй зүйлийг мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл амь хохирогч энгийн хүнээс нимгэн гавлын ястай тул ямар ч байдлаас гэмтэл учрах боломжтой гэдэг. Түүнчлэн шүүх амь хохирогчийн буруутай үйлдлээс гэмт хэрэг гарсан гэж дүгнэсэн боловч хэрэг гарах үед амь хохирогчийн буруутай үйлдэл хэзээ гарсан, үнэхээр шүүгдэгч өөрийгөө хамгаалж цохисон эсэхийг нэг мөр тогтоогоогүй.   

2. Гэрч Ц.Баярмаа, Ц.Батмөнх, Б.Гэрэлбадрах гэх хүмүүсийн мэдүүлэг нь хэрэг гарахын өмнөх байдлыг тодорхойлдог бөгөөд тэд нэгэн цаг үед 3 өөр байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон байхад шүүхээс зөвхөн гэрч Ц.Баярмаагийн мэдүүлгийг үнэлж, нөгөө хоёрыг нь үнэлээгүй. Энэ талаар үндэслэлээ тайлбарлаагүй болно.

3. Яллагдагчаас мэдүүлэг авахдаа түүнийг “уншиж, бичиж чадахгүй” гэсэн атлаа өмгөөлөгч оролцуулаагүй байдаг. Гэтэл шүүх уг мэдүүлгийг яллах гол нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн анх гаргаж өгсөн 4.465.000 төгрөгийн баримт нь тамга тэмдэг, гарын үсэггүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүхээс тэдгээрийг бүхэлд нь үнэлж шийдвэрлэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд хэрэгт хавсаргаснаа хүлээн зөвшөөрч дахин нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 7.487.000 төгрөгийн баримт өгдөг. Гэтэл шүүх хохирлын баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хуульд нийцэхгүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь субъектив шинжийн хувьд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийх, ингэхдээ санаа, сэдэл, зорилгын хувьд хор уршгийг хүсэж үйлддэг онцлогтой. Гэвч бодит байдал дээр шүүгдэгч нь амь хохирогчийн халдлагаас өөрийгөө хамгаалах үедээ гараа савж цохисон. Энэ үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Сэтгэл санаа, эдийн засгийн хувьд учирсан хохирол их байгаа...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ган-Очирын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүй орхигдуулсан байна.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт: “Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно.” гэж тус тус тодорхойлсон ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийн үйлчлэлд “...тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх...” зэргийг хамааруулжээ.

Хэргийн материалыг судлахад, амь хохирогч Ч.Доржсүрэн, шүүгдэгч Г.Ган-Очир нар  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ц.Сарантуяагийн “...2017 оны наадмаар тэр хоёр маргалдаад Ган-Очир талийгаачийг 1 удаа гараараа цохиж байсан...” /хх-ийн 35/, Г.Амармэндийн “...Ган-Очир манай ээжийг доромжиллоо гээд хэд хэдэн удаа талийгаачийг зодсон асуудал бий...” /хх-ийн 44/, Ч.Отгончимэгийн “...талийгаач ах маань том хүү Ган-Очиртой жаахан таарамж муутай байсан. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр манай ахын нүд хавдсан, хамраас нь цус гарчихсан, нүүр нь хавдартай байсан. Хүү Ган-Очир нь согтуу ах руу дайраад байсан. Түүнээс хойш бас 2 удаа зодоон болоод би очиж байсан...” /хх-ийн 50/, яллагдагч Г.Ган-Очирын “...өмнө хааяа архи уусан үед нь хэрэлдэж маргалдаж байсан...” /хх-ийн 117/ гэсэн мэдүүлгүүдээр Г.Ган-Очир нь өөрийн хойд эцэг Ч.Доржсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, удаа дараа биед нь халдсан гэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийлгүйгээр түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэх хүндрүүлэх шинж буй эсэхийг шалгалгүй орхигдуулсан байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд шүүгдэгч Г.Ган-Очирыг урьд ял шийтгэл эдэлж байсан талаарх мэдээлэл бүртгэгдээгүй гэх боловч түүний төрсөн эх Ц.Сарантуяа гэрчээр “...манай хүү миний мэдэхээр нэг удаа дээрмийн хэргээр шалгагдаж байгаад тэнсэн харгалзах ял авсан...” /хх-ийн 34/ гэж мэдүүлсэн байх тул Г.Ган-Очирын хувийн байдалтай холбоотой баримт, мэдээллийг бүрэн гүйцэд шалгах шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчилан тодорхойлсон ба энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”,

- 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”

- 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр зохицуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ган-Очирт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан шүүгдэгч Г.Ган-Очир, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ган-Очирт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаасугай.

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл Г.Ган-Очирт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                            ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                            ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН