Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М

Улсын яллагч С.Б

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-т холбогдох эрүүгийн 2025002470308 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ц.Б-ийг 2019 оны 09 дүгээр сарын 10- ны өдөр иргэн Ц.Д-ын эзэмшлийн Хаан банкны ********** тоот данснаас 431,000 төгрөгийг Д.А-ийн эзэмшлийн ********* тоот данс руу шилжүүлж хулгайлсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ийг мэдүүлсэн ”Миний буруу гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулсан. Муухай юм хийснээ ойлгож гэмшиж байна” гэх мэдүүлэг, -Хохирогч Ц.Д-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр найз болох Ц.Б-ийнд хонохоор очсон юм. Ц.Б нь миний гар утсанд сим картаа хийж ашиглаж байсан. Тэгээд 2019 оны 09 сарын 10-ны өдрийн өглөө миний данснаас 431,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд би энэ чинь яаж байгаа юм бол гээд гайхаад Ц.Б-ээс асуусан чинь зээл гэсэн утгатай мессеж ирсэнийг хараад зээлийг чинь татсан байна, чи зээлтэй байсан юм бишүу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би зээлгүй ямар сонин юм бэ гэж хэлээд тэр өдрөө Ц.Б-ийнд хоноод өглөө Хаан банкны лавлахаас асуусан чинь хувь хүний данс руу орсон байна та өөрөө мобайл банкаар шилжүүлсэн байна гэж надад хэлсэн. Тэгэхээр би гайхаад цагдаад өгье гэж Ц.Б-т хэлтэл Ц.Б утсаар ярьж байгаад чиний мөнгийг авсан хүнийг найз нь мэдчихлээ найз нь тэр хүнээс мөнгийг нь аваад ардаас чинь шилжүүлээд өгье гэж надад хэлсэн. Миний утсанд мобайл банк байхгүй. Ц.Б нь миний утсанд сим картаа хийж ашиглаж байсан. Тухайн үед банкнаас асуухад банкны ажилтан та өөрөө утаснаасаа нээсэн байна гэж надад хэлж байсан юм. Ц.Б нь миний утсыг ашиглаж байгаад миний утсанд мобайл банк суулгаж миний мөнгийг авсан байсан. ....Ц.Б миний хохирол болох 431.000 төгрөгийг төлж барагдуулсан одоо надад цаашид гаргах гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12-р хуудас/ -Ц.Б хохирогч Ц.Д-руу бичсэн гэх утасны мессежний хуулбар /хх-ийн 53- 54-р хуудас/ -Иргэн Д.А-ийн эзэмшлийн *********** тоот Хаан банкны дансны хуулга /хх-ийн 58- 67-р хуудас/ -Шүүгдэгч Ц.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн... “2019 оны 09 дүгээр сарын эхээр миний найз болох Ц.Д нь Булган аймгаас Дархан-Уул аймаг руу явж байгаад замдаа манайд ирж хоноод явсан юм. Би Ц.Д-ын LG К-4 гар утсанд өөрийн гар утасны 99242602 дугаарын сим картаа хийж ашиглаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өглөө 09 цаг өнгөрч байхад гэрээсээ авч гараад Ц.Д-ын гар утасны дугаар болох ********* дугаараар Хаан банкны интернет банк суулгаад Ц.Д-ын данснаас 431.000 мянган төгрөгийг Оюут багийн дугуй Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэж байсан Д.А гэх хүний /**********/ тоот данс руу шилжүүлж тэр бэлэн мөнгөний машинаас 430.000 төгрөгийг уншуулж авсан. Би утасны зээл төлөх цаг нь тулаад би Ц.Д-ын данснаас 431.000 төгрөгийг нь нууцаар авчихсан юм. Би Д.А гэх хүнийг танихгүй. 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өглөө Оюут багт байрлах бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэж байсан хүний Хаан банкны виза карт руу 431.000 төгрөгөө хийгээд буцаагаад 430.000 төгрөгийг уншуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо. Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 08-нд гэрт нь хонохоор ирсэн найз Ц.Д-ын LG К-4 гар утсанд өөрийн гар утасны ******** дугаарын сим картаа хийж ашиглаж байгаад, 9-ний өглөө гэрээсээ авч гараад Ц.Д-ын зөвшөөрөлгүйгээр, нууцаар гар утасны дугаар болох ********* дугаараар нь Хаан банкны интернет банк суулгаж данснаас нь 431.000 мянган төгрөгийг Оюут багийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэж байсан Д.А гэх хүний /***********/ тоот данс руу шилжүүлж бэлэн мөнгөний машинаас 430.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдлийн улмаас Ц.Д-д 431.000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, иргэн Д.А-ийн Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна Шүүгдэгч Ц.Б нь Ц.Д-ын данснаас зөвшөөрөлгүй, нууцаар 431 .000 төгрөг авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй, шунахай сэдэлттэй, санаатай, бусдад хохирол учруулсан үйлдэл байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл зөв байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч нь Ц.Д-ын данснаас 431.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Ц.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэжээ. Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд, өөрийгөө өмгөөлж хэлэх зүйлгүй. Дахин ийм муухай зүйл хийхгүй. Бага насны 2 хүүхэдтэй, 2 сартай жирэмсэн тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна уу гэжээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол арилсан зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Ц.Д нь өөрт учирсан хохирол болох 431.000 төгрөгийг авсан, гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/-т авагдсан, шүүх хуралдаанд оролцохгүй тухай шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б тэнсэнгийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлан өгч, шүүх хуралдааныг хаасныг мэдэгдэв.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А