| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0308/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/317 |
| Огноо | 2020-09-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-д холбогдох эрүүгийн 2025000000290 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.М
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч О.М-г 2020 оны 06 дугаар сарын 12- ны өдөр иргэн Д.О-ийн “Цах” худалдааны төв дээр ногоо худалдан авч байгаад лангуун дээр мартаж орхисон байсан Самсунг А-50 маркийн гар утас болон банкны виза картууд, иргэний үнэмлэх зэргийг завшиж 974300 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М-гийн мэдүүлсэн “2020 оны 6 дугаар сарын 12-ны өглөө Цах орж ногоо аваад бичүүлэх гээд очиход нэг утас байсан тул авсан. Орой 22 цагт утсаа авъяа гэсэн мессэж ирсэн тул тэр орой нь буцаан өгсөн. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг -Хохирогч Д.О-ийн ...2020 оны 06 дугаар сарын 12-ны өглөө хүнсээ цуглуулах зорилгоор Уурхайчин багт байрлах “Цах” маркетын ногооны тасагт ногоо авах гээд өөрийнхөө Самсунг А-50 маркийн гар утсаа лангуун дээр тавьчихаад хажуу талынх нь ногооны лангуунаас чинжүү авчихаад буцаад иртэл миний тавьсан гар утас маань алга болчихсон байхаар нь тухайн тасгийн хяналтын камерийг шүүж үзэхэд миний ар талд зогсож байсан эмэгтэй лангуун дээр ирж зогсоод гар утас авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Би хамгийн сүүлд гар утсаа ногооны лангуун дээр тавьсан, гар утас маань алга болчихсон байсан. Самсунг А-50 маркийн цэнхэр өнгийн гадуураа ягаан өнгийн гэртэй гар утас байсан. Онцлог содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. Шинэ гар утас байгаа юм. Утасны хавтсанд Хаан банкны 2 ширхэг виза карт, Худалдаа хөгжлийн банкны 2 ширхэг карт, мөн иргэний үнэмлэх хамт байсан. 2019 оны 05 дугаар сард Орхон аймаг дахь Мобикомын салбараас 895,000 төгрөгөөр худалдаж авч байсан...... Би өөрийн алдагдсан эд зүйлсийг буцааж олж авсан цаашид гаргах гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/ -“Ашид билгүүн” ХХК-ны ОРХ-20/65 дугаартай гээгдсэн эд зүйлсийн нийт үнэ 974,300 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 13-15-р хуудас/ -Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20-р хуудас/ -Шүүгдэгч О.М-гийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 12--ны өдрийн өглөө гэрээсээ гараад Хүнсний зах орж хүнс цуглуулах зорилгоор Цах худалдааны төвийн ногооны тасаг руу орсон юм. Тэгээд ногооны тасгаар ногоо аваад явж байхад миний ногоо авсан лангууны урд талд шар хавтастай утас байсан ба хажууд нь хүн амьтан харагдахгүй нэлээн удаан байсан болохоор би уг гар утсыг аваад тэндээсээ шууд яваад махны тасгийн урдуур гараад шууд гэр лүүгээ явсан. Гэртээ хариад уг гар утсыг унтраагаад дотор нь байсан, картыг нь аваад өөрийнхөө сим картыг хийж үзчихээд буцаад унтраачихсан юм. Тэр хавьд нь хүн амьтан байхгүй болохоор нь хүн гар утсаа орхиод явчихсан байх гэж бодоод авчихсан юм. Миний авсан гар утас Самсунг маркийн цэнхэр өнгийн дотор нь нэлээн хэдэн банкны виза карт болон О гэсэн хүний иргэний үнэмлэх байсан. Тэгээд байж байтал тухайн өдрийн орой 11 цагийн алдад цагдаагаас надруу мэдэгдсэн юм. Тухайн гар утсыг хамт байсан эд зүйлүүдтэй нь эзэнд нь хүлээлгэн өгсөн.” ... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/ зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч О.М нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Цах” худалдааны төв дээр ногоо худалдан авч байгаад О-ийн лангуун дээр мартаж орхисон байсан Самсунг А-50 маркийн гар утас болон банкны виза картууд, иргэний үнэмлэх зэргийг авч явсан байна. бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө авч завшин бусдад 974,300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч О.М нь, гээсэн гар утас виза карт, иргэний үнэмлэх зэргийг бусдын эзэмшил өмчлөлд байгаа эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч бусдын эзэмших, өмчлөх эрхэд 974,300 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 974,300 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.О-ийн “Цах” худалдааны төв дээр ногоо худалдан авч байгаад лангуун дээр мартаж орхисон байсан Самсунг А-50 маркийн гар утас болон банкны виза картууд, иргэний үнэмлэх зэргийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө авч завшин бусдад 974,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байгаа” гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Д.О нь өөрт учирсан хохирлоо биед байдлаар бүрэн бүтэн хүлээн авсан цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 50-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Т овогт О.М-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар О.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сард 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А