Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/343

 

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-т холбогдох эрүүгийн 2025000000375 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Э

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Э-ыг 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы **** тоотод Э.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учирсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э-ын мэдүүлсэн “ Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6-р хуудас/

-Хохирогч Э.У-гийн “ .. Би 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 03 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манхны **** тоотод М, О бид 3 очиход Э нь хаалгаа онгойлгохгүй байсан учир би хаалгыг нь шууд татаж онгойлгоод М, О бид 3 гэр лүү нь дотогш ороход Э унтаж байсан. Э-ыг түүний найз охин болох М сэрээж босгосон. Би тэр үед нь Э-д хандан хүн ирсэн байхад унтаад байх юм гэж хэлсэн чинь босож ирээд ширээн дээр байсан аягийг аваад миний толгойн тус газар луу аягаараа цохисон...Миний эмчилгээний зардалд Э нь 300 000 төгрөг өгсөн. Надад гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/

-Гэрч Г.О-ийн ...”. 2020 оны 09 дүгээр сарын 12-ны 03 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы *** тоотод очоод Э-ын хаалгыг эхлээд М татахад хаалга нь онгойхгүй байсан ба дараа нь У татаж онгойлгоод гэр лүү ороход Э унтаж байсан. М ороод гэрэл асаачхаад Э-ын урд очиж суусан харин У бид хоёр буйдан дээр сууж байсан. М нь Э-д хандан хүн ирсэн байна босчих хайраа гэсэн араас нь У, бид 2 бас босоод ирээ гэж хэлсэн чинь Э нь яасан гэнээ миний гэрт орж ирчхээд том дугараад байна гэхэд У юу гэнээ гэж хэлэхэд М нь У-г цаашаа гээд буйдан руу дараад хэвтсэн тэгээд Э нь Уг толгойн тус газар нь аягаар 2 удаа цохисон...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

- Гэрч О.М-ын... ”... 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 03 цагийн үед У, О бид гурав Даваат баг Манханы *** тоотод очиход Э гэрийнхээ хаалгыг нээж өгөхгүй байхаар нь У, Э-ын гэрийн хаалгыг эвдээд ортол Э нь унтаж байсан. У, О бид гурав гаднаас 2.5 литрийн Нийслэл гэх пивыг авсан байсан тэрийгээ хувааж ууя гэж У нь Э-д хэлэхэд Э нь би босохгүй, уухгүй гэж хэлсэн. Тэр үед У нь Эт хандан танайд ирсэн байхад бид нарыг хүндэлсэнгүй гэж элдэв янзын үгээр хэлээд байсан. Тэгээд Э уурлаж босож ирээд ус уух гээд ширээн дээрээс аяга аваад ус буцалгагчаас ус хийх гэж байтал У араас нь нэг үг хэлсэн тэрийг нь сайн санахгүй байна. Тэгээд л Э нь шууд барьж байсан аягаа У рүү шидэхэд толгой руу нь оносон. У, О нар тэгээд шууд гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр 16-ны 667 дугаартай“ ... Э.У-гийн биед хуйх, духанд 2 тооны няцарсан шарх, нүүрэнд 4 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Няцарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2020 оны 09 дүгээр сарын 12-нд үүссэн байж болно....” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/

 

           Шүүгдэгч М.Э-ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 11-ний орой манай ажлын газрын залуу Г М /найз хүүхэн/ бид хоёрыг хүргэж өгөөд явсан. М бид хоёр 2 ширхэг том пиво хувааж уугаад дууссан байхад гаднаас манай ажлын газрын О У гэдэг залуутай хүрч ирээд хэсэг юм ярьж сууж байгаад М-ыг гэрт нь хүргэж өгнө гээд хамт гарцгаасан. Би энэ хүмүүсийг гаргаад нэг хэсэг унтаад өгсөн ба нэг сэрсэн чинь М О У гурав буцаад манайд орж ирсэн. Тэгтэл У гэдэг залуу надад хандаж Чи хүн гэрт зориод ирж байхад хүндэлсэнгүй гээд байхаар нь би яах гэсэн юм бэ хөгшөөн гэж хэлтэл өөдөөс үгээр идээд байхаар нь босоод ширээн дээр байсан шинжтэй аяга аваад толгой нь тус газар нэг удаа цохитол хагараад дахин гараараа нэг удаа цохичихсон чинь толгойноос нь цус гарчихсан юм. Тэр хооронд О У-г аваад манайхаас гарч яваад цагдаа дагуулаад орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26- 27/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы **** тоотод Э.У рүү шилэн аяга шидэж толгойн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч М.Э-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы **** тоотод Э.У рүү шилэн аяга шидэж толгойн тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч  “Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байгаа” гэжээ.         

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Э.У нь эмчилгээний төлбөрт шүүгдэгчээс 300 000 төгрөг авсан. Цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 61-р хуудас/-т авагдсан бөгөөд, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С овогт, М.Э-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  5 сарын хугацаанд, сард 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.А