| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0333/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/196 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/196
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А
Улсын яллагч Б.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С
Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н-т холбогдох эрүүгийн 2025000000338 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Н
Орхон аймгийн прокуророос, шүүгдэгч Т.Н-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг 2020 оны 7 дугаар сарын 6, 7-ны орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн, 8 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Уурхайчин баг **** тоот гэртээ хадгалсан, 8 дугаар сарын 4-ний өдөр О.Г, Г.Т нарт өгсөн /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н-ын мэдүүлсэн “2017 онд ШУТИС-д элсэн орсон.Ангийн 2 хүүхэд тэр өвсний зургийг харуулж байсан.Ер нь бол мэдэж байсан. Тэр өдөр шалгалтаа өгсөн. Өндөрлөг гарах гээд явж байхад адилхан ургамал байхаар нь хэрэглэж үзэх гээд түүсэн. Хэрэглэхэд толгой эргэх мэдрэмж төрсөн.Тамхи шиг зүйл,хамааралтай болдог гэсэн ойлголт байгаа. Хориотой зүйл гэдгийг мэдсэн. Г.Т нарт өгсөн нь үнэн.Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Дээд сургуульд элсэн орсон тул надад боломж олгоно уу ” гэсэн мэдүүлэг,
- Т.Н мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/
- Хүний биед болон гадуур хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-17-р хуудас/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-р хуудас/
- Гэрч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын НХЖХТ-ийн харуулын цагдаа Т.Б-ны мэдүүлсэн ... 2020 оны 08 сарын 04-ний 23 цаг өнгөрч байхад миний бие сонсогч Б-ийн хамтаар Уурхайчин багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 1 дүгээр сургуулийн хашаан дотор 3 залуу пиво уугаад сууж байхаар нь шалгатал Н-ын өмсөж явсан улаан өнгийн цамцны урд талын халаасанд цаасанд ороосон мансууруулах төрлийн өвс мэт зүйл байхаар нь жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Нэрийг сайн санахгүй байна ямар ч байсан нэг амралтын газар амарч байхдаа үл таних хүнээс авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/
-Гэрч О.Г-ийн мэдүүлсэн...2020 оны 08 дугаар сарын 04-ний 23 цагийн үед Н ганц пиво уух уу гэж чат бичихээр нь 3-13 дугаар байр луу очсон чинь Т-ын хамт байсан. Тэгээд бид гурав нэгдүгээр сургуулийн баруун талд суугаад пиво уугаад сууж байсан чинь Н ороосон өвс өгөхөөр нь татаж үзсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-р хуудас/
- Гэрч Г.Т-ын мэдүүлсэн “...2020 оны 08 сарын 04-ны өдөр 15 цагийн үед Н найзтайгаа уулзаж байгаад орой 21 цаг хүртэл Уурхайчин баг 3-12 дугаар байрны урд талын сагсны шийдэн дээр сагс тоглож байгаад хөлсөө хатааж 1 цаг орчим болсон юм. Сагс тоглож дуусаад хөлсөө хатааж байх үед Г бид хоёр дээр ирсэн юм. Тэгээд бид гурав нэгдүгээр сургуулийн баруун талын сандал дээр суугаад пиво ууж байсан чинь Н амралтанд явж байгаад хүнээс авсан өвс гэрт байгаа хаяхаа мартчихаж гэртээ ороод аваад ирье гэж хэлээд гэрээсээ гаргаж ирсэн. Тэгээд бид гурав гаргаж ирсэн өвсийг нь шүдэнзний цаасанд ороогоод тамхи шиг татаж байсан чинь цагдаагийн хүмүүс ирээд хураагаад авсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 24-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №4367 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн” жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 38-40-р хуудас/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4364 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн өвс мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад хамаарна. Ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0,6770 гр байсан ба шинжилгээнд 0,7 граммыг зарцуулав” гэсэн дүгнэлт. /хх-ийн 42-44-р хуудас/
-Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хх-ийн 61-63-р хуудас/
-Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 65 дугаартай “Магадлуулагч нь сэтгэцийн хувьд удамшлын өвчингүй. Сэтгэцийн хувьд хэвийн тул хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлд донтсон шинж үгүй сэтгэцийн хувьд хэвийн тул гэмт үйлдлээ хариуцаж чадна” гэх дүгнэлт /хх-ийн 65-р хуудас/
- Яллагдагч Т.Н-ын мэдүүлсэн ... 2020 оны 7 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд миний бие элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн юм. Үүнээс хойш 2 билүү 3 хоногийн дараа санагдаж байна Зэст баг Өндөрлөгийн ар талын уул руу ганцаараа гарах гэж байгаад “Дээдэс” буудлын хойд талын “В Лоунж”-ийн зүүн талын гаражнуудын дундуур явж байгаад жалгаар гарах гэж байхад мансууруулах төрлийн өвстэй адилхан өвс харагдахаар нь 1 атга арай хүрэхгүй хэмжээтэйг түүж авсан юм. Түүж авсан өвсөө өөрийн өмсдөг улаан өнгийн малгайтай цамцандаа хийж хадгалаж мартчихаад уг өвсөө 2020 оны 8 дугаар сарын 4-ний өглөө хувцасаа угаах гээд халаасаа ухаж байгаад мэдсэн юм. Уг өвсийг гаргаж ирээд хартал хатаад бага хэмжээтэй болчихсон байсан. Тухайн үед түүсэн гэхээр илүү их хүнд ялтай байдаг юм болов уу гэж бодоод айгаад худлаа мэдүүлчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.Н нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг/ өвс/ 2020 оны 7 дугаар сарын 6, 7-ны орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн, 8 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл худалдаалах зорилгогүйгээр Уурхайчин баг **** тоот гэртээ хадгалсан, 8 дугаар сарын 4-ний өдөр О.Г, Г.Т нарт өгсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Т.Н мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, хүний биед болон гадуур хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримт бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Н нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан ”дельта-9 тетрагидроканнабинолын” агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох өвсийг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, гэртээ хадгалсан, бусдад өгсөн болох нь хүний биед болон гадуур хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Т.Н нь сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №4367 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн” жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрч О.Г-ийн ...2020 оны 08 дугаар сарын 04-ний 23 цагийн үед... Тэгээд бид гурав нэгдүгээр сургуулийн баруун талд суугаад пиво уугаад сууж байсан чинь Н ороосон өвс өгөхөөр нь татаж үзсэн...” гэх мэдүүлэг,-гэрч Г.Т-ын “...2020 оны 08 сарын 04-ны... орой 21 цаг ...Н амралтанд явж байгаад хүнээс авсан өвс гэрт байгаа хаяхаа мартчихаж гэртээ ороод аваад ирье гэж хэлээд гэрээсээ гаргаж ирсэн. Тэгээд бид гурав гаргаж ирсэн өвсийг нь шүдэнзний цаасанд ороогоод тамхи шиг татаж байсан чинь цагдаагийн хүмүүс ирээд хураагаад авсан юм...” гэх мэдүүлэг зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,өгсөн гэмт хэргийн шинжтэй, санаатай, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгчийн үйлдэл хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон ба хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрх зөрчигдсөн байдал тогтоогдогүй.
Шүүгдэгчийн,тухайн өвсийг гадна хэлбэр шинж байдлаар нь таньж, түүж авч, хадгалан, Ё,О.Г нарт өгч тамхи мэт татаж хамт хэрэглэсэн үйлдэл нь шүүгдэгчийн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн санаатай шинжийг тодорхойлж байх тул дээрхи гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн болно. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4364 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.Шинжилгээнд ирүүлсэн өвс мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад хамаарна. Ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0,6770 гр байсан ба шинжилгээнд 0,7 граммыг зарцуулав” гэсэн дүгнэлтээр шүүгдэгч Т.Н-ын биеэс хураан авч шинжилгээнд хүргүүлсэн өвс мэт зүйлээс Эрүүгийн хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болох нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг ойлголтын тухайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас /НҮБ/ 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид зааснаар “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт уг конвенцийн I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд Тухайн бодис нь:1) хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд 2) төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах чадвартай; эсхүл I, II, III, IV жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай... гэжээ. Монгол Улс уг конвенцэд 1999 онд нэгдэн орсон бөгөөд Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцэд 1991 онд нэгдсэн байна.
Монгол Улсын МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуулийн 3.1.1-д“мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг, 3.1.2-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг, 3.1.4-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг ойлгоно” гэж тус тус заасан. Мөн хуулийн 13.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх; 13.1.8-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зэргийг хориглоно” гэж заасан тул эдгээр олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид заасныг зөрчсөн аливаа үйлдлийг хууль бус гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Н-ын, Эрүүгийн хуулиар хориглосон нийгэмд аюултай үйлдлийг санаатай хийсэн гэм буруутай үйлдэл нь дээрхи нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох өвсийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд,шүүгдэгч гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байгаа.Хүүхдийн гэнэн томоогүй,саваагүй зангаар хийсэн.Шалтгаан нөхцөлийн хувьд,энэ зэрлэг олсны ургамал Орхон аймагт хаа сайгүй ургадаг.Цагдаагийн байгууллага устгах ёстой үүргээ гүйцэтгэхгүй байна.Энэ өвс ургамалын хор аюулын талаар сургалт сурталчилгаа хангалтгүй,хүүхэд залуучуудад хүрэхгүй байна. Хувийн байдлын тухайд,гэр бүлийн дотоодод явган хэрүүлтэй,аав архины хамааралтай байдаг.Өөрийн чадлаар их сургуульд элсэн орсон.Энэ хүүхдийг алдсан дээр нь түлхмээргүй байна.Эрэгтэй хүүхдүүдээ хайрламаар байна.Хорих ял эдлээд дахин алдахгүй гэх баталгаа байхгүй.Мөн гэрчүүдэд сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, ковид-19 халдварт өвчний тархалтын энэ онцгой нөхцөл байдалтай байгаа үед хорих ял оногдуулах нь зөв биш байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзана уу.Их сургуулийн оюутан ирээдүйн сэхээтэн энэ хүүхдэд нэг удаа боломж олгох нь зөв болов уу гэж мэтгэлцжээ.
Шүүгдэгч Т.Н Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нийгмийн аюулын хэмжээгээр олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг байдгаараа хор уршиг ихтэй. Гэвч шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, их сургуульд элсэн орсон хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...ковид-19 халдварт өвчний тархалтын энэ онцгой нөхцөл байдалтай байгаа үед хорих ял оногдуулах нь зөв биш байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзана уу.Их сургуулийн оюутан ирээдүйн сэхээтэн энэ хүүхдэд нэг удаа боломж олгох нь зөв болов уу” гэсэн саналыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх“онцгой нөхцөл байдал”-д хамааруулан шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэж,шүүгдэгчид оногдуулах хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй,хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хяналтын хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзэв. Харин шүүгдэгчид хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.6770 грамм нунтаг ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг заалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Т.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундаа,мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н тэнсэнгийн хугацаанд шүүхээс оногдуулсан хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.6770 гр нунтаг ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А
Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх
хуралдааныг товлох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ
Хохирогч Б.Болдбаатар
Яллагдагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг
Яллагдагч Б.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхбатад холбогдох 2025000000192 тоот хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгийн шүүхэд ирүүлсэн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагчйин өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Мөнхбатын өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 6.15-д заасныг тус тус үндэслэн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг гаргаж байна. Тус эрүүгийн хэрэгтэй миний бие өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг нь 2020 оны 09 сарын 03-ны өдөр прокурорын шатанд хэргийн материалтай, Далайван аудит ХХК-ний 2020/08/29 өдрийн 02/02-168 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлттэй тус тус танилцсан болно. Хэргийн материалтай танилцаад маргааш нь буюу баасан гарагт 2020 оны 09 сарын 04-ний өдөр хяналтын прокурор Б.Оюун-Эрдэнэд хүсэлт гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэн даваа гарагт шүүх рүү 2020 оны 09 сарын 07-ны өдөр хэргээ яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байна. Гэтэл тус хэрэг нь мөрдөн байцаалтын шатнаас 2020 оны 09 сарын 02-ны лхагва гарагт прокурор луу шилжсэн байх бөгөөд хяналтын прокурор хэргээ хянахгүйгээр шүүхэд шилжүүлж миний гаргасан хүсэлтийн хариуг өгсөнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4.1-д зааснаар мөрдөн байцаалт явуулж дуусан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянаад хэргээ шүүх рүү шилжүүлэх боломжтой. Ийм хугацаатай байхад дутуу хийгдсэн ажиллагааг бүрэн гүйцэт хянахгүйгээр прокурорын шатанд гаргасан хүсэлтийн хариуг ч үл өгөн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөрдөгч яллах цагаатгах талын нотлох баримтуудыг тэнцүү цуглуулж бэхжүүлэх үүрэгтэй атал дан ганц хохирогчийн байр суурийг баримтлаад байгаа нь хэргийг буцаасан байдалд эсрэг үйлдэл үзүүлж буй нь шударга ёс хүлээсэн үүрэгт нь харш юм. Хууль хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, шударга бус байдлыг таслан зогсооход л ашигладаг хэрэгсэл гэж би үздэг. Яллагдагч Б.Мөнхбат нь анхнаасаа хэрэгт шалгадаад явж байхаас л гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, харин гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын үнэн байдлыг л тогтоолгох хүсэлтэй байна. Захирамжинд дурьдсан нэмэлт ажиллагаанууд дутуу хийгдсэн гэж үзэж байгаа учраас урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг дахин дараах байдлаар гаргаж байна. Үүнд: Хэргийн материалтай танилцахад нэмэлт ажиллагаагаар гэрч Д.Эрдэнэсайханаас л мэдүүлэг авсан байх ба гэрч гэх Д.Эрдэнэсайхан нь РС тоглоомын газар ажиллуулдаг иргэн байх бөгөөд тэр тоглоомынх нь газарт байнга тоглодог очдог байсан гэх хохирогч Б.Болдбаатарыг таньдаг учраас гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Ийм хүн үнэлгээ гаргахад нөлөөлж компьютерийн эд ангийн шинэ, хуучин байсан гэж мэдүүлэг өгснөөр шинжээч ажиллагаа хийж байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтооход бодит байдалтай нийцэхгүй, нэг талыг баримталсан дүгнэлт гарсан гэж үзсэн. Мөрдөгч нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нэг талыг баримтлахгүй ялгамжгүй харьцах үүрэгтэй байх бөгөөд яллагдагчийн яллах болон цагаатгахтай холбоотой баримтуудыг цуглуулж бэхжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл хохирогч РС тоглоом байнга тоглодог газрынхаа эзнийг гэрчээр зааж өгч мөрдөгч мэдүүлэг авч болсон атлаа яллагдагч Б.Мөнхбатаас компьютерийн эд ангиудын аль нь шинэ байсан эсэх, аль нь хуучин байсан эсэх талаар тодорхой мэдүүлэх боломжтой байхад мэдүүлэг авсангүйд гайхал, эргэлзээ төрж байна. Ийм маягаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 459 дугаартай захирамж гараагүй байх гэж бодож байна. Тус шүүгчийн захирамжинд дурьдсан нэмэлт ажиллагаа нь хийгдээгүй байна. Захирамжинд: гадаад зах зээл дээрээс эд анги тус бүрээр судалгаа хийж валютын ханшаар үржүүлсэн гэх ба үнэлгээ тогтоосон аргачлал үндэслэлээ тодорхой тусгаагүй, эд ангийн шинэ хуучин эсэх болон холбогдох үнийн жагсаалтыг хавсаргаагүй байгааг дурьдсан байдаг. Мөн Солонгос улсаа интернетийн зараар цуглуулж авсан үнийн баримт байгаа эсэх талаар тодруулаагүй байна. Давж заалдах шатны шүүх хуралд хохирогч дээрх компьютерийн эд ангийг болон сандал ширээг нийлүүлээд 2,700,000 төгрөгөөр авчирсан гэж мэдүүлж байсан бөгөөд нэмэлт шинжээчийн дүгнэлтээр 2,793,000 төгрөгөөр үнэлэгдээд байдаг нь ямар учиртай юм. Ийм харьцангүй үнэлгээ удаа дараа гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогчийн зааж өгсөн гэрчийг асуусан, үүн дээр үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан гэсэн л нэмэлт ажиллагааг хийсэн байна. Иймд дээрх ажиллагаанууд дутуу хийгдсэнд хяналтын прокурор хянаж дахин ажиллагаа хийлгэхээр /яллагдагч Б.Мөнхбатаас компьютерийн эд ангиудын аль шинэ, хуучин байсан эсэх талаар тодруулж нэмэлт байцаалтаар мэдүүлэг авах нь бодит байдалд нийцэх тул хүсэлтийг хангана уу./ буцаана уу. Яллагдагч Б.Мөнхбатаас компьютерийн эд ангиудын аль шинэ, хуучин байсан эсэх талаар тодруулж нэмэлт байцаалтаар мэдүүлэг авсны дараа нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргавал нэг талыг баримтлахгүй, бодит байдалд нийцсэн дүгнэлт байх тул дахин шинжээч томилуулахыг хүсэж байна. Тус үнэлгээний байгууллага нь 2 дахь удаагаа дүгнэлт гаргаж байх бөгөөд анхны дүгнэлтээ баталгаажуулсан, давтсан зах зээлийн үнийн дүн бодит байдалд нийцэхгүйгээр үнэлж, ямарч үндэслэлгүйгээр 2 өөр үнэлгээг гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс өөр шинжээч байгууллагыг томилж үнэлгээг гаргуулж өгнө үү. Жич: Яллагдагч Б.Мөнхбат нь хэргийн материалтай танилцаад нэмэлт ажиллагаагаар компьютерийн эд ангиудын аль шинэ, хуучин байсан эсэх талаар тодруулж мэдүүлэг авах тухай хүсэлт гаргасан байгааг анхаарна уу гэжээ.
Б.Мөнхбат нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-4-75 тоотод оршин суух Б.Болдбаатараас Intel i5 9400f 9-р үеийн иж бүрэн компьютерийг зараад өгье гэж итгэл төрүүлэн шилжүүлэн авч, бусдад зарж борлуулан мөнгийг нь өгөлгүй 2,793,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой байх тул шүүх хуралдааны товыг тогтоох нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3, 4, 33.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
2.Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн яллагдагч Б.Мөнхбатыг шүүхэд шилжүүлсүгэй.
3.Шүүгдэгч Б.Мөнхбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 14 цаг 30 минутаас улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Б.Мөнхбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хохирогч Б.Болдбаатар нарыг оролцуулан нээлттэй явуулахаар товлосугай.
4.Хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэхийг дурдсугай.
5.Шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүх хуралдааны бэлтгэл хангахыг шүүгчийн туслах О.Шинэцэцэгт даалгасугай.
7. Захирамжинд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А