Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/00664

 

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/00664

Улаанбаатар хот

 

   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Б.Ч-д холбогдох,  

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 62.360.305 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ч, Ц.Ц нар нь бүл болон амьдарч байгаад 2010 онд гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүл цуцлуулахдаа Б.Ч амьдарч байсан орон сууцаа эд хөрөнгийн маргаангүй гээд эхнэр хүүхдүүддээ өгсөн. Үүнээс хойш Ц.Ц 5 жилийн дараа 2015 оны 07 дугаар сард орон сууцаа зарахаар болсон. Үл хөдлөх хөрөнгийн нэр шилжүүлэхтэй холбоотой орон сууц Кибернетик ББСБ-ын барьцаанд байсан. Кибернетик ББСБ-аас авсан зээлийг Б.Ч өөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан байсан. 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Кибернетик ББСБ-аас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 12.307.000 төгрөг, хүү 275.000 төгрөг, нийт 12.582.000  төгрөг болсон байсан. Б.Ч, Ц.Цээс чи байр зарсан мөнгөнөөсөө Кибернетик ББСБ-ын төлбөрийг төлчих, би төлбөрийг удаахгүй өгнө гэснээр Ц.Ц 12.582.000 төгрөгийг Кибернетик ББСБ-д төлж зээлийг хаасан байна. Энэ нь хавтас хэргийн 6, 7 дугаар хуудсанд авагдсан Кибернетик ББСБ-ын 2 ширхэг бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдоно. Үүнээс хойш 4 сарын дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.Ч бизнесийн үйл ажиллагаанд түүхий эд татах яаралтай хэрэгтэй болчихлоо гээд хоорондоо амаар сарын 4 хувийн хувийн хүүтэй 6.500 ам.доллар Ц.Цээс Б.Чт хугацаа тохирохгүйгээр зээлсэн байдаг. Энэ нь хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан дансны хуулгаар нотлогдоно. Үүнээс хойш 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б.Ч бизнесийн үйл ажиллагаанд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй болчихлоо гэж Ц.Цээс 14.000 ам.доллар зээлүүлсэн. Энэ үед талууд зээлийн нөхцөл зааж, бичгээр гэрээ байгуулсан байдаг. Зээлийн нөхцөл нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 3 сар 15 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, гэрээ байгуулахдаа 15.000 ам.долларын гэрээ байгуулсан. Мөнгө шилжүүлэх үед Ц.Цийн дансанд 15.000 ам.доллар хүрэхгүй байсан учраас 14.000 ам.долларыг Б.Чт шилжүүлсэн болох нь Хаан банкны бэлэн мөнгөний шилжүүлгийн баримт болон Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Ц.Ц 6.500, 14.000 ам.доллар, нийт 20.500 ам.долларыг Б.Чт зээлүүлсэн. Төлбөрийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцож үзэхэд 49.778.305 төгрөг болж байна. Энэ  төлбөр дээр Кибернетик ББСБ-д төлсөн 12.582.000 төгрөгийг нэмээд нийт 62.360.305 төгрөгийг Б.Чээс гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хэлэх зүйл байхгүй. Би Ц.Цээс эдгээр мөнгийг зээлсэн нь үнэн. Төлбөрийг төлж барагдуулах болно гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Б.Чээс зээлийн гэрээний  үүрэгт 62.360.305 төгрөг  гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн “Киберниетик ББСБ” ХХК-д төлөх ёстой байсан 12.582.00 төгрөгийг түүний гуйлтаар төлж, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон бөгөөд энэхүү мөнгийг хариуцагч нь зээлсэн гэж үзэн буцаан төлүүлэхээр шаардсныг хариуцагч зөвшөөрч байна.

Түүнчлэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 6.500 ам.доллар, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 14.000 ам.доллар зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримт, дансны хуулга, мөнгө зээлж авсан тухай хэлцэл зэрэг баримтаар тогтоогдож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн” тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Ц.Цд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгч нь дээрх 20.500 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн  буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Монгол банкны зарласан ханш болох 2.428 төгрөг 21 мөнгөөр тооцон 49.778.305 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасантай харшлахгүй байна.

Иймээс хариуцагч Б.Чээс дээрх зээлийн гэрээний үүрэгт 62.360.305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цд олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 469.760 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Б.Чээс зээлийн гэрээний үүрэгт 62.360.305 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ц.Цээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 469.760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Чээс улсын тэмдэгтийн хураамжид 469.760 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ