| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0341/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/355 |
| Огноо | 2020-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А
Улсын яллагч Ц.Л
Хохирогч Б.Э
Шүүгдэгч Б.Г, Ц.Г нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Ц.Г нарт холбогдох эрүүгийн 2025003760357 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Г
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ц.Г, Б.Г нарыг бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-6-р байрны гадаа Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ын мэдүүлсэн “Би зодсоноо хүлээнэ. Бүлэглэсэн гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Гэрт байхад нь нүүрэн тус газар нь 1-2 цохисон. Орцны гадаа саданд Г-ийг дороо хийж Э унасан байхад нь би очиж салгасан. Г нь Э-ыг гинжтэй байсан гэж хэлсэн тул бид 2 хувааж төлөхөөр болсон. 1 сая төгрөг өгсөн байгаа. Гинжний үнийг хамт явж үзсэн. Одоо 1 сая төгрөг төлөх юм гэх мэдүүлэг
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г-ийн мэдүүлсэн “Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хохирогчийг гэрт байхад зодоогүй. Орцны үүдэнд Э нь гарч ирээд булан руу шээсэн, болиулах гэхэд намайг түлхээд унасан. Би цохиж зодоогүй. Хохирогчийн гэмтэл гэрт Г-тай ноцолдоход үүссэн болов уу. Гэрт буйдан дээр сууж байхад нь 1 удаа цохиход хойшоо савж унасан. Орцны гадаа зодоон болоогүй, гэрт л болсон. Гадаа намайг унасан байхад Г босгосон. Э-д гинж байхыг хараагүй. Гэхдээ бид 3 ярилцаад үнийг нь Г бид 2 хувааж төлөхөөр болсон, 1 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг
-Хохирогч Б.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...Тэр өдөр Г-ийнд сууж байхад Г, Г, У нар орж ирсэн. Буйдан дээр сууж байхад Г нь намайг басамжилсан доромжилсон маягтай байхаар нь би Г-ийг цохиход Г хажуугаас намайг цохисон. Тэгээд гэрээс гарсан. Гараад Г нь шууд өөдөөс өшиглөөд барьцалдаж авахад Г ирж 2-уулаа хайсан дээр дарж зодсон. Г салгасан. Гинж алга болсныг гэртээ ирээд мэдээд Г рүү залгаж хэлсэн, ирж үзсэн, олдоогүй. Би эмчилгээний зардал нэхээгүй, гинжээ л төлүүлэх хүсэлтэй байна. Яг тийм гинж гадуур 2,030,000 төгрөг гэж байгааг Г хамт явж үзсэн. Тэгээд төлөхөөр болоод 1 сая төгрөг өгсөн. Одоо 1 сая төгрөг өгнө гэж тохирсон гэх мэдүүлэг,
-Гэрч Г-ийн мэдүүлсэн ...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1-6- 36 тоотод Э, Г, У бид тав архи уусан. Г Э хоёр маргалдаж, Э Г-ийг цохиод авсан. Г, Г-ийг өмөөрч Э-ыг цохисон. Би тэгэхээр нь гэр оронд зодоон хийлээ гээд Г, Г, У гурвыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Э-ыг 10 минутын дараа гаргаж гэр лүүгээ яваарай гэж хэлсэн. Тэгээд орцны гадаа хүмүүс орилоод байхаар нь цонхоороо харахад Г Э дээр гарчихсан цохиж байхаар нь гүйж гараад Э Г нарыг салгаад Э-ыг авч гэртээ орсон. Э хүзүүнд шар өнгөтэй дунд зэргийн зузаантай монетон гинж байсан Э над руу залгаж, миний гинж алга болсон байна. Чи байрныхаа гадаа хайгаадхаач гэхээр нь би хайж байтал удалгүй Э өөрөө ирсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 45-р хуудас/
- Гэрч Б.У-ын мэдүүлсэн “...Э нь Г, Г бид гуравыг архигүй орж ирлээ гэхээр нь би найзындаа архитай, архигүй орж ирэхээ өөрөө мэдье гэсэн. Г, Г, Г Э бид хэд ширээ тойроод юм яриад сууж байтал Э нь архигүй орж ирлээ гээд Г-ийн толгой руу цохиод авсан. Г Э нүд рүү цохиод авахад Э буйдан руу унасан. Тэр үед нь би одоо больцгоо, айлд байж гэж хэлээд Г Г нарыг аваад Г-ийн гэрээс гарсан. 1-6 дугаар байрны гадаа гараад байж байтал Э гарч ирээд орцны хажуу руу шээж байх үед байрны оршин суугч нар наанаа шээж байгаа хүнээ аваач гэж хэлэхээр нь Г, Г бид 3 цуг очсон. Тэгээд Э Г-ийг заамдаад авсан чинь хашлага руу тээглээд унасан.Тэр үед Г бид хоёр Э Г нарыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08-р сарын 20-ны өдрийн 1018 дугаартай ... Б.Э-ы биед тухайн үед хүзүү, зүүн нүдний дээд зовхи, хуйх, бүсэлхийд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-6-р байрны 36 тоот Г.Г-ийнд Б.Э нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед гаднаас орж ирсэн шүүгдэгч Ц.Г-ийг Б.Э нь үл ялих зүйлээр шалтаглан цохиж авахад нь шүүгдэгч Б.Г нь “Г-ийг өмөөрөх” шалтгаар Б.Э-ы толгой хэсэг рүү нь 1-2 удаа цохиж улмаар Г-ийн гэрээс гарч орцны үүдэнд Ц.Г нь Б.Э-тай маргалдаж барилцаж авч газар унаган цохиж зодсон ба Б.Э-ы биед хүзүү, зүүн нүдний дээд зовхи, хуйх, бүсэлхийд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. Энэ үйл явдлын үед Б.Э-ы зүүж явсан монетон гинж алга болсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г, Ц.Г нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бие биенийхээ үйлдлийг дэмжин санаа сэдэлт үйлдлээрээ нэгдэж бүлэглэн Б.Э-ы эрүүл мэндэд халдаж цохиж зодож хөнгөн гэмтэл хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08-р сарын 20-ны өдрийн 1018 дугаартай ... Б.Э-ы биед тухайн үед хүзүү, зүүн нүдний дээд зовхи, хуйх, бүсэлхийд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоожээ. Мөн Гэрч Г-ийн ...2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ...Тэгээд орцны гадаа хүмүүс орилоод байхаар нь цонхоороо харахад Г Э-ы дээр гарчихсан цохиж байхаар нь гүйж гараад Э Г нарыг салгаад Э-ыг авч гэртээ орсон...гэх мэдүүлэг, гэрч Б.У-ын... Г Э-ы нүд рүү цохиод авахад Э буйдан руу унасан...Тэгээд Э Г-ийг заамдаад авсан чинь хашлага руу тээглээд унасан.Тэр үед Г бид хоёр Э Г нарыг салгасан...” зэрэг нотлох баримтаар шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж хохирогчийг цохиж зодсон үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлйин хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г, Ц.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нар нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-6-р байрны гадаа Б.Э-ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн гэжээ. Шүүгдэгч Ц.Г, Б.Г нар шүүх хуралдаанд, бүлэглэсэн гэдгийг зөвшөөрөхгүй, Г би цохисон нь үнэн. Г цохиогүй гэж гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар мэтгэлзсэн.
Гэрч Г-ийн ....Г нь Э-ын толгой хэсэгт гараараа цохисон...”гэх мэдүүлэг/хх-ийн 45/, гэрчээр Б.Г-ын мэдүүлсэн “Э-ын толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...”гэх мэдүүлэг/хх-ийн 46/,гэрч Б.У-ын Г нь Э-ын нүд рүү цохиж авахад Э буйдан руу унасан...гэх мэдүүлэг/ хх-ийн 49/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Г нь Б.Э-ыг гэрт байхад нь толгой хэсэг рүү нь цохисон болох нь нотлогдсон. Харин Б.Э-ын биед хүзүү, зүүн нүдний дээд зовхи, хуйх, бүсэлхийд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба гэрч Г-ийн “...Г Э-ын дээр гарчихсан цохиж байхаар нь гүйж гараад Э Г нарыг салгаад Э-ыг авч гэртээ орсон...”гэх мэдүүлэг, дээрхи шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч нарын “бүлэглээгүй” гэх мэдүүлэг няцаагдаж байна. Байрны гадаа гараад шүүгдэгч Ц.Г нь хохирогчийг цохиж зодсон болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, түүний биед учирсан гэмтлийн шинж байдал зэргээр тогтоогдож байна гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирогчийн үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэсэн зүй бус байдал нөлөөлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Б.Э нь үйл явдал болох үед хүзүүндээ монетон гинжтэй байсан болох нь гэрч Г-ийн “...Э-ын хүзүүнд шар өнгөтэй дунд зэргийн зузаантай монетон гинж байсан... Э над руу залгаж, миний гинж алга болсон байна. Чи байрныхаа гадаа хайгаадхаач гэхээр нь би хайж байтал удалгүй Э өөрөө ирсэн...”гэх мэдүүлэгээр тогтоогдсон тул хэргийн үед хохирогчид учирсан хохиролд тооцон гинжний үнийг шүүгдэгч нараас гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан “Бусдын эрх, амь нас эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай...үйлдлээрээ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэх , 497.3 дахь хэсэгт заасан “Гэм хорыг учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах...”гэх заалтад нийцэх тул эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр гинжний үнийг 1,595,838 төгрөгөөр тогтоосныг үндэслэн гэм буруутай этгээдээс хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн болно. Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нар 1 сая төгрөг төлсөн талаар мэдүүлсэн тул 595838 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулахаар заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ш овгийн Ц.Г, Б овгийн Б.Г нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ц.Г нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Г, Ц.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сард 166,666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Ц.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас тус бүр 297,919 төгрөг гаргуулан хохирогч Б.Э /Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ***** тоот, РД *****, утас:******/-д олгуулсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А