| 2018 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2018/00667 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Ч.Ц-д холбогдох, Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Цтой 2007 оны 05 дугаар сард гэр бүл болж, 2008 онд хүү Ц.Х төрсөн. Бид хоёр хүүхдээ 3 настай байхад гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас салсан. Би хүүгээ 9 нас хүртэл Ч.Цийг бид хоёр дээр эргэж ирэх болов уу гэж хүлээсэн боловч эргэж ирээгүй. Хамтын амьдралын хугацаанд бид хоёр зан харьцаа таарахгүй, байнга хэрүүл маргаантай байх болсон. Тусдаа амьдрах хугацаанд үр хүүхэд байгаа учраас би Ч.Цтой хааяа уулздаг байсан. Би 1 жилийн өмнө өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон. Шүүхээс гэрлэлтээ хуулийн дагуу цуцлуулахыг хүсэж байна. Ч.Ц бид хоёрыг салснаас хойш хүү миний асрамжид байгаа. Би хүүгээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу шийдүүлэх саналтай байна. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.А бид хоёр 2007 онд танилцаж, 2008 онд хүү Ц.Х төрсөн. 2010 онд хуримаа хийсэн. Түүнээс хойш бид хоёрын харилцаа муудаж, тусдаа амьдрах болсон. Энэ хүн өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсон учраас гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг сар бүр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүгээ өвөө, эмээтэй нь уулзуулахыг хязгаарлахгүй байхыг хүсэж байна гэв. Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ч.Цид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ч.Ц нар 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 3095 дугаарт бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Ц.Х нь 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн болох нь 0205019 Г-5439 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Гэрлэгчид нь 2010 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв. Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тусдаа амьдарсан үеэс хүү Ц.Х нь эхийн асрамжид байсан, хүүхдээ эхийн асрамжид үлдээхийг хариуцагч зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан хүү Ц.Хыг эх Д.Агийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж татгалзсан боловч хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл хэлээгүй, түүний ажил хөдөлмөр эрхэлдэггүй нь үр хүүхдээ тэжээн тэтгэх хуулиар хүлээлгэсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Ц.Хыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Боржигон овогт Чулуундоржийн Цэрэндоржоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болохыг эцэг Ч.Цид, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагчийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх үүрэгтэйг эх Д.Ад даалгав. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэж гэснийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ч.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Ц.Хыг эх Д.Агийн асрамжид үлдээсүгэй. 3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Ц.Хыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ч.Ц-оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай. 5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Ад олгосугай. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ |