| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02591/и |
| Дугаар | 03016 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 03016
2017 оны 11 сарын 09 өдөр Дугаар 102/ШШ2017/03016 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, хороо, байрны тоотод оршин суух Э овогт ЮЭ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, хороонд байрлах Хороолол давхар, байрлах АА ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.220.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянав.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ю.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тавилга захиалгын АА-тай ХХК-иар 1.400.000 төгрөгийн үнэтэй үүдний болон тагтны шүүгээ хийлгэхээр захиалга өгч тухайн өдрөө зураг гаргасны 20.000 төгрөг, урьдчилгаа 600.000 төгрөг мөн 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 600.000 төгрөг, нийт 1.220.000 төгрөгийг төлсөн.
Ингээд 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр миний захиалсан тавилга ирсэн боловч зураг болон лангуун дээр байсан шигээ чанартай байгаагүй, тавилгыг маш чанаргүй, бохир, хуучин материалаар хийсэн, ирмэг булан халцарч гэмтсэн, нугасыг 2 боолтоор тогтоосон, сэтгэлд хүрэхгүй тавилга хийсэн байсан.
Иймд тус компанитай яриад асуудлыг шийдэж өгөхийг хүссэн боловч одоо хүртэл шийдээгүй тул тавилгын үнэд төлсөн 1.220.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмаржав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин Ю.Э энэ компанид хандаж, тавилга хийлгүүлсэн. Охиныг байхгүй хойгуур гэрт аваад ирэхэд нь би хүлээн авсан.
Гэтэл захиалсан тавилга чанарын шаардлага хангаагүй болохоор нь буцааж өгсөн. Тавилгыг хийсэн хүмүүс хэлэхдээ мөнгийг чинь өгөх боломжгүй, янзлаад өгье гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл тавилга ч үгүй, мөнгө ч үгүй сууж байна. Өчигдөр яриад одоо тавилгыг чинь хүргэж өгнө гээд ирээгүй.
Иймээс удаан хүлээсэн тул тавилганы үнэд төлсөн 1.220.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ЮЭ, хариуцагч АА ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.220.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Амартүвшинд шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хариуцагчийг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ЮЭ, хариуцагч АА ХХК-нд тавилга хийлгэхээр захилга өгч, тавилгын схем зурганд 20.000 төгрөг, тавилгын үнэд 1.200.000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны дансны хуулга, гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх-ийг шаардах эрхтэй.
Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч шүүхэд тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэгч шүүх хуралдаанд хариуцагч тавилгыг 3 дахь өдөр хүргэж өгнө гэж ярьсан учраас хүлээсэн, ирээгүй гэх тайлбарыг гаргаж, талууд тавилга захиалсан, тавилгыг буцаан өгсөн талаар маргаагүй байна.
Иймээс Иргэний хуулийн 343 дугааар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж зааснаар хариуцагч доголдолтой ажлаа өөрийн зардлаар арилгахаар хүлээн зөвшөөрч, тогтоосон хугацаандаа нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул АА ХХК-иас тавилгын үнэд төлсөн 1.220.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлээ.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч хуулинд заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37350 төгрөгнөөс 33830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3520 төгрөгийг, хариуцагчаас 1.220.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.220.000 төгрөгийг тул АА ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Э овогт ЮЭ-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3250 төгрөг, хариуцагчаас 33850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА