Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 117

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Ц.Өнөболд, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Зуутраг овогт Цоггэрэлийн Өнөболдод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526022146 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, Гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хаус мебель үйлдвэрт мужааны ажил эрхэлж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Зээлийн 19-52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Зуутраг овогт Цоггэрэлийн Өнөболд /РД: ОЮ90050434/

 

             Шүүгдэгч Ц.Өнөболд нь согтуугаар, олон нийтийн газар, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн,  давтан үйлдлээр буюу 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” төвд байрлах караокед хохирогч Э.Болор-Эрдэнийг төрсөн өдрийн баярт ирж “ямар пээдгэр бацаан бэ” гэж үл ялих зүйлээр шалтаглан Э.Болор-Эрдэнийг нүүрэн тус газарт мөргөж догшин авирлаж танхайрсан,

Мөн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37А байрны 15 тоот дах А.Хулангийн гэрт хохирогч Б.Хосбаяртай “эвлэрье” гэж гар барингуутаа мөргөж, Э.Болор-Эрдэнийг “маргаан үүсгэчээд унтлаа” гэж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, хохирогч А.Золбоогоос “Ц.Өнөболдын танхайрах үйлдлийг таслан зогсоохыг оролдох үед” гарыг нь өчиж, түлхэж унагаан тус тус үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Болор-Эрдэнийн биед баруун нүдний дээд зовхи, баруун хөмсөг орчимын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж,

Хохирогч Б.Хосбаярын биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хөлийн  шагай орчимын зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний доод зовхины шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтэрсэн хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан,

Хохирогч А.Золбоогийн биед зүүн бугалга, шууны цус хуралт баруун өвдөг шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, умайн булчингийн чангарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Өнөболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Шүүгдэгч Ц.Өнөболд нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” төвд байрлах караокед хохирогч Э.Болор-Эрдэнийг төрсөн өдрийн баярт ирж “ямар пээдгэр бацаан бэ” гэж үл ялих зүйлээр шалтаглан Э.Болор-Эрдэнийг нүүрэн тус газарт мөргөж догшин авирлаж танхайрсан, мөн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37А байрны 15 тоот дах А.Хулангийн гэрт хохирогч Б.Хосбаяртай “эвлэрье” гэж гар барингуутаа мөргөж, Э.Болор-Эрдэнийг “маргаан үүсгэчихээд унтлаа” гэж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн, хохирогч А.Золбоогоос “Ц.Өнөболдын танхайрах үйлдлийг таслан зогсоохыг оролдох үед” гарыг нь өчиж, түлхэж унагаан тус тус үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Болор-Эрдэнийн биед баруун нүдний дээд зовхи, баруун хөмсөг орчимын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хохирогч Б.Хосбаярын биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хөлийн  шагай орчимын зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний доод зовхины шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтэрсэн хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хохирогч А.Золбоогийн биед зүүн бугалга, шууны цус хуралт баруун өвдөг шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, умайн булчингийн чангарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

            Хохирогч Э.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эхнэр Золбоо, найз Оюумаа, Хосбаяр, Хулан нарын хамт Хулангийн гэрт байж байтал Хулан манай найз дуудаад байна гээд түрүүлээд гараад явсан. Тэгээд би Хосбаяр, Золбоо, Оюумаа нарын хамт Хулангийн гэрээс гараад Шонхор нэртэй караокед ороод 1 шил архи ундаа захиалаад байж байтал Хулан найз гээд Өнөболд гэдэг залууг дагуулаад араас орж ирсэн чинь караокены текен дээр Өнөболдтой таарсан чинь чи юу авах юм бэ дуртай юм аа ав, ах нь даая гэхээр нь би надад мөнгө хэрэггүй шоколад аваад өг гэсэн чинь чи ямар пээдгэр бацаан бэ хоёулаа уулзая гээд намайг 00-ын өрөөнд дагуулж ороод шууд миний нүүрэнд мөргөөд дахин нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд байж байтал караокены эгч орж ирээд салгаад би шууд өрөөндөө орсон тэгээд Өнөболдыг явчихсан юм байх гэж бодсон чинь араас орж ирээд намайг за одоо болъё гэхээр нь би гар барих гээд очсон чинь шууд дахин нүүрэнд мөргөсөн. Би газар унасан тэгээд тэр залууг Хулан аваад Хулангийн гэрт очоод би унтчихсан. Тэгээд байж байтал араас Өнөболд Хулантай цуг толгойн дээр 1 удаа дэвсээд чи муу овоо бацаан гээд байсан тэгээд манай эхнэр Золбоо, Оюумаа хоёр салгасан чинь дийлдэхгүй болохоор Золбоо тэр Өнөболдын нүүрэнд нь маажсан. Би тэр үед босоогүй хэвтээд байсан, зарим болсон зүйлийг тодорхой санахгүй байна. ... Би нилээд архи уусан, гэхдээ зарим зүйлийг тодорхой санаж байгаа. ... Миний баруун нүд хөхөрсөн, эрүү юм зажилахад хэцүү болсон, өөр гэмтэл байхгүй. ... Би Өнөболд гэдэг хүнд зодуулсандаа гомдолтой байна, би 7 хоног ажлаа хийж чадаагүй тэр хугацаанд 200,000 төгрөгийн цалингаа авч чадахгүй алдсан. Түүнийгээ төлүүлж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

            Хохирогч Б.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай найз Золбоогийн нөхөр Болор-Эрдэнийн төрсөн өдөр болоод Хулангийн гэрт Оюумаа, Золбоо, Болор-Эрдэнэ нарын хамт 1 шил Хар Чингис гэдэг нэртэй архи хувааж уугаад байж байгаад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шонхор нэртэй караокед ороод байж байсан чинь Хулангийн ангийнх нь хүүхэд гээд Өнөболд гэдэг залуутай хамт ирсэн. ... Болор-Эрдэнэ уруул нь цус болчихсон бид нарын сууж байсан өрөөнд орж ирээд Өнөболд намайг цохичихлоо гэж байсан чинь араас нөгөө Өнөболд дахин орж ирээд Болор-Эрдэнийг нүүрэнд нь мөргөөд газарт унагасан. Тэр үед бид нар салгаад, караокены зөөгч бас орж ирээд одоо гар гэсэн. Тэр үед Хулан Өнөболдыг аваад түрүүлээд гараад явахаар нь тэндээ жаахан байж байгаад гараад Хулангийн гэрт очоод унтчихсан. Тэр үед Өнөболд Хулан хоёр гаднаас хаалга тогшиж орж ирээд Өнөболд саяын явдалд уучлаарай гэж хэлээд надтай гар барих гэж байгаад намайг гараараа нүүрэнд 1 мөргөөд би доошоо унасан чинь нүүрэнд бас өшиглөсөн. Тэр үед Золбоо Оюумаа хоёр Өнөболдыг надаас салгах гэж бид хоёрын дундуур ороод, Өнөболд Золбоог түлхэж унагаад байсан чинь Оюумаа Өнөболдыг хойноос нь татсан. Өнөболдыг арай гэж гаргаад байж байтал дахин орж ирээд Хулан байна уу гэж асуугаад байхгүй байна гэсэн чинь би өөрөө үзнэ гээд өрөөг татаж үзэж байгаад тасарчихсан унтаж байсан Болор-Эрдэнийг очоод дээрээс нь дэвсээд байсан. Тэгээд дахин Оюумаа, Золбоо хоёр Өнөболдын хойноос нь татаад ноцолдоод байсан. ... Би 2 шил пиво, 150 орчим грамм архи уусан байсан болсон зүйлийг тодорхой санаж байгаа. ... Тухайн үед миний баруун нүдний доод хэсэгт хөхөрч хавдсан, 1 шүд эмтэрсэн, баруун хөл хөхөрч няцарсан, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. ...Одоо надад ямар нэгэн гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

            Хохирогч А.Золбоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр Болор-Эрдэнийн төрсөн өдөр болоод Хулан, Оюумаа, Болор-Эрдэнэ, Хосбаяр бид нар байж байтал Хулан их сургуулийн найз нартайгаа уулзлаа гээд гараад явсан. ... Бид нар 22 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шонхор нэртэй караокед ороод байж байсан Хулан, Өнөболд гэдэг залуутай хамт ирсэн. Тэгээд тэр Өнөболд гэдэг залуу манай нөхөр Болор-Эрдэнэтэй юм яриад караокены үүдэнд зогсоод байсан. Тэгээд Болор-Эрдэнэ уруул нь цус болчихсон бид нарын сууж байсан өрөөнд орж ирсэн. Тэгээд араас нь Өнөболд орж ирээд шууд Болор-Эрдэнийг нүүрэнд нь мөргөөд ширээний хажууд газарт унагасан. Тэр үед бид нар салгаад Хуланг  Өнөболдыг аваад яв гэсэн чинь Хулан Өнөболд хоёр гараад явсан. Бид нар тэндээ жаахан байж байгаад гараад Хулангийн гэрт очоод Хосбаяр, Болор-Эрдэнэ хоёр унтчихсан би Оюумаатай юм яриад байж байсан чинь Хулан, Өнөболд хоёр гаднаас ороод ирсэн. Тэгээд Өнөболд та нар айлын гэрээс яв тэр надтай дөвчигнөөд байсан залуу хаана байна гээд байсан. Тэгж байтал Хулан гараад явчихсан. Өнөболд манай нөхөр Болор-Эрдэнийг очоод дээрээс дэвсээд байсан, би болиулах гээд Өнөболдын хойноос нь татсан чинь Оюумаа бид хоёрыг түлхэж унагаад намайг өшиглөсөн. Хосбаяр босч ирээд энд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Өнөболд нь за уучлаарай эвлэрэх үү хөгшөөн гэсэн чинь Хосбаяр гар барих гэтэл Өнөболд Хосбаярыг гэнэт нүүрэнд нь мөргөөд тонгойсон чинь бас нүүрэнд нь өшиглөсөн. Хосбаяр босч ирэхгүй хэвтээд байсан. Өнөболд Оюумаа бид хоёр луу дайраад та нар айлын гэрт эзэн суугаад байна зайл гээд Оюумаа бид хоёртой зууралдаад Оюумааг цохиод байхаар нь би араас нь салгасан. Тэгээд намайг өшиглөхөөр нь би түлхсэн. Тэр үед Өнөболдын нүүрэнд маажигдсан байх. Тэгээд Оюумаа бид хоёрыг орцонд чирч гаргаад нүүр лүү мөнгө шидсэн. Тэгээд цагдаа нар болиулаад Өнөболдыг аваад явсан. … Би одоо жирэмсэн болохоор бараг архи уугаагүй, болсон зүйлийг тодорхой санаж байгаа. … Миний гарын шуу болон булчин хэсгээрээ хөхөрсөн, мөн саваар хатгуулж өвдсөн. … Одоо надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Өнөболдтой сайн дураараар эвлэрсэн. …Би Өнөболдыг урьд танихгүй, Хулан танилцуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

            Гэрч А.Хулангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай найз Болор-Эрдэний төрсөн өдөр болоод манай гэрт Золбоо, Болор-Эрдэнэ, Хосбаяр, Оюумаа нар ирээд 1 шил Болор архи авч уугаад байж байтал их сургуулийн найз Өнөболд намайг уулзая гэхээр нь би гараад Өнөболдтой уулзаад нэг бааранд ороод би 1 шил пиво, Өнөболд 100 грамм архи, 1 шил пиво авч уугаад байж байтал Золбоо над руу залгаад Шонхор нэртэй караокед байна хүрээд ир гэсэн. Би Өнөболдод явлаа манай найзын төрсөн өдөр болж байгаа гэсэн чинь Өнөболд би ганцаараа яах юм бэ, хоёулаа хамт явах уу гэхээр нь би за гээд Өнөболд бид хоёр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шонхор нэртэй караокед очоод Өнөболдыг тэд нартай танилцуулсан. Болор-Эрдэнийн төрсөн өдөр юм авч өгнө гээд Өнөболд дагуулаад текэн дээр очсон. Болор-Эрдэнэ нэрэлхээд би чамаар юм авахуулахгүй яах юм бэ гэсэн чинь Өнөболд ахархаад ахын дүү хэдэн оных юм бэ гээд тэр хоёр муудалцсан. Тэр үед би караокены өрөөнд орчихсон. Араас Болор-Эрдэнэ ороод ирсэн, удалгүй Өнөболд орж ирээд Болор-Эрдэнийг хоёулаа сайндах уу гэж хэлээд гар барих гэж байгаад Болор-Эрдэний толгойд Өнөболд гараараа нэг удаа цохисон чинь тэнд байсан Хосбаяр, Золбоо, Оюумаа бид нар салгаад би Өнөболдыг дагуулаад тэндээс түрүүлээд гараад явсан. Өнөболд бид хоёр манай гэрийн ойролцоо Рич гэдэг нэртэй зочид буудалд ороод жаахан байж байгаад Өнөболд найз нараас чинь уучлалт гуйна гээд бид хоёр зочид буудлаас гарч яваад манай гэрт очсон чинь Болор-Эрдэнэ, Хосбаяр, Оюумаа, Золбоо нар манай гэрт ирчихсэн байсан. Болор-Эрдэнэ согтоод жижиг өрөөнд унтаж байсан. Өнөболд Хосбаяртай уучлаарай найзаа гэж гар бариад шууд нүүрэнд нь мөргөсөн чинь Хосбаяр өөдөөс нь барьж аваад Өнөболд тэр хоёр барьцалдаж байтал Золбоо, Оюумаа бид гурав салгаад Өнөболдыг 00-ын өрөөнд оруулаад тэндээ маргаад байж байгаад Өнөболд гарч ирээд жижиг өрөөнд унтаж байсан Болор-Эрдэнийг дээрээс цээжинд нь дэвсэж байхаар нь Золбоо, Оюумаа хоёр Өнөболдыг татаад болиулсан. Өнөболд миний үгэнд орохгүй байхаар нь би гараад явчихсан. … Тухайн үед Өнөболдыг хэн зодож цохисныг хараагүй маргааш нь Өнөболд надад танай найз Золбоо, Оюумаа хоёр намайг ийм болгочихлоо гээд нүүрээ маажуулсан зураг над руу явуулж байсан. …Намайг харж байхад Хосбаяр Өнөболдыг огт зодож цохиогүй.  …” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар  хуудас/

            Гэрч Б.Энхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Шонхор нэртэй караокед бармены ажил хийж байхад 23 цагийн орчимд манай 11 тоот өрөөнд 3 эмэгтэй, 2 эрэгтэй 5 хүн жаахан халамцуу орж ирсэн. Удаагүй байхад манайд хааяа орж ирдэг Хулан гэдэг өөр нэг залуутай орж ирээд тэр залуу нь манай текний урд талд нөгөө анх орж ирсэн хүмүүсийн нэгтэй нь юм ярьж байсан. Нэгнийх нь төрсөн өдөр болсон юм шиг байсан би чамд юм авч өгөх үү гээд яриад байсан. Нөгөө залуу нь яах юм бэ хэрэггүй гэж хэлээд өөрөө тооцоогоо хийгээд өрөөндөө орсон. Тэгээд манай 00-ын өрөөний хаалга дуугараад байхаар нь би очсон чинь нөгөө текний өмнө юм яриад зогсож байсан хоёр залуу зодолдоод байхаар нь би салгаад зодуулсан. Залууг нь өрөөнд оруулаад нөгөө залууг нь гаргах гэсэн чинь гарахгүй байсан. Тэр залуу дахин караокены өрөөнд ороод нөгөө залуутай маргаад гарахгүй байсан чинь Хулан гэдэг охин түрүүлж дагуулж явсаны дараа нөгөө хэд нь үлдээд жаахан байж байгаад гарсан. Хулангийн дагуулаад гарч явдаг залуу нь 00-ын өрөөнд сүүлд гарч явсан залуугийн уруулыг нь хавдтал цохисон байсан. Нилээд агсан залуу байсан. …Манай 00-ын өрөөнд хяналтын камер байхгүй.  …” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №16202 тоот дүгнэлтэнд:

            1. Хосбаярын биед баруун нүдний дээд доод зовхи, баруун хөлийн шагай орчимын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтэрсэн хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ундармаа /хэргийн 34 дүгээр хуудас/

 

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №16204 тоот дүгнэлтэнд:

1.Болор-Эрдэнийн биед баруун нүдний дээд зовхи, баруун хөмсөг орчимын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ундармаа. /хэргийн 35 дугаар хуудас/

           

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №16210 тоот дүгнэлтэнд:

            “1.Золбоогийн биед зүүн бугалга, шууны цус хуралт, баруун өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, умайн булчингийн чангарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ундармаа” гэсэн дүгнэлт /хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Өнөболдын энэ үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан үйлдсэн гэмт хэргийн шинжтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

   Түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 38 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн байх тул түүнийг урьд ял шийтгүүлж байгаагүй анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

Хохирогч Б.Хосбаяраас шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “”Миний биед гарсан  хөнгөн гэмтэлд Өнөболдоос нэхэмжлэх төлбөр, хохирол гомдолгүй болно”, хохирогч А.Золбоогоос “Ц.Өнөболд нь энэ үйлдлийнхээ хариуд уучлалт гуйж учруулсан хохирлынхоо нөхөн төлбөр болох 149300 төгрөгийг өгч барагдуулсан. Иймд надад Өнөболдод ямар нэгэн санал гомдол байхгүй болно”, хохирогч Э.Болор-Эрдэнээс “Ц.Өнөболд нь энэ үйлдлийнхээ хариуд уучлалт гуйж учруулсан хохирлынхоо нөхөн төлбөр болох 68000 төгрөгийг өгч барагдуулсан. Иймд надад Өнөболдод ямар нэгэн санал гомдол байхгүй” гэсэн хүсэлтүүдийг /хэргийн 186, 188, 190 дүгээр хуудсууд/ тус тус ирүүлсэн тул шүүгдэгч Ц.Өнөболдоос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцож бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй болно.

 

Шүүгдэгч Ц.Өнөболд нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг барагдуулсан гэм хорыг арилгасан тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хасаг Зуутраг овогт Цоггэрэлийн Өнөболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлан, давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар Ц.Өнөболдыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Ц.Өнөболдод оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дах хэсэгт зааснаар Ц.Өнөболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Өнөболдод оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүний засрал, хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дах хэсэгт зааснаар Ц.Өнөболд нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Өнөболдод урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                А.АЛТАНХУЯГ