Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/00755

 

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/00755

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: С.М-ийн нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Ч.Э-д холбогдох,

 

   Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2009 онд Ч.Э-тай танилцаж, 2011 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү Э.М төрсөн. Хамт амьдрах хугацаанд намайг хардаж, зүй бус үйлдэл их гаргадаг байсан тул 2013 оны 10 дугаар сард хүүгээ аваад нутагтаа аав, ээжтэйгээ амьдрах болсон. Одоо хүү маань 6 настай. Баянхонгор аймгийн Жаргалант суманд өвөө, эмээтэйгээ хамт амьдарч байгаа. Би 6 сараас нутаг явж, хүүтэйгээ хамт амьдрах бодолтой байна. Ч.Э-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.М-тэй2009 онд танилцаж, 2011 оны 12 дугаар сарын 28-нд Э.М гэдэг хүүтэй болсон. Хүүдээ тэтгэлэг төлнө. Шүүх хуралдааныг миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Ч.Э-аас холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Э.Мд хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь Э.Мыг өөрийн хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчид 2009 онд танилцаж, 2011 оноос хамтран амьдарсан ба 2011  оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү Э.М төрсөн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч хүүг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

Хариуцагч нь Э.М-ы төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрсөн тул  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Э.М-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, Ч.Э-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас /Үндэсний Статистикийн хорооноос 2018 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Хангайн бүсийн хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 182.600:2=91.300, 91.300х12=1.095.600 төгрөг болж байна/ 1.095.600 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 30.844 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү Э.М-ыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлгийг гаргуулж, эцэг Ч.Э-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлстийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ч.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 30.844 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ