Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/00147/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч Ш.О,

Шүүгдэгч Я.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт А овогт Я-ын Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000151 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А овогт Я-ын Г /РД: .......... /, ......  оны ... дугаар сарын .... -ний өдөр .......  аймгийн ......  суманд төрсөн, ......  настай, эрэгтэй, ......боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., ............-ийн хамт .......  аймгийн ........ сумын .......  дугаар баг................ дугаар хэсгийн .....  дугаар гудамжны ......  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Я.Г нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед .........  аймгийн ....... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.О-тай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд цус хуралт, нэг шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Г мэдүүлэхдээ: “Би Номингийн буудлаас таксинд суухдаа согтуу байсан болохоор эцэс дээр очихоосоо өмнө такси дотор унтсан байсан. Намайг таксинаас буугаад ирэхэд хохирогч намайг цохиод авсан. Тэгээд л зөрүүлээд цохисон. Тэгсэн надтай хамт байсан хүн чи эмэгтэй хүн цохичихлоо гэхээр нь нээрээ эмэгтэй хүн цохисон юм байхдаа харъя гэж бодоод хаалгыг нь онгойлгож харах гэсэн боловч машины хаалгаа онгойгоогүй. Миний буруутай үйлдлээс хөнгөн хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.О мэдүүлэхдээ: “Энэ хүн Номингийн зогсоол дээрээс суусан. Би машиндаа 4 хүнтэй хөдлөөд 2 хүн наана буугаад, Аривжих дэлгүүрийн тэндээс нэг охин суугаад явсан. Тэгтэл энэ хоёр хүн буух болсон боловч буухгүй суугаад байсан. Тэр үед сүүлд суусан охин би яараад байна, хүүхдээ үлдээчихсэн байгаа хурдлаарай гэхээр нь би машинаас буугаад хойно сууж байсан зорчигчийн хаалга онгойлгож өгтөл эхний хүн буугаад энэ хүн араас нь бууж ирээд шууд намайг цохисон. Би энэ хүнийг цохиогүй. Тухайн үед би айгаад шууд гүйгээд машиндаа суусан. Харин миний хажууд байсан гэрч охин цагдаа дуудсан. Энэ хүн над руу 5,000 төгрөг шидээд пизда минь наад мөнгөө ав гэж хэлээд явсан. Шүүгдэгч найзтайгаа эцсийн дэлгүүр рүү орсон ба гэрч охин бид хоёр дэлгүүрийн үүдэнд хүлээгээд цагдаа иртэл хамт байж байя гэж ярилцсан. Шүүгдэгч дэлгүүрээс гарч ирээд Ховдын хороолол руу явсан бид хоёр хаана байдгийг мэдэж аваад цагдааг дагуулж очсон. Бид нарыг очиход энэ хүн 3 хүүхэд, эхнэрийнхээ дэргэд нөгөө хүнтэйгээ архи уугаад сууж байсан. гэв.

 

Эрүүгийн 2218000000151 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ш.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дахь тал/, гэрч Т.Ш-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/, гэрч С.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн .......  дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 15-16 дахь тал/, Я.Г-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/ болон хохирол төлбөртэй холбоотой бусад баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Я.Г-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Я.Г нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед ..........  аймгийн ..........  сумын .......  дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.О-тай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрэнд цус хуралт, нэг шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ш.О-ын мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 13, 03 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би Дархан Номингоос таксинд явдаг. Намайг Номин худалдааны төвийн урд зогсоол дээр зогсож байхад тэр залуучууд машинд Мангирт явах гээд суусан. Тэгээд Мангиртын эцсийн буудал дээр очоод машинаа зогсоосон чинь буухгүй байхаар нь хаалгаа онгойлгоод буулгах гэсэн чинь хар өнгийн куртиктай залуу бууж ирээд нүүр рүү цохичхоод 5000 төгрөг өөдөөс шидээд энийг аваарай гээд байсан. тэгээд намайг пизда минь чиний гэр чинь хаана юм. Чи яах юм гээд байсан. Нөгөө улаан куртиктай залуу намайг цохисон залууг зулгаагаад явъя гээд байсан боловч тэр залуу үгэнд нь орохгүй тэр нөгөө залууг бас цохиод байсан. тэгээд дахиад цохиод авах болов уу гээд айгаад бушуухан машиндаа суусан чинь машин цохиод байсан. Тэгсэн машинд сууж байсан охин цагдаа дуудсан. Миний үүдэн шүд, толгой, нүүр өвдөөд лугшаад байна. Хамрын баруун талд жаахан шалбарсан. Шүдний дэлгэмэл зураг авахуулахад урд 11 дүгээр шүдний ёзоор хугарсан байсан тул Харзтай эмнэлгээс миний шүдэнд чиглүүлэгч 60,000 төгрөгөөр тавьж өгсөн. Миний тархи доргисон. Огиудас хүрч бөөлжиж байсан. Би шүдний чиг тавиулсан. Шүдний чиг тавьсан өдрөөс хойш 1 сарын дараа дахин үзүүлээд хэрэв эрүүл болсон бол шүдний чигийг авна. Хэвийн болоогүй бол 11 дүгээр шүдэнд сувгийн эмчилгээ хийж байгаад шүдийг нь аваад хиймэл шүд хийнэ гэсэн. Хиймэл шүдийг 55,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийн хооронд, харин шүд авахад 30,000 төгрөг, сувгийн эмчилгээ хийхэд 95,000 төгрөгийн зардал гарна гэж Харзтай эмнэлгийн эмч хэлсэн. Би нийт хохирлын 1,006,730 төгрөгийн баримт хүлээлгэн өгсөн. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 5 дахь тал/,

 

Гэрч Т.Ш-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Арвижих дэлгүүрийн урдаас таксинд суухад тухайн машины арын суудал дээр 3 эрэгтэй хүн сууж явсан. Би урд суудал дээр суугаад эцсийн буудал дээр очиход нэг эрэгтэй нь түрүүлээд буугаад явсан. Хоёр согтуу эрэгтэй хүн машин дотор үлдсэн. Тэр хоёр эрэгтэй гэртээ хүргүүлнэ гээд таксины жолооч эгч гэртээ хүргүүлнэ гэсэн бол би замдаа хүн авахгүй байсан гэхэд тэр хоёр хүн буухгүй байхаар нь би эргэж хараад яаруу ажилтай явж байна. та хоёр буучих гэхэд буухгүй 3-4 орчим минут суугаад байсан. Жолооч эгч буугаад гадна талаас нь машины хаалгаа онгойлгож өгөхөд улаан куртиктай ах түрүүлээд буусан. Хар куртиктай эрэгтэй буухгүй удаж байгаад өөрөө бууж ирээд жолооч эгчийн нүүр орчим гараараа нэг удаа цохиход тэр эгчийн толгой хойшоо савсан. Нэлээн хүчтэй цохиход улаан куртиктай ах боль гэж хэлж байгаа сонсогдсон. Жолооч эгч цохиулаад шууд машиндаа суухад хаалгыг нь онгойлгож байгаад зүүн талын гарны булчин хэсэгт нь 2-3 удаа цохиход эгч хаалгаа татаж хаагаад дотор талаас нь түгжээд цагдаа дуудлага өгөхөд нөгөө хоёр хүн дэлгүүр ороод удаж байгаад гарч ирээд гэр лүүгээ явах шиг болсон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 тал/,

 

Гэрч С.О-ын мөрдөн байцаалтад 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Олон улсын худалдааны төв дээр дүү Гтэй таараад юм ярьж байгаад Хамт ганц шил архи уучих уугэхэд Тэгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би 0,75 литрийн Хараа нэртэй архи авч хамт Олон улсын худалдааны төвийн хажуугийн шар байрны сааданд уучхаад Дархан Номин худалдааны төв рүү явж очоод таксинд суусан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Би маш их согтолттой байсан. Би Гийг бусадтай маргалдсан талаар мэдэхгүй. Цагдаа ирчихсэн намайг машинаас буу гэж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ......  дугаартай ...Ш.Оын биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, нэг шүдний хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ш.Оын биед учирсан нэг шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5%-аар алдагдуулна. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ...Ш-н О, ...хэсэг газрын үзлэгээр: Зүүн хацар орчим бага зэрэг хавдартай. Хамар орчим зулгарсан, дээд үүдэн шүд хугарсан болно. гэх хуудас /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Я.Г-ийн яллагдагчаар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 08 цагийн орчим өөрийн ажиллаж байгаа Дархан-Уул аймгийн эмнэлгийн хажууд байдаг барилга дээр пилта наахаар очоод ажил хийж байхад гадаа цас орохоор нь 13 цагийн үед гэр рүүгээ харих гээд Дархан-Номин худалдааны төв орж таксины буудал руу явсан. Явах замаараа Олон улсын худалдааны төв рүү ороод тэндээсээ сүү авчхаад гарахдаа өөрийн таньдаг О ахтай таараад Номин худалдааны төв ороод таксины буудал дээрээс таксинд суух гэтэл О ах 1 шил архи авсан байгаа үүнийг хувааж ууя гэхээр нь хувааж уучхаад О ахын хамт таксинд суусан. Тэрнээс хойш юу болсон талаар тодорхой нарийн санахгүй байна. Ямар ч байсан намайг гэртээ ороод ирсэн байхад цагдаа нар араас ирээд намайг эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим ........  аймгийн .......... сумын .....  дугаар багийн нутагт хохирогч Ш.О-тай маргалдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, цус хуралт, нэг шүдний хугарал хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байгаа тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.гэв.

 

Шүүгдэгч Я.Г нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Г-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Ш.О-ын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, нүүрэнд цус хуралт, нэг шүдний хугарал бүхий хөнгөн хохирол нь тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Я.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ш.О-ын эрүүл мэндэд хөнгөн  хохирол учирсан байх ба хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 3,646,730 төгрөг нэхэмжилжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судлан үзэж, шүүгдэгч Я.Г-ээс хохирогчийн эмчилгээний зардалд 3,646,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанд хохирол төлбөр төлж барагдуулахаар завсарлага авч уг хугацаандаа хохирлоос 1,000,000 төгрөгийг хохирогч Ш.От төлж барагдуулсан байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл 2,646,730 төгрөгийг гаргуулж хохирогч ..........  аймгийн ......  сумыг ....  дугаар баг, ........ дүгээр хэсэг 4-27 тоотод оршин суух хаягтай Х  овогт Ш-н О /РД: ..... /-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч Я.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх саналтай байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Я.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Я.Г-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тодорхой хэмжээг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Я.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Г-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ........  дугаар багийн нутаг дэвсгэр буюу “....... ”-аас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Я.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Я-ын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-ийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч Я.Г-д шүүхээс оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ........  дугаар багийн нутаг дэвсгэр буюу “........... ”-аас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Я.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Я.Г нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-ээс гэмт хэргийн улмаас учирсан 2,646,730 төгрөг гаргуулан хохирогч ...........  аймгийн ..........  сумыг .......  дугаар баг, .......  дүгээр хэсэг ...... тоотод оршин суух хаягтай Х  овогт Ш-н О /РД: .............. /-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ИДЭР