Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Мөнхжин хөтлөн,

улсын яллагч Д.Нямдэлэг,

шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А-гийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 21100224 30008 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт А-гийн Т нь Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 07-ний өдөр . аймгийн . суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, . 2 дугаар курст суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн . дүгээр хороо, . тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч А.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 сарын 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “” хорооллын тоотод Б.Аг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн мөр, зүүн бугалга, баруун бугалга, зүүн гуя, шилбэ, баруун өвдөгт цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч А.Т нь: Хэргийн талаар өмнө мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Эрүүгийн 2110 0224 30008 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Агийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2021 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр найз залуу Т над руу утсаар яриад ...23 цагийн үед уулзсан. Ттэй уулзахад манай эгчийн гэр рүү явъя гээд хамт ...Хан-Уул дүүргийн “.” хороолол руу эгчийнхэн гэр рүү явсан. Замд Т надаас утсаа түр өгч бай гэж аваад үзсэн. Би хоорондоо харилцсан мессенжер чатаа “Screen shot” хийсэн байсныг Т утас үзэж байгаад харчхаад уурлаад чи энэ мессежийг “Screen shot” хийж хэн рүү явуулах гэж байгаа юм гэхээр нь би наад мессежийг чинь санамсаргүй дарсан байна гэсэн. Ингээд Хан-Уул дүүргийн 17-р хороо “.” хорооллын . тоот эгчийнхэн гэр рүү орсон. Хүн байгаагүй, хоёулхнаа байсан. Гадуур хувцсаа тайлаад орон дээр сууж байхад Т миний өөдөөс харж зогсож байгаад нүүр рүү шууд нэг удаа алгадахаар нь би уйлаад орилоход, дуугүй бай гээд дахиад хоёр хацар алгадаад толгой руу гараараа цохиод, зүүн булчин руу гараараа цохихоор нь би эсрэг талын орон дээр суухад миний хажууд суу гэсэн. Хажууд нь сандал дээр суухад над руу уурлаад яах гээд бичсэн мессежийг хадгалаад байгаа юм бэ гээд урдаас заамдаад сандалтай хойшоо унагаад дээр гараад суусан. Заамдсан гараа тавихгүй боох гэж үзээд, гараараа хоёр хацар руу алгадаад толгой руу хүчтэй цохихоор нь орилоход чимээгүй, дуугүй бай гэсэн. Гайгүй болоод тайвшраад миний дээрээс босохоор нь би босоод буйдан дээр суугаад байж байхад, дахиад уурлаад “чи аав ээж ирсэн гээд том байгаа юм уу, аав ээжээс чинь айхгүй” гээн. Байж байгаад өмднийхөө тэлээг тайлаад 2-3 гар руу шавхардаад гал тогоо руу явахаар нь хутга шөвөг авах гэж байна гэж бодоход сэрээ авч ирээд чичээд гар руу хатгаад гайгүй тайвшраад юм яриад намайг уйлж байхад дуугүй тайвшир утсаа цэнэглэ гэсэн. Цэнэглээд утас асангуут фэйсбүүк, инстаграм руу ороод чат зураг харчхаад харилцаж байсан найз нөхөдтэй хардаад, муу яанхан чамайг хэн гэдгийг чинь захын хүнээс асуугаад мэднэ, засрах юм болов уу гэхээр засрахгүй олон удаа хэлээд байхад чинь ойлгодоггүй юм уу гээд чат мессенжерийг устгачхаад тайвшраад тэндээ хоносон. Маргааш 2021 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр ах эгч хоёр нь ирэхээр нь би царайгаа харуулахгүй өрөөнд сууж байгаад дахиж нэг хоноод 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө бид хоёр хамт автобусанд суугаад би замдаа буусан. ...Т намайг зодож байхад хажууд хэн ч байгаагүй. Би ах эгч хоёрт нь хэлээгүй. ...Надтай харилцаж байсан мессежийг нь Screen shot хийгээд хадгалсан байсныг хараад уурласан. Мессеж бичихдээ хардаад зүй бус үгээр доромжлоод аав ээжийг чинь ална, чи миний үгэнд орох ёстой гэсэн зүйл ярьдаг. Би бичсэн мессежийг нь хадгалаад хэвлэсэн байгаа учраас гаргаж өгнө. ...Цохисон газрууд хөхөрч цус хүрч хадсан. ...Уншиж танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй, учирсан гэмтлийг Т учруулсан. ...Гомдолтой байна. Томографикт үзүүлсэн төлбөрийг нэхэмжилж байна. ...Нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

Хохирогчоор дахин өгсөн “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. А.Тий ар гэр болон манай ар гэрээс уулзаад хоорондоо ярилцаад бие биеэ маш сайн ойлгоод дахин уулзахгүй байх амлалт өгсөн. Бид хоёр залуу хүмүүс Т хуулийн сургуульд сурдаг хэн хэнийхээ ирээдүйг нь бодож байгаа тул аль болох хөнгөн хариуцлага тооцож өгнө үү....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь  тал),

 

            3. Шүүгдэгч А.Тий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “...Би 2021 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр Атай 100 айлын 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр уулзаад бид хоёр манай төрсөн эгчийн Хан-Уул дүүргийн 17-р хороо . хороолол 208-1001 тоот гэрт нь очсон. Тухайн үед эгчийн гэрт хүн байхгүй ажилдаа явсан байсан. Тэгээд гэрт ороод байж байгаад А урьд өмнө нэг бандитай хамт явж байгаад надтай таарч байсан. Мөн Ховд аймагт байхад нэг машинтай 3 залуутай хамт явж байхыг харсан учраас тэрийгээ яриад хардаад маргалдаад Агийн гар утсанд ирсэн чатыг үзэж байгаад өөр хүний зураг дээр зүрх дарсан байхаар нь энийгээ хар гээд утсыг нь урдаас шидэхэд уруул дээр оносон. Тэгэхэд А өөрийгөө өмөөрөөд хэрүүл хийгээд байхаар нь 2 удаа баруун гарынхаа ар хэсгээр нүүр рүү нь алгадсан. Тэгсэн дахиад урдаас маргалдаад зайл болиоч би ямар худлаа яриад байгаа юм уу гэсэн. Тэгэхэд би гадуур хувцсаа тайлж байхдаа тэлээгээ өмднөөсөө шувтлахдаа нэг удаа шавхардаад тэлээ газар унахад А уйлаад суухаар нь яв зайл гээд нөгөө өрөө рүү орсон. А явахгүй уйлаад байхаар нь очоод аргадсан. Нүд нь хөхөрсөн харагдаж байхаар нь жин тавиад тос авч түрхэж өгсөн. ...Атай үерхдэг байсан учраас хардаад өөрийг нь хаана хэнтэй явж байсныг хэлэхэд хүлээн зөвшөөрөхгүй, урдаас хэрүүл маргаан үүссэн учраас нүүр рүү нь 2 удаа гарын ар талаараа алгадаад, утсыг шидээд, тэлээгээ шувтраад тайлж байхдаа санаандгүй нэг удаа шавхардсан. ...Би эцэг эхтэйгээ, Агийн ах эгчтэй нь уулзаад ярилцаад бие биенийгээ маш сайн ойлголцож, уучлалт гуйгаад өөр өөрсдийн зам мөрөөрөө, дахиж уулзахгүй байхаар болсон. Харин өөрийн хүсэж мөрөөдөж орсон сургуулиасаа хөөгдөх вий гэж маш их санаа зовж байгаа, өөрийн буруутай зүйлээс болж болгоомжгүй үйлдэл гаргасан тул маш харамсаж байгаа. ...Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11907 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд зовхинд тархмал, зүүн мөрний ард 12х8см, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 13х8см, ар доод хэсэгт 6x3.5см, баруун бугалганы урд дээд хэсэгт 3x1.5см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 9х6см, зүүн шилбэний гадна дунд хэсэгт 8х6см, баруун өвдөгний дотор хэсэгт 7х5см хөхөлбөр ягаан өнгийн захаараа шаргал туяа орж буй цус хуралттай, дээд уруулын дотор салстад 2x1 см хүрэн улаан өнгийн цус хуралттай.

Дүгнэлт:

1.Б.Агийн биед зүүн нүдний зовхи, зүүн мөр, зүүн бугалга, баруун бугалга, зүүн гуя, шилбэ, баруун өвдөгт цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /шинжээч эмч Т.Чимэд-Очир/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

            5. Яллагдагч, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 51, 55 дахь тал), прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоол, санал (хавтаст хэргийн 56-58 дахь тал),

            6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 27 дугаар тал), хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 27, 32 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “А.Т нь Б.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 сарын 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.” хорооллын 208-1001 тоотод үерхэж байсан Б.Аг тухайн үед үүссэн хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн мөр, зүүн бугалга, баруун бугалга, зүүн гуя, шилбэ, баруун өвдөгт цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9, 47 дахь тал),  шүүгдэгч А.Тий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дугаар тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11907 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Тий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг “хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хор уршгийг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, гомдол санал байхгүй гэж бичгээр ирүүлсэн (хх51) байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлт гаргасан бөгөөд А.Т улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч А.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч А.Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрсөн байх тул  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч нь суралцдаг байдлыг харгалзан 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Т хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2,  38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-гийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110022430008 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Т цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА