Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

                                                                                  

      2022           03            02                                        2022/ШЦТ/141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжин хөтлөн,

улсын яллагч Г.Мижиддорж,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж овогт Э-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210000000211 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж овогт Э-ийн Б Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 23-ны өдөр аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “.” хотхонд харуулаар ажилладаг, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, . тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Э.Б нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн  хороо “.” хотхоны өөрийн харуулын байранд иргэн Д.Гийг нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойг нь хананд савах зэргээр зодож биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал шарх гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: 2022 оны 02 дугаар сарын 01-нд 21 цаг 30 минутын үед Г над руу яриад миний ажил дээр ирж, хамт архи уусан. Тэгээд би цонхны орчим утсаар яриад зогсож байхад Г миний хойноос цохиод байхаар нь би болиоч гэсэн, тэгэхэд болихгүй болохоор нь түүнийг 2-3 удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа гэв.

 

Эрүүгийн 2210000000211 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 22:9:51 цагт “Найз Бд зодуулчихлаа” гэх гомдол /мэдээлэл/ ирсэн лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. Даваажав овогтой Гийн биед 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: өндөр нь 170 см өндөртэй, толгой хэсэгтээ 9 см хар өнгийн үстэй, толгойн ар дагз хэсэгт хавдаж булдруутсан, хамрын баруун дээд хэсэгт цус хурсан хавдсан, баруун хөмсөгний дээр 2 см 2х2.8 см хэмжээтэй хавдаж цус хурсан. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь тал),

 

3. Хохирогч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би найз Б руу залгаад очоод хамт архи ууя гэсэн. Б хүрээд ир гэсэн. Тэгээд орой нь Бы ажил дээр Хан-Уул дүүргийн .р хороо, “.” хотхоны харуулын байран дээр очсон. Очихоосоо өмнө ахындаа найз Эээтэй нэг шил архи хувааж уугаад Б руу бас 1 шил архитай орсон.  Быд ороод архиа Эээ, Б бид гурав хувааж уугаад сууж байсан. Тэгээд би гутлаа тайлчихсан сууж байгаад Быг өшиглөөд байж байсан, ...гэнэт нэг ухаан орсон, тэгсэн чинь миний хамраас цус гарчихсан би гараад зугтааж байсан. Тэгсэн чинь Б миний утас руу залгаад хүрээд ирээ гээд дуудсан. Би очихгүй цагдаагаар асуудлаа шийдүүлнэ гэж хэлээд утсаа салгаад явсан. ...Намайг ухаан ороход Б намайг өшиглөж байсан. Хажууд нь Эээ болиоч ээ гээд орилж байсан. ...Би Баар тоглоод өшиглөөд л байж байсан.  Тэгээд нөгөө архинаас 4 татсанаас хойш юу ч санахгүй байгаа. Б өөрөө эрүүл байсан, цагдаа дээр ирээд эрүүлжүүлэх гэсэн боловч 0,15 бүхэлтэй бараг эрүүл байсан болохоор эрүүлжүүлэх байрны журмаар Быг хүлээж аваагүй. ... Би хамраа янзлуулмаар байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

Хохирогчоор дахин өгсөн: Надад өмнөх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. ...Хохирлын баримт байхгүй. Би Улсын нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд 2022 оны 08 дугаар сард хагалгаанд орох ёстой гэж хэлсэн. 500.000 төгрөгийн зардал гарна гэж хэлсэн. Тэр мөнгийг надад Б хараахан өгөөгүй байна, би өөрт нь бол хэлчихсэн байгаа. Надад хэлэхдээ барагдуулна гэж хэлсэн. ...Би хамраа л янзлуулмаар авмаар байна, амьсгалахад төвөгтэй хэцүү байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

4. Гэрч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Г /Г/ бид хоёр 19 цагийн үед Хайлаастын эцэст уулзаад таньдаг ах Ц-нд очиж битүүлээд сууж байгаад ахад 1 шил архи авч очсон байсныгаа гурвуулаа хувааж уусан. Тэдний гэрээс гараад найз Б-тай утсаар ярихад ажил дээрээ байна хүрээд ир гэж хэлсэн. Ганхуяг бид хоёр Хан-Уул дүүргийн  хороо зайсангийн “.” хотхоны харуулын байран дээр 21 цаг өнгөрч байхад нэг шил архи аваад очиход Б харуулын байрандаа ганцаараа байсан. Тэгээд бид гурав нөгөө архиа хувааж уугаад эхэлж байсан чинь Г /Г/ халамцуу Б-ыг хүнтэй утсаар ярьж байхад нь хойноос нь бөгс рүү нь өшиглөөд байсан. Би болиоч ээ гээд Г-д хэлсэн чинь ...тоохгүй өшиглөж байсан чинь Б эргэж хараад болиоч ...гэж хэлээд Гийн нүүр лүү цохиод хананд толгойгоор нь савсан. Би голоор нь орж салгасан, Гийн хамраас цус гарсан байсан. Тэгээд Г гараад гүйчихсэн, араас нь Б гараад явсан. Г болохоор Бтай тоглоод маазраад л өшиглөж байсан юм. ...Б архи бараг уугаагүй амссан төдий л байсан. Г болохоор жаахан халамцуу байсан. Г Бд зодуулаад гараад гүйчихсэн болохоор бэртэл гэмтлийг нь анзаараагүй, ямартай ч хамраас нь цус гарчихсан байсан. Тэр байранд камер байгаагүй, бид гурваас өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

            5. Шүүгдэгч Э.Бы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “Би 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдөр ажил дээрээ Хан-Уул дүүргийн .р хороо “.” хотхоны харуулын байранд байсан. Орой 20 цаг хавьцаа байх манай найз Эээ болон Г нар над луу очоод ганц шил уучих уу гэхээр нь тэгээ тэг гэж хэлсэн. 22 цаг хавьцаа Эээ, Г хоёр орж ирээд нэг шил юмаа хувааж уугаад бид гурав 2-3 хундага татаад байж байтал манай найз охин над руу залгахаар нь би найз охинтойгоо утсаар яриад цонхоор хараад зогсож байсан чинь хойноос Г миний бөгс рүү өшиглөөд байсан. Би 2-3 удаа больчихоо андаа гээд гуйгаад байхад чинь болихгүй өшиглөөд байхаар нь үгүй ээ чи больчхооч ээ гээд хэлсэн чинь намайг чи сонин болчихжээ гэх мэтээр үгээр идээд байсан. Тэгээд би ажил төрлөө хийгээд явж л байна шүү дээ гэж хэлсэн чинь чи бүүр хуучин шигээ биш болжээ гэхээр нь миний уур хүрээд хойш нь заамдаж байгаад түлхсэн. Тэгсэн чинь Г толгойгоороо хойш хана мөргөсөн, тэгсэн намайг чи яаж байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь чи өөрөө больчих гээд хэлэхээр болихгүй байна шүү дээ гэж хэлээд нүүр лүү нь хоёр гурван удаа цохиод нүүр лүү нь мөргөсөн. Ээ хажуугаас орж ирээд салгасан чинь Г би ийм лалрын пяздатай найзлахгүй гэж хэлээд гараад явсан. Би ардаас нь санаа зовоод гарсан чинь олдоогүй. Удалгүй над руу залгаад би явдаг газраар нь явна би цагдаа дээр байна гэхээр нь хоёулаа эвтэйхэн эвээр учраа ольё гэж хэлсэн чинь чадахгүй гэж хэлсэн. Би бусдад учруулсан хохирлоо барагдуулах болно. Би гэм буруугаа хүлээж гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №2518 дугаартай дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Д.Г нь найз Э.Бд зодуулсан гэх хэрэгт.

Хэсэг газрын үзлэгт: Хамар бага зэрэг хавдсан. Баруун тийш мурийсан. Зүүн чамархайн ар хэсгийн хуйханд 4.5х4.0 см талбайд овойж хавдсан, эмзэглэлтэй.

1. Д.Гийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /шинжээч эмч Г.Галиндэв/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

7. Хохирогч Д.Гийн өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг зардлын нэхэмжилсэн үзлэгийн төлбөр төлсөн, үзлэг хийлгэсэн талаарх баримтууд (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

            8. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт (хавтаст хэргийн 51 дэх тал), прокурорын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоол (хавтаст хэргийн 52 дахь тал), 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №43 дугаартай прокурорын санал (хавтаст хэргийн 53 дахь тал),

            9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

            Шүүгдэгч Э.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Б нь Д.Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 22.000 төгрөгийг гаргуулах саналыг шүүхэд гаргаж байна гэсэн” дүгнэлтийн гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн . хороо, “.” хотхон дахь өөрийн харуулын байранд согтууруулах ундаа хэрэглэн, согтуу байхдаа иргэн Д.Гийг биед нь халдаж өшиглөлөө гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, толгойгоор нь хананд савах зэргээр зодож эрүүл  мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

- Хан уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал), хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь тал), хохирогч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 16-17 дахь тал), гэрч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), шүүгдэгч Э.Бы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2518 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй болохыг дурдаж, гэмт хэрэг гарахад хохирогч Д.Г нь согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан байхдаа шүүгдэгч Э.Бы эрх, эрх чөлөөнд халдсан нь гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэг гарах нөхцөл болсон байна гэж шүүх дүгнэв.

Хэдийгээр хохирогчийн зүй бус үйлдэл байсан боловч шүүгдэгч Э.Б нь өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахдаа бусдын хуулиар хамгаалагдсан эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг зөрчих, хохирол учруулахгүй байх үүрэгтэй буюу хуулиар хориглосон тул түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинжийг “хангасан гэж үзэж, дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирол төлбөрт баримтаар 22,000 мянган төгрөгийн баримтыг (хавтаст хэргийн 27-28 дахь тал) шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба, түүнээс 22,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах” тухай ялын санал гаргасан. Шүүгдэгч торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн тул түүнд 450.000 төгрөгийн торгох ялыг оногдуулах саналтай гэсэн дүгнэлт;

Шүүгдэгч Э.Б улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн тайлбар тус тус гаргасан.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Э.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, прокурорын ялын саналыг зөвшөөрч хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар илэрхийлж байх тул хуульд заасан шаардлага хангагдсан гэж үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Э-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-аас 22.000 (хорин хоёр мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гид олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА