Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2018/00233

 

 

 

 

 

     2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2018/00233

           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 5 дугаар байрны 4 тоот хаягт бүртгэлтэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон, Товчооны зам гудамж, Г51 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг, “М” ХХК-д холбогдох,

Фотон үйлдвэрийн, BJ3252DLPJB маркийн, 10 ширхэг өөрөө буулгагч автомашин, Фотон үйлдвэрийн, BJ2531 маркийн, 51-42УНМ, 67-42УНМ, 46-08УНМ, 47-14УНМ, 51-37УНМ улсын дугаартай 5 ширхэг өөрөө буулгагч автомашинуудын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргээ гүйцэтгэхийг хариуцагч “М” ХХК-д даалгах, гэрээний дагуу илүү төлсөн 49.866.122 төгрөгийг буцаан гаргуулах, олох ёстой байсан орлого, хохиролд 193.080.720,5 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Автомашин зээлээр худалдах, худалдан авах 2015.05.22-ны МЛ15/2, 2015.06.26ны МЛ15/04, 2016.04.07ны МЛ 16/02 тоот гэрээнүүдэд нэмэлт оруулах гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл, алдангид 901.228.330,56 төгрөгийг гаргуулж, шаардлагаа, барьцаа хөрөнгө болох Фотон үйлдвэрийн, BJ3252DLPJB маркийн 10 ширхэг өөрөө буулгагч автомашин, Фотон үйлдвэрийн, BJ2531 маркийн, 51-42УНМ, 67-42УНМ, 46-08УНМ, 47-14УНМ, 51-37УНМ улсын дугаартай, 5 ширхэг өөрөө буулгагч автомашин, Бэйбэн үйлдвэрийн, ND2534 маркийн, 75-42УНИ, 92-74УНИ, 72-15УНИ улсын дугааруудтай 3 ширхэг автомашин болон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо,1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үнийн дүнгээс хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бу, түүний өмгөөлөгч С.О, гэрч Д.Б, иргэдийн төлөөлөгч Г.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хариуцагч “М” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр МЛ15/02 тоот “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээний дагуу нэг бүр нь 355.000 юанын, нийт 1.775.000 юанийн үнэ бүхий, Фотон үйлдвэрийн, BJ3252DLPJB маркийн, 5 ширхэг өөрөө буулгагч автомашиныг зээлээр худалдаж авахаар тохиролцсон юм. Дараа нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр МЛ15/04 тоот “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу мөн дээрх үнэ, үзүүлэлт, марк бүхий 5 ширхэг автомашиныг ижил гэрээний нөхцлөөр, зээлээр худалдаж авсан болно. 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр дахин “М” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу нэг бүр нь 65.000.000 төгрөгийн үнэ бүхий, нийт 325.000.000 төгрөгөөр, Фотон үйлдвэрийн, BJ2531 маркийн, 51-42УНМ, 67-42УНМ, 46-08УНМ, 47-14УНМ, 51-37УНМ улсын дугаартай 5 ширхэг өөрөө буулгагч автомашинуудыг худалдаж авахаар тохиролцсон. Манай компани нь гэрээний дагуу нийт 1.161.175.862 төгрөгийг төлж барагдуулсан нь дээрх 3 гэрээний үнийг бүрэн төлсөн гэх үндэслэл болно. Учир нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг үүсэх үед Монгол банкнаас тогтоосон юанийн ханшаар төлөх ёстой ба тухайн үеийн юанийн ханш 313.88 төгрөг байсан юм. Иймд бид 49.866.122 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж байна. Хариуцагч “М” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 25-ний өдрүүдэд манай компанийг тээврийн хэрэгслүүд Төв аймгийн Заамар суманд ажил хийж байхад ажлын тайлбай дээр очиж, хууль бусаар, хүч хэрэглэн нийт 8 ширхэг өөрөө буулгагч автомашинуудыг хураан авч явсан юм. Бид “Уулс заамар” ХХК-тай “Хөрс шорооны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан, уг гэрээгээр 25 автомашин ажиллуулах, ажиллуулж буй машин нь гэрээгээр тохирсон нийт машины 75 хувьд хүрэхгүй бол гэрээнд заасны дагуу торгууль төлөх үүрэг хүлээсэн байсан. Түүнчлэн бид нэг машин ажиллуулаад хоногт 331.917 төгрөгийн орлого олдог, “М” ХХК-иас худалдаж авсан 2 машин 88 хоног ажиллаагүй, 3 машин 81 хоног ажиллаагүй болно. Иймд 5 автомашины олох ёстой байсан орлого болох 140.080.720,5 төгрөгийг алдсан. Мөн “Уулс заамар” ХХК-д гэрээний дагуу нийт 53.000.000 төгрөгийн  торгууль төлсөн юм. Иймд 3 гэрээний дагуу худалдаж авсан нийт 15 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний үүргээ гүйцэтгэхийг “М” ХХК-д даалгаж, илүү төлсөн 49.866.122 төгрөг, мөн гэм хорын хохиролд нийт 193.080.720,5 төгрөгийг тус тус хариуцагч “М” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “М” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан 3 гэрээг хийсэн талаар маргахгүй. Манай компани нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тээврийн хэрэгслийг зээлээр худалдаж авдаг. Энэ үндэслэлээр “Б” ХХК-тай 3 удаа гэрээ байгуулж, нийт 15 ширхэг өөрөө буулгагч автомашиныг сарын 2 хувийн хүүтэйгээр төлбөрийг төлж барагдуулахаар зарсан юм. Эхний 2 гэрээний хувьд урьдчилгаа авсан, үлдэх төлбөрийг график гаргаж, хүү тооцож төлөхөөр харилцан тохиролцсон ба 10 ширхэг нь шинэ автомашин юм. 3 дахь гэрээгээр “Б” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 5 ширхэг улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэг бүрийг нь 65.000.000 төгрөгөөр тооцож, нийт 325.000.000 төгрөгөөр, хүүгүйгээр, тохирсон хугацааны дагуу төлж барагдуулахаар худалдсан юм. Гэтэл “Б” ХХК нь хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүйн улмаас манай компани их хэмжээний алдагдалд орсон. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Б” ХХК-ийн захирал, нягтлан бодогч, манай компанийн захирал, нягтлан бодогч нар 3 гэрээний дагуу төлөх ёстой төлбөр тооцоогоо нийлж баталгаажуулсан ба улмаар уг төлбөр тооцоо нийлсэн актыг үндэслэн 3 гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Нэхэмжлэгч “Б” ХХК нь төлбөрөө төлөлгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр сүүлийн гэрээний төлбөр буюу 325.000.000 төгрөгийн үнэ бүхий гэрээнд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүү тооцохоор тохирч, эхний гэрээний үүрэг биелэгдсэн болохыг дүгнэж, төлбөрийг Монгол төгрөгт шилжүүлж, 2 болон 3 дугаар гэрээний нийт төлөх ёстой үлдэгдэл төлбөрийг, төлбөл зохих хүүгийн хамтаар 770.818.887,04 төгрөг болохыг тогтоосон. Энэ мөнгөнөөс сүүлд 170.000.000 төгрөгийг Б ХХК төлсөн юм. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг буруу ойлгож хэрэглэж байна. Түүнчлэн гэрээнд заасны дагуу манай компани нь худалдсан хөрөнгөө барьцаалах эрхтэй тул “Б” ХХК-д ямар нэг хохирол учруулаагүй, хохирол учруулсан гэх баримт нь эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч “М” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МЛ05/02, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн МЛ15/04, 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн МЛ16/02 тоот гэрээнүүдийн дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдлийг талууд тооцоо нийлж 770.818.887.04 төгрөг болохыг баталгаажуулж, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өмнөх 3 гэрээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Энэ гэрээ хүчин төгөлдөр хэлцэл мөн юм. “Б” ХХК нь тооцоо нийлснээс хойш 170.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн бид гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй, харин гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө шаардах эрхтэй тул үлдэх төлбөр болох 600.818.887.04 төгрөгийг, 50 хувиар тооцсон алданги 300.409.443,52 төгрөг, нийт 901.228.330,5 төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулж, барьцааны гэрээний дагуу “Б” ХХК-д зарсан 15 ширхэг автомашин, “Б” ХХК-ийн өөрийнх нь өмчлөлийн 3 автомашин, нийт 18 автомашин, мөн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо,1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, шаардлагыг хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээний дагуу нэг бүр нь 65.000.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг автомашиныг 325.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК-ийн өмч байсан нэг бүр нь 70.000.000 төгрөгийн үнэтэй, нийт 210.000.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг Норд бенз маркийн автомашиныг хариуцагч “М” ХХК нь өөрийн нэр дээр шилжүүлэх замаар барьцаалж авч явсан. Мөн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд манай гэрээт ажлын байрнаас, өөрийн зарсан 5 машинаа хууль бусаар, хүчээр хураан авч манай компанид их хэмжээний хохирол учруулсан болно. Түүнчлэн хүү болон алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх гэрээнүүдийн дагуу “М” ХХК нь тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг манай компанид шилжүүлж өгөх ёстой. Гэтэл өмчлөх эрхийг удаа дараа шилжүүлж өгөхийг шаардаж байхад өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй байна. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт гэрээ нь логик авцалдаагүй, 3 гэрээг нэгтгэн дүгнэсэн шинжтэй, хууль зөрчсөн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл 3 өөр төрлийн гэрээг нэгтгэн дүгнэж болохгүй тул бид уг гэрээг хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байгаа. Иймд М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

- Барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчид болох Т.Н, Н.М нар нь гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан болно.

- Шүүх хуралдаанаар зохигчидын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаас хойш 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, хариуцагч “М” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа мөн ихэсгэжээ. /хх1-2, 59-60, 143, 190, 236 дугаар талууд/

Зохигчид 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн “Авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ” болон 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Автомашин зээлээр худалдах, худалдан авах 2015.05.22-ны МЛ15/2, 2015.06.26ны МЛ15/04, 2016.04.07ны МЛ 16/02 тоот гэрээнүүдэд нэмэлт оруулах гэрээ”-ээр хүлээсэн үүргийг харилцан бие биеэсээ шаардсан байна.

1. Хариуцагч “М” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нэг бүр нь 355.000 юанийн буюу нийт 1.775.000 үнэтэй, Фотон үйлдвэрийн, BJ3252DLPJB маркийн 5 ширхэг өөрөө буулгагч автомашинийг нэхэмжлэгч “Баттрак” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, “Б” ХХК нь урьдчилгаа төлбөрт 127.877,56 юанийг “М” ХХК-д төлөх, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд, харилцан тохиролцсон хуваарийн дагуу, сарын 2 хувийн хүүтэйгээр үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа “М” ХХК нь автомашинуудын өмчлөх эрхийг “Б” ХХК-д шилжүүлэхээр харилцан үүрэг хүлээсэн, /хх13-17 дугаар тал/

2. 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ээр нэг бүр нь 355.000 юанийн буюу нийт 1.775.000 үнэтэй, Фотон үйлдвэрийн, BJ3252DLPJB маркийн 5 ширхэг өөрөө буулгагч автомашинийг хариуцагч “ММК” ХХК нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад нэмж шилжүүлэх, “Б” ХХК нь урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр, төлбөрийг 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, харилцан тохиролцсон хуваарийн дагуу, сарын 2 хувийн хүүтэйгээр төлж барагдуулах, төлбөрийг төлж барагдуулсны дараа “М” ХХК нь автомашинуудын өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг харилцан хүлээсэн, /хх 7-10 дугаар тал/                   

3. Хариуцагч “М” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ээр нэг бүр нь 65.000.000 төгрөгийн, нийт 325.000.000 төгрөгийн үнэтэй, Фотон үйлдвэрийн BJ2531 маркийн, 51-42УНМ, 67-42УНМ, 46-08УНМ, 47-14УНМ, 51-37УНМ улсын дугаартай, хуучин, 5 ширхэг өөрөө буулгагч автомашиныг нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад нэмж шилжүүлэх, “Б” ХХК нь урьдчилгаа төлбөр болон хүү төлөхгүйгээр гэрээний төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулах, төлбөрийг төлж барагдуулсны дараа “М” ХХК нь автомашинуудын өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээж гэрээ байгуулжээ. /хх 54-58 дугаар тал/

2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн болон 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр, худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг төлж дуусгахаас өмнө хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэх үүргийг худалдагч хүлээсэн, худалдан авагч нь ийнхүү эзэмшлийг түрүүлж авснаараа хүү төлөх хариу үүрэг хүлээсэн, төлбөр төлөх урт хугацаа тогтоосноороо эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Харин талууд 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээгээр хүүгийн талаар тохиролцоогүй, төлбөр төлөх хугацаанаас шалтгаалж эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээнд хамаарах юм.

Дээрх гэрээнүүд нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байх тул талууд уг гэрээний үүргийг харилцан шаардах эрхтэй. 

            Гэрээг хэрэгжүүлэх явцад буюу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, худалдагч болон худалдан авагчийн санхүү хариуцсан эрх бүхий этгээдүүд нь дээрх 3 гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлж, тооцоо нийлсэн актыг үндэслэн, мөн өдөртөө “Автомашин зээлээр худалдах, худалдан авах 2015.05.22-ны МЛ15/2, 2015.06.26ны МЛ15/04, 2016.04.07ны МЛ 16/02 тоот гэрээнүүдэд нэмэлт оруулах гэрээ”-г байгуулж, өмнөх 3 гэрээний төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл, хариуцлагын талаар харилцан тохиролцсон байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд, гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэйгээс гадна мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах саналыг нөгөө тал хүлээн авснаа бичгээр илэрхийлсэн байх тул нэмэлт тохиролцоо нь мөн хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Харин талууд ийнхүү дээрх гэрээнүүдийн зарим нөхцлийг харилцан тохиролцож өөрчилж байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т зааснаар өмнөх 3 гэрээний үүргийг дуусгавар болгож буй явдал биш юм. /хх 64-67 дугаар тал/

Нэхэмжлэгч “Б” ХХК нь, 3 гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “нэмэлт тохиролцоо” нь агуулгын хувьд өмнөх 3 гэрээтэйгээ зөрчилдсөн, учир зүйн холбоогүй, 3 өөр гэрээг нэг гэрээгээр дүгнэх боломжгүй хэмээн тайлбарлах боловч энэ нь талуудын тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна нэхэмжлэгч нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах /Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд зааснаар/ шаардлага гаргаагүй тул маргааныг шийдвэрлэхэд талуудын тохирсон “нэмэлт тохиролцоо”-г харгалзан үзэх нь зүйтэй.

Дээр дурдсан 3 гэрээний дагуу нийт 15 ширхэг автомашины эзэмшлийг худалдан авагч “Б” ХХК-д шилжүүлэн өгсөн, 3 гэрээний төлбөрт нийт 1.161.175.862 төгрөгийг “Б” ХХК нь “М” ХХК-д төлсөн талаар болон төлбөр төлөх өдрүүдийн арилжааны банкнаас тогтоосон юанийн ханшийн талаар талууд маргаагүй болно. Түүнчлэн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 4 ширхэг автомашинийг, мөн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 4 ширхэг автомашинийг, нийт 8 ширхэг автомашиныг “М” ХХК нь “Б” ХХК-ийн эзэмшлээс өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан, шилжүүлэн авсан эдгээр хөрөнгөөс 3 ширхэг автомашин нь талуудын хооронд байгуулагдсан 3 удаагийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгө бус, “Б” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан, эхний гэрээтэй холбоотой төлбөр тооцоо дууссан, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлснээс хойш “Б” ХХК нь нэмж 170.000.000 төгрөг төлсөн, маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчээр Автотээврийн үндэсний төвийн бүртгэлд “М” ХХК бүртгэгдсэн талаар болон гэрээний зүйлийн тоо хэмжээ, чанар байдлын талаар талууд маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар, эдгээр үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзлээ.

Маргааны агуулга /Үндсэн нэхэмжлэл/:

1. Нэхэмжлэгч нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг үндэслэл болгож, төлбөрийг “үүрэг үүсэх үеийн” Монгол банкнаас тогтоосон юанийн ханшаар /1 юань=313.88 төгрөг/ тооцож төлөх ёстой хэмээн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс 49.866.122 төгрөгийн илүү төлөлтийг буцаан шаардсан,

2. Дээр дурдсанаар 3 гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн, цаашилбал илүү хэмжээгээр төлсөн тул 3 гэрээний зүйл болох Фотон үйлдвэрийн, BJ3252DLPJB маркийн, нийт 10 ширхэг өөрөө буулгагч автомашин, мөн Фотон үйлдвэрийн BJ2531 маркийн, 51-42УНМ, 67-42УНМ, 46-08УНМ, 47-14УНМ, 51-37УНМ улсын дугаартай, хуучин, 5 ширхэг өөрөө буулгагч автомашин, нийт 15 ширхэг автомашинуудын өмчлөх эрхийг шилжүүлэх “үүргийг” хариуцагч “М” ХХК-иас шаардсан,

3. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр болон 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд, хууль бусаар, хүч хэрэглэж хураан авснаас олох ёстой байсан 140.080.720,5 төгрөгийн орлого, торгууль төлсөн буюу учирсан хохиролд 53.000.000 төгрөг, нийт 193.080.720,5 төгрөгийн хорирол авах эрхтэй хэмээн маргажээ.

Маргааны агуулга /хариуцагчийн сөрөг нэхэмжлэл/:

1. Талуудын хооронд байгуулсан 3 гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлж, төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Автомашин зээлээр худалдах, худалдан авах 2015.05.22-ны МЛ15/2, 2015.06.26ны МЛ15/04, 2016.04.07ны МЛ 16/02 тоот гэрээнүүдэд нэмэлт оруулах гэрээ”-ний үүргээ худалдан авагч буюу “Баттрак” ХХК биелүүлээгүй гэх үндэслэлээр, уг гэрээний дагуу төлөх ёстой үндсэн үүрэг /гэрээний төлбөр, хүү/ 600.818.887,04 төгрөг, энэ үүргийн 50 хувьтай тэнцэх алданги болох 300.409.443,52 төгрөг, нийт 901.228.330,56 төгрөгийг шаардсан ба шүүх хуралдааны явцад хүүгээс алданги тооцохоос татгалзсан,

2. Дээр дурдсан төлбөр төлөх үүрэг /901.228.330,56 төгрөг/-ийг барьцаа хөрөнгө болох 18 ширхэг автомашин /3 гэрээний дагуу шилжүүлсэн 15 ширхэг автомашин болон “Баттрак” ХХК-ийн өмчлөлийн 3 ширхэг автомашин/, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үнийн дүнгээс хангуулах эрхтэй хэмээн маргасан.

Үндсэн нэхэмжлэл:

1.1 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээний агуулгыг хуулийн хүрээнд, чөлөөтэй тодорхойлох эрхтэй ба гэрээний үнийг юаниар тооцож, улмаар гүйцэтгэл хийхдээ төгрөгөөр төлж байсан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуультай зөрчилдөхгүйгээс гадна худалдагч болон худалдан авагч нь хожим, гэрээнүүдийн төлбөр төлөх нөхцөлд өөрчлөлт оруулж /2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тохиролцоо/, гэрээний үнийг төгрөгөөр илэрхийлж, улмаар 170.000.000 төгрөгийн төлөлт хийсэн байна. /хх 64 дүгээр тал/

Түүнчлэн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан “мөнгөний ханш өссөн, буурсан” гэх ойлголт нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш бус, харин мөнгөний арилжих чадвар, өөрийнх нь үнэ цэнийг илэрхийлсэн ойлголт тул төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө юанийн ханш өссөнийг мөнгөний ханш өссөн гэж үзэх боломжгүй юм.

 Ийнхүү худалдан авагч нь юанын үнийг төлж барагдуулах үүргийг эхний гэрээнүүдээр хүлээснээс гадна талууд гэрээнд өөрчлөлт оруулж, юанийн төлбөрийг төгрөгт шилжүүлсэн, энэ нэмэлт тохиролцоо хүчин төгөлдөр байх тул юань болон төгрөгийн ханшийн зөрүүгээс үүссэн гэх 49.866.122 төгрөгийг худалдан авагч буюу нэхэмжлэгч “Б” ХХК нь буцаан шаардах эрхгүй.

1.2 Зохигчид 3 гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хэн аль нь эдгээр 3 гэрээнээс татгалзаагүй ба зөвхөн гэрээгээр харилцан хүлээсэн үүргийг шаардсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ тохиолдолд шүүх гэрээний үүргийг бүхэлд нь дүгнэж, талууд гэрээний үүргийг харилцан бие биеэсээ шаардах эрхтэй эсэх тал дээр эрх зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх нь зүйтэй юм. 

Хэдийгээр худалдан авагч “Б” ХХК нь 3 гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх боловч худалдагч нь гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэлгүйгээр, зөвхөн худалдан авагчийн төлбөр төлөх үүргийг шаардаж байх тул “үүргийн хэлцэл”-ийн хувьд, гэрээний нөгөө тал болох худалдан авагч нь, худалдагчийн хүлээсэн хариу үүрэг болох эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэх “үүргийг” Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар шаардах боломжтой юм.

Түүнчлэн Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д: “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно.” гэж заасан нь гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангаж буй зохицуулалт бөгөөд эрх зүйн энэ үзэл баримтлал талаас харвал, нэг талын үүрэг биелэгдсэн бол нөгөө талын үүрэг мөн адил биелэгдэх ёстойг хуульчилсан гэж ойлгогдох юм.

Нөгөө талаасаа, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх “өмчийн хэлцэл” бус үүргийн хэлцлийн хувьд харилцан хүлээсэн үүргээ бие биеээсээ шаардах эрхтэй болохыг шүүх тогтоосноор талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх учиртай.

Дээр дурдсан үндэслэлээр, гэрээний нэг тал болох худалдагч “М” ХХК нь гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн төлбөрийн үүргийг шаардаж буй тохиолдолд “Б” ХХК нь 3 гэрээний дагуу 15 автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг худалдагч “М” ХХК-иас хариу шаардах эрхтэй болохыг тогтоож өгөх нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангах зарчимтай нийцэхээр байна.

1.3 Нэхэмжлэгч “Б” ХХК нь хууль бусаар, хүч хэрэглэж, 8 ширхэг тээврийн хэрэгслийг хурааж авсан гэх үндэслэлээр гэм хорын хохиролд нийт 193.080.720,5 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн энэ шаардлага нь зөрчлийн улмаас үүссэн үүргийн маргаан биш, харин талуудын хооронд байгуулагдсан 3 гэрээнээс үүдэлтэй, гэрээний дагуу үүссэн /Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар/, эсхүл хуульд зааснаар үүссэн /Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т заасан худалдагчийн саатуулан барих эрх/ барьцааны эрх худалдагчид үүссэн эсэхээс үүдэн гарсан маргаан байна. 

Хариуцагч “М” ХХК нь 8 ширхэг автомашиныг хураан авсан учир “Уулс заамар” ХХК-д ажил гүйцэтгэж байсан автомашины тоо 75%-иас доош орсон, улмаар “Уулс заамар” ХХК-тай байгуулсан “Хөрс шорооны ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.4-т зааснаар тус компанид нийт 53.000.000 төгрөгийн торгууль төлсөн хэмээн уг мөнгийг “ММК” ХХК-иас “Б” ХХК нь нэхэмжилсэн. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Уулс заамар” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 167 дугаартай албан бичгээс үзвэл “М” ХХК нь 8 ширхэг автомашиныг хураан авахаас өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар “Б” ХХК-иас ажилд гаргах ёстой байсан автомашины тоо 75%-д хүрээгүй байсан байна. /хх 145-146, 148 дугаар тал/

Түүнчлэн “Уулс заамар” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17/09 дугаартай “Хөрс шорооны ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.1-д зааснаар, “Б” ХХК нь 25 ширхэг “Хово” маркийн машин ажиллуулах үүрэг хүлээсэн байна. Гэтэл “М” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд буцаан авсан 8 ширхэг автомашин нь гэрээгээр тохирсон “Хово” маркийн автомашин биш байна. /хх 145 дугаар тал/

Ийнхүү нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар, 53.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж, нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хангах боломжгүй юм.

Нэхэмжлэгч тал нь “Уулс заамар” ХХК-тай байгуулсан “Хөрс шорооны ажил  гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажил хийсэн бол 1 автомашин 1 өдөрт 331.917 төгрөгийн орлого олдог байсан гэх үндэслэлээр, олох ёстой байсан орлогод 162.080.720,5 төгрөг нэхэмжилжилсэн байна. Нэхэмжлэгчийн энэ тооцооллыг үнэн зөв гэж үзвэл “Б” ХХК нь “М” ХХК-иас авсан 15 автомашин, мөн “Уулс заамар” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажиллуулж байсан гэх, нийт 25 машины ажлын хөлс нь 1 сард 248.937.750 төгрөг /331.917х30х25/ болохоор байна. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан, “Б” ХХК-иас “М” ХХК-д хүргүүлж байсан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 16/15 дугаартай албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 16/28 дугаартай албан бичиг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 17/23 дугаартай албан бичиг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бичмэл баримт зэргээс үзвэл “Б” ХХК нь 1 өдөрт 8.297.925  төгрөг, сард 248.937.750 төгрөгийн орлого олдог байсан гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар, нэхэмжлэгч “Б” ХХК-ийг, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /хх 72-75 дугаар тал/ 

Иймд олох ёстой байсан орлого, хохиролд 162.080.720,5 төгрөг гаргуулах тухай “Баттрак” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэл:

1.1 Хариуцагч нь, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “нэмэлт тохиролцоо”-ны 2-т зааснаар, 3 гэрээний дагуу төлөх ёстой төлбөрт нийт 600.818.887,04 төгрөг нэхэмжилжээ. /тооцоо нийлснээс хойш төлсөн 170.000.000 төгрөгийг 770.818.887,04 төгрөгөөс хасаж тооцсон/   

Мөн дээрх нэмэлт тохиролцоог 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хийхдээ, 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүр 2 хувийн хүү тооцохоор тохирсон байна. Хүүгийн талаарх энэхүү тохиролцоо нь “худалдах-худалдан авах гэрээ”-г зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольж буй агуулгатай бус, харин төлбөрөө хугацаандаа төлөөгүйд нь ногдуулж буй хариуцлагын шинжийг агуулсан байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгч “М” ХХК нь Иргэний хуулийн 222.5-д зааснаар хариуцлагын хүү тооцох хүсэл зоригтой байсныг гэрээний нөгөө тал хүлээн авсан байна. /хх 64 дүгээр тал/

Ийнхүү Иргэний хуулийн 222.5-д зааснаар хариуцлагын хүү авч буй тохиолдолд мөн хуулийн 222.6-д зааснаар уг хүүгийн төлбөрөөс анз тооцохыг хоригложээ. 

Нөгөө талаас, хариуцлагын талаар тохирсон талуудын тохиролцоо нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байх тул 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс хүү тооцож авна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Түүнчлэн талууд 3 гэрээний төлбөр болон хариуцлагын талаар шинээр тохиролцохдоо /2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр/ алдангийг хуульд заасан шаардлагын дагуу тохиролцож чадаагүй байна. Тухайлбал, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 4 дүгээр зүйлд: “...хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувиар алданги төлөх...” гэж бичигдсэнийг “хоног тутам”, эсхүл “сар тутам” төлөх төлбөрийн аль нь болох, эсхүл “хоног тутам” гэж бичигдээгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан “торгууль” тохиролцсон гэж ойлгох эсэх нь тодорхойгүй байх ба алданги тохирсон энэхүү тохиролцооны талаар зохигчид маргажээ. /хх 64 дүгээр тал/

Зохигчид алданги тохирсон эсэх талаар маргаж буй тохиолдолд талуудын тохиролцоо хэлбэрийн болон агуулгын хувьд хуульд нийцсэн эсэх, хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж, хүчин төгөлдөр болсон эсэхийг шүүх нягтлах учиртай. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 4 дүгээр зүйлд бичигдсэн алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул алданги тохиролцсон гэх хэлцэл /гэрээний 4 дүгээр зүйл/ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар, хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

Иймд, 3 гэрээний төлбөр төлөх үүргийн талаар талууд тооцоо нийлж, улмаар 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцож өөрчилсөн гэрээний нөхцлийн дагуу, худалдан авагч БХХК-иас 578.452.099,04 төгрөг1 –ийг гаргуулж, худалдагч “М” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

1.2 Худалдагч буюу хариуцагч “М” ХХК нь дээрх төлбөрийн үүргийг өөрийн худалдсан 15 ширхэг автомашин болон “Б” ХХК-ийн өмчлөлийн 3 ширхэг автомашин, түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцаар, барьцааны эрхийнхээ дагуу хангуулна гэжээ. 

Талууд нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-хуалдан авах гэрээг байгуулсан байх ба “Автомашин зээлээр худалдах, худалдан авах” тухай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн болон 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнүүдийн 12.1-д зааснаар, худалдан авагч “төлбөрийг бүрэн төлж дуусгавар болгосноор” эд хөрөнгийн өмчлөх эрх түүнд шилжихээр тохиролцжээ. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар энэ тохиолдолд 3 гэрээний дагуу шилжүүлсэн 15 ширхэг автомашины өмчлөх эрх худалдан авагчид шилжээгүй, өмчлөгч нь “М” ХХК өөрөө байсан байна. /хх 9,15 дугаар тал/

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т заасан “барьцаа” нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохынхоо хувьд үүрэг гүйцэтгүүлэгч /”М” ХХК/-ийн өөрийнх нь өмчлөлийн эд хөрөнгө байх боломжгүй юм. Харин худалдагчийн хувьд тэрээр Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг саатуулан барих эрхээ хэрэгжүүлэх замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой. 

Гэвч худалдагчийн дээрх саатуулан барих эрх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах-худалдан авах гэрээ”-нд хамааралтай зохицуулалт байна. Учир нь төлбөр төлөгдөхөөс өмнө эд хөрөнгийг худалдан

__________________________________

  1. 325.000.000 төгрөгийн нэг хоногийн хүү-216.666 төгрөг болно. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл /нэхэмжлэлд дурдсанаар/ 182 хоногийн хүү-39.433.212 төгрөг болох ба 3 дахь гэрээний нийт төлбөл зохих төлбөр 364.433.212 төгрөг болно. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн актад тусгагдсан 770.818.887,04 төгрөгөөс мөн актаар баталгаажуулсан 3 дахь гэрээний дүн 386.800.000 төгрөгийг хасвал 384.018.887,04 төгрөг болох ба энэ нь 2 дахь гэрээний үлдэгдэл болно. Иймд 2 болон 3 дахь гэрээний нийт үнэ нь 748.452.099,04 төгрөг болох юм. Харин энэ дүнгээс Б ХХК-ийн төлсөн 170.000.000 төгрөгийг хасаж тооцвол 578.452.099,04 төгрөг болно.

 

авагчид “шилжүүлсэн” байх үүрэг нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэг, онцлог юм.

Өөрөөр хэлбэл эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ худалдагч биелүүлээгүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй ба хэрэв худалдан авагч төлбөрөө төлөөгүй бол худалдагч нь гагцхүү Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо шаардах эрхтэйгээр хуульчилсан байна.

Худалдагч буюу хариуцагч “М” ХХК нь гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэхгүй, зөвхөн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үүргийг шаардаж байх тул 3 гэрээний дагуу шилжүүлсэн 15 ширхэг автомашиныг буцаан авч, улмаар “барьцааны эрх”-ийнхээ дагуу худалдан борлуулж, шаардлагаа хангуулах боломжгүй юм.2

Харин мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор худалдагч “М” ХХК нь худалдан авагч “Б” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр барьцааны гэрээ /нэмэлт тохиролцооны 3 дахь хэсэг/ байгуулж, уг гэрээгээр үүрэг гүйцэтгэгч Баттрак ХХК-ийн өмчлөлийн, Бэйбэн үйлдвэрийн ND2534 маркийн, 75-42УНИ, 92-74УНИ, 72-15УНИ улсын дугааруудтай 3 ширхэг автомашин барьцаалсан, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагын дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг барьцаалж, эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн тул “М” ХХК-д ипотек үүссэн байна. /хх 64, 68 дугаар тал/

Иймд “М” ХХК нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар, Бэйбэн үйлдвэрийн ND2534 маркийн, 75-42УНИ, 92-74УНИ, 72-15УНИ улсын дугааруудтай 3 ширхэг автомашин, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж, үнийн дүнгээс мөнгөн төлбөрийн шаардлагаа хангуулах эрхтэй.

Дээрх үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан 3 гэрээний үүргийн гүйцэтгэлээс үүссэн маргааныг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчид, 3 гэрээний дагуу 1.161.175.862 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба үлдэх үүргийн гүйцэтгэлийг 578.452.099,04 төгрөг болохыг шүүх тогтоожээ. Иймд 3 гэрээний нийт үнэ нь 1.739.627.961,04 төгрөг болно. Нэхэмжлэгч тал дээрх үнийн дүн бүхий 15 ширхэг автомашинаас гадна 49.866.122 төгрөгийн илүү төлөлтийн шаардлага, 193.080.720,5 төгрөгийн олох ёстой байсан орлого, хохирол, нийт 1.982.574.803,5 төгрөгийн үнэ бүхий эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн.

____________________________

  1. Худалдагч М ХХК нь гэрээнээс татгалзаагүй, автомашиныг буцаан авахгүй, харин худалдан борлуулаад үнийн дүнгээс нь шаардлагаа хангуулах талаар нэхэмжлэл гаргасан болох нь “ худалдан борлуулаад илүү гарсан дүнг” барьцаалуулагчид буцаан олгоно гэх түүний тайлбараар тогтоогддог.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нийт 10.070.824 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч тал 3 гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр, хүү, алдангид нийт 901.228.330.56 төгрөг нэхэмжилж, шаардлагаа барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэл гаргажээ. Барьцаагаар хүлээсэн үүрэг нь үндсэн үүргээс салгаж үл болох нэмэлт үүрэг тул барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шаардлагаа хангуулах нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 төгрөгөөр тооцох нь зүйтэй. Иймд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар, нийт 4.734.291 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-иас 578.452.099,04 төгрөгийг гаргуулан “М” ХХК-д олгож, “Автомашин зээлээр худалдах, худалдан авах тухай” 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний зүйл болох Фотон үйлдвэрийн, BJ3252DLPJB маркийн 10 ширхэг өөрөө буулгагч автомашины, мөн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээний зүйл болох Фотон үйлдвэрийн, BJ2531 маркийн, 51-42УНМ, 67-42УНМ, 46-08УНМ, 47-14УНМ, 51-37УНМ улсын дугаартай, 5 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг “М” ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 322.776.231,52 төгрөг гаргуулах, Фотон үйлдвэрийн BJ3252DLPJB маркийн 10 ширхэг өөрөө буулгагч автомашин, BJ2531 маркийн, 51-42УНМ, 67-42УНМ, 46-08УНМ, 47-14УНМ, 51-37УНМ автомашинуудыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг, мөн хохиролд 193.080.720,5 төгрөгийг, илүү төлсөн 49.866.112 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг, Бэйбэн үйлдвэрийн ND2534 маркийн, 75-42УНИ, 92-74УНИ, 72-15УНИ улсын дугааруудтай 3 ширхэг автомашинуудыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасаны журмын дагуу худалдан борлуулж, үнийн дүнгээс шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.759.431 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 4.834.798 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 8.311.393 төгрөгийг, хариуцагчаас дутуу төлсөн 100.507 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч “М” ХХК-иас 8.856.089 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д, нэхэмжлэгч “Баттрак” ХХК-иас 3.120.410 төгрөгийг гаргуулан хариуцагч “М” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ЦОЛМОНБААТАР

         

  •  

 

 

  •