Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 

                                                                                                                         

      2022           03              01                                        2022/ШЦТ/133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Ганболор хөтлөн,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Т.Багахүү (өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийн дугаар 1964) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С овогт Т-ын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210002800189 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Т-ын Э нь Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, . ХХК-нд аюулгүй байдлын ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн . хороо, . тоотод оршин суудаг, регистрийн дугаар ., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Т.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн . хороо, . тоот гэртээ эхнэр Л.Нг нойлын өрөөнд бие засаж байхад нь эвгүй үнэр үнэртэж байна” гэж бусадтай хардаж улмаар нүүр цээж хэсэгт нь 5-6 удаа гараараа цохиж, цээжин тус газарт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун 3 дугаар хавирганы хугарал, дух, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, цээж зүүн мөр, бугалга, бүсэлхийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Л.Нтэй 2013 онд танилцаж, хамт амьдарч, 2021 оны 5 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болчимгүй үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Нэхэмжилж байгаа 700.000 төгрөгийг төлнө гэв.

Эрүүгийн 2210002800189 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 22:39:04 цагт “нөхөртөө зодуулсан цагдаа дуудаад өгөөч” гэсэн дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 6 дахь тал), Эрхэс 112 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн д/а Ж.Довдондоржийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 20 дахь  тал),

2. Хохирогч Л.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгт:

            “Би Хан-Уул дүүргийн . хороо . . тоотод нөхөр Э, хүү А /6 настай/ хүү Ё /14 настай/ нарын хамт амьдардаг. Манай нөхөр “” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан ажилтай. Би “” ХХК-д армотурчин ажилтай. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн үед нөхөр бид хоёр ажилдаа явж гэрт хоёр хүүхэд үлдсэн юм. Манай ажил Иргэний нисэхийн ерөнхий газрын эсрэг талд орон сууцны барилга барьж байгаа юм. Ажлаа хийж байгаад цайны цагаар ажил тараад манай ажлынхан . амралтын газар очиж салхинд гарсан. Амралтын газар 14 цаг өнгөрч байхад очсон. Манай нийт 10 гаран ажилтан явсан. Манай ажлын газрын хүмүүс хоол унд бэлдсэн байсан, бүгдээрээ архи хэрэглэсэн, би нэг пиво, бага зэрэг вино уусан, бараг эрүүл байсан. Нөхөрт өглөө ажилдаа явахдаа би манай ажлынхан амралтын газар очно гэхэд араас хоёр хүүхдээ дагуулаад яваад очъё гэж хэлсэн. Нөхөр миний гар утас руу 14 цаг өнгөрч байхад залгаад, би гэрээр ороод багаа хүүгээ дагуулаад очъё гэсэн. Удалгүй нөхөр 15 цагийн үед бага А-ы хамт амралтын газар ирчихлээ гээд утсаар ярьсан. Би нөхөр хүү хоёр дээр гэрт оръё гэхэд нөхөр хүүгээ цасан дээр тоглуулж байгаад оръё гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би амарч байсан гэр рүү буцаад орсон. Удалгүй хорхог болсон чинь манай ажлын хүмүүс нөхөр хүүхэд чинь ирсэн бол гадаа даарчих байх оруулж ирээд хоол идүүлээч гэсэн. Би нөхөр хүү хоёрыг амарч байсан гэр рүү дагуулаад орсон. Манай нөхөр ажлын хүмүүстэй танилцаад хоол цай идэж уугаад юм яриад суусан. Нөхөр машин барьж байсан гээд архи уугаагүй. Нөхөр, хүү хоёр цасан дээр тоглоод орж гараад байсан. ...Нөхөр хүү бид гурав гэртээ 20 цаг өнгөрч байхад ирсэн. Гэрийн гадаа ирэхэд нөхөр намайг дэлгүүр ороод нэг ширхэг том пиво авчих гээд хүүг дагуулаа гэртээ орсон. Би дэлгүүр ороод 2,5 литрийн савлагаатай 1 ширхэг пиво аваад гэртээ орсон. Тухайн үед би бараг эрүүл шахуу байсан. Гэртээ ороход нөхөр хоёр хүүхдийн хамт байсан. Амралтын газраас ирэхдээ бага зэрэг хорхгийн мах авсан байсныг хоёр хүүхдэдээ өгч, нөхөр бид хоёр том өрөөнд пиво задлаад аяганд хийгээд нөхөр нэг аяга уугаад би тал аягыг уугаад байж байсан чинь нөхөр миний гар утсыг харчхаад хэнтэй утсаар ярьсан гээд хардаад хэрүүл хийх гээд байсан. Би нойлын өрөө ороод нүүр гараа угаагаад байж байхад нөхөр нойл руу орж ирээд суултуур сууж байснаа хогийн саванд байсан нойлын цаасыг бариад энэ юу юм бэ гэхээр нь би /норсон нойлын цаас байсан/ хүүхдүүд л норгоод хаясан байлгүй гээд хэлсэн чинь нөхөр энийгээ үнэрлэ гээд хэрүүл над руу дайраад байсан. Нойлын өрөөнөөс /21 цаг өнгөрч байхад/ гараад том өрөөний буйдангийн хажууд зогсож байсан чинь араас дагаж ирээд гараараа миний нүүрэн тус газар нэг удаа цохисон чинь би шалан дээр унасан, миний дээрээс гараараа нүүр цээж орчимд 5-6 удаа цохихоор нь гараараа хамгаалах гэсэн чинь чадахгүй байсан. Тэгсэн хөлөөрөө миний цээж, цээжний баруун талд хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Миний хамар амнаас цус гарсан байсан. Би одоо болиоч дээ гээд босоод зугтаагаад гэрийн хаалгаар гарсан чинь орцны шатны хажууд нэг эмэгтэй зогсож байхаар нь намайг нөхөр зодоод байна гэж хэлсэн. Тэр эмэгтэй манай гэрт ор гээд гэртээ оруулаад цагдаад дуудлага өгч байхад нь нойлын өрөө ороод нүүр гараа угаасан. Удалгүй цагдаа нар ирэхээр нь болсон асуудлыг тайлбарлаж өгсөн. Цагдаа нөхрийг авч яваад та одоо гэртээ орж болно гэж хэлсэн. Би гэртээ орсон. Гэртээ ороод толгой маш өвдөөд баруун нүд хавдсан амьсгалж болохгүй байхаар нь эмнэлэг дуудаад гэмтийн эмнэлэгт очиж үзүүлэхэд толгойн болон цээжний зураг авхуулж нарийвчилсан шинжилгээ өгөөрэй гээд эм бичиж, мөн нүдний эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би 240,000 төгрөгөөр толгойн зураг авхуулсан чинь баруун нүдний ухархай хугарсан байна, хавирга хугарсан байна гэж хэлсэн. Мөн нүдний эмнэлэгт яаралтай үзүүлээрэй гэж хэлсэн. Нөхөр намайг цохиж зодох үед манай хоёр хүүхэд өрөөндөө унтаж байсан, өрөөнөөсөө бол гарч ирээгүй, цохиж зодсон талаар бол мэдээгүй, гэрт өөр хүн бол байгаагүй. Манай нөхөр эрүүл байсан. ...Энэ өдрөөс хойш би нөхөртэй хамт амьдрахгүй төрсөн ахындаа амьдарч байгаа. ...шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, миний биед учирсан гэмтлийг манай нөхөр цохиж зодож учруулсан. ...2018 онд Баянхошуунд хашаа байшин амьдарч байх үед нөхөр бага зэрэг халамцуу байхдаа гараа толгойн бие орчимд 3-4 цохиж зодож байсан. Тухайн үед бол цагдаад хандаж байгаагүй. ...Манай нөхөр их хартай, байнга харддаг. ...Хаяа нэг архи дарс уухаар хэл амаар доромжлоод байдаг, эдийн засаг болон бэлгийн хүчирхийлэл үйлддэг зүйл байхгүй. ...Гомдолтой байна. Би толгойн зураг авхуулахад 240,000 төгрөг, тос эм тарианд 100,000 орчим мянган төгрөг зарцуулсан юм. Мөн бие өвдөөд ажлаа хийж чадаагүй 9 хоногийн цалингаа нөхрөөсөө гаргуулж авмаар байна. Би сард 1,300,000 төгрөгийн цалин авдаг юм. Өдрийн 50,000 төгрөгийн цалинтай юм. Тэгэхээр 700,000 төгрөгийг би нэхэмжилж байна. ...Нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

            Хохирогчоор 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн мэдүүлэгт: “...Хохирлын мөнгө болох 700,000 төгрөгөө авчихвал гомдол саналгүй. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),

3. Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгт:

“...Хан-Уул дүүргийн .хороо, . . тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой 22 цаг өнгөрч  хогоо асгаад буцаад гэртээ орох гэж байсан чинь 36 тоотын хаалга онгойгоод нүүр ам цус болсон хөл нүцгэн эмэгтэй /гадуур хувцасгүй, өмд цамцтай байсан / гарч ирээд шат руу гүйснээ над руу эргэж харснаа манай нөхөр намайг зодоод байна цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би дагуулаад гэртээ орсон. Өөрийн  дугаарын утсаар 102 дугаар дуудлага өгсөн. Намайг дуудлага өгч байх үед тэр эмэгтэй манай нойлын өрөөнд ороод нүүрээ угаасан. Нүүрээ угаагаад гарч ирэх үед хоёр цагдаа ирээд болсон асуудлыг тэр эмэгтэйгээс асуугаад гэрт нь ороод нөхрийг дагуулаад явсан. Тэр эмэгтэй гэртээ орсон. ...Манай гэр 6 давхарт байдаг бөгөөд лифтэнд олон удаа таарч байсан. Манай хөрш айлын эмэгтэй байгаа юм. Гэхдээ энэ эмэгтэйтэй юм ярьж харилцаж үзээгүй тухайн үед л тусалсан юм. Миний харснаар тэр эмэгтэй хар өнгийн цамцтай, хар өнгийн трико, даашинзтай байсан. ...Архи хэрэглэсэн байсан эсэхийг анзаараагүй, цус нөж болтлоо зодуулсан байсан, надтай бол зүгээр эрүүл хүн шиг л юм ярьж байсан. Би энэ эмэгтэй хүнтэй метрийн зайнаас л ярилцсан. Илт согтуу зүйл бол анзаарагдаагүй. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

 

            4. Шүүгдэгч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажил дээрээ байхад 15 цагийн үед эхнэр Н утсаар яриад би амралтын газар байна гэхээр нь би орой ажлаа тараад очоод авъя гэж хэлсэн. Ажил тараад 16 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд бага хүү А гэртээ ганцаараа байсан. Цайгаа уучхаад хүүгээ дагуулаад эхнэрийн байгаа амралт болох ... . амралтын газарт 17 цаг өнгөрч байхад очсон. Хүүгийн хамт цасан дээр тоглоод байж байсан чинь эхнэр гарч ирээд манай ажлынхан ороод ир гээд байна гэхээр нь би хүүгээ тоглуулж байгаад араас чинь яваад оръё гэж хэлсэн. Би хүүгээ тоглуулж байгаад 19 цагийн үед гэрт ороход эхнэрийн хамт ажилладаг хүмүүс байсан. Танилцаад хоол цай идэж уугаад архи хийж өгөхөөр нь би машинтай явж байгаа гээд уугаагүй. Удаагүй эхнэр хүүхдийн хамт 21 цаг өнгөрч байхад гэртээ харихаар явсан. Байрны гадаа ирээд эхнэрийг би дэлгүүр ороод нэг пиво авчих гэж хэлээд гэртээ ороход том хүү Ё ирсэн байсан. Удалгүй эхнэр араас 2,5 литрийн . пиво аваад ирсэн. Хоол цайгаа идэж уугаад хоёр хүүхэд унтах гээд өрөөндөө орсон. Эхнэр нойлын өрөө ороод гарч ирэхгүй байхаар нь араас нь ороход бага зэрэг эвгүй үнэр үнэртээд байхаар нь би эхнэртэй маргалдсан. Би буйдан дээр очиж суугаад пивоноос уугаад уурандаа баруун гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохиод, нэг удаа алгадсан чинь буйдан даваад унасан. Эхнэр уурлаад гэрээс гараад явсан. Удалгүй цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. Маргаан болсныг хүүхдүүд хараагүй унтаж байсан. Хоёр аяга пиво уусан бараг эрүүл байсан. Манай эхнэр дунд зэргийн согтолттой байсан. ...Хардаад ийм зүйл хийсэн. Миний буруу. ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, миний буруу би уучлалт гуйж байна. Би хохирлыг төлж барагдуулах болно. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1863 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд тархмал хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, зовхины завсар тагларсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн нүдний зовхины дотор буланд 3.5х1.5 см, духанд 1.5х1.2 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, тэмтрэхэд эмзэглэлтэй, цээжний баруун дээд хэсэгт 3.0х2.0 см, 1.2х1.5 см, зүүн мөрний гадна хэсэгт 4.0х3.0 см, булганы дотор хэсэгт 3.5х3.0 см, бүсэлхийн баруун хажуу хэсэгт 6.0х4.0 см хөхөлбөр өнгийн цус хуралттай.

Лазер мед эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн толгойн тодосгогч бодисгүй КТГ-н шинжилгээнд ...Баруун нүдний дотор хана этмойд хөндий рүү 2.1 см өргөн хэсэгт 0.6см хүртэл гүн цөмөрсөн хугаралтай. Баруун талын хоншоорын хөндий болон зүүн духны хөндийд бага зэргийн цустай. /дүгнэлт бичсэн эмч Б.Урантогос/

Лазер мед эмнэлгийн 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн цээжний хөндийн тодосгогч бодисгүй КТГ-н шинжилгээнд: ...Баруун тал III хавирга суганы арын шугамаар зөрөөгүй. /дүгнэлт бичсэн эмч Б.Урантогос/

1.Л.Нгийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун 3 дугаар хавирганы хугарал, дух, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, цээж, зүүн мөр, бугалга, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг хоногийн дотор байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /шинжээч эмч О.Болороо/  ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал), уг дүгнэлтэд хавсаргагдсан “Лазер мед” эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн компьютерт томографын шинжилгээ, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэвлийн хэт авиа оношилгоонд орсон шинжилгээний баримтууд (хавтаст хэргийн 32-35 дахь тал),

6. Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Ж.Довдондоржийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 23:24:08 цагт хийсэн Аюулын зэргийн үнэлгээ, уг үнэлгээнд  “Бага” нийлбэр оноо 3, холбогдогч удаа дараа хохирогчид гар хүрч зоддог гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39 дэх тал),

7. Нийгмийн ажилтны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийсэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээнд “Т.Э эхнэр Л.Нг байнгын сэтгэл санааны дарамтад байлгаж харддаг. Байнга хэрүүл хийж зоддог. Хамт амьдраад 7 жил болсон. Түүнээс хойш олон удаа гар хүрч зоддог байсан. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ агсан тавьдаг. Цаашид салах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авах шаардлагатай. ...” гэсэн дүгнэлт бүхий хэсэг (хавтаст хэргийн 52-55 дахь тал),

            8. Хохирогчийн хор уршгийн зардал нэхэмжилсэн Лазер мед эмнэлгийн шинжилгээний төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 36 дахь тал),

            9. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх яллагдагчийн прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 79 дэх тал), прокурорын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаар тогтоол, яллагдагчид танилцуулсан ялын санал (хавтаст хэргийн 81-84 дэх тал),

            10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

            Гэрч Т.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгт:

            “Э миний хамгийн бага дүү байгаа юм. Эхнэр Нгийн хамт амьдардаг юм. Н, Э хоёр 2015 оноос хойш одоог хүртэл салж нийлээд амьдарч байгаа. Н нь урд нөхрийнхөө хүүхдийн хамт Этай хамтран амьдарч байгаа юм. Ерөнхийдөө нэг гэрт амьдраад 3 жил болж байгаа. Э нь АПУ ХХК-ийн хамгаалалтын албанд ажилладаг юм. Миний сонссоноор энэ хоёр хоорондоо маргалдаад эхнэр нь дагавар хүүхдээ аваад тусдаа амьдарч байгаа гэсэн. Э, Н хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, одоо 7 настай. ...Э урьд хэрэг зөрчилд холбогдож байсан удаа байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

            -Т.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал), Т.Э, Л.Н нарын гэрлэлтийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), Эын А-ий төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 50 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай. Мөн хохирогчийн нэхэмжилсэн 700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна ”гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтуурсан үедээ  Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт Ухаа 2” хорооллын 1051 дүгээр байрны 36 тоот гэртээ эхнэр Л.Нг “нойлын өрөөнд бие засаж байхад нь чамаас  эвгүй үнэр үнэртэж байна” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар бусадтай хардаж, нүүр цээж хэсэгт нь 5-6 удаа гараараа цохих, цээжин тус газар нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь “баруун нүдний ухархай дотор хананы хугарал, баруун 3 дугаар хавирганы хугарал, дух, баруун, зүүн, зовхи, хамрын нуруу, цээж зүүн мөр, бугалга бүсэлхийд цус хуралт бүхий“хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Л.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 72 дахь тал),

-Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

үүгдэгч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1863 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дахь тал), “Лазер мед” эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн компьютерт томографийн шинжилгээ, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэвлийн хэт авиа оношилгооны баримтууд (хавтаст хэргийн 32-35 дахь тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 39 дэх тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 52-55 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Эын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Л.Нгийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно. Шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж бусад баримтаар нотлогдон тогтоогдсон болно.

Шүүгдэгч Т.Э нь эхнэр Л.Нг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан байх тул  дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн тухай: Хохирогч Л.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба  Л.Н нь 9 хоногийн цалин хөлс 450.000 төгрөг, шинжилгээний төлбөр 240.000 төгрөг, эм тарианы зардал 100.000 төгрөг, нийт 700.000 төгрөг нэхэмжилж, 240.000 төгрөгийн баримт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Т.Э нөхөн төлөхөө илэрхийлсэн тул тус мөнгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Этай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Т.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Иймд шүүгдэгч Т.Эыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг буюу сар бүр 950.000 төгрөгийн цалин хөлстэй, түүнээс зээл, хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөр төлдөг зэргийг нь харгалзан оногдуулсан ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Эт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Т-ын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүгдэгч Т.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Э энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эаас 700.000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Нд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Эт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.АЛТАНТУЯА