Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 187/2022/0187/Э |
Дугаар | 2022/ШЦТ/167 |
Огноо | 2022-03-11 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/167
2022 03 11 2022/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжин хөтлөн,
улсын яллагч Л.Төгсжаргал,
шүүгдэгч А.Я нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А-гийн Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210 00000 0235 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт А-гийн Я нь Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хойд эцэг, охины хамтаар Хан-Уул дүүргийн хороо, оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн . хороо, .тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
А.Я нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи авч, уух” зорилгоор Хан-Уул дүүргийн . хороо, . тоотын хаалга онгорхой байгааг хараад, тус орон сууцанд нэвтэрч, “BSB” брэндийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, С.Бд 192,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Я мэдүүлэхдээ: Би найзтайгаа уулзах гэж гэрээсээ гарсан. Очиж 0.75 литрийн архи ууж, нэлээн согтоод гэрээс нь гарч явсан. Гарч яваад нэг ахтай таарч гэрт нь очиж гурвуулаа архи уусан. Дахиад дэлгүүрээс архи авч уугаад гэрээс нь гарч явсан. Тэгээд согтуудаа Бгийн гэрт орж зурагтыг нь аваад гарсан. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Бг урьд нь хальт таньдаг байсан. Манай гэр их хол байдаг учраас Бгийн гэрт хонох гэж орчхоод архины халуундаа зурагтыг нь аваад гарсан байсан гэв.
Эрүүгийн 2210000000235 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хохирогч С.Бгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-9 дэх тал),
3. Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:
Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 7 дугаар байрны 0 тоотод өөрийн 3 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний газарт зам талбайн үйлчлэгчээр ажилладаг юм. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажлаасаа 20 цагийн орчимд гэртээ ирээд хоолоо хийж идчихээд унтаж амарсан. Маргааш өглөө нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 цагийн орчимд ирээд гэрийнхээ хойд өрөөнд ортол миний 2019 онд Хархорин гэх нэртэй худалдааны төвөөс худалдаж авч байсан ВSВ брэндийн 40 инчийн ЛСД өнгөт зурагт хулгайд алдагдсан байсан. Би гэрийнхээ хаалгыг хартал онгорхой түгжээгүй, хөшиж онгойлгосон байдалтай байхаар нь би гадаа гараад эргэн тойрноо хартал сэжигтэй хүн харагдаагүй. Улмаар өглөө нь эрт зам цэвэрлэх ажилдаа явдаг учраас Цагдаагийн байгууллагад хандалгүй ажлаа дуусгачхаад Цагдаагийн байгууллагад хандаж байна. Би өөрийн эзэмшлийн ВSВ брэндийн 40 инчийн ЛСД өнгөт зурагтыг 2019 онд Хар хорин гэх нэртэй худалдааны төвөөс 500.000 таван зуун мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Улмаар тухайн зурагтыг ашиглахгүй байлгаж байгаад 2021 оноос ашиглаж эхэлсэн. Тухайн зурагт нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай бүрэн бүтэн зурагт байсан. Нарийн содон шинж тэмдгийн талаар нь мэдэхгүй байна. Тухайн зурагт нь хэвийн ажиллагаатай бүрэн бүтэн зурагт байсан учраас би анх худалдаж авч байсан үнэ болох 500.000 таван зуун мянган төгрөгөөр одоо үнэлж байна. ...Хэрэг учрал болох үед би гэртээ хүүхэдтэйгээ байсан бөгөөд манай хүүхэд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 00 цагийн орчимд найз нартайгаа уулзах гээд гэрээсээ гарч явсан байсан. Харин гэрийн гадна талын хаалганд хөшиж онгойлгосон гэхээр гажилт үүссэн байхыг би анзаарсан. Хэрэг учрал болох үед би гэртээ ганцаараа унтаж байсан бөгөөд хүн орж гарч байхыг анзаарч мэдээгүй. ...Манай гэрээс дээрх мэдүүлэгт тусгуулсан эд зүйлээс өөр эд зүйл хулгайд алдагдаагүй. ...Надад одоогийн байдлаар сэжиглэж байгаа хүн алга байна. ...Би өөрийн хулгайд алдсан эд зүйлээ олж авах хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл алга байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн:
Би тус байрны подволын өрөөг түрээслэн амьдардаг. Би урд талд байрлах өрөөнд би ганцаараа амьдардаг. Нөгөө талд байрлах өрөөнд манай хүү Б амьдардаг. Намайг өрөөндөө унтаж байхад манай хүү Бийг эзгүй, байхгүй хойгуур өрөөнд нь байсан зурагт алга болсон байдалтай зурагтын залгуурууд салгаатай зурагт нь байхгүй байсныг маргааш өглөө нь 2022 оны 02 дугаар сарын 09-ны өглөө мэдээд цагдаагийн газарт бичгээр хэрэг учралын талаар мэдэгдсэн. Би унтахдаа хаалгаа дотор талаас нь цоожлоод унтсан, харин манай хүү Бийн өрөө нь ямар нэгэн цоожгүй, харин гаднаас орж ирэх коридорыг модон хүрэн өнгийн хаалга далд цоожтой тухайн өдөр би цоожлоогүй байсан. Манай гэр рүү ордог коридорын хүрэн өнгийн модон хаалга нь нууц цоожтой, цоожинд ямар нэгэн эвдрэлгүй, харин гадна хавтан нь хуучин эвдэрч байсан. Тухайн өдөр тус хүрэн өнгийн модон хаалгыг цоожлоогүй онгорхой байхад хулгайч орж ирээд зурагт аваад явсан байна. Би А.Я гэх хүнийг сайн танихгүй, зүс мэддэг гудамжинд тааралдахаараа мэнд мэдээд өнгөрдөг байсан. Би гэрээсээ алдсан зурагтаа буцааж авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
4. Яллагдагч А.Ягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Прокурорын тогтоолтой уншиж танилцсан, хүлээн зөвшөөрөхгүй. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах угсармал саарал өнгийн 5 давхар байшингийн подвол руу ороход хүрэн өнгийн модон хаалга онгорхой байсан. Хаалгаар ороод үүд хэсэгт байсан хар өнгийн ЛСД зурагт байхаар нь залгуураар нь салган аваад тус байрны араар тэврэн явж байгаад баригдан цагдаагийн байгууллагад шалгагдах болсон. Би урд өмнө угсармал саарал өнгийн 5 давхар байрны 6 дугаар орцны подволд очиж байсан. Подволд зурагтын эзэн гэх Б гэх эмэгтэй 2 том хүүхэдтэйгээ амьдардаг. Саяхан том хүү нь цэрэгт явсан, харин бага хүү нь одоогийн ээж Бгийн хамт амьдарч байгаа. Би урд өмнө 6 дугаар подволд очиж Б гэх хүнтэй хамт архи ууж байсан тул хэрэг гардаг өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бгийн гэрт ороод хоночихъё гэж бодоод ороход хүн харагдахгүй байсан, мөн зурагт байхаар нь би зурагтыг нь залгуураар нь салгаж тэврээд явсан юм. Би С.Б гэх хүнийг хот тохижуулахад ажилдаг гэхээс өөр зүйл мэдэхгүй мөн урд нь нэг удаа хамт архи согтууруулах ундаа хуваан ууж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль бус үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),
5. “Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “BSB” маркийн 40 инчийн LCD өнгөт зурагтыг 192,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
6. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “BSB” маркийн 40 инчийн LCD өнгөт зурагтыг А.Ягээс түр хураан авсан, С.Бд зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 25, 26 дахь тал),
7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Гэрч Д.Игийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2 хүүхэдтэй, А.Я миний бага хүү юм. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд 2004 онд 8 настай нэгдүгээр ангид элсэн ороод 2014 онд бүрэн дунд боловсрол эзэмшээд хувиараа гадуур ажил хийж байсан. 2019 онд Э гэх охинтой хамт амьдарч дундаасаа охинтой болсон гэтэл Э нь манай хүү А.Яг орхиод өөр хүнтэй хамт амьдрах болсон. Би А.Я болон охин нь болох Азжаргалын хамт амьдарч байна. Миний бага хүү А Я нь урд өмнө хэрэгт холбогдож байгаагүй. ...Миний хүү А.Я нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ айлын зурагт хулгай хийсэн гэж өөрөө надад хэлсэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
-А.Ягийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 27 дахь тал), нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Я нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи авч, уух” зорилгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байрны 6 дугаар орцны 0 тоотын хаалга онгорхой байгааг хараад, тус орон сууцанд нэвтэрч, “BSB” брэндийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, С.Бд 192,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч А.Я нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ “архи авч, уух” зорилгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байрны 6 дугаар орцны 0 тоотын хаалга онгорхой байхад тус орон сууцанд нэвтэрч С.Бгийн эзэмшлийн “BSB” брэндийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,192,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь
-хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 14 дэх тал),
-шүүгдэгч А.Ягийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь дахь тал),
-“Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн “BSB” маркийн 40 инчийн LCD өнгөт зурагтыг 192,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 21-22 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Түүнчлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч А.Я нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Мөн хүний орон байрны халдашгүй байх эрх нь хуулиар хамгаалагдсан ба хохирогчийн гэрийн хаалга онгорхой, цоожтой байхаас үл хамаарч зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрч байгаа үйлдлийг хууль бус нэвтрэлтэд тооцох тул шүүгдэгч А.Яг “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар: “Дамно” ХХК нь хохирогч С.Бгийн хулгайд алдагдсан зурагтын үнийг 192,000 төгрөгөөр тогтоосон байх ба, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “BSB” маркийн 40 инчийн LCD өнгөт зурагтыг түр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 25, 26 дахь тал)-д хохирогчийн алдсан эд зүйлийг буцаан хүлээлгэж өгчээ. Иймд шүүгдэгч А.Я нь хохирогч С.Бд төлөх төлбөргүй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж өөрийгөө өмгөөлөн дүгнэлт гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч А.Я нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгүүлж байгаагүй байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан гэм хорыг арилгасныг” хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Шүүгдэгч А.Я нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцүүлэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
III. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Я цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-гийн Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Яг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Яг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.Бд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Яд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар болон улсын яллагч дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.Яд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА