Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 121

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгион,

шүүгдэгч: П.Амартүвшин, Э.Өлзийбат, тэдний өмгөөлөгч Х.Баатарбилэг /2156/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар сүрэгт овогт Пүрэвдоржийн Амартүвшин, Боржигон овогт Энхбатын Өлзийбат нарт холбогдох эрүүгийн 2016 2602 1652 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл
аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой,
мэргэжилгүй, “Очир жин” ХХК-д механик ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт  Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит, 3 дугаар баг, 11 дүгээр гудамж, 6 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчний 27 дугаар гудамж, 06 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар РЙ 89120915, Хар сүрэгт овогт Пүрэвдоржийн Амартүвшин,

 

Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Очир жин” ХХК-ийн өргөлт, тээвэрлэлтийн хэсэгт инженер ажилтай, ам бүл 3, Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит, 3 дугаар баг, Найрамдал 12 дугаар байр, 05 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 107 дугаар байр, 186 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФБ 89042817, Боржигон овогт Энхбатын Өлзийбат.

 

Шүүгдэгч П.Амартүвшин нь Э.Өлзийбаттай бүлэглэн 2016 оны 6 дугаар
сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүрэг, 11 дүгээр
хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” хотхоны 78 дугаар байр, 0 дугаар орцны 6
дугаар давхрын 2 ширхэг, 5 дугаар давхрын 2 ширхэг, 4 дүгээр давхрын 1 ширхэг лифтний дуудлага төмрийг хулгайлж, 2 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Өлзийбат нь П.Амартүвшинтэй бүлэглэн 2016 оны 6 дугаар
сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүрэг, 11 дүгээр
хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир" хотхоны 78 дугаар байр, 0 дугаар орцны 6 дугаар давхрын 2 ширхэг, 5 дугаар давхарын 2 ширхэг, 4 дүгээр давхарын 1 ширхэг лифтний дуудлага төмрийг хулгайлж 2 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-П.Амартүвшин мэдүүлэхдээ:

“Би 2016 оны 6 дугаар сарын 02-ны орой 21 цагт ажлаа тараад Э.Өлзийбаттай хамт 0.75 литрийн 2 шил архи уусан. Хамт архи ууж байхад тэр мөнгөний хэрэгцээ байна гэж надад хэлж байсан. Тэгээд “Очир” хотхоны 78 дугаар байранд очсон. Лифтний дуудлага төмрийг Э.Өлзийбат тайлж авсан, би хажууд нь зогсож байсан. Тухайн үед би маш их согтолттой байсан учир хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Би цагдаагийн газар ирснээ санаж байна. Тэгээд маргааш өглөө нь тэнд сэрсэн. Лифтний 4 ширхэг дуудлага төмөр миний биеэс гарч ирсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хойшид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Хөнгөн ял оногдуулна уу” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Өлзийбат мэдүүлэхдээ:

“2016 оны 6 дугаар сарын 02-ны орой 21 цагт П.Амартүвшинтэй хамт Модны 2-т 2 шил архи уусан. Тэгээд цаашаа архи олж уухаар Гандан руу явсан. “Очир” хотхоны байр орсон байсан. Тэр байрнаас лифтний 5 дуудлага төмөр аваад тэндээс гарах гэж байтал орцны жижүүр ах зогс гэж хэлэхэд би зугтсан. Тэр хүн П.Амартүвшинг бариад авсан байсан. Би яах гэж лифтний дуудлага төмөр авснаа мэдэхгүй байна, нэг мэдэхэд татаад авсан байсан. Энэ  хэргийг хийх санаа тухайн үед гэнэт төрсөн байх. Хэн отвёртка барьж байсан талаар ч сайн санахгүй байна. Тэр үед би их согтолттой байсан тул үйлдлээ сайн санахгүй байна. Хохирогчид лифтний дуудлага төмрийг хүлээлгэж өгч, хохиролгүй болгосон. Найз П.Амартүвшингээ хэрэгт татан оролцуулсан буруугаа ойлгож, гэмшиж байна. Хойшдоо энэ алдаагаа засч, зөв амьдрана. Согтуу байснаас хэрэг үйлдэж, амьдралдаа хар толбо үлдээж байгаадаа харамсаж байна. Хөнгөн ял оногдуулна уу” гэв.

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Одончимэг мэдүүлэхдээ:

 Би Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Очир хотхон" СӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаал дээр 2015 оны 12 дугаар сараас хойш ажиллаж байгаа юм. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 01 цагийн үед манай “Очир” хотхоны 78 дугаар байрны 0 дугаар орцонд үл таних 2 эрэгтэй хүн орж, 5 ширхэг дуудлага төмөр хулгайлсан байсан. Хулгайд алдагдсан лифтний 5 ширхэг дуудлага төмрийг бүрэн бүтнээр нь хүлээн авч, ямар нэг үнэ төлбөргүйгээр засуулан, одоо ашиглаж байгаа. Одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 16, 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Сандагдорж мэдүүлэхдээ:

Би 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагаас 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг хүртэл Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Очир хотхонд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад би хяналтын камераа хараад байж байтал “Очир” хотхоны 0 дугаар орц руу үл таних 2 эрэгтэй хүн хаалганых нь кодыг хийгээд орсон. Би тухайн үед кодоо мэдэж орж байхыг бодоход оршин суугч юм уу, эсвэл айл руу орох гэж байгаа хүмүүс л байх гэж бодсон. 30 орчим минутын дараа дахин хяналтын камераа харахад 0 дугаар орцны 4 дүгээр давхарт дээгүүрээ цэнхэр өнгийн цамц өмссөн эрэгтэй хүн лифтний дуудлага төмрийг нэг юмаар хөшөөд байх шиг байхаар нь 0 дугаар орцны үүдэнд очоод хүлээгээд зогсож байтал орцноос үл таних 2 эрэгтэй хүн гарч ирсэн. Тэгээд би өөдөөс нь гараа алдалж зогсоод “хөөе, наадхаа тавь” гэж хэлэхэд дээгүүрээ цэнхэр өнгийн цамц өмссөн дунд зэргийн махлагдуу, бордуу царайтай залуу ногоон иштэй отвёрк барьчихсан миний өөдөөс сарвалзуулаад “ална шүү” гэж хэлээд зүгээр урагшаа зугтаачихсан. Харин түүнтэй хамт явж байсан дээгүүрээ цагаан сааралдуу өнгийн хувцас өмссөн залуу зугтаах гэж оролдохоор нь би араас нь хөөгөөд газарт дарж унагаагаад цагдаа ирэхийг хүлээсэн” гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. (хэргийн 8-11 дүгээр хуудас)

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож
хэрэгт хавсаргах тогтоол. (хэргийн 12, 13 дугаар хуудас)

 

Эд зүйлийн үнэлгээнд: “...5 ширхэг дуудлага төмөр нийт 2 000 000 төгрөг” гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

П.Амартүвшин ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Өлзийбат ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч П.Амартүвшин, Э.Өлзийбат нар нь бүлэглэж 2016 оны 6 дугаар
сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” хотхоны 78 дугаар байр, 0 дугаар орцны 6 дугаар давхрын 2, 5 дугаар давхрын 2, 4 дүгээр давхрын 1, нийт 5 ширхэг лифтний дуудлага төмрийг хулгайлж, “Очир хотхон" сууц өмчлөгчдийн холбоонд 2 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулахыг завдсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад өгсөн хохирогч Т.Одончимэг, гэрч Т.Сандагдорж нарын мэдүүлэг, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мөнгөлөг саарал өнгөтэй, урд талдаа дэлгэц болон дуудлагын 2 ширхэг товчтой лифтний 4 ширхэг, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр  мөнгөлөг саарал өнгөтэй, урд талдаа дэлгэц болон дуудлагын 2 ширхэг товчтой лифтний 1 ширхэг, нийт 5 ширхэг дуудлага төмөр хохирогч Т.Одончимэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Улсын яллагч нь шүүгдэгч нарыг бүлэглэн “Очир” хотхоны 78 дугаар байр, 0 дугаар орцны 5 ширхэг лифтний дуудлага төмрийг хулгайлж, бусдад 2 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу сууц өмчлөгчдийн холбооны жижүүрт баригдсанаар тэдний үйлдэл таслан зогсоогдож, хулгайлсан эд зүйлийг өөрсдийн үзэмжээр захиран зарцуулах боломжгүй болж, гэмт хэрэг туйлдаа хүрээгүй үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч нар гэмт үйлдлээ бүрэн хийгээгүйгээ ойлгож байх тул тэдний үйлдлийг нь төгсөөгүй завдалт гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлах нь хэргийн жинхэнэ байдалтай тохирох болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь бүрэн шалгажээ. 

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, 5 ширхэг лифтний дуудлага төмрийг хохирогч байгууллагад хүлээлгэн өгч, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов. 

Шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч гомдолгүй байгаа зэрэг байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзав.