Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 308

 

МАГАДЛАЛ

 

2017.01.27                                                  Дугаар 308                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Э.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05559 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тайгам алтай” ХХК-д холбогдох,

 

34 612 500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 3 750 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Болор-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Тайгам Алтай” ХХК-тай гэрээ байгуулсан. 2014 оны 7 дугаар сарын 03-нд 12 000 000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 13 000 000 төгрөгийг дансаар, нийт 25 000 000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Хариуцагч тал 2015 оны 2 дугаар улиралд байрыг ашиглалтанд өгч, түлхүүрийг өгнө гэсэн тул нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын       01-ний өдрөөс “Төрийн банк”-нд эдийн засагчаар ажиллахаар болж Төв аймгаас хот руу орж ирсэн. Гэвч хариуцагч байрыг тохирсон хугацаанд ашиглалтанд оруулаагүй, удаа дараа шаардахад ямар ч арга хэмжээ аваагүй тул 2015 оны 8 дугаар сарын 22-нд “Тайгам алтай” ХХК-тай уулзаж өргөдлөө гаргасан. 2016 оны 5 дугаар сарын 20-нд өөрийн биеэр очиж уулзсан. Энэ үед байр мөн л ашиглалтанд ороогүй байсан. Хариуцагч миний хүсэлт, өргөдөлд “...та гэрээнээс татгалзсан учир манайх торгуулиа суутгаад үлдсэн мөнгийг өгнө” гэж бичгээр хариу өгсөн. Би гэрээний үүргээ зөрчөөгүй учраас торгууль төлөх ямар ч үндэс байхгүй. Иймд хариуцагчаас гэрээний дагуу урьдчилж төлсөн 25 000 000 төгрөг, гэрээний 3.3-т заасан заалтын дагуу алданги 912 500 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын   01-нээс 2016 оны 5 дугаар сарын 01-ныг хүртэл бусдаас байр түрээслэн амьдарсан            4 800 000 төгрөг /1 сарын 400 000 төгрөг х 12 сар/, өөрийн 25 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаанд /2015 оны 8 дугаар сараас 2016 оны 8 дугаар хүртэл/ дурын банкинд хадгалуулсан бол олох байсан орлого 3 900 000 төгрөг, нийт 34 612 500 төгрөгийг нэхэмжилж байна. Банкны хүүгийн хувьд би өөрөө “Төрийн банк”-ны эдийн засагчаар ажилладаг бөгөөд 1 жилийн хүүг 15.6 хувиар тооцсон гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид нэхэмжлэгчтэй “орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулж, урьдчилгаа төлбөрт           25 000 000 төгрөг авсан болон эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс шалтгаалж гэрээний дагуу нэхэмжлэгчийн захиалсан байрыг хугацаа алдаж ашиглалтанд оруулсан нь үнэн. Гэхдээ бид уг байрыг ашиглалтанд оруулсан хойно нэхэмжлэгч өөрөө гэрээнээс татгалзаж, байрыг авахгүй гэсэн. Ийнхүү нэхэмжлэгч өөрөө гэрээнээс татгалзаж байгаа тул бидний байгуулсан “орон сууц захиалгаар барих гэрээ”-ний 2.10-т заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн үнийн дүнгээс 15 хувийн суутгал хийн, үлдсэн мөнгийг нь буцаан төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрөө гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээний дагуу алданги болон олох ёстой байсан орлого, хохирол төлөхийг шаардах эрхгүй. Нэхэмжлэгч бусдаас 12 сар байр түрээслэсэн гэсэн үндэслэлээр түрээсийн төлбөрийг шаардаж байна. Гэтэл уг түрээсийн гэрээгээ 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хийсэн байгаа нь эргэлзээтэй байна. Манайхаас ямар нэг аргаар мөнгө авах гэж хуурамч гэрээ хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 55-14 тоот орон сууцыг хөлслөн сууж байсан нь бусад баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний бүртгэлийн хуульд зааснаар нэг газар 180 хоногоос дээш оршин суувал аливаа этгээд өөрийн иргэний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч ямар ч тэмдэглэл хийлгээгүй. Мөн нэхэмжлэгч 25 000 000 төгрөгийг дурын банкинд хадгалуулсан бол олох байсан орлого 3 900 000 төгрөг гэж шаардсан нь үндэслэлгүй, уг шаардлагыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.Болор-Эрдэнэ нь “Тайгам Алтай” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын    03-ны өдөр №01-126-107 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулан “Алтай” хотхоны 32 дугаар байрны 16 тоот байрыг авахаар тохирсон. Гэтэл байр ашиглалтанд орчихсон байхад байраа хүлээж авахгүй, гэрээний үүргээ зөрчиж гэрээнээс татгалзаж байгаа тул манай компанийн зүгээс тус гэрээний 2.10-т заасны дагуу төлсөн үнийн дүнгийн 15 хувь буюу 3 750 000 төгрөгийг авах нь гэрээний болоод хууль зүйн үндэслэлтэй. Иймд   Э.Болор-Эрдэнэ нь “Орон сууц захиалгаар барих гэрээ”-нээс татгалзах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан түүнээс урьдчилан төлсөн 25 000 000 төгрөгөөс тус гэрээний 2.10-т заасны дагуу 15 хувь болох 3 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу 2015 оны 2 дугаар улиралд байрыг ашиглалтанд оруулах ёстой байсан боловч бүтэн 1 жилийн дараа байр ашиглалтанд орсон. Би тэвчээртэй хүлээж, 2015 оны 8 дугаар сараас эхлээд хариуцагч талтай холбогдож, ямар нэг арга хэмжээ авахыг хүсч байсан боловч байр гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд ороогүй. Өөрөөр хэлбэл хариуцагч гэрээний үүргээ өөрөө зөрчсөн учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Тайгам алтай” ХХК-иас 25 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Болор-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 612 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч         Э.Болор-Эрдэнээс 3 750 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Тайгам алтай” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн   7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 100 төгрөг, хариуцагчаас төлсөн 74 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 65 088 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Тайгам алтай” ХХК-иас 282 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хангахгүй үндэслэлээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар Э.Болор-Эрдэнэ захиалагч нь үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй нь тогтоогдохгүй байна гэж үзсэн. Тус гэрээний 2.2-т заасны дагуу захиалагч нь байр 80 хувийн гүйцэтгэлд хүрсэн үед үлдэгдэл 57 777 500 төгрөгийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Тухайн орон сууцны барилга нь 2015 оны 11 сард 80 хувийн гүйцэтгэлд хүрсэн байсан бөгөөд энэ үеээс өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэрээгээ зөрчсөн байдаг. Мөн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2016/444 дугаартай Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын актаар тус орон сууцны барилгыг хүлээн авсан байхад өнөөдрийг хүртэл байраа хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэрээгээ зөрчиж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Э.Болор-Эрдэнэ нь гэрээгээр шилжүүлсэн 25 000 000 төгрөг болон гэрээ цуцалснаас учирсан хохирол 9 612 500 төгрөг, бүгд 34 612 500 төгрөгийг хариуцагч “Тайгам алтай” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний 2.10 дахь заалтаар 3 750 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар барих гэрээгээр хариуцагч нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 126 айлын орон сууцны 4 дүгээр давхрын 16 тоот, 42,45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнийн 30 хувь болох 25 000 000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлж, байр 80 хувийн гүйцэтгэлд хүрсэн үед үлдэх          57 777 500 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

Хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрээнээс татгалзах санал гаргасныг хариуцагч зөвшөөрсөн үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж уг гэрээнээс нэхэмжлэгч татгалзсаны дагуу, хариуцагчид нь гэрээний дагуу шилжүүлэн авсан             25 000 000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй, гэрээнээс татгалзсантай холбоотой шаардлага гаргасан тул шүүх маргааныг шийдвэрлэхдээ татгалзаж байгаа гэрээний холбогдох зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг буруутгах үндэслэлгүй болно.

Хариуцагч нь барилга 80 хувийн гүйцэтгэлд хүрхэд 57 777 500 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж гэрээний 2.10 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгчээс торгууль шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Учир нь тухайн барилгын гүйцэтгэл 80 хувьд хүрсэн хугацаа тодорхойгүй, энэ талаар захиалагчид мэдэгдээгүй, 2015 оны 11 дүгээр сард барилгын гүйцэтгэл 80 хувьд хүрсэн байсан гэх байдлыг хариуцагч нотлоогүйгээс гадна гэрээний хугацаа 2015 оны 2 дугаар улиралд дуусгавар болсон, гэрээний хугацаа сунгагдаагүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...сөрөг нэхэмжлэлийг хангах...” талаарх давж заалдсан гомдлыг хангахгүй орхин шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05559 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 74 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                             М.НАРАНЦЭЦЭГ