Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

                                              

 

 

 

 

 

 

   2022           03           17                                              2022/ШЦТ/180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нэргүйсувд хөтлөн,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Ш овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000163 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овогт Б-ын М Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, 10-14 насны хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн . хороо, . тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).

Прокуророос тогтоосон эрүүгийн хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах “.” ХХК-ийн гаднаас хохирогч Б.Агаас итгэмжлэн хариуцуулан өгсөн “Тоёота Приус 30” маркийн . улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хувьдаа завшиж, хохирогч Б.Ад 1,500,000 төгрөгийн хохирол,

-2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн байранд хохирогч Д.Маас итгэмжлэн хариуцуулан өгсөн “Тоёота Приус-30” маркийн . улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хувьдаа завшиж, хохирогч Д.Мт 900,000 төгрөгийн хохирол,

-2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буман залуус” хорооллын В1 давхрын гражаас хохирогч Б.Аийн түр хэрэглүүлэхээр итгэмжлэн хариуцуулан өгсөн . улсын дугаартай “Тоёота Приус-30” тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг өөр яндангаар сольж завшин, хохирогч Б.Ад 1,500,000 төгрөгийн хохирол учруулж бусдад үргэлжилсэн үйлдлээр нийт 3,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

I. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

            Би онлайн мөрийтэй тоглоомд орчихсон байсан. Хожигдоод нэлээд их мөнгө алдсан учраас би хүнээс мөнгө зээлээд тэрийгээ ч бас алдсан, тухайн үед алдсан мөнгөө олох гэж ийм зүйл хийсэн, хүмүүсээс өр нэхэгдээд байсан. Би Агийн машиныг хувийн ажлаа амжуулахаар түр өгөөч гэж авсан. Ажлаа амжуулаад явж байхад өр нэхэгдэж, нэлээд их дарамтлуулсан. Тэгээд би хэдэн төгрөг олж өгөх хэрэгтэй юм байна гэж бодоод фэйсбүүк ухаж байсан чинь нүүрсэн яндан авна гэсэн зар байсан. Зарын дагуу залгаад “Приүс-30” машины нүүрсэн яндан байна, хэдээр авах вэ гэхэд 300,000 төгрөгөөр авна гэсэн. “Приүс-20” машиных хэд болох вэ гэхэд 1,800,000 төгрөг болдог гэж байсан. Би өөрийнхөө машины нүүрсэн янданг зараад өрнөөсөө хасъя гэж бодтол миний машины нүүрсэн яндан байхгүй байсан. Тэгээд би өөрийн унаж явсан машины нүүрсэн янданг зарах гээд машинд ямар нэгэн эвдрэл, гэмтэл гарах уу гэж асуухад нүүрсэн яндан авдаг хүмүүс машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарахгүй, Монголоор дүүрэн нүүрсэн яндангүй машин зөндөө байна, ямар ч асуудал гарахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би оронд нь яндан тавьж өгдөг юм уу гэхэд энгийн яндан тавьж өгдөг, асуудалгүй гэхээр нь зарсан. Мын машиныг ажлаа амжуулах гэж авсан. Тухайн үед миний машины номер гардаггүй өдөр байсан. Тэгээд үдээс хойш нь ажлаа амжуулж дуусаад машиныг нь аваачиж өгье гээд явж байхад надад 3-4 дуудлагаас өр нэхэж ярьсан. Тэгээд фэйсбүүкээс харж байгаад арай өөр хүмүүс рүү залгаад “нүүрсэн яндан байна, машинд эвдрэл гэмтэл гарахгүй биз дээ гэхэд “зүгээрээ яах ч үгүй” 300,000 төгрөгөөр авч байгаа гэхээр нь Мын нүүрсэн янданг зарсан. Хамгийн сүүлд А-ийн машиныг авч яваад хувийн ажлаа амжуулчхаад нүүрсэн яндан авдаг хүмүүстэй холбогдож зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрийтэй тоглоом ийм аюултай байдаг юм байна. Би алдсан мөнгөө эргүүлээд авъя гэж бодоод тоглоод байсан. Би маш их зүйл алдсан. Би хүмүүсийн итгэлийг алдсан. Би өөрөө хүнд байдалд орчхоод ахдаа, аавдаа үнэнээ хэлж хохирлыг нь барагдуулсан. Анхнаасаа үнэнээ хэлсэн бол ийм зүйл болохгүй байсан. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

II. Эрүүгийн 2205000000163 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Нэг. Б.Агийн хөрөнгийг завшсан гэмт хэргийн нотлох баримтууд.

1.1 Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ирсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 39 минутад хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Б.Агийн бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал),

1.2 Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:

2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр манай ажлын залуу М нь машинаа түр хэрэглүүлээч 19-ийн үйлчилгээний төв орчхоод ирье гээд, би зөвшөөрөөд машины түлхүүрээ өгөөд миний эзэмшлийн . улсын дугаартай автомашиныг Баянгол дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах “.” ХХК-ийн гаднаас авсан. 2021 оны 12 дугаар сарын 14-ны 11 цагийн орчимд М . дугаарын утаснаас миний . дугаарын утас руу залгаад машины чинь бичиг баримт хаана байгаа юм гээд асуусан. Би яах гэж байгаа юм гэхэд офицер дээр цагдаа зогсоочихлоо, машины бичиг баримт чинь хэрэг болоод байна гэхээр нь би “чи 19 орно гэж хэлээ биз дээ офицер руу яах гэж явсан юм” гэхэд “Тэнгэр плаза” орох гэсэн юм гээд байсан. Би Мд машины бичиг баримт хаана байгааг хэлж өгсөн. “.” ХХК буюу манай ажил дээр 13 цагийн үед М миний машиныг авчирч өгсөн. 20 цагийн үед би машинаа жолоодоод явж байтал яндан нь дуугаргаад байхаар нь засварчин дээр очиж үзүүлтэл яндан нь солигдчихсон, миний машины яндангийн оронд өөр хуучин яндан байсан. Би Мд яндан солигдсон байна гэж хэлтэл, очиж уулзана гэж хэлээд одоог хүртэл холбоогүй байна. М гэх хүн миний машиныг авч явсан тул яндан сольсон, өөртөө нь холбогдохоор очиж уулзана гэж хэлээд ирэхгүй байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. ...М нь “.” ХХК-д оператораар 3 жил ажиллаж байгаа. Би Мтай хамт 3 жил ажиллаж байна. 2021 онд Монгол Улсад орж ирсэн, 2012 онд үйлдвэрлэгдсэн “Тоёота приус 30” маркийн автомашины нүүрсэн яндан байсан. Би яндангийнхаа содон шинж тэмдгийн талаар мэдэхгүй. М өмнө нь миний эд зүйлийг авч байсан зүйл байхгүй. Би хохирлын төлбөрийг М-ын ээж Эгаас авсан тул надад гомдол санал байхгүй. Хохирлоо бүрэн авсан тул гомдол санал байхгүй. Би шүүх хуралд суухгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

            1.3 Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:

            Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлын газрын хүн болох Агийн приус 30 маркийн . улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажил явдал гарчихлаа түр хэрэглүүлээч гэж худлаа хэлээд цайз 16 дээр байдаг техникийн зах дээр очоод приус 30 маркийн . улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 300,000 төгрөгөөр зарсан. Би хэнд зарснаа мэдэхгүй санахгүй байна. ...Би онлайн мөрийтэй тоглоом тоглоод нийтдээ 3,000,000 төгрөг алдсан. Би мөрийтэй тоглоом дахин тоглох гээд ажлын газрынхаа 3 ажилтан буюу А, М, А нарын машины нүүрсэн янданг машинаа түр хэрэглүүлчих гэж худал хэлээд зарчихсан. Би Агийн машины нүүрсэн яндаг 300,000 төгрөгөөр зараад оронд нь өөр нүүрсэн яндан солиод суурилуулсан. Нүүрсэн янданг авахад оронд нь энгийн шүүлтүүртэй яндан суурилуулсан. ...Би Ад ажил явдал гарчихлаа, 3-4 цаг хэрэглээд буцаагаад өгье гээд худал хэлээд Цайз руу явж нүүрсэн янданг нь зарчихсан юм. Би Хан-Уул дүүрэг дээр нүүрсэн яндан сольсон хэрэгтэй байгаа. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст машины нүүрсэн яндан сольсон 2 хэрэг байгаа. ...Би one x bet гэх нэртэй цахим бооцоо тавьдаг аплекейшинд бооцоо тавьж тоглосон. Би 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тоглосон. Одоо би тоглохоо больсон. ...Би нүүрсэн яндан зарахдаа хүнтэй хамтраагүй, ганцаараа зарсан. ...Би ажлын газрын хүнийхээ машины нүүрсэн янданг зарсандаа харамсаж байна, хохирогчийн хохирлын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

1.4 “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №БГ2-22-148 дугаартай “Toyota Prius 30” маркийн автомашины нүүрсэн янданг 1,500,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

            1.5 Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хохирогч Б.Ад хохирлын төлбөрт 1,500,000 төгрөгийг С.Э хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 35 дахь тал),

 

Хоёр. Д.Мын хөрөнгийг завшсан гэмт хэргийн нотлох баримтууд.

2.1. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ирсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 10 минутад хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 36 дахь тал), Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Д.Мын бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 37 дахь тал),

2.2. Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн эд зүйл, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 39 дэх тал), Хохирогч Д.Маас гаргаж өгсөн эд зүйл, гомдол, мэдээлэл хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургууд (хавтаст хэргийн 40-47 дахь тал),

2.3. Хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:

Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өглөө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.” ХХК-д ажилдаа иртэл манай компанид оператор ажилтай М гэх залуу ар гэрийн ажлаар /буяны ажилтай байсан/ М-ын аав нь М-ын тээврийн хэрэгслийг унаад Төв аймаг явчихсан гэж хэлсэн. Тэгээд надаас М . гэх улсын дугаартай Приус-30 загварын миний тээврийн хэрэгслийг түүний аав 1 өдөр үйлчилгээнд уначхаад ирье гэсэн. Ингээд тухайн өдөр 15-16 цагийн үед М над руу яриад би ажлын гадаа байна, чиний машиныг эмээгийн дэлгүүрийн гадаа үлдээчих үү гэж асуусан. Би гадуур борлуулалтад явж байсан учир тэг тэг гэж хэлээд тухайн өдрөө 18 цаг болж байхад өөрийн тээврийн хэрэгслээ М-ын хэлсэн газраас очиж авсан. Ингээд 2021 оны 12 сарын 21-ний өдөр манай байгууллагад хамт ажилладаг А гэх залуугийн машиныг бас авч явсан байсан. А машины хянах самбар дээр гэрэл асаад эхэлтэл А засварын газар очиж үзүүлсэн. Гэтэл засварын газрын хүн Аийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан солигдсон байна гэж хэлсэн. А надад хандаж чиний тээврийн хэрэгслийг авч явсан биз дээ чи машиныхаа нүүрсэн янданг шалгаж үз гэж хэлсэн. Би өөрийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг засварчин дээр очиж шалгаж үзтэл миний тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан мөн адил солигдсон байсан. ...Би М-ын хамт “Б” ХХК-нд 4 жил ажиллаж байна, энэ хугацаанд миний тээврийн хэрэгслийг маш олон удаа авч явж байсан. Тухай бүрд миний тээврийн хэрэгслээс эд зүйл алдагдаж байгаагүй. ...Би 2017 онд “Б” ХХК-д ажилд орсон М үүнээс хэдэн сарын дараа манай байгууллагад ажилд орсон. Ингээд бид 2 хамтран ажиллаж нэг нэгнээ мэддэг болсон. М өөрөө Приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй гэр нь Цамбын хойно байранд байдаг. Одоо 2 охины хамт амьдардаг архи согтууруулах ундааны зүйл уудаггүй мөрийтэй тоглоом болон бусад муу зуршил байхгүй. Сүүлийн 2 сар ээжийнх нь бие өвдөөд мөнгөний хэрэг маш их гарч ажлын газрын хүмүүс болон надаас мөнгө ихээр зээлж байсан. Ингээд ээж нь 2021 оны 12 сард нас барж буяны ажлаар их явсан. Би 2021 оны 8 дугаар сард өөрийн найз С-аас 10,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа оношилгоонд оруулсан тухайн үед бүх явах эд анги ямар ч асуудалгүй байсан. Миний тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг цоорхойтой тэр нүхээрээ шүүрээд байна гэж хэлж байсан. Би нүүрсэн яндангаа 1,800,000 төгрөгөөр үнэлж байна. Миний тээврийн хэрэгслээс өөр алдагдсан эд зүйл байхгүй. ...Би Мтай хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр утсаар ярьсан. Тухайн үед надтай зүгээр ярьж байсан. Манай ажлын газрын хүний машины нүүрсэн янданг сольсон гэж мэдээд дахиад Мтай холбоо барих гэтэл миний утсыг огт аваагүй. М миний машины нүүрсэн янданг сольсон талаараа огт хэлээгүй хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр 3-ны өдөр М над руу залгаад найзыгаа уучлаарай би буцааж төлнө гэж хэлсэн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

            2.4. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн:

Би 2021 оны 12 дугаар сарын 18-ний өдөр би Мын ., Приус-30 загварын тээврийн хэрэгслийг Мт гадуур ажилд авч яваад ирье гэж хэлсэн. Би Мын тээврийн хэрэгслээр 100 айл гэх газар очоод цүнхний тоног авчхаад явж байтал фэйсбүүк дээр нүүрсэн яндан авна гэсэн зар байсан. Тухайн зарыг хараад Да Хүрээгийн ойролцоо айлын хашаанд байрладаг гражид очиж Мын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг өөр энгийн нүүрсэн яндангаар сольж өөртөө 300,000 төгрөг авсан. ...Би тухайн үед ганцаараа Мын машинаар явж байсан. ...Би тухайн тээврийн хэрэгслээс өөр эд зүйл аваагүй. Нүүрсэн янданг сольсон. ...Би онлайнаар 1Х ВЕТ гэх цахим мөрийтэй тоглоом дээр мөрийтэй тоглосоор хэд хэдэн хүнээс 3,000,000 орчим төгрөг зээлж өрөнд орсон. Тухайн хүмүүст өрийг өгөхөөр Мын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг сольж зараад мөнгө олсон. Би Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэст А гэх хүний тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг авсан хэргээр шалгагдаж байгаа. Би Аийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 2021 оны 12 дугаар сарын 21-нд Мын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг зарсныхаа хэдэн хоногийн дараа Да Хүрээд байх танихгүй хүнд очиж 300,000 төгрөгөөр зарсан. Аийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг энгийн нүүрсэн яндангаар сольсон. А гэх хамт ажилладаг хүний тээврийн хэрэгслийг хамгийн анх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гуйж аваад явж байтал мөн фэйсбүүк дээр нүүрсэн яндан авна гэсэн зар байхаар нь утсаар нь холбогдтол байгаа газар чинь очоод авна гэж хэлээд би үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байхад над дээр танихгүй хүмүүс ирээд Агийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг энгийн яндангаар солиод надад 300,000 төгрөг өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),

2.5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №31 дугаартай “Toyota Prius 30” маркийн автомашины нүүрсэн янданг 900,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

            2.6. Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

 

Гурав. Б.Аийн хөрөнгийг завшсан гэмт хэргийн нотлох баримтууд.

3.1. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Аийн бичгээр гаргасан өргөдөл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 73-81 дэх тал),

3.2. Хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Б.М нь над руу залгаад ажил явдалд хэрэглэх гэсэн юм, машинаа надад нэг өдөр хэрэглүүлээч гэж гуйсан. Ээж нь нас барсан ажил явдалтай байгааг би мэдэж байсан учир машинаа өгсөн. Миний машины түлхүүрийг энэ өдөр хүүхдийн 100-аас ирж авсан. Маргааш өдөр нь би залгаж машин авсан уу яасан бэ гэж асуухад авсан ажлаа амжуулаад явж байна орой 5-6 цагийн үед хүргээд өгье гэж хэлсэн. Орой 17 цагийн үед ярихад дүнжингарав худалдааны төвийн хажууд явж байна гэсэн тэгэхээр би шууд эхнэр рүү хүргээд өгчих гэхэд одоо шууд танай руу явж байна гэж хэлсэн.Хэсэг хугацааны дараа өөрөө над руу залгаад гэрийн чинь гадаа ирлээ ухарч байсан чинь чек гэрэл чинь аслаа гэмтэлтэй юм байгаа юу гэж асуухад нь би үгүй зүгээр байсан юм даа яасан юм бол гэхэд хөгшин нь засварын газар ажиллуулдаг найз руугаа залгаад асуугаад хэлье гээд утас аа тасалсан.Удалгүй залгаад гайгүй байхаа нэг жижиг мэдрэгч байдаг гэж байна маргааш өглөө хөгшин нь ирээд авч яваад янзлуулаад буцаагаад аваад ирье гэж хэлсэн.Тэгэхээр надад сэжигтэй санагдаад за наанаа үлдээчих ярьж байгаад больё гээд эхнэр машинаа аваад намайг ажлаас ирж аваад бид 2 таван шард байрлах приус центр дээр ирж машинаа оношлуулахад яндангийн гэмтэл гэж гарсан.Засварын залуу яндангаа сольсон юм уу гэхэд нь би үгүй харин ажлынхаа залууд машинаа өгөөд явуулсан чинь чек гэрэл асаад байхаар нь үзүүлж байгаа юм гэж хэлсэн.Тэгсэн засварчин залуу янданг чинь сольсон байна гэж хэлсэн.Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал),

Хохирогчоор 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн: 2021 оны 12 сарын 20 өдөр ажил дээрээ байж байхад Б.М нь над руу залгаж маргааш ажил явдалд явах гэсэн чинь машин хэрэгтэй байна, машинаа маргааш ганц өдөр хэрэглүүлээч орой ажил тарах үеэр буцаагаад өгье гэхэд нь би зөвшөөрч тэр үед би гадуур ажилтай явж байсан учир машины түлхүүрээ хүүхдийн 100-д орой 22 цагийн үед өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 21 өглөө миний машиныг Хан-уул дүүргийн . “.” хороолол, . байрны доод гражаас авч авсан.Тухайн өдрийн орой нь над руу залгахдаа машины чинь чек гэрэл аслаа эвдрэл гэмтэл байгаа юу найз нь нэг хүнд очиж үзүүлчхээд ямар гэмтэл байгааг нь мэдээд өгье гэхэд нь би манай гэрийн гадаа үлдээчих машины түлхүүрийг нь манай эхнэрт өгчих гэж хэлсэн. Би тэр оройгоо приус засварт үзүүлэхэд нүүрсэн янданг нь сольсон байсан. Эд хөрөнгийн үнэлгээтэй танилцлаа гомдол санал байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжилж байгаа зүйл гомдол санал байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал),

            3.3. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн:

Би 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр хамт ажилладаг ажлын найз болох Б.Аийн машиныг нь ажил явдалд хэрэглээд өгье гэж түр хугацаагаар авахаар хоорондоо тохиролцож түүний машины түлхүүрийг нь хүүхдийн 100 дээр очиж авсан. Тэгээд маргааш өглөө 9 цагийн үед Хан-Уул дүүргийн . хороо “.” хорооллын . байрны зогсоолоос машиныг нь авч явсан. Тэр өдөр гадуурх ажлаа хөөцөлдөж дуусаад нүүрсэн янданг зарахаар фэйсбүүк дээрээс зар хараад нэг утас руу залгаад янданг нь 300000 төгрөгт зарсан. Тэгээд орой нь машиныг нь хүргэж өгч байхад машиных нь чек гэрэл нь ассан.Тэгээд Б.Ад чек гэрэл аслаа эвдрэл гэмтэл байсан юм уу, хөгшөөн би маргааш таньдаг хүн дээрээ очоод унтраалгаад өгье гэхэд Б.А эвдрэл байхгүй байсандаа ямар ч байсан үлдээчих гэж хэлсэн. Би байрных нь гадаа үлдээгээд эхнэрт нь түлхүүрийг нь өгсөн. Маргааш нь Б.А над руу залгаад нүүрсэн яндан сольсон байна шүү дээ буцааж яндан авчирч өг гэж хэлэхэд нь уулзаж байгаад яръя гээд утсаа тасалсан. Маргааш нь Б.А дахиж залгаад миний машины нүүрсэн янданг өг өгөхгүй бол цагдаад өглөө шүү гэж хэлсэн тэгээд намайг цагдаад өгсөн байсан. Нэг дугаар луу залгаад, 2 залуу ирээд түлхүүрээр нүүрсэн янданг 300.000 төгрөгөөр тайлж аваад явсан. Тэр дугаараа санахгүй байна. Би тухайн үед Б.Ад анхнаасаа худлаа хэлсэн  болохоор тэр чигээрээ худлаа ярьсан. Худлаа ярьсан нь миний буруу байсан. ...Мөрийтэй тоглоом тоглоод алдсан. Өөр юунд ч зарцуулаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж мөрийтэй тоглоом тоглохгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал) зэрэг болно.

3.4. Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №ХУ2-22-53 дугаартай “Toyota Prius 30” маркийн автомашины нүүрсэн янданг 1,500,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 102-103 дахь тал),

3.5 Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 104 дугаартай хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай тогтоол (хавтаст хэргийн 118-119 дэх тал),

            3.6. Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол (хавтаст хэргийн 121-122 дахь тал),

 

            4. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

4.1 Гэрч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:М нь миний төрсөн хүү байгаа юм. 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, эхээс хоёулаа. М 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Том нь 14, бага нь 10 настай. М нь Сонгинохайрхан дүүргийн  тоотод амьдардаг. Нойлын цаасны үйлдвэрт ажилладаг байсан. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Би М-ын яндан авсан, хохирлыг нь төлж барагдуулна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин өгсөн “...М нь дандаа барилгын байгууллагад ажилладаг. Сүүлчийн ажилдаа ороод 3-4 жил болж байна. 2021 оны 11 дүгээр сараас хойш бага зэрэг зан ааш нь өөрчлөгдсөн. Манай гэр бүлээс хэн ч нас бараагүй М нь ажлын газрын хүмүүстээ манай аав нас барчихлаа гэж хэлсэн гэсэн. ...Би Мтай хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 4-ний орой гэрээсээ гараад явсан. Би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр М-ын өөрийн .. гэх дугаараар холбоо барьтал би хөдөө ажлаар явж байна, 5 хоног ажил хийгээд мөнгө олоод очъё гэж хэлсэн. Би хүүхдээ өөрийн биеэр цагдаагийн байгууллагад авчирна. М нь 2 бага насны охинтой учир миний хүүхэд М-ын хэргийг бага ялаар шийтгэж өгнө үү, миний хүү буруу зүйл хийсэн байна уучлалт хүсэж байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

4.2 Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: Б.М нь миний 2 дахь хүү байгаа юм. Дээрээ нэг ахтай айлын бага хүүхэд. Бага насандаа Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгээр хүмүүжиж Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар 10 жилийн дунд сургуулийн 6-р ангийг төгссөн.Сүүлд Ирээдүй цогцолборын 8-р анги төгссөн. Төв аймагт 10-р ангийг төгссөн. Арван жилээ төгсөөд барилгын ажил хийдэг байсан. 2006 онд гэр бүл болоод тусдаа гарсан. Тэрнээс хойш байнга манайд ирдэг байсан. Би одоогоор Сонгино хайрхан дүүргийн  тоотод айлын хашаа харж амьдардаг. М 2 охинтойгоо хамт амьдардаг. Ээж нь хааяа М-ынд очиж хүүхдүүдийг нь хардаг. М эхнэр 4  жилийн өмнө салсан. ...М нэг хэрэгт холбогдсон байна та хурдан хүрээд ир гэж хэлэхэд нь би хандгайтын зусланд айлд байж байгаад шууд гэртээ ирсэн. Тэгээд ирээд өөрөөс нь асуухад надад юм хэлэхгүй байсан. Яг ямар хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй байсан. Тэгээд би ирж уулзаж байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал),  

            4.3 Шүүгдэгч Б.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 125 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 123 дугаар тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 126 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 133 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 130 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 131 дэх тал), М-ын Н, М-ын М нарын төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 134 дэх тал), Б.Ад 1,500,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга (хавтаст хэргийн 135 дахь тал), “Хаан” банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 137-145 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Мд холбогдох гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

III. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч М нь иргэн Б.А, Д.М Б.А нарын тээврийн хэрэгслийг авч, автомашины нүүрсэн янданг өөр яндангаар сольж завшиж бусдад нийт үргэлжилсэн үйлдлээр 3,900,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь хохирогч Д.М, Б.А, Б.А нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хөрөнгийн үнэлгээ бусад нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирлын тухайд хохирогч Б.Ад 1,500,000 төгрөг, Б.Ад 1,500,000 төгрөг, Д.Мт 900,000 төгрөгийг тус тус барагдуулсан байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.М-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.М нь:

1. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах “.” ХХК-ийн гаднаас хохирогч Б.Ад 19-ийн үйлчилгээний төв орчхоод ирье гэж хэлж түүний эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн . улсын дугаартай автомашиныг түр хугацаагаар авч, уг итгэмжлэн хариуцуулан өгсөн автомашины нүүрсэн янданг бусдад худалдан борлуулж хувьдаа завшиж, 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

-Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ирсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 39 минутад хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

-Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Б.Агийн бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал),

-Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр манай ажлын залуу М нь машинаа түр хэрэглүүлээч 19-ийн үйлчилгээний төв орчхоод ирье гээд, би зөвшөөрөөд машины түлхүүрээ өгөөд миний эзэмшлийн . улсын дугаартай автомашиныг Баянгол дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах “.” ХХК-ийн гаднаас авсан. ...13 цагийн үед М миний машиныг авчирч өгсөн. 20 цагийн үед би машинаа жолоодоод явж байтал яндан нь дуугаргаад байхаар нь засварчин дээр очиж үзүүлтэл яндан нь солигдчихсон, миний машины яндангийн оронд өөр хуучин яндан байсан. .... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

            -Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлын газрын хүн болох Агийн приус 30 маркийн . улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажил явдал гарчихлаа түр хэрэглүүлээч гэж худлаа хэлээд цайз 16 дээр байдаг техникийн зах дээр очоод приус 30 маркийн . улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 300,000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

-“Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №БГ2-22-148 дугаартай “Toyota Prius 30” маркийн автомашины нүүрсэн янданг 1,500,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 22-23 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

-2. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн . дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн байранд хохирогч Д.Маас буяны ажилтай байна, үйлчилгээнд уначхаад ирье гэж хэлж түүний эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн . улсын дугаартай автомашиныг шилжүүлэн авч, уг итгэмжлэн хариуцуулан өгсөн автомашины нүүрсэн янданг бусдад худалдан борлуулж хувьдаа завшиж, хохирогч Д.Мт 900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

- Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасагт ирсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 10 минутад хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 36 дахь тал),

- Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Д.Мын бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 37 дахь тал),

-Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн эд зүйл, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 39 дэх тал), Хохирогч Д.Маас гаргаж өгсөн эд зүйл, гомдол, мэдээлэл хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургууд (хавтаст хэргийн 40-47 дахь тал),

-Хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн өгсөн “...М гэх залуу ар гэрийн ажлаар, буяны ажилтай байсан. ...Тэгээд надаас М . гэх улсын дугаартай Приус-30 загварын миний тээврийн хэрэгслийг түүний аав 1 өдөр үйлчилгээнд уначхаад ирье гэсэн. ...18 цаг болж байхад өөрийн тээврийн хэрэгслээ М-ын хэлсэн газраас очиж авсан. ...Би өөрийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг засварчин дээр очиж шалгаж үзтэл миний тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан мөн адил солигдсон байсан. ...ээж нь 2021 оны 12 сард нас барж буяны ажлаар их явсан. ...М миний машины нүүрсэн янданг сольсон талаараа огт хэлээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

            - Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 18-ний өдөр би Мын  дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг Мт гадуур ажилд авч яваад ирье гэж хэлсэн. ...Да Хүрээгийн ойролцоо айлын хашаанд байрладаг гражид очиж Мын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг өөр энгийн нүүрсэн яндангаар сольсон. ...Мын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг сольж зараад мөнгө олсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №31 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

3. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн . хороо, .давхрын гражаас “ээж нь нас барсан ажил явдалтай байна, машинаа хэрэглүүлээч гэж хэлж, хохирогч Б.Аийн . улсын дугаартай “Тоёота Приус 30” автомашиныг хүлээн авч, уг итгэмжлэн хариуцуулан өгсөн автомашины нүүрсэн янданг бусдад худалдан борлуулж завшиж, хохирогч Б.Ад 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт үргэлжилсэн үйлдлээр бусдад 3,900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Аийн бичгээр гаргасан өргөдөл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 73-81 дэх тал),

-Хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.М над руу залгаад ажил явдалд хэрэглэх гэсэн юм, машинаа надад нэг өдөр хэрэглүүлээч гэж гуйсан. Ээж нь нас барсан ажил явдалтай байгааг би мэдэж байсан учир машинаа өгсөн. ...Хэсэг хугацааны дараа өөрөө над руу залгаад гэрийн чинь гадаа ирлээ ухарч байсан чинь чек гэрэл чинь аслаа гэмтэлтэй юм байгаа юу гэж асуусан. ...надад сэжигтэй санагдаад ...приус центр дээр ирж машинаа оношлуулахад яндангийн гэмтэл гэж гарсан. Засварын залуу яндангаа сольсон юм уу гэхэд нь би үгүй харин ажлынхаа залууд машинаа өгөөд явуулсан чинь чек гэрэл асаад байхаар нь үзүүлж байгаа юм гэж хэлсэн.Тэгсэн засварчин залуу янданг чинь сольсон байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал) болон хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал),

            -Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...ажлын найз болох Б.Аийн машиныг нь ажил явдалд хэрэглээд өгье гэж түр хугацаагаар авахаар хоорондоо тохиролцож түүний машины түлхүүрийг нь хүүхдийн 100 дээр очиж авсан. ...Тэр өдөр гадуурх ажлаа хөөцөлдөж дуусаад нүүрсэн янданг зарахаар фэйсбүүк дээрээс зар хараад нэг утас руу залгаад янданг нь 300000 төгрөгт зарсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111-112 дахь тал),

            -“Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №ХУ2-22-53 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 102-103 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн хувьд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэгт бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох ба хөрөнгө завших гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өмчлөгчид нөхөн төлбөр өгөхгүй байх, дур мэдэн бүрэн бүтэн байдлаас зарим хэсгийг тастаж бусдад өгч үрэгдүүлэх зэрэг идэвхтэй үйлдлээр илэрнэ.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.М нь хохирогч нараас тэдний эзэмшлийн автомашиныг түр хугацаагаар хэрэглээд өгье гэж шилжүүлэн авч, улмаар хохирогч нарын зөвшөөрлийн үндсэн дээр буюу итгэмжлэн хариуцуулж өгсөн тээврийн хэрэгслийн эд анги нүүрсэн янданг дур мэдэн худалдан борлуулж хууль бусаар эргэлтэд оруулж олсон мөнгөө хувьдаа завшсан байна. Энэхүү үйлдлээ шүүгдэгч хууль бус болохыг мэдсээр байж, зориуд хүсч үйлдэж, хохирол хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь цахим сүлжээний бооцоот мөрийтэй тоглоом тоглосноос бусдад өрөнд орж, өрийг төлөхийн тулд амар хялбар аргаар мөнгө олох зорилготой хамт ажилладаг хүмүүсийнхээ итгэлийг урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн зарим хэсгийг нь зарын дагуу хүмүүстэй уулзаж худалдан борлуулах аргаар мөнгө олж, завших гэмт хэргийг үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь өөр өөр цаг хугацаанд гурван удаагийн үйлдлээр завших гэмт хэргийг үйлдсэн байх тул үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.М гэмт хэргийн улмаас нийт 3.900.000 төгрөгийн хохирлыг учруулсан байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад түүний бусдад учруулсан хохиролд ар гэр буюу төрсөн эх С.Эгаас хохирогч Б.Ад 1.500.000 төгрөг, Д.Мт 900.000 төгрөг, Б.Ад 1.500.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байх ба хохирогч нар хохирлыг бүрэн хүлээн авсан талаар мэдэгдсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.М нь хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас улсын яллагчийн гаргасан ялын саналыг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул уг саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй,  шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус тогтоолд дурдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. 2205000000163 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.А, Д.М, Б.А нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА