Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182

 

 

 

 

 

 

   2022           03             17                                        2022/ШЦТ/182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нэргүйсувд хөтлөн,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г-ийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000099 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г-ийн Ч Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, . ХХК-нд туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн . хороо, ., . гудамжны . тоотод оршин суух хаягтай, тус дүүргийн . хороо, . тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: . дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  шийтгүүлж байсан (РД:).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Г.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Эын оршин суух . тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч дураараа авирлан иргэн Ч.Эын үндсэн хуулиар олгогдсон орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан,

-Мөн бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдлээс болж 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах . тоотод Ч.Этай маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Э ахтай хуурай ах дүүгийн харилцаатай. Би барилга дээр ажиллаж байгаад З гэдэг найзтайгаа таарсан. Тухайн үед Э ахын гэрт нь ороход хүн байхгүй байсан. Тэгэхээр нь мал руугаа явсан юм байх гэж бодсон. Гэр нь цүүц байхгүй, даавуугаар уясан байсан, татсан чинь шууд онгойсон. Тэднийд ороод найзтайгаа 2 пиво уугаад хоносон. Маргааш өглөө Э ах ирээд яагаад гэрт онгойлгож орсон юм бэ, над руу залгахгүй яасан юм гээд уурласан. Би уучлаарай гэж хэлсэн. Тэгээд Э ах миний авчирсан архийг уугаад согтоод манай эхнэрийг орж ирэхэд ямар янхнаа авчирсан юм бэ гээд жирэмсэн эхнэрийг доромжлоод байхаар нь би түүнийг хоёр цохисон. Намайг гэртээ дүү нараа авчирч зодуулсан. Би орой нь залгаад уучлаарай, би ч бас зодуулсан шүү дээ гэхэд за за гэж хэлсэн. Тэгсэн цагдаад өгсөн байсан гэв.

Эрүүгийн 2210000000099 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

             1. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 45 минутад “2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байх хугацаандаа зүс таних Г-ийн Ч гэх хүнд зодуулж гэмтсэн” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Ч.Эын бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал),

             2. Хохирогч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Хан-Уул дүүргийн . хороо, . тоот буюу өөрийн төрсөн дүү Ч.Ганбатын хашаанд шилжин ирж гэрт амьдрах болсон юм. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр миний танил хуурай дүү болох Арвай манай гэрт ирээд 15 цагийн орчимд ирээд “манай үхэр төллөх гээд байх шиг байна, та мэддэгээрээ манай гэрт очоод туслаад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч өөрийн гэрээ болон хашаагаа цоожлоод дүү Арвайн гэр рүү явсан. Арваагийн гэрт очиж үхэр малыг нь төллүүлж ажиллаж байтал гадаа харанхуй болсон учир Арвай надад “нэгэнт орой болчихсон юм чинь, та хоночхоод яв, өглөө босоод малаа янзалчхаад дүү нь таныг гэрт чинь хүргээд өгье” гэхээр нь би тухайн өдрөө Арвайгийнд хоночхоод 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш гэртээ яваад очтол манай хашааны хаалга онгорхой, хашаагаараа яваад ортол гэрийн хаалга онгорхой, завсар гарчихсан, яндангаас утаа гарч байсан. Тэгэхээр нь гайхаад гэртээ яваад ортол нисэх орчмоор байдаг, мал дагаж явдаг байсан Г.Ч гэх залуу 2 залуу, 1 жирэмсэн охины хамт гал түлчихсэн, пиво уугаад сууж байсан. Намайг ороход нэг залуу нь надтай зөрөөд гарсан. Тэгэхээр нь би “яагаад гэрийн цоож эвдээд орчихсон юм, чи миний утасны дугаарыг олоод залгаад ярьж болно шүү дээ” гэж Г.Чт хэлэхэд Г.Ч надад “би эвдээгүй, татсан чинь хаалга чинь онгойчихсон шүү дээ ах аа” гэсэн. Тэгэхээр нь  “би чамайг өмнө нь гэртээ оруулж л байсан, хэлсэн бол би оруулах л байсан, чи гэрийн цоож эвдэж гэрт ороод байхдаа яадаг юм, чи өмнө нь хүртэл манай гэрт орж ирээд гарч явахдаа гэрээс эд зүйл аваад гарсан. Тэр болгонд чинь би дуугай байдаг” гэж хэлээд сандал дээр суутал Г.Ч “за уучлаарай ахаа гар барья” гэж хэлээд миний гараас бариад гэнэт нүүр рүү цохисон. Тэгэхэд нь би босоод Чийг цохих гэтэл Чийн найз нь бид хоёрын голоор ороод салгах гэтэл би ор руугаа уначихсан. Тэгэхэд Ч дахиж хүрч ирээд миний дээрээс нүүр, толгой руу нэлээн олон удаа цохисон. Мөн миний зүүн гар руу хэд хэдэн удаа цохисон байсан. Яг юугаар намайг хэдэн удаа, цохиж зодсон гэдгийг бол би мэдэхгүй байна. Миний дээр гараад нүүр толгой руу, цохиход би ухаан алдах шиг болсон. Сэрээд хартал ор, шал болон хувцас нил цус болчихсон байсан. Тэгээд баруун талын ор руугаа хартал нэг хүн унтаж байсан. Тэгэхээр нь сэрээгээд юун хүн бэ? гэтэл “Чийн найз нь байна ах, намайг эцсийн буудал дээр 2 найзтайгаа явж байтал Ч 1 найзтайгаа явж байгаад надтай тааралдаад энд дагуулж ирсэн. Тэгэхэд орон дээр зодуулчихсан бололтой унтаж байсан. Би Чийг чи энэ хүнийг зодчихсон юм уу гэж загнатал Ч тоолгүй манай хоёр найзтай 2 шил архи хувааж уучхаад намайг хаяад гараад явчихсан. Надад одоо энд ойрхон очих газар байхгүй, унтчихаад өглөө явъя, намайг О гэдэг гэж байсан юм. Түүнээс хойш би цагдаагийн байгууллагад хандаагүй байж байгаад өнөөдөр ирж өргөдөл гаргаж өгч байгаа юм. Тухайн өдрөөс хойш Чтой би тааралдаагүй, мөн Ч ч надтай холбогдоогүй. ...Би Чтой юм ярьж байгаад “чи манай гэрийг голын хойно Сонгинохайрхан дүүрэгт 20 дугаар хороо бургасны 6-3 тоотод байхад гэрт ирээд гарахдаа орос сүх, дунд гарын зэс аяга, аав ээжээс минь үлдсэн 70x180см хэмжээтэй хуучны ширмэл ширдэг аваад явчхаж байсан, хаана аваачиж өгсөө хэлчихвэл би өгсөн газраас нь очоод авчхаж чадна” гээд маргалдаж байтал Г.Ч “би тэрийг чинь аваагүй, хэлдэг газраа хэл” гээд байсан. Тэгж байснаа уучлаарай гэж гар барьж байснаа л гэнэт цохиод авсан. ...Би Г.Чийн өвөө болон ээж, аавыг нь таньдаг. Намайг голын хойд талд Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байхад Г.Чийн хамаатны хүн нь малтай байсан, тэр үед Ч жаахан хүү малд явж байгаа харагддаг байсан юм. Тэр үед би малаас нь малладаг байсан болохоор манайхаар Г.Ч орж гардаг байсан. Гэхдээ их дотно харилцаатай бол биш. Чийг буруу зүйл хийхэд нь аав нь өмөөрч өөхшүүлсээр байгаад ийм болгосон байх. Г.Ч бид хоёрын хооронд ямар нэг таарамжгүй харилцаа, өс хонзон, өр авлага гэх зүйл байгаагүй. Урьд өмнө нь Г.Чтой хамт архи согтууруулах ундаа хэрэглэж үзээгүй. Г.Ч Хан-Уул дүүргийн . хороо, . дүгээр гудамжны . тоотод амьдардаг. Эхнэртэй болж байгаа бололтой нэг жирэмсэн охинтой цуг манай гэрт 2 удаа ирж хонож байсан. Г.Чийн утасны дугаар зэрэг зүйлсийг мэдэхгүй. Гэрт гэрэл асаагаагүй, харанхуй байсан. Тэгэхэд л Г.Ч намайг цохиж аваад, орон дээр унахад миний дээрээс хэд хэдэн удаа зүүн гар, нүүр, толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би бол архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Г.Ч 2 шил 0.75 литрийн архи хамт байсан хүмүүстэйгээ хуваагаад уучихсан, пиво уугаад сууж байсан. Согтолт нь бол гайгүй л байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан. Тэр хүний талаар нарийн зүйл сайн мэдэхгүй байна, өөрийгөө Чийн найз О гэдэг гэж байсан. Надад утасны дугаараа 96750500 гэж бичиж тэмдэглүүлж байсан. Нисэхэд ажилчдын автобус барьдаг гэж байсан. ...Одоо миний толгой хавантай, янгинаж өвдөж, тархи толгой хөдөлсөн бололтой дотор муухайрч байна, мөн миний зүүн гар хавдартай, хөндүүртэй байна. Миний зүүн болон баруун нүд бүрэлзэж, зүүн хацар, шанаа, завж хэсгээр хөхөрсөн хөндүүртэй байна. ... Би Г.Ч гэх залууд гомдолтой байна, Эмчилгээнийхээ зардлыг Г.Чоор гаргуулмаар байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

Хохирогч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний урьд өмнө нь мэдүүлсэн зүйл үнэн. Урьд өмнө нь мэдүүлсэн зүйл дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. ...Би тухайн шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй уншиж танилцсан. Миний зүгээс тус дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт гэх зүйл байхгүй. Гэмтлүүдийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш ойролцоогоор 13-14 цагийн орчимд манай гэрт  Хан-Уул дүүргийн . хороо, . тоотод байхдаа Г.Ч нь манай гэрийн цоожийг эвдэж орсны улмаас болж би Чт уурлатал Ч миний нүүрэн тус газар баруун гараараа гараа атгаж байгаад 1-2 удаа цохиж миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Би тухайн залуугаас нэг ч төгрөг аваагүй байгаа. Надтай уулзалдаагүй. ...Би Г.Ч гэх залууд гомдолтой байна. Эмчилгээнийхээ зардлыг Г.Чоор гаргуулмаар байна. Би мөнгөгүй байгаа учраас одоогоор ямар нэг байдлаар эмнэлэг, эмийн сангаас авсан эм, үйлчилгээ гэх зүйл байхгүй. Хувиараа нэг бариач дээр очиж 3 удаа толгойгоо бариулсан. Тэр бариач нэг барихдаа 45.000 төгрөгөөр барьдаг хүн байгаа юм. Би одоо Г.Чоос болж 2022 оноос хойш ажил хийгээгүй байгаа учир ямар ч мөнгөгүй байна. Айлаас түлээ нүүрс гуйж авч байгаа гал тасалчихгүйн тулд хүн амьтнаас зээлээд л байж байна. Цаашид 600.000 төгрөгийг Г.Чоос нэхэмжилмээр байна. Надад гаргаж өгөх ямар нэг мөнгөний баримт гэх зүйл байхгүй байна. Би шүүх хуралд оролцоно. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

Хохирогч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:

Би тухайн өдөр Г.Чт гэртээ орох зөвшөөрлийг олгоогүй байсан. Намайг өөр газар руу явах хооронд гэрээ цоожлоод явсан байхад манай гэрт Ч орсон байсан. Хаалгаа төмөр цоожоор цоожилж цүүгээр цоожилсон байсан. Би Г.Чоос хохирол, эмчилгээний төлбөр, мөнгөө гаргуулан бүрэн барагдуулж авсан. Г.Чоос авах, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдол саналгүй гэсэн бичгээ мэдүүлэгтээ хавсаргаж гаргаж өгье. Би одоо шүүх хуралд оролцохгүй. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

3. Гэрч О.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ойролцоогоор 21-22 цагийн орчимд би Т болон О гэх найз нартайгаа уулзалдаж Г.Чийн гэрийн гадаа очсон. Учир нь Т, Ч хоёр багын найзууд учир Т, Чтой уулзахаар очсон. Ч, Т, О нар согтууруулах ундаа хэрэглэсэн халамцуу байдалтай байсан. Тэгээд бид нар уулзалдаж дахин архи уухаар болсон. Ч “манай таньдаг ахын гэрт очъё, ах гэртээ ганцаараа байгаа” гэсэн. Чийн танил ах гэх айлд Чийг дагаж Т, О бид гурав очсон. Тухай айлд ороход 55-60 орчим насны эрэгтэй хүн ганцаараа, нүүр хавдаж хөхөрсөн, нүүр нь цус болчихсон байдалтай байж байсан. Ч, О, Т гурав дэлгүүр явж би гэрт нь гал түлээд тэр айлын ахтай үлдсэн. Ч, Т, О гурав гаднаас орж ирэхдээ 0.75 литрийн 1 шил Соёрхол гэх нэртэй архи, 2.5 литрийн савлагаатай 1 сав том пиво барьж орж ирсэн, архийг Т, Ч, О, тэр гэрийн ах хүү 4 хувааж уусан. Харин би архи уудаггүй болохоор ганцаараа 2.5 литрийн савлагаатай пивыг ууж дуусгасан. Архиа хувааж уугаад сууж байхдаа тэр айлын ах хүү “энэ намайг цохисон” гээд Ч руу заагаад яриад байсан. Бид Чийг тэр ахыг цохисон юм байна гэж мэдээд загнаж зэмлэж “хөгшин хүнийг яаж байгаа юм, өөрийнхөө ааваас хөгшин өвөө шигээ хүнийг яаж байгаа юм” гэх зэргээр яриад өнгөрсөн. Ингээд архи, пивоо хувааж ууж дуусгаад Ч, Т хоёр түрүүлээд гараад явсан. Т эргэж орж ирээд О бид хоёрыг явъя гэтэд О тасарчихсан, сэрэхгүй унтаад байсан. Тухайн айлын Чт цохиулсан гэх ах бас унтаж байсан. Тийг орж ирэхэд сэрсэн. Т бид хоёрыг унтаад өглөө яв гээд байсан. Т явъя гээд намайг дагуулаад гарсан. Тухайн айлаас гараад Т бид хоёр гэртээ харьсан. ...Тухайн айлын Чт цохиулсан гэх ах Чийг хэрхэн яаж, ямар учир шалтгааны улмаас өөрийг нь цохиж зодсон талаар ямар нэг зүйл яриагүй. Архи хувааж уугаад сууж байхдаа Ч намайг цохисон л гээд байсан. Анх гэрт нь ороход тухайн айлын ах орон дээрээ хэвтэж байсан. Гэр нь их хүйтэн байсан. Бид нарыг орсны дараа босож ирээд нүүрээ угааж байсан. Тухайн ахын баруун билүү зүүн талын нэг нүд нь хавчихсан, хавдсан нүднийх нь дээр жижигхэн шалбарчихсан байсан. ...Гар хөл нь бэртэж гэмтсэн гэх зүйл ажиглагдаагүй. ...Би Чтой ер нь танилууд, манай найз Тийн багын найз нь болохоор мэддэг, найзын найзууд байгаа юм. Анх 2019 оноос хойш нэг нэгнийгээ ерөнхийд нь мэддэг болсон. Ер нь бол нэг их нийлээд байдаггүй юм. Чтой нэг их дотно биш сайн мэдэхгүй байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

4. Гэрч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ байж байхад манай нөхөр Г.Ч намайг ирээд авчих уу, бие муу байна гэхээр нь хаана байгаа талаар нь асуухад Ээгий ахын гэрт байна гэж байсан. Ээгий гэх Чийн хуурай ах гэх хүний гэрт нь очиход манай нөхөр Ээгий ах болон миний танихгүй нэг найзынхаа хамт байж байсан. Би нөхрөө явъя гэтэл Ээгий ахтай болон тэр найзтайгаа 1 шил архи хувааж ууж байсан. Тэгээд байж байтал гэнэт Ээгий ах намайг энэ юун янхан бэ, хэний янхан юм бэ гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр та манай эхнэрийг юу гээд байгаа юм бэ гээд тэр хоёр дээшээ босохоор нь би айгаад гараад гүйчихсэн. Жирэмсэн байсан болохоор согтуу хүмүүсийн гарт өртчих вий гэж бодоод гэртээ ирсэн. Намайг гэртээ ирээд байж байхад манай нөхөр бас ирсэн. Орой нь эргэж гарч явчхаад нэг их удалгүй эргээд ирсэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

             5. Яллагдагч Г.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            Намайг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэг санал нийлэхгүй зүйл байхгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож, ухамсарлаж байгаа. 2021 оны 12 дугаар сарын 21- ний өдөр би Шүрт хотхоны баригдаж буй барилга дээр дотоод заслын ажил хийж байгаад ажил тарж гэртээ харих гээд явж байхдаа З гэх найзтайгаа таарч нисэхийн “.” паб руу орж хүний 3 шил, 0.5 литрийн шилэн савлагаатай, Сэнгүр гэх нэртэй пиво ууж хэсэг юм ярьж сууж байгаад тэндээсээ гарч би Э ахын гэрт очъё гэж найз Здоо хэлсэн. 22 цагийн орчимд Э ахын гэр рүү явж байх замдаа дэлгүүр орж 2.5 литрийн савлагаатай пиво 4 ширхгийг аваад айлд очиж байгаа юм чинь гэж бодоод Э ахад 1 шил, 0.75 литрийн экс гэх нэртэй архи аваад Э ахын гэрт очсон. Э ахын гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан. Ямар нэг цүү, цуурга байхгүй, хаалганыхаа завсраар даавуу унжуулаад цоожоор цоожилчихсон байсан. Таттал даавуу нь урагдаад хаалга нь онгойчихсон болохоор Э ахын гэрт нь ороод гал түлж Э ахыг ирэхийг нь хэсэг хүлээж гэрийг нь дулаацуулж суусан. Э ахыг хүлээж сууж байх хоорондоо З бид хоёр дэлгүүрээс авсан пивоныхоо 3 савыг нь уучхаад унтчихсан. Маргааш өглөө нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө сэрэхэд Э ах ирээгүй байсан болохоор би эхнэр рүүгээ яриад намайг “Ээгий ахын гэрээс ирээд авчих” гэж хэлээд эхнэрээ дуудтал манай эхнэр удалгүй ирсэн. Э ахын гэрт эхнэр М, найз З нарын хамт сууж байтал гаднаас Э ах ороод ирсэн. Гаднаас орж ирээд Э ах “яагаад хаалга онгойлгоод орчихсон байгаа юм, надтай утсаа ярьсан бол би илүү түлхүүр байгаа газраа заагаад өгөх байсан юм” гэж үглэж уурлаж байгаад гайгүй болсон.Тэгээд Э ах бид хэд сууж би Э ахад авч ирсэн нэг шил архиа гаргаж өгч хамт хувааж уусан. Манай эхнэр жирэмсэн байсан болохоор архинаас нь уугаагүй. Тэгээд тухайн нэг шил архийг хувааж ууж дуусгаад би дахин дэлгүүр гарч Э ахад Тайга гэх нэртэй 0.5 литрийн савлагаатай 1 шил архи авч өгөөд ууж байсан. Би талд нь хүргэж чадалгүй маш хурдан согтсон. Тэр үед Э ах бас нэлээн согтчихсон байсан. Гэнэт л манай эхнэрийг харснаа “Энэ юун янхан ороод ирчихсэн байгаа юм, ямар юмаа аваад ирсэн юм, янхан гичий чинь” гэхээр нь миний уур хүрч “та одоо юу гээд байгаа юм бэ манай эхнэрийг” гэж Э ахад хэлсэн. Э ах “үнэн биз дээ” гээд миний өөдөөс орилоод байхаар нь түүнийг түлхтэл Э ах уурлаж шургуулгаасаа хутга авах гээд байсан. Тэгэхэд нь би дахиж Э ахыг ор руу нь түлхэж унагасан. Э орноос босож ирээд намайг заамдаж аваад “үнэн биз дээ” гээд над руу орилоод байхаар нь би Э ахыг баруун гараараа 2 удаа цохиход манай найз З ирж салгасан. Манай эхнэр болохоор Э ахыг орилж хашхичаад харааж зүхээд байхаар нь бүр эрт гараад явчихсан байсан. Би хэсэг тайвширч сууж байгаад Э ах дээр очиж “за ахаа уучлаарай” гээд гар барьтал Э ах “тийм юм байдаггүй юм аа” гээд Арвай гэх ах руу залгаж “Чинзо намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд сууж байтал Арвай ах Сэкэ гэх найзтайгаа орж ирээд үгийн зөрүүгүй намайг цохисон. Түүний дараа надаас юу болсон юм гэж асуухад нь би “манай эхнэрийг янхан гэж хэлэхээр нь уур хүрээд 2 цохичихсон юм” гэсэн чинь “өө тийм юм болсон юм уу?” гээд намайг авч яваад Дөл дэлгүүрийн гадна буулгасан. Тэгээд би шууд гэртээ очиж нүүрэндээ жин тавьж унтаж амарсан. Орой гайгүй болохоор нь Э ахын гэрт очиж ярилцаж уучлалт гуйя гэж бодоод гэрээсээ гарч явж байтал . сургуулийн хажууд О, Бээ, Т гэх 3 найзтайгаа таарсан. Тэгээд машинд нь суугаад Э ахын гэрт 3 найзынхаа хамт очсон. Гэрт нь ороод би уучлалт гуйсан. ...Манай 3 найз бас Э ахаас уучлалт гуйж ...хоорондоо эвлэрцгээсэн. Бид хоёр уг нь манай ах Б-ийн малыг хамт малладаг байсан. Хуурай ах дүүсийн харилцаатай хүмүүс байгаа юм. Би тухайн шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй уншиж танилцсан. ...Би Э ахын нүүр хэсгийн зүүн шанаа орчимд нь 2 удаа гараараа цохисон. Ямар нэг эд зүйл ашиглаагүй, гараа атгаж байгаад баруун гараараа 2 удаа л цохисон. Ч.Э ах бид хоёр хоёулаа нэлээн согтолттой байсан. Согтуудаа манай эхнэрийг янхан гэж хэлсэн болохоор нь би ч согтуу байсан болохоор уур хүрээд цохичихсон юм. Яг Э ахтай маргалдаж цохилцох үед манай найз З болон Э ах бид 3 л хамт байсан. ...Бүтэн нэрийг нь Э гэдэг юм. Би Ч.Э ахад хохирлын мөнгө, эмчилгээний зардал гэх зүйлсийг бэлэн мөнгөөр өгсөн. Ч.Э ах надад бол хэлэхдээ ямар нэг гомдол санал байхгүй гэж хэлж цагдаад бичиг хийж өгнө гэж байсан. Ч.Э ахаас зөвшөөрөл аваагүй. Гар утас руу нь залгатал утас нь холбогдохгүй байсан. Гэртээ ирэх байх гэж бодоод гэрт нь орчихсон юм.  Би өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, мөн хохирогчийнхоо хохирлыг барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №988 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи нэлэнхийдээ захаараа шаргал хүрээ бүхий хүрэн ягаан өнгийн цус хуралттай, баруун хөмсгөнд 1,5х0,7 см хүрэн улаан тав тогтсон зулгаралттай, зүүн сарвууны ар гадаргуу бага зэрэг хаван хавдартай, 4,5-р хэсгээр бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай.

1. Ч.Эын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн гарын 4,5-р хуруунд цус хуралт, баруун хөмсгөнд зулгаралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гарын 4,5-р хуруунд цус хуралт, баруун хөмсгөнд зулгаралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч эмч Г.Энхбаатар/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

          3. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

          Шүүгдэгч Г.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал), ял шийтгэгдэж байсан талаарх . сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 274 дугаартай, . дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 87-89, 112-117 дахь тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 85 дах тал), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4/2672 тоот албан бичиг (хавтаст хэргийн 84 дэх тал), Цагдаагийн ерөнхий газрын гомдол, мэдээлэл, өргөдлийн нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээлэл (хавтаст хэргийн 63-66 дахь тал), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Эын оршин суух . тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч дураараа авирлан иргэн Ч.Эын үндсэн хуулиар олгогдсон орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, мөн бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдлээс болж 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах . тоотод Ч.Этай маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Эын мэдүүлэг, гэрч О.Бий мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч гэм бурууд маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Эын оршин суух . тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүй хууль бусаар нэвтэрч дураараа авирлан иргэн Ч.Эын үндсэн хуулиар олгогдсон орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан;

-Мөн бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн үйлдлээс болж 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах . тоотод Ч.Этай маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          - Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 45 минутад “2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байх хугацаандаа зүс таних Г-ийн Ч гэх хүнд зодуулж гэмтсэн” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Ч.Эын бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал),

          - Хохирогч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэртээ яваад ортол нисэх орчмоор байдаг, мал дагаж явдаг байсан Г.Ч гэх залуу 2 залуу, 1 жирэмсэн охины хамт гал түлчихсэн, пиво уугаад сууж байсан. ...би “яагаад гэрийн цоож эвдээд орчихсон юм, чи миний утасны дугаарыг олоод залгаад ярьж болно шүү дээ” гэж Г.Чт хэлэхэд Г.Ч надад “би эвдээгүй, татсан чинь хаалга чинь онгойчихсон шүү дээ ах аа” гэсэн. Тэгэхээр нь  ...чи гэрийн цоож эвдэж гэрт ороод байхдаа яадаг юм, чи өмнө нь хүртэл манай гэрт орж ирээд гарч явахдаа гэрээс эд зүйл аваад гарсан. Тэр болгонд чинь би дуугай байдаг” гэж хэлсэн.  ...Г.Ч “за уучлаарай ахаа гар барья” гэж хэлээд миний гараас бариад гэнэт нүүр рүү цохисон. ...би ор руугаа уначихсан. Тэгэхэд Ч дахиж хүрч ирээд миний дээрээс нүүр, толгой руу нэлээн олон удаа цохисон. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), хохирогчоор дахин өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 11, 14 дэх тал),

-Гэрч О.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), Гэрч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Г.Ч намайг ирээд авчих уу, бие муу байна гэхээр нь хаана байгаа талаар нь асуухад Ээгий ахын гэрт байна гэж байсан. ...очиход манай нөхөр Ээгий ах болон миний танихгүй нэг найзынхаа хамт байж байсан. ...гэнэт Ээгий ах намайг энэ юун янхан бэ, хэний янхан юм бэ гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр та манай эхнэрийг юу гээд байгаа юм бэ гээд тэр хоёр дээшээ босохоор нь би айгаад гараад гүйчихсэн. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),  Яллагдагч Г.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №988 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх” эрхтэй гэж заасан. Мөн орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч, шүүгдэгч нар нь бие биенээ мэддэг нөхцөл байдал байгаа боловч шүүгдэгч Г.Ч нь хохирогч Ч.Эын гэрт эзэнгүй байхад зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, улмаар хохирогч нь зөвшөөрөлгүй гэрт дураараа орсон талаар хэлж, тэдний хооронд маргаан үүсэж, Г.Ч нь Ч.Эын эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учраагүй ба, харин түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэж мэдүүлж байсан боловч нотлох баримтыг гаргаж өгөөгүй, харин 2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “эмчилгээний зардлаа барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 14 дэх тал), мөн шүүгдэгч нь эмчилгээний зардлыг бэлэн мөнгөөр төлсөн гэж мэдүүлсэн зэргээр түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагч дүгнэлтдээ “ шүүгдэгч Г.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2019, 2020 онд ял шийтгэгдэж байсан байна. Түүний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэнийг дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

            Шүүгдэгч Г.Чийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч согтуурсан буюу согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.

            Мөн шүүгдэгч Г.Ч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4/2672 тоот албан бичгээр дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлээгүй буюу гүйцэтгэх баримт бичиг цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй талаар лавлагаа авагджээ. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 872 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдав.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан; мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б овогт Г-ийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ял; мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чт оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн 2210000000099 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.Эт төлөх төлбөргүйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА