Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/213

 

 

                                              

 

 

 

 

 

   2022         03            28                                           2022/ШЦТ/213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нэргүйсувд хөтлөн,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Т.Л нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овгийн Т-ийн Лыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210 0047 60265 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овгийн Т-ийн Л нь Монгол Улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа лам хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн . хороо, .тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Т.Л нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн үед Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” хүнсний дэлгүүрийн дотор болон таамбарт хохирогч М.Быг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Т.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би Б дэлгүүрт кофе авахаар ороход нэг залуу байсан. Тэр залуу чи гадаад явуулж чадаагүй, муу лам байна гээд байхаар нь би түүнд чи ярих зүйлээ эрүүл үедээ ярь, согтуу байж юм ярилаа гэж хэлээд нүүрэнд нь нэг удаа цохисон. Мөн дэлгүүрийн үүдний таамбарт нэг удаа цохиж, 2-3 удаа өшиглөчхөөд явсан. Хохиролд 138.000 төгрөг төлсөн. Би хувиараа лам хийдэг, сарын 1.500.000 төгрөгийн орлоготой. Гэм буруугийн талаар маргахгүй, торгох ял тохиролцсон, ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солино гэдгийг ойлгосон гэв.

Эрүүгийн 2210004760265 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 15:57:35 цагт “Ажлаасаа сая орж ирсэн нөхөр халамцуу зодуулчихсан байна” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 3 дахь тал), Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),

2. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр М.Бы биед үзлэг хийхэд:

Баруун шанаа болон хацар улайж хавдсан, зүүн талын хөмсөгний хэсэгт 1см улаан өнгийн цус мэт зүйл гарч хатсан байдалтай байв. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),

3. Хохирогч М.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн

2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өглөөний 09 цагийн үед тамхи авах гээд Хан-Уул дүүргийн байрлах Б хүнсний дэлгүүр лүү тамхи авахаар зогсож байтал гаднаас дэлгүүр дотор Л ороод ирсэн. Л нь буддын шашны зан үйл хийдэг лам хүн юм. Би эхнэртэйгээ Чэжү арал руу аяллаар явахаар төлөвлөж байсан учир Л дээр очиж ая- замын ерөөл айлдуулж засал ном хийлгэсэн. Засал ном хийлгээд бид 2 аяллаар явж чадаагүй. Тэгээд дэлгүүр дотор Лтой таарч чи бол юу ч мэдэхгүй лам гэж би Лыг хэлсэн. Тэгэхэд Л уурлаж миний нүүр лүү дэлгүүр дотор нэг удаа цохиж намайг дэлгүүрээс чирч гаргаад дэлгүүрийн таамбар дотор хэд хэдэн удаа намайг цохиж өшиглөсөн. Намайг зодоод гэр лүүгээ явсан. Би тэр дэлгүүрийн худалдагчаас хуурай салфетка авч цусаа арчаад гэртээ харьсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Урд өдөр нь манайд хамаатны ах дүү нар ирээд бид нар архи уусан. Өглөө нь миний архи гараагүй согтуу байсан. ...Намайг дэлгүүрт болон дэлгүүрийн таамбар дотор зодоход гэмтлүүд үүссэн. ...Ямар ч байсан намайг дэлгүүр дотор нэг удаа цохиж дэлгүүрээс чирч гаргаад таамбарт зодсон. Компьютер томографид харуулсан ...138.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн зодоон нь миний буруу үйлдлээс бас хамааралтай. ...Тухайн хэргийг хурдан шуурхай хөнгөрүүлэх нөхцөл байдлаар хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Хохирогчоор дахин өгсөн: “...гэмтлүүд нь Т Л намайг Б хүнсний дэлгүүрийн үүдэнд зодож байхад үүссэн гэмтлүүд байгаа юм. ...Намайг эхлээд дэлгүүрт нэг удаа цохиод, чирч гаргаад дэлгүүрийн гадаа зодсон. Тэр үед дух зүүн нүдний салст, баруун хацар баруун мөрөнд тус гэмтлүүд үүсэх боломжтой. Харин намайг унагачхаад хэд хэдэн удаа өшиглөхөд зүүн гуянд цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн гэмтлүүд нь үүссэн байх. ... Би зодуулсан өдрөө эмнэлэг явж компьютер томогрфид харуулсан 138.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

            4. Шүүгдэгч Т.Лын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “...2022 оны 02 дугаар сарын 4-ний өдөр өглөө 09 цагийн үед би гэрээсээ гарч дэлгүүрээс кофе авах гээд гарч явсан. ...Б гэх дэлгүүрт орсон. Намайг дэлгүүрт ороход нэг хүн байсан. Тэр хүнийг өмнө би буддын шашны зан үйлээр сан тавьж дадлага авхуулсан. Тухайн үедээ тэр хүн гадагшаа явна гэж байсан. Тэр нь бүтээгүй юм шиг байсан. Тэр залуутай дэлгүүр дотор тааралдахад та намайг гадагшаа явуулаагүй, муу лам гэх зэргээр намайг доромжилсон. Тухайн эрэгтэй хүн согтуу байсан. Би чи юу яриад байгаа юм бэ, эрүүлдээ учраа олъё гэж хэлээд дэлгүүрээс аваад гарсан. Дэлгүүрийн таамбар дотор бид барилцаж аваад би хэлэхдээ чамд надад хэлж ярих зүйл байвал эрүүл саруул дээрээ хэлж ярь гэж хэлэхэд өөдөөс муудалцаад байсан. Би нэг удаа гараа зангидаж байгаад баруун гараараа нүүр лүү нь цохисон. Нөгөө эрэгтэй хүн хөмсөгнөөс нь гараад байсан цусаа миний толгой дээр арчаад байхаар нь цааш нь түлхчээд би гэр лүүгээ явсан. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст намайг дуудаад ирсэн. ...Зүс таньдаг болохоос сайн таньдаггүй. Би буддын шашны зан үйл хийж хүмүүст засал ном хийдэг. Тэр залуу над дээр ирж засал ном хийлгэж байсан. Бусдаар бол өөр харилцаа хамаарал бол байхгүй, нэрийг нь мэдэхгүй. Надтай маргалдсан шалтгаан нь бол нэг өдөр над дээр ирж эхнэртэйгээ гадагшаа явах гэж байгаа та миний зан мөрийн тэгшлээд сайхан ном хураад өгөөч гэсний дагуу би сан тавьж өгсөн. Тэр хоёрын гадагшаа явах нь худлаа болсон гэсэн. Тэгээд надтай дэлгүүр дотор таарчхаад чиний лам гэж юу байсан юм гэх зэргээр надтай маргасан. Тухайн үед би М.Бд гар хүрсэн нь миний буруу. ...Тухайн үед би эрүүл байсан. Би согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй. ...М.Бд гэмтэл учруулсан гэдгээ би хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй. ...Надад гэм буруутайгаа маргах зүйл байхгүй. ...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №2582 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духны баруун талд 3,0x0,5 см хэмжээтэй 2 тооны хүрэн ягаан зулгаралт, зүүн нүдний салстад хүрэн ягаан цус хуралт, дээд зовхинд 1,0x0,2 см хэмжээтэй хүрэн ягаан зулгаралт, 4,0x2,0 см хэмжээтэй хүрэн ягаан цус хуралттай, бага зэрэг хавдсан. Баруун хацрын гөвгөрт 2,0x1,5 см хүрэн ягаан зулгаралттай. Баруун мөрний урд хэсэгт 3,0x2,0 см хэмжээтэй хүрэн ягаан зулгаралт, хэвлийн зүүн хажуу доод хэсэгт 8,0x2,0 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн гуяны гадна дунд хэсэгт 5,0x4,0 см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай.

1. М. Бы биед дух, зүүн нүдний салст, дээд зовхи, баруун хацар, баруун мөр, хэвлий, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /шинжээч эмч Т.Сэлэнгэ/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал), Med trauma hospital эмнэлгийн дүрс оношилгооны хариу (хавтаст хэргийн 28 дахь тал),

6.Хохирогчоос эмчилгээний зардал нэхэмжилсэн зардлын баримтууд (хавтаст хэргийн 29 дэх тал),

            7. Оролцогчдын хүсэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал), прокурорын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 78 дугаар тогтоол, санал (хавтаст хэргийн 81-83 дахь тал),

            8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 57-79 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Т.Л нь хохирогч М.Б  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч,  яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Л нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн үед Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” хүнсний дэлгүүрийн дотор болон үүдний хэсэгт хохирогч М.Бтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь биед дух, зүүн нүдний салст, дээд зовхи, баруун хацар, баруун мөр, хэвлий, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 3 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), хохирогч  М.Бы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),  хохирогч М.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....Лтой таарч чи бол юу ч мэдэхгүй лам гэж хэлсэн. Л уурлаж дэлгүүр дотор нэг удаа миний нүүр лүү цохиж, дэлгүүрээс чирч гаргаад дэлгүүрийн таамбар дотор хэд хэдэн удаа намайг цохиж өшиглөсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал), шүүгдэгч Т.Лын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ... бид барилцаж аваад ...нэг удаа гараа зангидаж байгаад баруун гараараа нүүр лүү нь цохисон. ... надтай дэлгүүр дотор таарчхаад чиний лам гэж юу байсан юм гэх зэргээр надтай маргасан. ... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №2582 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Лын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хэргийн 29 дүгээр талд оношилгооны төлбөр 130.000 төгрөгийг нэхэмжилсэн нотлох баримтыг ирүүлсэн, хэргийн 56 дугаар талд Т.Лоос 138.000 төгрөг хүлээн авсан, хохирол нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн баримтыг хохирогчоос ирүүлжээ. Иймд шүүгдэгч Т.Лыг  хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Т.Лтой тохиролцсон ялын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” тухай дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Т.Л нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Т.Лыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрсөн байх тул 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Л хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2,  38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Т-ийн Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лт торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 2210 0047 60265 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Л цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, хохирогч М.Бд төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА