Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/214

 

 

                                              

 

 

 

 

 

2022           03            28                                             2022/ШЦТ/214

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нэргүйсувд хөтлөн,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овогт  Н-ын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210002700238 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт  Н-ын М Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эх нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн . хороо, . хэсэг, . хотхоны . тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус хорооны ., . хотхоны . тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан (РД: .).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч Н.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 06 цагийн орчим . хорооны нутаг дэвсгэр, . тоотод найз Э.Ттай “найз эмэгтэйн хөхөнд хүрлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь тархины доргилт, баруун ухархайн доод ханын хугарал духны зүүн хажуу хэсэг, дагзны зүүн дээд хэсэг, доод хэсэг, хамрын баруун талд цус хуралт, зүүн хөхлөгийн хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Н.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Их сургуулийн найз Э.Т намайг хүрээд ир гээд дуудаад байхаар нь Мөөнөө гэдэг охины гэрт . хотхонд очсон. Тэд манайд очъё гээд би тухайн үед найз охин Мандухай-Үжинийнд амьдарч байсан болохоор тэднийд дагуулж очоод хамт архи уусан. Тэр үед Э.Т найз охин Мандухай-Үжинийн хөхөнд хүрээд байхаар нь би түүнтэй муудалцаад нүүрэнд нь хоёр удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэв.

Эрүүгийн 2210002700238 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07:3:11 цагт “зодоон болоод байна” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 7 дахь тал),

2. Хохирогч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:

...2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 24 цагийн орчимд Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “. таун” хотхонд байх найз Мгийн гэрт М болон Н хоёр уулзчихсан байна гэхээр нь очсон. Бид гурав гэрт нь юм яриад сууж байтал Мгийн нөхөр Мэндбаяр бага зэрэг согтолттой гэртээ орж ирсэн. Бид нэг шил шампанск буудуулсан, тэрнээс бараг уугаагүй. М, Мэндээ бид гурав орцонд тамхи татаж байхад М надаас "М хаана байгаа юм бэ, ирнэ гэсэн биз дээ гэсэн. Би М рүү залгахад “та хэд уулзчихсан байгаа юм уу, би яваад очъё” гэсэн. Хэсэг хугацааны дараа найз Х ирсэн. Бид нар удаан уулзаагүй юм чинь согтууруулах ундаа хэрэглэж сууя гэж хэлсэн. М, Х хоёр гараад виски аваад орж ирсэн, бид хувааж уусан. Дуусаж байтал Х “одоо манайд очъё” гэхээр нь Н, Х бид гурав гэрт нь очсон. Эхнэр нь ууртай байсан. Бид учир байдлаа хэлсэн. Дараа нь Х, түүний хамтран амьдрагч Мандухай, Н бид виски уухаар болж, уусан. ...Х гэнэт намайг эхнэртэйгээ хардаж эхлэн “Чи муу пизда минь, та хоёр яадаг юм, чи юу яриад байна, та хоёр яасан яасан гэнэ ээ” гэж хэлээд над руу давшилж гараа далайж эхэлсэн. Би холдтол шууд над руу гараараа цохиж эхэлсэн. Би ч өөрийгөө хамгаалсан.  Тэгтэл намайг Х газар унагааж нүүр рүү өшиглөж эхэлсэн. ...Х гал тогооны өрөө рүүгээ гүйгээд шууд шургуулга аа татаж эхлэхээр нь би хутга авч байна гэж бодоод айгаад унтлагынх нь өрөө рүү ороод дотроос нь түгжиж, татаж зогссон. ...Би гомдолтой байна, шүүх эмнэлэгт үзүүлмээр байна. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

Хохирогчоор 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өгсөн ...М манай гэрт очих уу гэж хэлэхээр нь Н бид 2 зөвшөөрөөд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 23 тоот гэр лүү нь орохдоо замаараа нэг шил виски аваад орсон. Мгийн найз охин Мандухай байсан. Мандхай-Үжин уурлаад М тэр хоёр ариун цэврийн өрөө ороод маргалдаад байсан. Хэсэг хугацааны дараа гарч ирээд бид дөрөв юм ярьж сууж байгаад виски хуваагаад ууж байсан чинь М намайг Мандхай-Үжинтэй хардаж эхэлсэн. Т ариун цэврийн өрөө лүү орохоор нь би араас нь орсон чинь надтай маргалдаж эхлээд намайг түлхээд ванны өрөө лүү унагаасан. ...Ариун цэврийн өрөөнөөс гараад миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. ...М намайг зодож байхад Н дундуур орж салгасан. ...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Орбита эмнэлэгт үзүүлсэн. Эмчилгээнд зарцуулсан мөнгө нэхэмжилж байна. ... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

Хохирогчоор 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн ...Би эрүүл мэндээрээ хохирч Орбита эмнэлэг болон Шүүх эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 8000 төгрөг, Орбитаа эмнэлэгт 45.000 төгрөгөөр үзүүлсэн. Мед Траума эмнэлэгт Цээж нуруу толгойны зураг авхуулсан төлбөр нь 280.000 төгрөг, Сондра эмнэлэгт үзүүлсэн 45.000 төгрөг болсон болж, нийт 378.000 төгрөгийн зардал гарсан. ...Миний эмчилгээний зардал мөнгийг М хаан банкны 5076315858 тоот данс руу 378000 төгрөг шилжүүлж төлсөн. ...Би шүүх хуралд оролцохгүй. Одоо надаа ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал) болон хохирол, хор уршгийг нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 91-93 дах тал),

3. Гэрч Х.Мандхай-Үжиний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            ...2022 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 04 цагийн орчимд найз залуу М Т Н гэдэг нэртэй 2 найзын хамтаар миний түр оршин сууж байгаа Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 103 дугаар байрны 3/23 тоотод согтуу ирсэн. ...М Т, Н нарын виски ууж байхад нь 2 хундага уусан. ...бид дөрөв юм яриад сууж байсан чинь миний хажууд байсан Т гэдэг залуу гараа миний ардуур давуулаад мөр хэсгийг маань тэвэрсэн байсан. Тэр үед баруун гараараа миний хөхнөөс барихаар нь би хөөе зүгээр бай гээд гарыг нь түлхсэн чинь өөдөөс хараад сууж байсан найз залуу М уурлаад ариун цэврийн өрөө орсон. Араас нь Т ороод удалгүй чанга дуу чимээ гарах шиг болсон чинь Н ариун цэврийн өрөө ороод болиоч гэж хэлээд зууралдаж байхаар нь би араас нь очсон чинь ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Т М нар бие биеэ цохиж байхаар нь би дундуур нь орж салгаад М Т Н нарыг та нар одоо миний гэрээс яв гэсэн. Н цагдаа дуудсан байгаа байж бай гэсэн. М гараад явсан. Удалгүй цагдаа ирээд намайг үлдээгээд Н Т нарыг аваад явсан. Ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд М Тын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж байсан чинь Т Мгийн нүүрэн тус газар нь цохиж байгаа харагдсан. Н М Т нарыг зууралдаад ноцолдож байхад дундуур нь орж салгаж байсан. ... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

            4. Шүүгдэгч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            Би Ттай 2008 оноос хойш найз нөхдийн холбоотой байж байгаад 2015 онд АНУ-руу ажиллаж амьдрахаар яваад 2021 оны 08 дугаар сард ирээд уулзахгүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уулзсан. Уулзах болсон шалтгаан гэвэл их сургуулийн найз нартайгаа уулзах болоод Ттай уулзсан. Ингээд тэр үед надтай хамтран амьдарч үерхэж байсан. Мандхай-Үжиний гэр болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 3-23 тоотод Т Н нарын хамтаар очсон. Бид нар очихоосоо өмнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж байгаад замаараа нэг шил виски аваад орж ууцгаасан. Ууж байхад Т гараа Мандхай-Үжингийн бүсэлхий хэсгээс нь барьж байгаад хөхөнд нь хүрэх шиг болсон. Би өөрөө тэр үед согтуу байсан болохоор уур хүрээд ариун цэврийн өрөөнд тамхи татаж байхад Т орж ирэхээр нь би хэлсэн:Яагаад байгаа юм бэ? хөгшөөн гэж хэлээд маргаан эхэлсэн. Тэгээд Би Тын нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед Н хажуугаар салгах гэж ороход Н түлхсэн байх. Тэгээд би гараад явсан. Өглөө нь би аавтайгаа ажил хөөцөлдөх байсан учраас гараад явсан. Би Ттай утсаар яриад уучлалт гуйж буруу бодсон талаараа хэлсэн байгаа. Би хийсэн үйлдлээ маш их гэмшиж байгаа. ...Би 2015 онд АНУ-руу явсан. Намайг бага 3 настай байхад маань аав ээж 2 салаад би ээж дээрээ байж байгаад ээжтэйгээ цуг АНУ-руу явсан. Одоо хааяа нэг аавтайгаа уулздаг утсаар ярьдаг. Би Монгол улсад ирээд удаагүй байгаа учраас ганцаараа амьдарч байгаа. ...Би Ттай маргалдсан учраас Тын биед гэмтэл учруулсан. Н салгах гэж хажууд ирээд зууралдах үед түлхсэн бусдаар ямар нэгэн санаа зорилгоор биед нь халдсан зүйл байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64 дэх тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1444 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хажуу хэсэгт 2,2х0,7 см хэмжээтэй, улаан өнгийн цус хуралттай, дагзны зүүн дээд хэсэгт 6х6 см, доод хэсэгт 5х2 см хэмжээтэй хавдсан, ягаан өнгийн цус хуралттай, зүүн хөхлөгийн хэсэгт 1,1x0,2 см, 1,2x0,2 см, 1x0,2 см хэмжээтэй, хүрэн улаан өнгийн зулгаралттай, хамрын баруун талд 0,5x0,5 см хэмжээтэй, хөх ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэхэд зүүн талдаа эмзэглэлтэй.

1. Э.Тын биед тархины доргилт, баруун ухархайн доод ханын хугарал духны зүүн хажуу хэсэг, дагзны зүүн дээд хэсэг, доод хэсэг, хамрын баруун талд цус хуралт, зүүн хөхлөгийн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2,3,6-д Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. /шинжээч эмч Ч.Эрдэмболор/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

            6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Н.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 80 дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 82 дахь тал), яллагдагч, хохирогч нарын хүсэлт (хавтаст хэргийн 103, 104 дэх тал), прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 106-107 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 06 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 103 дугаар байрны 23 тоотод найз Э.Ттай “найз эмэгтэйн хөхөнд хүрлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.М нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 06 цагийн орчим Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 103 дугаар байрны 23 тоотод согтуурсан үедээ иргэн Э.Ттай “найз эмэгтэйн хөхөнд хүрлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь тархины доргилт, баруун ухархайн доод ханын хугарал духны зүүн хажуу хэсэг, дагзны зүүн дээд хэсэг, доод хэсэг, хамрын баруун талд цус хуралт, зүүн хөхлөгийн хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 7 дахь тал), хохирогч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Х гэнэт намайг эхнэртэйгээ хардаж эхлэн “Чи муу пизда минь, та хоёр яадаг юм, чи юу яриад байна, та хоёр яасан яасан гэнэ ээ” гэж хэлээд над руу давшилж гараа далайж эхэлсэн. Би холдтол шууд над руу гараараа цохиж, газар унагааж нүүр рүү өшиглөж эхэлсэн. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал) болон түүний дахин өгсөн бусад мэдүүлгүүд (хавтаст хэргийн 12-13, 19 дэх тал), гэрч Х.Мандхай-Үжиний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Т гэдэг залуу гараа миний ардуур давуулаад мөр хэсгийг маань тэвэрсэн байсан. Тэр үед баруун гараараа миний хөхнөөс барихаар нь би хөөе зүгээр бай гээд гарыг нь түлхсэн чинь өөдөөс хараад сууж байсан найз залуу М уурлаад ...Т М нар бие биеэ цохиж байсан. ...М Тын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж байсан чинь Т Мгийн нүүрэн тус газар нь цохиж байгаа харагдсан ... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал), Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ... Т гараа Мандхай-Үжингийн бүсэлхий хэсгээс нь барьж байгаад хөхөнд нь хүрэх шиг болсон. ...Тэгээд Би Тын нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохисон. ... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64 дэх тал) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1444 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Мгийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Э.Таас хэргийн 91-93 дугаар талд 280.000, 35.000, 8000 төгрөгийн баримтыг ирүүлж, 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Би эрүүл мэндээрээ хохирч Орбита эмнэлэг, шүүх эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 8000, 45.000 төгрөг, Мед Траума эмнэлэгт Цээж нуруу толгойны зураг авхуулсан төлбөр 280.000 төгрөг, Сондра эмнэлэгт үзүүлсэн 45.000 төгрөг нийт 378.000 төгрөгийн зардал гарсан, М Хаан банкны 5076315858 тоот данс руу 378000 төгрөг шилжүүлж төлсөн. ...Би шүүх хуралд оролцохгүй, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлсэн (хавтаст хэргийн 19 дэх тал) байх тул хохирогчид шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах” ялын санал танилцуулсан, энэхүү саналаа дэмжиж оролцож байна гэсэн дүгнэлт гаргасан, улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэсэн тайлбар шүүгдэгч гаргасан.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч  Н.М нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр торгох ялыг биелүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор (хх82) тус тус тогтоогджээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хор уршгийн зардлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүгдэгч Н.Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ба, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал танилцуулахад зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн байх тул хуульд заасан нөхцөл хангагдсан гэж үзэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2,  38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Н-ын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 2210002700238 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Тт төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд Эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА