Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/258

 

 

                                              

 

 

 

 

 

 2022           04           08                                            2022/ШЦТ/258

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д овгийн Бийн Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210000000261 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1979 оны 05 сарын 09-ний өдөр . суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажил цайны газар ажиллуулдаг гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, . тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн . тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдалд . дахь сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон,  Д овгийн Бийн Э (РД:.).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Б.Э 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн . тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.Аг “цагдаа дуудсан “ гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн доод зовхи, зүүн хацар, баруун чамархайн хуйх, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэр бүлийн найзуудтайгаа уулзаж архи уусан, энэ үед эхнэр А.А намайг чи хэзээ ийм байсан юм гээд байсан. Дараа нь тэрийг нь яриад агсам тавьж эхнэрээ зодсон байна лээ. Тэгээд орой нь айлд очоод эргээд гэртээ ирэхэд эхнэр цагдаа дуудлаа гэхээр нь толгойд нь цохих, өшиглөх, үснээс нь татах зэргээр дахин зодсон. Гэмтэл учруулснаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тохиролцсон торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солигдоно гэдгийг ойлгосон гэв.  

Эрүүгийн 2210000000261 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15:4:07 цагт “эмэгтэй хүн зодуулсан бололтой байгаа” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал), Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

2. Нийтийн хэв журам хамгаалах тасгийн офицер, цагдаагийн дэслэгч С.Цогбадрахын 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бичсэн илтгэх хуудаст: 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15:04 цагт . тоотод эмэгтэй хүн зодуулсан байгаа гэх дуудлага хүлээн авч шалгав. Тоот хаяг руу ороход А.А нь зодуулсан, зүүн нүдний доод хэсэгт хөхөрсөн, зүүн хацар улайж хавдсан, зүүн гарын шуу хэсэг хөхөрч хавдсан зүүн гар хөдөлгөөнгүй байдалтай зочны өрөөнд сууж байв. Гэрийн эд хогшил замбараагүй болсон, зодсон гэх нөхөр Б.Э гараад зугтаасан, хохирогч А.А Аюулын зэргийн үнэлгээ “өндөр” гарсан тул зөрчлийн байцаагч С.Дэлгэрсайханд хүлээлгэн өгсөн” гэсэн тухай (хавтаст хэргийн 8 дахь тал),

3. Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шинжээч оролцуулан хохирогч  А.Агийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд: 156 см өндөртэй, 75 кг жинтэй, биед ил харагдах шарх гэмтлийг үзэхэд зүүн талын нүд доод талаараа бага зэрэг хөхөрч хавдсан, хоёр гарын шууны гадна талд хэсгээр улайж цус хурсан, нарийн зураасан шархтай, зүүн гарын булчингийн дотор талд 1:5:1 см хэмжээтэй дугуй хэлбэртэй, улаан өнгийн цус хуралттай, зүүн гарын булчингийн гадна хэсэгт 1:1 см хэмжээтэй дугуй хэлбэртэй цус хуралт байсныг гэрэл зургаар бэхжүүлсэн тухай тэмдэглэл, 1-11 дугаартай гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

4. Хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:

2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр Б.Э нь гэр бүлийн найзуудтайгаа архи уун согтуу гэртээ орж ирээд урьдын өнгөрсөн асуудлыг ярьж шөнө намайг унтаж байхад үсдэж чирсэн. Тэр үед манай найз Д.О Х.Н нар намайг хамгаалж салгасан. Тэгээд би цагдаа дуудахад Б.Э гараад зугтаасан. Тэр шөнө гэртээ ирж хоноогүй. Маргааш өглөө нь гэртээ орж ирээд “чи яасан их цагдаа дууддаг юм, дахиад дуудчих” гээд намайг гараараа зангидаж байгаад толгой руу 6-7 удаа цохиж зүүн нүд рүү өшиглөсөн. Би нүүр рүүгээ цохиулахгүй гэж зүүн гараараа өөрийгөө хамгаалж байхад миний гар луу өшиглөсөн, цохиж үсдэж чирсэн. Надад маш их гэмтэл учруулсан. Одоо миний толгой маш их өвдөж байна. Б.Э өмнө нь надад гар хүрч зодож байгаагүй. Гэхдээ сүүлийн үед архи уугаад ааш нь жаахан эвдрээд байгаа. ...Б.Э бид хоёр гэр бүл болоод 22 жил болж байна. ...Миний толгой болон зүүн нүд рүү өшиглөж, үсдэж чирсэн. Одоо миний зүүн гарын хуруунаас тохой хүртэл маш их өвчтэй хөхөрч хавдсан байна. ...Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

5. Гэрч А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:

2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед байх, Э А, У, О, Болдоо, Анхаа нар манайд ирсэн. Бид гэр бүлийн найзууд. Тэр өдөр Офицеруудын ордны тэнд байдаг гэрт бүгдээрээ ирсэн. Манайд бол архи уугаагүй хоол цай идэж ууцгаагаад л гарсан. Манайхаас гараад хамт явж байсан нэг залуу замдаа нэг шил архи машинд задалж уусан. Э архи уугаагүй машин бариад явж байсан. Болдоогийнд бас очиж цай уугаад л гарсан. Болдоогийн гэрээс гараад О, А, бид дөрөв Эгийн гэрт очсон. Э нэг шил архи задлаад А, О бид гурав амсаад л унтаад өгсөн. Э тэр архийг бүгдийг уусан байх, ...дууссан үгүйг мэдэхгүй. Унтаж байтал шөнө гэнэт юм тас няс гээд дуугараад явчихсан. Сэрээд хартал Э согтчихсон стакан унагаагаад хагалсан байх шиг байсан. А цочиж сэрээд юу болов яав гээд уурласан чинь Э нэг удаа гараараа цохиод авахаар нь О бид хоёр Эг бариад салгасан. А цагдаа дуудна гэсэн чинь Э гараад зугтаасан....2022 оны 02 дугаар сарын 05-ны шөнө болсон асуудал. ...Э яг хэр зэрэг согтуу байсныг мэдэхгүй байна. Би салгах гээд гараас нь бариад авахад л гараад зугтаачихсан. ...Ямар ч байсан нэг удаа гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод авахаар нь О бид хоёр салгасан. Тухайн үед би их нойрмог байсан болохоор сайн мэдэхгүй байна. ...Э, А маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Тийм зүйл анзаарагдаагүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

6. Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:

            2022 оны 02 дугаар сарын 05-нд гэр бүлийн найзууд болох Э А, У, Болдоо, Анхаа нар манайд ирсэн. ...Тэгээд бид нар Нын гэр офицеруудын ордны тэнд очоод хоол цай идэж ууцгаагаад нээх удалгүй гарсан. Нын гэрт архи уугаагүй. Тэднийхээс гараад замдаа нэг шил архи машинд задалж уусан. Э машин бариад явж байсан болохоор архи уугаагүй. Бид Нын гэрээс гараад Болдоогийнд очиж цай уугаад л хүмүүс ирээд гарсан. Болдоогийн гэрээс гараад Э, Н, А, бид дөрөв Эгийн гэрт очсон юм. Э гэртээ орж ирээд нэг шил архи задлаад А, Н бид гурав тэр архинаас бараг уугаагүй. Амсаад өгсөн. Э тэр архийг ууж байгаад Атай маргалдаад нэг удаа нүүр лүү нь цохиж авахаар нь Н бид хоёр салгаж болиулсан. ...Тэгтэл шөнө 03 цагийн үед л байх сайн санахгүй байна тас няс гээд явчихаар нь сэрээд хартал Э аяга шидсэн үү унагаагаад хагалсан уу мэдэхгүй ямар ч байсан аяга хагарсан байсан. А цагдаа дуудна гэсэн чинь Э гарах гэтэл А гаргахгүй гээд хорьтол Э Аг түлхэж унагаагаад гараад зугтаачихсан. ...Э бага зэрэг согтуу байх шиг байсан. ...Унтахын өмнө архи ууж байхдаа Э Аг нүүр рүү нь нэг удаа цохиж авсан. Тэр үед Н бид хоёр салгаж болиулсан. Тэгээд арай гайгүй болсон юм. ...Бид гурав тухайн үед эрүүл байсан. ...Э А хоёр маргалдаж муудалцсан асуудал байхгүй. ...Агийн биед ямар гэмтэл учирсныг би мэдэхгүй.  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

            7. Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт Ухаа-1 хороолол 714 дүгээр байрны 24 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 02 сарын 04-ний өдөр найзууд болох У, Оюунболд, Анхзаяа, Нарангэрэл, манай эхнэр А бид зургаа уулзаад Уийн гэрт Буянт Ухаа-1 хорооллын 724 дүгээр байрны 24 тоотод архи ууцгааж байгаад найз Нын Офицеруудын ордны тэнд байдаг гэрт нь очиж 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд Нынхаас яваад Оюунболдын Буянт Ухаа-2 хороололд байдаг гэрт нь очиж дахиад нэмж 3 шил архи уусан. Оюунболдын гэрт ирэх замдаа машин дотор 1 шил архи уусан. Би Оюунболдын гэрт ирээд л ууж эхэлсэн. Н, У, манай эхнэр А бид дөрөв манай гэр рүү орж 2 шил архи хувааж уугаад нэлээн согтсон. Тухайн үед чинь шөнийн 3-4 цаг болж байсан байх. Манай эхнэр ч надтай эвгүй харьцаад байхаар нь би за ер нь явъя дүүгийндээ очиж ганц нэг юм уучихъя гэж бодоод дуудлагын жолооч дуудаад дүү Цэнхэрээгийнд 1 дүгээр хороололд очоод тэнд 1 шил архи задалсан байсан. Маргааш өглөө нь сэрсэн чинь 1 шил 0.75 литрийн Чингис нэртэй архи задалчихсан тал нь үлдсэн байсан. 02 дугаар сарын 05-ны өглөө нь дүү нар ажилдаа явах болоод намайг гэр рүү хүргэж өгөөд үлдсэн тал шил архийг машин дотор тавиад гэрийн гадаа машин дотор намайг унтуулаад машины түлхүүр гэр рүү оруулаад эхнэрт өгсөн байсан. 11 цагийн үед байхаа даараад сэрээд гэр рүүгээ орсон чинь уучих цай байхгүй болохоор нь аяга цай чанаад өгчих боломж алга уу гэсэн чинь хаашаа тэнэж явсан юм, тэр газраа цайгаа уухгүй яасан юм гэж хэлэхээр нь би машинд хөлдөж үхэх гээд орж ирж байна гээд ширээн дээр байсан боорцогтой тавгийг гараараа цохиод цацчихсан. Тэрнээс цааш нь маргалдаад гурван удаа алгадаж, үснээс нь зулгаагаад татсан чинь цагдаа дуудна гээд цагдаа руу залгаад байхаар нь би машиныхаа түлхүүрийг аваад гарах гэтэл араас ирээд зуураад байхаар нь хөлөөрөө цээж хэсэг рүү нь байхаа жийгээд унагаачихсан. Хартал хоолны шкафын тэнд унасан байсан. Тэгээд би гарч яваад шууд такси бариад Эмээлт рүү явж дэлгүүрээс ойр зуурын юм аваад цаашаагаа 61-ын гарам орж нутгийн нэг залуу Отгоогийнд очсон. Тэр үед тасраад сэрсэн болохоор нэлээн согтуу байсан. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр найзуудтай уулзаад ууж идээд явж байхад А.А надтай эвгүй харьцаад байсан, мөн гэртээ ороод ирсэн чинь уучих аяга цай байхгүй болохоор нь уур хүрээд хэрүүл хийгээд зодчихсон юм. Би ямар ч байсан нэг удаа алгадаад, баруун гараараа атгаж байгаад зүүн талын нүд рүү нь цохичихсон. Тэгсэн зүүн нүд нь тэр дороо хавдчихсан. Тэгээд л би гараад явчихсан. Зууралцаж байхад гар нь жаахан улайсан байх. А.А бид хоёр гэрлэлтийн баталгаа байгаа хууль ёсны гэр бүл, дундаасаа 2 хүүхэдтэй, том нь 20 настай, бага нь 11 настай. Би өмнө нь эхнэр А.Аг зодож байгаагүй. ...Надад хийсэн үйлдэлдээ маргах зүйл алгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №2589 дугаартай дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Зүүн доод зовхинд 6,0Х3,0см, зүүн хацарт 8,0х6,0см, баруун чамархайн хуйханд 6,0х4,0см, баруун бугалгын гадна дунд хэсэгт 1,0x1,5см, зүүн бугалгын гадна дээд хэсэгт 1,0х2,0см, 1,5х2,0см, дотор хэсэгт 1,5х1,6см, зүүн шууны гадна дээд хэсгээс доод хэсэг хүртэл 16,0х8,4см, зүүн сарвууны ар хэсэгт 9,0х6,0см, баруун сарвууны ар хэсэг 3,0х3,5см хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун чамархайн хуйханд 0,3х0,6см хүрэн өнгийн зулгаралттай, зүүн сарвуу, шуу хавдаж овойсон, эмзэглэлтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан.

-2022 оны 02 дугаар сарын 05-ын ГССҮТ-ийн КТГ-ийн шинжилгээгээр зүүн нүд, хацар, шанааны зөөлөн эдэд бага хэмжээний хаван хавдартай. /Дүгнэлт бичсэн эмч Лхагвасүрэн/  гэжээ.

1. А.Агийн биед зүүн доод зовхи, зүүн хацар, баруун чамархайн хуйх, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүссэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /шинжээч эмч Б.Цолмон/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

9. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А.Ад компьютер томографийн оношилгоо хийсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26 дахь тал),

10. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч С.Цогбадрахын 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хийсэн Аюулын зэргийн үнэлгээ, уг үнэлгээгээр хүчирхийллийн аюулын зэрэг “Өндөр” гарсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

            11. Оролцогчдын хүсэлт (хавтаст хэргийн 66, 67 дахь тал), 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 90 дугаартай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 68, 69 дэх тал),

            12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал), Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 55 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал) Б.Э, А.А нарын 1999 онд гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.Аг “цагдаа дуудсан “ гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй гэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Э 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн . тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.Аг надтай эвгүй харьцлаа, цайгаа чанасангүй, цагдаа дуудлаа гэх зэрэг шалтгааны улмаас биед нь цохих, өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн доод зовхи, зүүн хацар, баруун чамархайн хуйх, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун, зүүн сарвуунд цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

- хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), гэрч А.Н (хавтаст хэргийн 18-19 дэх тал), Д.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 21-22 дахь тал), шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2589 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 2 дахь тал), Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл (хавтаст хэргийн 3 дахь тал), Нийтийн хэв журам хамгаалах тасгийн офицер, цагдаагийн дэслэгч С.Цогбадрахын илтгэх хуудас (хавтаст хэргийн 8 дахь тал), Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7 дахь тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 56-57 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эгийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч А.Агийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно. Шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж бусад баримтаар нотлогдон тогтоогдсон болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд эхнэр, нөхрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд” ойлгоно гэжээ.

Б.Э, А.А нар 1999 онд гэрлэлтээ бүртгүүлж, 22 жил хамт амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий гэрлэгчид байх ба шүүгдэгч Б.Э эхнэр А.Аг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хохиролтой холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, харин гомдол санал, төлбөр тооцоо байхгүй гэсэн баримтыг хэрэгт ирүүлсэн (хх66) тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “Б.Этай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтээ дэмжиж оролцож байгааг хэлсэн ба шүүгдэгч зөвшөөрч буйг илэрхийлсэн.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Э хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг танилцуулж, яллагдагч гэм буруу, прокурорын саналыг зөвшөөрч хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар баримтаар илэрхийлсэн байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх  шаардлага хангагджээ.

Шүүгдэгч Б.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

III.Бусад асуудлаар: Хэрэгт хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь ирээгүй болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2,  38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Бийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.А нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА