Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 187/2022/0270/Э |
Дугаар | 2022/ШЦТ/257 |
Огноо | 2022-04-08 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/257
2022 04 08 2022/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,
улсын яллагч Л.Төгсжаргал,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овгийн Б-ийн М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210001390251 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
З овогт Б-ийн М Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 07-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Арцат-2” хотхоны барилга дээр ажиллаж байсан, одоо хувиараа цахилгааны засварын ажил хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 3-6 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Арцат” хотхоны баригдаж байгаа барилга дотор Т.Аыг цахилгааны хар хоолой аваад ир гэхэд нь өөрөө ав гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа, хамгаалалтын малгайгаар баруун шанаа хэсэгт нь 1 удаа тус тус цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн талаар мэдүүлэг гаргахгүй гэв.
Эрүүгийн 2210001390251 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17:36:37 цагт “Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах “Арцат” хотхоны барилга дээр манай ажилтан намайг зодсон” гэх дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал), Т.Аын бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 7 дахь тал),
3. Хохирогч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:
Би Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “.” хотхоны барилга дээр 2021 оны 04 дүгээр сараас хойш ажиллаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 24-ний 12 цагийн орчимд хамт ажилладаг инженер Б.М надад хандан доод давхраас цахилгааны хар хоолой аваад ир гэж хэлэхээр нь би тоглоод “М чи өөрөө явчхаад ир” гэж хэлэхэд маш их уурлан над дээр ирээд миний өмсөж байсан хувцасны захнаас боож доош дарж газар унагааж зүүн гараа атгаж байгаад баруун чамархайд 2 удаа цохиж, миний өмсөж байсан улаан өнгийн хамгаалалтын малгай, каскаар дахин баруун чамархай руу 2 удаа цохихоор нь би газраас босож ирээд шууд гарч яваад ах Ууганбаярыг дуудаж, Мтой уулзуулсан. Ах Мд "яагаад манай дүүг зодож байгаа юм бэ" гэхэд “ажлын шаардлага биелүүлсэнгүй” гэхээр нь би “чи яагаад намайг зодож байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн ах чамайг өгдөг газар чинь өгнө гэхэд М “харна аа” гэж хэлж байсан. ...Бид хоёр нэг нутгийнх байгаа юм. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан, санал хүсэлт алга байна. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг М намайг миний баруун чамархай руу гараараа 2-3 удаа цохисон, мөн миний өмсөж каск буюу малгайгаар 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан. ...Миний бодлоор үгэнд орсонгүй гэж уурлаад намайг зодсон байх, ...зодоон болох үед манай найз Б байсан. Миний баруун нүдэнд учирсан гэмтлийг барилгын инженер Б.М гараараа цохиж гэмтээсэн. ...Уг хэрэг явдал болохоос 7 хоногийн өмнө барилга дээр хана молдокдож байгаад баруун нүд рүүгээ бетоны үйрмэг оруулчихсан юм. Тухайн үедээ эмнэлэгт үзүүлж бетоны үйрмэгээ авхуулсан. ...Би Б.Мтой хамт 2021 оны 04 дүгээр сараас хойш хамт ажиллаж байсан. Миний мэдэхээр ширүүн ааштай, хурдан ууртай, бусадтай дээрэлхүү харьцдаг хүн гэж надад санагдсан. Би шүүх хуралд оролцохгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
4. Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:
2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн . байрлах баригдаж барилга дотор А бид хоёр хамт ажиллаж байтал хоолой дутчихаар нь М Аыг “яваад хоолой аваад ирээ” гэхэд А М-ыг “Гомбо өөрөө яв, Гомбо” гээд тоглосон шинжтэй хэлж байтал А гэнэт юу болсон юм бүү мэд М руу уурласан. Тэгсэн А эхэлж М-ыг заамдаж авснаа хэсэг зууралдаж байсан. Тэр хоёр яг хананы хажууд байсан. Зууралдаж байхдаа хоёулаа ханандаа цохигдож Аын өмсөж ажлын малгай буюу каск нь унаж байгаа харагдсан. Тэр үед би “больцгоо” гэхэд заамдалцахаа больсон. А нь учиргүй уурлаад байхаар нь М тайвшруулж паарны хажууд суулгасан. Би тэр хоёрыг гайгүй тайвширчих байх гэж бодоод хоолой авах гээд өрөө рүү явсан. Ингээд цайны цаг болоод би нөгөө хэд дээр буцаад очтол Аын ах нь гээд нэг залуу ирчихсэн “уулздаг газраа уулзана” гэж хэлээд Аыг аваад гараад явж байсан. ...Тоглоом шоглоомоор Гомбо гэх мэтээр нэгнийгээ шоглож ярьж байсан. Тухайн өдөр А яагаад гэнэт уурласныг мэдэхгүй. Мос шалтгаалсан зүйл бол байгаагүй. ...Тухайн үед А, М бид гурав байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
5.Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би ажлаа хийж байхад хоолой дуусчихсан юм. Тэгэхээр нь Аыг аваад ир гэхэд “. өөрөө яваад ир” гэхээр нь “юу гээд байгаа юм бэ, хоолойнд яваад ир” гээд заамдалцсан. Тэгсэн А над руу гар далайхаар нь би зөрүүлээд өмсөж байсан касктай малгай руу гараараа цохисон. Тэгээд Аыг тайвшруулах гээд суулгаад “тайвшир ахын дүү” гэхэд хэсэг байж байгаад уурлаад каскаа шүүрээд аваад гарсан. Хэсэг хугацааны дараа А нэг ахтай орж ирсэн. Ах нь намайг “чи дүүг маань зодлоо, чамайг цагдаад өгнө" гэхээр нь би чамайг танихгүй юм байна, гарч байгаад ярилцъя, цагдаад өгөхөөр бол өг гэж хэлээд гараад явсан. ...Хоолой дуусаж би Аыг аваад ир гэхэд намайг . гээд байсан. Тэрнээс болоод бид хоёр маргалдаж, би Аыг цохисон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал),
Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхи болон баруун чамархайн доод хэсэгт 4x3 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун нүдний дээд, доод зовхи, хацар, чамархай хэсгийг хамарсан 8x7 см талбайд овойж хавдсан байв.
1. Т.Аын биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй /шинжээч эмч Б.Баяртогтох/. ...” /шинжээч эмч Б.Баяртогтох/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
7. Шинжээч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:
Гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Ялгаж үзвэл баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун чамархайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нүд рүүгээ гаднын биет оруулсан тохиолдолд нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсэхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
8. Оролцогчдын хүсэлт (хавтаст хэргийн 70-71 дэх тал), 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 72-75 дахь тал),
9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал) нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.М нь хохирогч Т.Аыг цахилгааны хар хоолой аваад ир гэхэд нь өөрөө ав гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа, хамгаалалтын малгайгаар баруун шанаа хэсэгт нь 1 удаа тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай” тухай дүгнэлт гаргасан. Шүүгдэгч гэм буруугийн талаар марахгүй гэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М, хохирогч Т.А нар Хан-Уул дүүргийн . барилгын ажилд хамт ажилладаг байх ба 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тухайн газар ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа шүүгдэгч Б.М нь хохирогч Т.Аыг “өөрөө явж цахилгааны хоолойгоо авчир гэж хэллээ” гэх асуудлаас болж хоорондоо маргалдан, улмаар нүүрэнд нь гараараа хоёр удаа, баруун шанаа хэсэгт нь хамгаалалтын малгайгаар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.А (хавтаст хэргийн 21-22 дахь тал), гэрч Н.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал), шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 925 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал), шинжээч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 5 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл (хавтаст хэргийн 6 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч хор уршиг нэхэмжилсэн баримт хэрэгт ирүүлээгүй боловч эмчилгээний зардалд 108.000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримтыг ирүүлсэн (хх70), шүүгдэгч Б.М учруулсан хохиролд 108.000 төгрөг нөхөн төлсөн талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн. Иймд шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
II. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, түүнд торгох ялын санал танилцуулсан бөгөөд тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах” тухай саналаа дэмжиж байна гэсэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч зөвшөөрч байгаа талаар тайлбар гаргасан.
Шүүгдэгч Б.М-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон ба, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хор уршгийг арилгасан, прокурорын танилцуулсан ялын саналыг зөвшөөрсөн зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл хангагдсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүйг дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2210001390251 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Т.Ад төлөх төлбөргүйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА