Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 129

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Т.Баярсайхан түүний өмгөөлөгч Б.Төмөрбаатар,

шүүгдэгч Ц.Галбадрах түүний өмгөөлөгч И.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Тулгын Баярсайхан, Монгол овогт Цэрэннадмидийн Галбадрах нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526022301 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн аваад шүүн хэлэлцлээ.

 

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Тулгын Баярсайхан, /РД:ШВ83120771/  1983 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо БҮК 53-41 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  урьд ял шийтгэлгүй.

 

Монгол Улсын иргэн, Монгол овогт Цэрэннадмидын Галбадрах. /РД:ХН85013112/ 1985 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, “Жи плант” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 25-251 тоотод орши суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

Шүүгдэгч Т.Баярсайхан Ц.Галбадрах нар нь согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оффис” нэртэй пабад бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж иргэн А.Алтанцоожийг бүлэглэн зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Би хэсэг найз нартайгаа сууж байгаад 04 цагийн үед Оффис нэртэй пабад орсон. Тэгээд сууж байгаад Галдбадрах бид 2 үлдсэн. Тэгээд нэг эмэгтэй харагдахад Галбадрах нөгөө эмэгтэйг таньдаг хүн байна гээд текэн дээр очиж уулзсан. Тэр эмэгтэй бид хоёрын багын найз Баясгалангийн эхнэрийнх нь дүү Энхмаа байсан. Би очиж уулзаад ширээн дээрээ ирээд сууж байтал цаанаас нэг залуу ирээд Галбадрахыг мангасдаад унагаасан. Өөрөөр хэлбэл гараа сарвайж байгаад түлхээд унагаасан. Тэр үед би тэднийг яасан юм бол гэж бодоод салгах гээд очтол нөгөө залуу намайг заамдсан. Энхмаа бид хоёрыг салгах гэж байгаад тэр хоёр зууралдаад унасан. Тэр хоёр их согтсон байсан. Босож ирэхдээ нөгөө залуугийн толгойноос цус гарч байсан. Тэр залуу бид хоёрыг хэл амаар доромжилж байсан. Тухайн үед надад хүнтэй маргалдах сэтгэл зүй байгаагүй. Учир нь миний төрсөн өдөр болж байсан. Хэсэг зууралдаж байтал пабын 2 хамгаалагч залуу ирээд биднийг салгаж байхад цагдаа ирсэн” гэв.

 

Шүүгдэгч Ц.Галбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр найз Баярсайханыхаа төрсөн өдрийг тэмдэглээд дөрвүүлээ сууж байгаад хамгийн сүүлд бид хоёр үлдсэн. Гэтэл текний ойролцоо Энхмаа явж байсан. Би энэ тухай Баярсайханд хэлээд бие засах газрын үүдэнд тэврэлдээд уулзсан. Гэтэл ар талаас нэг залуу ирээд намайг “чи юу юм бэ, мангар бацаан” гэхээр нь би найзууд гэдгээ тайлбарласан. Энхмаа тэр залууд “наад хүмүүс чинь манай хүргэн ахын найзууд байгаа юм. Наад хүн чинь эхнэр хүүхэдтэй. Хардах ямар ч шалтгаан байхгүй” гэж хэлсэн. Тэр залууг Алтанцоож гэдэг бөгөөд намайг мангасдаад бид нар маргалдсан. Тэр үед Билгүүн гэдэг зөөгч залуу бид нарын хажууд байсан. Баярсайхан ирээд Алтанцоожтой зууралдаад унаж босоод нилээн юм болсон. Ингээд сүүлдээ болъё гээд би Билгүүнтэй хамт гадаа тамхи татаад орж ирсэн. Тухайн паб А болон Б заалтай байсан. Би гаднаас орж ирээд сууж байтал нөгөө талын зааланд шуугиан болоод байсан бөгөөд Энхмаа бид хоёрын ширээн дээр ирж суугаад Алтанцоож манай найз залуу цагдаа байгаа юм гэхэд нь бид 2 “ийм сонин хүнээс салаач” гэж хэлж байсан. Нөгөө заалнаас Алтанцоож “гөлөгнүүдээ” гэх зэргээр орилоод байсан. Гаднаас 3-4 цагдаа орж ирсэн. Намайг гадаа байж байхад цагдаа нар намайг дуудаж байна гэхээр нь би орсон. Тэгэхэд цаад талын буланд Алтанцоожийн өвөр дээр Энхмаа суусан байсан. Цагдаа нар энд асуудлаа шийдэж болохгүй юм уу гэхэд Алтанцоож үгүй гээд бид нар цагдаагийн хэсэг дээр очихоор болсон. Цагдаа нар Баярсайханыг аваад Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү явсан. Би Алтанцоожийг хаана байгааг цагдаа нараас асуухад түрүүлээд явсан байх гэж хэлсэн. Би араас нь очихоор болоод үлдсэн. Тэгээд Барилгын коллеж руу алхаж байтал Энхмаагийн гэрийн гадаа Алтанцоож, Энхмаа хоёртой тааралдсан. Тэгэхээр нь би “манай найзыг цагдаа бариад явчихлаа чи гомдолгүй гээд салгаад авчихаач ээ” гэхэд над руу дахиад дайраад байсан. Тэгээд хоёулаа саяны паб руу эргэж ороод пиво ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би “би пиво уухгүй, найз маань цагдаад баригдаад явчихсан. Би араас нь явахгүй бол болохгүй” гэж хэлэхэд “эр хүн юм бол ядаж ус уу” гэхээр нь би татгалзаад явсан. Баянгол дүүрэг дээр очиход найзыг маань эрүүлжүүлэхэд хийсэн байсан. Тэгээд эрүүлжүүлэхийн цагдаадаас яах вэ гэж асуухад намайг маргалдсан хүнээ дагуулаад ирэхээр чинь найзыг чинь гаргая гэж хэлсэн. Тэндээс гарч яваад Алтанцоожтой тааралдаад чи очоод найзыг маань гаргаад өгчих гэж хэлэхэд цаашаа бай гээд такси бариад явсан. Би Энхмаагийн гэрт очоод Галбадрахын гаргаад өгчих гэхэд манай найз залуу цагдаа  1 цаг юм уу, 2 цагийн үед асуудалгүй гаргаад өгчихнө гэж надад хэлсэн” гэв.

Шүүгдэгч Т.Баярсайхан Ц.Галбадрах нар нь 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оффис” нэртэй пабад бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж танхайран иргэн А.Алтанцоожийг бүлэглэн зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:

 

Хохирогч А.Алтанцоожийн “2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 05 цагийн үед би ажлаа тараад найз Энхмаатай уулзаад Оффис нэртэй пабад орж суусан. Тэнд орж суугаад уух юм захиалаад сууж байгаад захиалсан уух зүйлээ ууж амжаагүй байхад Энхмаа  нойлын өрөө орно гэж босож яваад 2-3 минутын дараа эргэж ирээд ширээнд суугаад бид юм яриад сууж байтал пабын нөгөө талаас буюу бид хоёрын сууж байсан хагас хаалттай өрөөний унжуурганы цаанаас нэг залуу шагайж харчихаад бид хоёрын хажуугаар нааш цааш хэсэг алхаж байснаа тэр залуу Энхмаа гээд дуудаад эхэлсэн. Тэгтэл Энхмаа сонсоогүй юм уу эсвэл сонсохыг хүсээгүй юм уу  дуугүй сууж байгаад эргэж харчихаад дуугарахгүй байсан чинь нөгөө залүу гурав, дөрвөн удаа “Энхмаа” гээд дуудаад байхаар нь би тэр залууд хандаж “чи яах гээд байгаа юм бэ” гэж асуусан чинь миний урдаас “чамтай яриагүй байна, чи дуугүй байж бай” гэх мэтээр танхайрч эхэлсэн. Тэгэхээр нь би босож очоод харахад урьд нь харж байгаагүй, танихгүй хүн байсан. Намайг дагаад Энхмаа босож очоод тэр залууд хандаж “Галаа чи яах гээд байгаа юм бэ би  найзтайгаа явж байна” гэж хэлсэн чинь  тэр  залуу намайг цээжээрээ хүрч ирж түлхээд “чамтай яриагүй байна, чи  дуугүй байж бай” гээд араас элдэв янзын хараалын үг хэлээд цээжээрээ булан руу түлхэж  шахаад байхаар нь би эргүүлээд нэг удаа түлхээд “зүгээр явж байгаа хүмүүсийг зүгээр явуулаарай” гэж хэлсэн. Тэр үед пабын ажилтан ирээд тэр өндөр залууг цааш нь салгаад аваад явсан чинь цаанаас нь бас махлагдуу залуу цаад заалнаас хүрч ирээд учрыг нь олоогүй байж “ална банди” гэх мэтээр хараалын үг хэлж ирээд намайг шууд заамдаж авахаар нь би тэр залууд хандаж “та нар олуулаа явж байж ингэж болохгүй, эр хүн жудагтай бай” гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эхний өндөр залуу ахиж хүрч ирээд намайг заамдаад “чи муу хямдхан Солонгосын хог өмссөн, нүдний шил зүүсэн, чам шиг юм яадаг юм” гэх зэргээр доромжлоод миний хоёр талаас буюу ар талаас Галаа гэж дуудаад байсан өндөр залуу нь зуураад урдаас махлаг Баяраа гэж дуудаж байсан залуу нь заамдаад миний сууж байсан өрөөний хойд талд байсан хаалганы хажууд ирээд би Баяраа гэж залууг нь түлхээд унагасан. Тэгээд би тэр хоёрт хандаж “та хоёр ингэж  болохгүй би  ч гэсэн ингэж чадна шүү” гээд байж байтал пабын ажилтан ирж салгаад би суудал дээрээ сууж байтал нөгөө хоёр залуу дахиж хүрээд ирэхээр нь би урдаас нь боссон чинь намайг заамдаад түлхээд дайрсан пабын хоёр ажилтан дундуур салгасан. Тэгээд хоёр тийшээ болж байгаад ахиж хүрч ирээд намайг зуурч түлхээд булан руу шахаад Галаа гэдэг нь миний зүүн талд байсан ба сандал аваад над руу шидэх гээд далайсан. Энхмаа ирээд салгах гэтэл Энхмааг түлхээд унагааж байсан. Баяраа гээд байсан махлаг залуу нь баруун гар талд зуурч байгаад хоёулаа намайг цохисон. Эхлээд Галаа гэдэг нь миний нүүр рүү цохисон. Тэгээд би доошоо тонгойх үед Баяраа гэдэг нь толгой руу 2-3 удаа цохиод байсан. Тэгэхээр нь би дээшээ өндийж босоод хойшоо болсон чинь Галаа гэдэг нь бас цохих гээд дайраад байсан. Миний зүүн гар талд байсан нь буюу өндөр нуруутай саарал цамцтай Галаа гэдэг залуу нь миний нүүр толгой руу цохиход зүүн талд байгаа гэмтлийг учруулсан. Харин баруун талд зогсож байсан махлаг Баяраа гэдэг нь нүүрний болон толгойны баруун хэсэгт гараараа цохиж гэмтэл учруулсан. Зүгээр байж байгаад гэмтсэндээ гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-16 дугаар хуудас/

 

Гэрч Б.Энхмаагийн “Би 2015 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 04 цагийн орчим өөрийн найз Алтанцоожийн хамт “Оффис” нэртэй пабад орж үйлчлүүлж байсан. ...Намайг нойлын өрөө орчихоод гарч байхад манай эгч Халиунаагийн нөхөр Баясаагийн найзууд болох Галаа, Баяраа хоёр тааралдсан. ... Хаалтны цаанаас манай хүргэн ахын найз Галаа нь Энхмаа, Энхмаа гэж дуудсан. Би найзтайгаа сууж байсан  болохоор хараагүй юм шиг өнгөрөөсөн. Гэтэл тэр Галаа хөөе Энхмаа, Энхмаа гээд хэд хэдэн удаа дуудсан. Тэр үед манай найз Алтанцоож чи яах гээд байгаа юм бэ гэсэн. Тэгтэл нөгөө Галаа чамтай яриагүй байна, чи зүгээр сууж бай гэж хэлээд хараалын үгээр Алтанцоожийг хэлээд хүрээд ирсэн. Тэр үед манай найз Алтанцоож боссон бөгөөд Галаа манай найз Алтанцоожийг бариад авсан. Манай найз түүнийг түлхсэн. Тэр үед би Галаад хандаж чи яах гээд байгаа юм бэ би найзтайгаа явж байна гэж хэлчихээд Алтанцоожид бас хандаж энэ манай хүргэн ахын найзууд байна битгий гэж хэлсэн чинь “аан тийм бол хүрч ирээд өөрийгөө танилцуулаад зүгээр уулзаж ярьж болно шүү дээ” гээд арай гайгүй болж байтал цаанаас нь Баяраа нь хүрч ирээд шууд Алтанцоожийг заамдаж аваад нүдний шилтэй пизда минь гээд хэрүүлийг улам хурцдуулсан. Тэгээд л Алтанцоожийг Баяраатай заамдалцаж барьцалдсан байхад Галаа Алтанцоожийн толгой руу хажуунаас нь  нэг хоёр удаа цохьсон. Тэгтэл тэр пабын зөөгч ирээд Галаа, Баяраа хоёрыг битгий асуудал үүсгээд бай гэж гуйсан чинь нөгөө зөөгч нь Алтанцоожийг салгах гээд барьчихаад зогсож байсан. Тэгэхэд Галаа, Баяраа хоёр Алтанцоож руу улам дайраад цохих гээд ална гэх мэтээр хэрэлдэж байгаад Баярааг түлхэж унагачихаад “та нар олуулаа байж ингэж болохгүй, би ингээд л адилхан зан гаргавал гаргана шүү дээ” гээд тэр Баярааг цохиогүй үлдээсэн. Тэр үед Галаа нь хажуунаас ирээд зуураад авсан. Тэгээд одоо больё гээд бид хоёрын сууж байсан ширээний хажууд ирж байхад Галаа нь зүгээр болохгүй намайг түлхэж унагаад Алтанцоож руу дахиад дайрсан. Тэр үед нь зөөгч нь Алтанцоожийг хориглоод салгах гэж барьж байхад Галаа, Баяраа хоёр Алтанцоожийн хамар, толгой хэсэгт нь 4-өөс 5 удаа цохьсон. Ээлжлэн цохьсоны дараа Алтанцоожийн толгойноос нь цус гарсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч Б.Билгүүний “Би тэр өдөр Оффис пабад зөөгчийн ажил хийж байсан юм. ... Тэгэхээр нь би тэр гурвыг орхиод өөр зөөгч байхгүй байсан болохоор бусад ширээнүүдэд үйлчилж явж байгаад буцаад хүрээд ирсэн чинь нөгөө нүдний шилтэй залуугийн духны дээд хэсгээс нь бага хэмжээний цус гарсан ба хоорондоо зууралдаад салахгүй байж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

Гэрч Л.Цэцэг-Уулхун “Тэр өдөр би 24 цагийн ээлжтэй Оффис зочид буудал, паб, ресторан зэрэгт ресепшнээр ажиллаж байсан юм. ... Тэгээд би паб дотор яваад орсон чинь нэг өндөр залуу, нэг махлаг залуу хоёр нүдний шилтэй махлагдуу ахтай урд урдаасаа харсан хэрэлдээд зогсож байсан. ...Би гадаа үүдний текэн дээр сууж байсан. Тэр паб дотор болсон зодооныг хараагүй. Дотор зөөгч Билгүүн байсан. Хамгаалагч Энхээ бас байсан байх” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

Гэрч С.Энхзулын “... Оффис төвд хамгаалагчаар гардаг ажилтай юм. Намайг тэр өдөр ээлжийн ажилтай байж байхад шөнийн 04 цаг өнгөрч байхад манай пабад маргаан болсон. ...Тэгэхээр нь би эргэж нүдний шилтэй залуу дээр очоод дуугүй болоод суучих гээд гуйгаад арагш нь түлхэж байсан чинь нөгөө 2 залуу миний араас ирээд хажуугаар ороод нүдний шилтэй залууг хоёулаа заамдаж аваад газар унагасан. Яг тэр үед найз охин нь дундуур орсон байсан болохоор тэр хүүхнийг цохиулчихна гэж бодоод цаашаа байж бай гээд түлхээд холдуулж байх хооронд тэр 2 залуу нүдний шилтэй залууг газар унагасан. Тэгээд би эргэж хараад тэр хоёр залууг араас нь татаж салгаад цааш нь түлхээд холдуулсан чинь нүдний  шилтэй залуу босоод ирсэн чинь дух хэсгээс нь бага зэрэг цус гарч байсан. ...Харин сүүлд нүдний шилтэй залууг хоёулаа унагаахад махлаг залуу нүдний шилтэй залууг гараараа хэд хэдэн удаа цохьсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-25 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17447 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.Алтанцоожийн биед духны шарх /2 ш/, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, хамрын доод хэсгийн цус хуралт, ооч, цээжний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 27 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 975 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.Алтанцоожийн биед духны шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, хамрын доод хэсгийн цус хуралт, ооч, цээжний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд болно.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 161-162 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

   Шүүгдэгч Т.Баярсайхан, Ц.Галбадрах нар нь хохирогч А.Алтанцоожийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт заасан “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж танхайрах гэмт хэргийг бүлэглэн, догшин авирлаж үйлдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Баярсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 51 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул  түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Харин шүүгдэгч Ц.Галбадрахыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байжээ. /хэргийн 55-57 дугаар хуудас/

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Галбадрахын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдэх хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Иймд хууль зүйн хувьд Ц.Галбадрах нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болжээ.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч А.Алтанцоож нь “...Санал хүсэлт байхгүй. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн /хэргийн 168 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Баярсайхан, Ц.Галбадрах нарт шүүх  ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, учирсан гэм хор арилсан зэрэг нөхцөл байдалд харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц.Галбадрахыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг Анхны  ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Боржигон овогт Тулгын Баярсайхан, Монгол овогт Цэрэннадмидийн Галбадрах нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар Т.Баярсайханыг 3 /гурав/  жил  1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Ц.Галбадрахыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар Т.Баярсайхан, Ц.Галбадрах нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус  тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3,  298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дах хэсэгт зааснаар Т.Баярсайхан, Ц.Галбадрах  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Т.Баярсайхан, Ц.Галбадрах нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд Т.Баярсайханд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст, Ц.Галбадрахад хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дах хэсэгт зааснаар Т.Баярсайхан, Ц.Галбадрах нар нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт  зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Баярсайхан, Ц.Галбадрах урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Баярсайхан, Ц.Галбадрах нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ