Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0007

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0007

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК /РД:*******/

Хаяг: ****************

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам.

Хаяг: ****************

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Хаяг: ****************

Гуравдагч этгээд: С ХХК РД:/*******/

Хаяг: ****************

Нэхэмжлэлийн шаардлага: С ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, С.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...С ХХК нь ******* аймгийн *******сумын нутагт байрлах *******ны адаг нэртэй газар 48.87 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр ашигт малтмалын ашиглалтын М\/-*******тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч болно. ******* аймгийн *******сумын нутагт байрлах *******ны адаг нэртэй газар анх 2005 онд М ХХК шороон ордын геологи хайгуул хийж, нөөцийн тооцоо хийж, Эрдэс баялгийн зөвлөлийн 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 6-2 дугаар дүгнэлтээр ордын нөөцийг В, С зэрэглэлээр улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд хүлээн авсан Ашигт малтмалын ашиглалтын МУ-*******тоот тусгай зөвшөөрлийг С ХХК, М ХХК-иас шилжүүлэн авсан. Хэдийгээр уг талбайд ашигт малтмалын нөөц 2005 онд тогтоосон боловч техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, тусгай зөвшөөрлийн талбайг Монгол Улсын засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг-т багтсан зэрэг шалтгаануудын улмаас ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа буюу олборлолт явуулаагүй байсан. 2015 онд Монгол Улсын засгийн газрын 289 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор манай компани тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжтой болж, Ашигт малтмалын ашиглалтын М\/-*******тоот тусгай зөвшөөрлийн талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулах шаардлагатай баримт бичиг, төрийн захиргааны байгууллагуудаас авах зөвшөөрлүүдийн бүрдлийг хангах зорилгоор дараах үйл ажиллагааг явуулсан. Үүнд: 2015 онд ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 15-13-06 дугаар дүгнэлтээр ******* аймгийн *******сумын нутагт орших М\/-*******тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй *******ны адаг алтны шороон ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ-ийг батлуулж, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Т/106 дугаар тушаалаар ТЭЗҮ-ийг хүлээн авсан. Мөн 2015 онд Ашигт малтмалын ашиглалтын М\/-*******тоот тусгай зөвшөөрлийн талбайд алтны шороо орд ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн *******сумын ******* багийн иргэдийн нийтийн хурлаар С ХХК-ийн үйл ажиллагааны тухай асуудлыг хэлэлцэж, Иргэдийн Нийтийн Хурлаас цаашид дэмжиж, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. ******* аймгийн *******сумын нутагт орших *******ны алтны шороон ордын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газраар батлуулсан.

******* аймгийн *******сумын нутагт орших *******ны адаг орд (баяжуулах, боловсруулах үйлдвэр)-ын 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө-г Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулсан. Байгаль орчныг нөхөн сэргээх барьцаа төлбөрт 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нийт 21,230,000 төгрөг төлсөн. Дээрх үндсэн баримт бичгүүдээс бусад дагалдах баримт бичгүүдийг эрх бүхий байгууллагаар батлуулж 2018 онд уурхайн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон. Тус компани нь Ашигт малтмалын ашиглалтын МУ-*******тоот тусгай зөвшөөрлийн талбайд өнөөдрийг хүртэл ямар нэгэн алт олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, тогтоогдсон нөөцийг хөндөөгүй. Харин 2018 онд батлагдсан уулын ажлын төлөвлөгөөний дагуу хөрс хуулалтын ажлыг л эхлүүлсэн байсан ба үндсэн пластад хүрч баяжуулж эхлээгүй байгаа болно. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно" гэж заасан. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн ордын нөөцийг бүрэн ашиглаж дууссан хэмжээгээр байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх үүрэгтэй байдаг. Манай компанийн хувьд ордын нөөцийг ашиглаж эхлээгүй тул байгаль орчны нөхөн сэргээлт хийх бодит нөхцөл байдал үүсээгүй байсан. Түүнчлэн байгаль орчинд хортой нөлөөлөх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлэхгүй ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулаагүй.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 08 дугаар 22-ны өдрийн 7/5898 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/11 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн танай компанийн эзэмшиж байсан М\/-*******дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаар шийдвэрээр цуцалсан болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдлийг хүлээн аваад манай компани 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд манай тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Гомдлын хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06/6255 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/415 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр танай компанийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас хүчингүй болгосон", Ашигт малтмал, газрын тосны газраас2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 7/6310 тоот албан бичгээр Иймд танай компаниас ирүүлсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэсэн хариу ирүүлсэн.

Тус компани Ашигт малтмалын ашиглалтын МХ/-*******тоот тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа Байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй, нөхөн сэргээлт хийх үүргээ зөрчөөгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлж ажилласан. Тусгай зөвшөөрлийг цуцлах хэмжээнд байгаль орчны холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй болно. Учир нь манай компани урьд нь ямар нэг олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд 2018 оны 8 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газраар уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулж, хөрс хуулалтын ажлыг дөнгөж эхэлж байсан, ашигт малтмалын нөөцийг олборлож эхлээгүй байгаа.

Гэтэл тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МХ/-*******тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 5-д заасан үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус байна. Төрийн захиргааны байгууллага тус компанийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа манай компанид урьдчилан мэдэгдээгүй, холбогдох тайлбар мэдээллийг манай компаниас авалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасныг зөрчсөн. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь манай тусгай зөвшөөрөлтэй холбоотой хяналт шалгалт хийхдээ манай компанид огт мэдэгдээгүй биднийг дуудаж манай компанийн холбогдох бичиг баримт, үйл ажиллагаатай танилцаагүй. Ямар дүгнэлтийг үндэслэж Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс манай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь тодорхойгүй, тухайн дүгнэлттэй манай компани одоо болтол танилцаагүй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7/5898 тоот албан бичигт ...ажлын хэсгийн 2019/11 дүгээр дүгнэлтийг үндэслэсэн, мөн газрын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний 7/6310 тоот албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2019/08 дугаар бүхий Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай дүгнэлтийг манай байгууллагад ирүүлсэн гэсэн 2 өөр дүгнэлтийг үндэслэсэн мэтээр тайлбарлаж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг гаргахаас өмнө дээрх байдлаар манай компанид огт танилцуулаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй болно.

Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаар дүгнэлт гэх баримттай огт танилцаагүй. Ийм дүгнэлт гарсан гэдгийг ч мэдээгүй байсан. Хэрэгт хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаар дүгнэлт гэх баримтыг авч үзэхэд ******* аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн С ХХК-ийн эзэмшдэг М\/-*******тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв гэсэн тодорхойгүй зүйл бичигдсэн байна.

Байгаль орчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-ын 6-д байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна. гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манай компанийн ямар үйл ажиллагаа нь байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл болсон гэж үзэж дүгнэлт гараад байгааг бид ойлгохгүй байна. Энэ талаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтэд огт байхгүй байгаа болно. Учир нь манай компанийн зүгээс ашигт малтмалын ашиглалтын М\/-*******тоот тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл, үйл ажиллагаа огт явуулаагүй болно. Ийнхүү манай компани байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас асуудлыг сайтар шалгаж тогтоолгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож өгнө үү.... гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт- ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Санал хүргүүлэх тухай ******* аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 02/975 тоот албан бичгийг тус тус үндэслэн С ХХК-ийн эзэмшдэг МХ/-*******тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Санал хүргүүлэх тухай ******* аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 02/975 тоот албан бичгээр М\/-*******дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг С ХХК ний үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа нь эрсдэлтэй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү. Гэж уламжилсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах 56.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална: 56.1.5-д зааны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан; гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...******* аймгийн *******сумын нутагт орших Түүтийн амны адаг" нэртэй 48.87 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага анх 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгожээ. Ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч С ХХК-ний талаар орон нутгаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаартай албан бичгийг төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн байна. Уг албан бичигт ******* аймгийн *******сумын нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын ашиглалтын *******А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч С ХХК-ний үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэж дурджээ. Байгаль орчин, Аялал жуулчлалын яам 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2019/11 дугаар бүхий дүгнэлтийг гаргасан байна.

Байгаль орчин, Аялал жуулчлалын яам 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаар бүхий Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг манай байгууллагад ирүүлжээ. Уг дүгнэлтэд С ХХК-ний эзэмшдэг ******** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан. Дээрх хуулийн заалтыг үндэслэн манай байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 425 дугаар шийдвэр гарсан .

Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, мөн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан. Иймд С ХХК-ний захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...С ХХК нь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно. С ХХК болон С ХХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах худалдан авах" ******* тоот гэрээ байгуулан хамтран ажилласан. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлд С ХХК өөрийн эзэмшлийн ******* аймгийн *******сумын нутагт байрлах Гүутийн амны адаг нэртэй газар 46.87 гектар талбай бүхий алтны шороон ордын М\/-*******дугаар Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг С ХХК-ийн барьцаанд тавьж 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар Барьцаа-ны гэрээ байгуулан шатахуун авах нөхцөл бүрдсэн байдаг.

Гэтэл явцын дунд С ХХК нь дээрх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас С ХХК-ийн зүгээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар шүүхээс 2013 оны 07 сарын 16-ны өдрийн 1678 дугаар шийдвэрээр С ХХК нь төлбөрийн 148.500.000 төгрөг гаргуулж С ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, энэхүү шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэл хангуулах байсан ба энэхүү шийдвэрийг С ХХК нь сайн дураараа биелүүлэхгүй байсан тул бид хүсэлт гаргаж дээрх захирамжийг албадан биелүүлэх тухай шүүгчийн 6343 дугаартай захирамж, гүйцэтгэх хуудсын хамт 2013 оны 9 сарын 03-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэн өнөөдрийг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэл дээр ажиллагаа явагдаж байгаа болно.

Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлд С ХХК-ийн ******* аймгийн *******сумын нутагт байрлах *******ны адаг нэртэй газар 46.87 гектар талбай бүхий алтны шороон ордын М\/-*******дугаар Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрхийг түдгэлзүүлсэн, битүүмжилсэн байдалтай байхад 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь С ХХК-ийн эрх ашгийг мөн давхар зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Учир нь С ХХК нь 2012 оноос хойш С ХХК-иас өөрийн авлагыг барагдуулж чадалгүй, улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах эрх алдагдаж байна Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан түүний 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаар шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.

Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дахин шинэ акт гарах хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар шийдвэрийг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дүгээр дүгнэлтийг тус тус 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. ******* аймгийн *******сумын нутагт орших *******ны адаг нэртэй 48.87 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх 2005 онд М ХХК-д олгосон[1] бөгөөд Ашигт малтмал газрын тосны Хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 2059 дүгээр шийдвэрээр С ХХК-д шилжүүлэн бүртгэжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар[2] тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ...******* аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн С ХХК-ний эзэмшдэг MV-*******тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн агуулга бүхий 2019/11 дүгээр дүгнэлтийг[3] гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаар[4] шийдвэрээр С ХХК-ний эзэмшиж буй дээрх тусгай зөвшөөрлийг цуцалж, энэ тухай мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 7/5898 дугаар[5] албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн.

2. Хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Усны тухай хуулийн. 22 дугаар зүйлийн 22.3-т Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэж заасан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Гэтэл С ХХК-ийн 48.87 га газар нь бүхэлдээ усан сан бүхий газартай давхцалтай байгаа. Мөн хуулийн 4.3-т Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасан. Үүний дагуу Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор С ХХК-ийн талбай усан сан бүхий газартай бүхэлдээ давхцалтай байна гэсэн лавлагааг хүргүүлсэн[6]... тайлбарлаж байна.

Мөн хариуцагч Байгаль орчны яамнаас усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтайг нотлох зургийг шүүхэд гарган өгч байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дүгээр дүгнэлтээр ******* аймгийн Засаг даргын 2019 оны 8 дүгээр сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн С ХХК-ийн эзэмшдэг MV-*******тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 2019/11 дүгээр дүгнэлтээс үзэхэд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн үндэслэлийг тус дүгнэлтэд заагаагүй байна.

Үүнээс үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь маргаан бүхий 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дүгээр дүгнэлтэд заагаагүй үндэслэл буюу зөрүүтэй үндэслэлээр маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэгт цугларсан үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, болон бусад баримтуудад С ХХК нь олборлолтын болон үйл ажиллагааны бэлтгэл ажлын явцад нуур, цөөрөм, тунгаагуур үүсгэсэн, эдгээр талбайд нөхөн сэргээлт хийгээгүй талаар дурдсан байх ба нэхэмжлэгч нь нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэх талаар, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэхийг шалгасан талаар тодорхой тайлбар, баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөхгүй байна.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дүгээр дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.6, 15.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5, ******* аймгийн Засаг даргын 02/975 тоот албан бичиг зэргийг үндэслэсэн дүгнэлтийг гаргасан, ******* аймгийн Засаг даргаас хяналт шалгалт хийсний дагуу үндэслэл бүхий баримтуудыг ирүүлснийг Байгаль орчин аялал жуулчлалын яам үндэслэлтэй байна гэж үзэн дүгнэлтийг гаргасан, яамны ажлын хэсэг бодит байдал дээр буюу газар дээр нь очиж ажилласан зүйл байхгүй, хяналт шалгалт хийх чиг үүрэг нь мэргэжлийн хяналтын байгууллага болон орон нутгийн байгууллагуудад байгаа гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 40 дүгээр зүйлийн 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж тус тус заасан байна.

Дээрх үйл баримтууд, хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа эсэх, эсхүл байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа эсэхийг дахин нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны актын үндэслэлээ тодорхой болгох, нэхэмжлэгч нь нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэх бодит нөхцөл байдлыг шалгах, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэдий хэмжээгээр давхцалтай байгааг шалгаж, давхцалын хэмжээг тодорхой болгох зэрэг асуудал нь хариуцагчийн Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг байх ба дээрх чиг үүргүүд нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг нарийвчлан нягтлан шалгах бүрэн эрх Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг нь дараах бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр С ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах, эсхүл эс цуцлуулах санал, дүгнэлт гаргах асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд:

1. усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа эсэх

2. эсхүл байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа эсэхийг дахин нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны актын үндэслэлээ тодорхой болгох

3. С ХХК нь ашиглалтын болон үйл ажиллагааны бэлтгэл ажлын явцад нуур, цөөрөм, тунгаагуур үүсгэсэн эсэх, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэх бодит нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгах

4 С ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэдий хэмжээгээр давхцалтай байгааг шалгаж, давхцалыг хэмжээг тодорхой болгох

Хариуцагч нь дээрх нөхцөл байдлуудыг шалган тодруулсны дараа С ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал, дүгнэлт хүргүүлэх, эсхүл эс цуцлуулах санал, дүгнэлт хүргүүлэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь шүүхээс тогтоосон 3 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, С ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлэх, эсхүл эс цуцлуулах санал хүргүүлэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргаагүй бол С ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-0*****7 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаар дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 425 дугаар шийдвэр тус тус хүчингүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-д тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаартай дүгнэлтийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 425 дугаар шийдвэрийг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 4 үндэслэл тус бүрийг шалган тодруулсны үндсэн дээр Г ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах, эсхүл эс цуцлах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлал яамны ажлын хэсэг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, эсхүл эс цуцлах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон гурав хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/11 дугаартай дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 425 дугаар шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

 


[1] 2 хавтаст хэргийн 181 хуудас

[2] 2 хавтаст хэргийн 127 хуудас

[3] 2 хавтаст хэргийн 125 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 32 хуудас

[5] 1 хавтаст хэргийн 31 хуудас

[6] 3 хавтаст хэргийн .... хуудас