Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 13

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр /Онлайнаар/

          Шүүгдэгч М.Г

          Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх         

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн давж заалдах гомдлоор М.Г т холбогдох 1829001950126 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс дарьганга, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийнхээ хамт Дорнод аймгийн .............................. оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Хар үхэрт овгийн М.Г  /регистрийн дугаар ......................./

          Шүүгдэгч М.Г нь Б.С  г бага нас буюу 12 настай байхад 2016 оны 02 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Ямаан хүрэнгийн 8-5 тоотод гэрт нь 1 удаа, мөн насанд хүрээгүй буюу 14 настай  байхад 2018 оны 02 дугаар сарын 12-13-ны үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш тээврийн хэрэгсэл дотор 1 удаа, 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Ямаан хүрэнгийн 8-5 тоотод гэрт нь 2 удаа тус тус хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь  М.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 4 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:  Прокуророос шүүгдэгч М.Г т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, М.Г ыг бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялтан М.Г т оногдуулсан 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г ын цагдан хоригдсон 68 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч М.Г нь хохирол төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтнаас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй М.Г ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус  тус дурдаж, М.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анх цагдаагийн газар мэдээлэл өгсөн хүн гэх мөрдөгч Б.Билгүүн нь уг мэдээллийг хэн яаж олж мэдсэн талаар нотлох үүрэгтэй мэдээлэгч байх ёстой атал эсрэгээрээ мэдээллийг өөрөө нотлох гэж мэдүүлэг авч насанд хүрээгүй хохирогчийн эрхийг нь эдлүүлээгүй асран хамгаалагчгүй уулзаж улмаар мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн, нотлох чанараа алдсан мэдүүлэг болсон байхад анхан шатны шүүх хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүх хохирогч Б.С  гийн мэдүүлгийн талаар ... хохирогчид нөлөөлөл болсоор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгээ өөрчлөн ярьж байгаа нь эргэлзээ төрсөн тул  ... 2018 онд л хүчиндсэн гэх мэдүүлгийг үнэн зөвд тооцсонгүй гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг буруу хэрэглэж ял халдаасан нь хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүх ямар үндэслэлээр хохирогчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэн  зөвд тооцсонгүй талаар нотлох баримтад эх сурвалжаа заагаагүй, хийсвэрлэн дүгнэсэн.

Иймд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж М.Г т Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж, хуульд заасан ялын доод хэмжээгээр хариуцлага оногдуулж өгнө үү” гэжээ.

            Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбар, дүгнэлтдээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13-т оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлнэ. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлүүдээ нэг бүрчлэн зааж өгсөн. Б.С   нь гэрч, хохирогчоор хөдөлбөргүй, тогтвортойгоор үйл явдлыг дэс дараатай мэдүүлж байсан бөгөөд бусад гэрч нарын үйл явдлын цаг хугацааны талаарх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлттэй харьцуулан шинжлэн судалж, бодит байдлаар нь хянаж үзсэний дүнд мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж шийтгэх тогтоолд тодорхой зааж өгсөн.

Хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлэхэд ял шийтгэлийн хувьд 14 настай, 16 настай байх хоёр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийг яагаад нэг гэмт хэрэг гэж үзсэнээ шийтгэх тогтоолын дүгнэлтэд тайлбарлаж өгсөн бол зүгээр байсан болов уу гэсэн бодол байсан. Шүүх нь хэргийг бодитойгоор шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна гэв.

            Шүүгдэгч М.Г давж заалдах шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Билгүүн намайг байцаахдаа зодож байцаасан. Надад хуульд заасан эрхийг танилцуулж өгөөгүй. Баасанбат байцаагчид би үнэн зөвөөр мэдүүлсэн. Намайг элэгдэж, үсдэж, өшиглөж зодсон. Тухайн үед цус амтагдаж байсан. Энэ хэргээ хүлээ гээд зодсон. Би зодуулсны улмаас хэргээ хүлээсэн. Миний ээж хоёр удаа харвасан. Би эмчилгээний мөнгийг олж өгдөг байсан. Би хохирогчтой 02 дугаар сарын 13-ны өдөр бэлгийн харьцаанд орсон. Эрүүгийн хэрэг үүсгэж, ямар зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон талаар танилцуулаагүй. Би чамайг прокуророос салгаж өгнө  гэж хэлсэн. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн  магадлалд заасан ажиллагаануудыг хийгдсэн эсэх талаар хянаж үзэлгүйгээр анхан шатны шүүхээс шийдвэр гарсан нь үндэслэлгүй. Хохирогч мэдүүлэг өгөхдөө анх намайг цагдаагийн газрын нэг хүн дуудсан. Билгүүн гэдэг хүн байсан. Би ганцаараа очоод болсон хэргийн талаар мэдүүлэг өгсөн. Энэ байдлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд намайг очихоос өмнө Билгүүн байцаагч Б.С  тай уулзсан байсан.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож болохгүй субъект болж байгаа учраас хохирогчийг хохирогч гэрчээр асуугаад мөрдөн байцаалт руу шилжүүлээд Баасанбат байцаагч ажиллагаа хийсэн. Билгүүний авсан мэдүүлэг, байцаалт, мөн хохирогчийг дангаар нь уулзсан, байцаасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг байлцуулалгүйгээр тайлбар авсан асуудлууд нь хууль зөрчсөн учраас нотлох чанараа алдсан гэж үзэх үндэслэлтэй.

             Билгүүний байцаан шийтгэх ажиллагааны явцад авсан мэдүүлэг хохирогчийн хэлж байгаа мэдүүлэг нь Б-ын авсан мэдүүлэгтэй зөрүүтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдож  байна. М.Г нь 2018 оны 02 дугаар сард хохирогч Б.С  тай бэлгийн харьцаанд нэг удаа орсноо хүлээн зөвшөөрдөг.                       

Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгож өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь М.Г т холбогдох эрүүгийн хэрэгт бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/142 дугаартай яллах дүгнэлтдээ /хх-133-135/ яллагдагч М.Г ын 2016 оны 2 дугаар сард бага насны буюу 12 настай Б.С  г гэрт нь 1 удаа хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн 2018 оны 2 дугаар сар, 2 дугаар сарын 12-13-ны үед 14 настай Б.С  г гэрт нь болон тээврийн хэрэгсэл дотор 3 удаа хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

         Анхан шатны шүүх нь М.Г нь хохирогч Б.С  г 14 настай байхад 3 удаа, 12 настай байхад нь 1 удаа хүчиндсэн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 4-т зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тус бүрд  шийтгүүлснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байх бөгөөд түүний дээрх үргэлжилсэн үйлдэлд “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” зарчмын үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэлээ гэсэн дүгнэлт хийгээд үргэлжлүүлэн хэрэгт авагдсан  нотлох баримтуудыг жагсаан бичснээс өөрөөр тогтоогдсон үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй атлаа М.Г ыг бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь  ойлгомжгүй болжээ. /хх-242-244/

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана гэсний дагуу прокуророос М.Г ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад шүүх зөвхөн хуулийн тухайн зүйлийн хүнд хэсгээр ял оногдуулсан. Яллах дүгнэлтэд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй,  харин  ял шийтгэл, төрөл агуулгын хувьд хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулсан үйл баримт тогтоогдвол шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж тогтоох нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлнэ гэдэг нь яллах дүгнэлтэд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийг өөрчилж, Эрүүгийн тусгай ангийн өөр зүйл, хэсгээр үйлдэл, эс үйлдэхүйг нь зүйлчлэх агуулгыг илэрхийлж байна.

          Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон, өөр зүйл, хэсгээр өөрчилсөн шийдвэр гаргаагүйгээс гадна яллах дүгнэлтэд заасан М.Г ын 2018 оны 2 дугаар сар, 2 дугаар сарын 12-13-ны үед 14 настай байхад нь Б.С  г гэрт нь болон тээврийн хэрэгсэл дотор нийт 3 удаа хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх хэрэг үйлдэгдсэн эсэх, түүнд гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөөгүй тул шүүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийг хэрхэх эсэхийг шийдвэрлээгүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно гэснээс үзвэл, хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлдэл, эс үйлдэхүй нь нэгдэж байж нэг гэмт хэргийн шинжийг хангана, өөрөөр хэлбэл нэг үйлдэл нь дангаараа нэг гэмт хэргийн шинжийг хангахгүй байхаар ойлгогдож байна. Мөн нэг үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжид нэгдсэнээр нэг гэмт хэргийн шинжийг хангаж болохыг үгүйсгэхгүй боловч анхан шатны шүүхээс М.Г ын үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзсэн үндэслэлээ заагаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ нөхцөл байдалд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй  дээрх нөхцөл байдал нь шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж нэрлэн заасан байхад шүүх М.Г ыг бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заагаагүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсныг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

           Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул “М.Г т Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж, хуульд заасан ялын доод хэмжээгээр хариуцлага оногдуулж өгөх тухай” шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн давж заалдах гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болно.

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                    

 1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

            2. М.Г т холбогдох 1829001950126 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                Т.БЯМБАЖАВ