Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар  2022/ШЦТ/259

 

 

                                              

 

 

 

 

 

2022           04            08                                           2022/ШЦТ/259

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Дын Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210000000101 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Дын О нь Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Польш Улсад төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, . 3 дугаар курсэд суралцдаг, ам бүл 5, эх, гурван дүүгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн . хороо, “.” хотхоны . тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял,

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 568 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэнд тооцон 168 цагийн ялыг эдэлсэнд тооцож, эдлэх ялыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон,

3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 24. шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих  ял шийтгүүлж байсан, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дугаартай захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 19 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, 19 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр тогтоосон, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан (РД:).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт “.” хотхоны 14-309 тоотод дүү Г.Отай “найз охинтой маань хэрэлдлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн хэсэгт заазуураар 1 удаа цохиж зулайд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Д.О нь: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг гаргахгүй гэв.

Эрүүгийн 2210000000101 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1:35:58 цагт гаргасан “ах, ахын найз охин цуг уусан чинь манай ах миний толгойд заазуур зоочихлоо. Заазуур сугалаад авчихсан, цус алдаад байна” гэх хохирогч Г.Оы гомдлыг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал),

2. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газарт Хан-Уул дүүргийн . хороо, . хотхоны . тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, уг үзлэгээр ногоон өнгийн нийт урт нь 26.7 см, ажлын хэсэг нь 16.7 см урттай, ажлын хэсгийн ир хэсэгт хүрэн ягаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон заазуурыг эд мөрийн баримтаар  хураан авсан болон үзлэгийг бэхжүүлсэн 1-1.тай гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-10, 5-12 дахь тал),

3. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэргийн газраас хураан авсан “25 см урттай, ажлын хэсэг 10 см” урттай гэх заазуурыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 13 дахь тал),

4.2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Г.Оы биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

5. Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн  хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал),

6. Хохирогч Г.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:

Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Эрх үүргээс тодруулах зүйл байхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө Хан- Уул дүүргийн . хороо, 14-309 тоот гэртээ ах О, ахын найз охин Сын хамт 2.4 литрийн Сэнгүр хувааж ууж байгаад ахын найз охинтой маргалдсан. Тэгсэн чинь ахын найз охин ахыг очиж цохиод эхэлсэн. Тэгснээ одоо хайрт ахыгаа өмөөрөөч, чи сайхан өмөөрдөг юм байна лээ гээд даапаалаад байсан. Тэгсэн ах босож ирээд шүүгээнд байсан заазуур гаргаж ирээд би энэ гэрт илүүдээд байгаа юм байна гээд хоолойндоо тулгасан. Найз охин нь тэр үед ахыг тэвэрч аваад гараас нь заазуурыг нь салгах гэж оролдсон. Тэр үед би ах руу хандан ах одоо больчих гээд өөдөөс нь явж байгаад халааснаасаа утсаа гаргах гээд тонгойх хооронд миний толгой руу нэг зүйлээр маш хүчтэй цохисон. Тэгээд дээшээ харсан чинь хүзүүгээр халуун зүйл оргиод, ...цус байсан. Тэгээд ах руу хартал найз охин нь гараас нь заазуурыг авах гээд оролдоход ах заазууртай гараа дээшээ өргөөд байсан. Барьсан заазуураас нь цус туслаад байсан. Манай  хоёр дүү бид хэдийг маргалдаад байхаар нь айгаад жижиг өрөөний хаалгыг хаасан байсан. Ойр хавьд ах болон ахын найз охиноос өөр хүн байгаагүй. Намайг бага байхад над руу заазуур шидээд миний тохойг онож бэртэж байсан. 10-11 жилийн өмнө байх гэж бодож байна. Өнөөдөр ахын найз охиноос болоод маргаан үүссэн. Яг яаж байгаад миний толгойг цохисон талаар хараагүй. Ах гартаа байсан заазуураар миний толгойг санамсаргүй цохисон болов уу гэж бодож байна. Миний толгойны баруун чихний дээд хэсгээс цус гараад байсан. Нэг л удаа цохиулсан. Би ах болон ахын найз охиных нь хамт 1 савтай 2.4 литртэй Сэнгүр пиво хувааж уусан. Нэлээн согтсон байсан байх гэж бодож байна. ...Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

            7. Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:

            2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчимд би найз залуу Оын гэр Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт байрлах “.” хотхоны . тоотод байж байхдаа пиво ууя гээд От хэлсэн. О за гээд зөвшөөрсөн. Би дэлгүүр гарч Сэнгүр нэртэй 2 литрийн гурван пиво аваад гэрт нь орж ирсэн.  Оын төрсөн Отай хамт уух уу гэж Оаас асуусан. О тэгье гээд О руу мессеж бичээд хаана байгаа юм гээд асуусан. Орцонд байна гэж хариу хэлсэн. Удалгүй гаднаас О орж ирсэн. О бид гурав хоорондоо юм яриад пиво уугаад сууж байсан чинь О Од хандаж хийж өгсөн пиво хурдан уулдаа битгий удаагаад бай гэж хэлсэн. О барьж идлээлдээ пизданууд гэж хэлэхээр нь би Од “чи яагаад байгаа юм бэ, өдөөд байгаа юм уу” гэж хэлсэн. О тал талаас юм ярилаа, та хоёр үнэндээ намайг барьж идлээ шүү дээ гэж хэлсэн. О чи миний хайртай хүнийг хүндэлсэнгүй гэж хэлээд О амиа хорломоор байна гээд О руу дайрсан. О та дандаа ингэдэг, та шоронгийн зан гаргаад байдаг гэж хэлсэн. О ширээн дээр байсан ногоон өнгийн бариултай заазуур аваад өөрийнхөө хүзүүн дээр бариад би амиа хорлолоо шүү гэж хэлж байснаа заазуурын иргүй хэсгээр  Оы толгой руу нь нэг удаа цохисон чинь толгойноос нь цус гарсан. О цонхоор гараад явсан. О цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн чинь удалгүй цагдаа ирсэн. О нэлээд согтуу байсан. О бол биеэ хянах чадвартай байсан. О намайг хэл амаар доромжилсон чинь О намайг өмөөрч маргаан үүсээд Оы толгойн тус газарт нь нэг удаа заазуураар цохисон. О 12 настай эмэгтэй дүү Мишээл, 9 настай Төгс-соёмбо эрэгтэй дүү нар нь жижиг өрөөнд утсаар тоглож байсан. Гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

            8. Шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            2022 оны 01 дүгээр сарын 04-нд гэртээ найз охин С, гурван дүүгийн хамт байсан. 22 цагийн үед С бид хоёр пиво уухаар болсон. 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво гурван ширхгийг аваад гэртээ уусан. Ингээд дүү О гаднаас орж ирээд хамт сууж уусан. Уух юм дуусаад нойл ороод ирэхэд дүү О, найз охин С хоёр хэрэлдэж байсан, юунаас болоод хэрэлдсэнийг мэдээгүй. Би болиоч гээд салгасан.  Би дүүдээ миний хайрлаж байгаа хүнийг чи хүлээн зөвшөөрөхгүй бол хэцүү шүү дээ гэж хэлсэн. Тэгж хэлээд найз охиноо тайвшруулаад дахин найз охин, дүү хоёр хэрэлдсэн. Тэгээд би гал тогооны өрөөнд ил байсан заазуурыг аваад болиоч та хоёр гэж хэлээд заазуурын ар иргүй хэсгээр дүүгийн толгой хэсэг рүү цохисон чинь чихнийх нь хажуу талаар цус гарсан. Тэгээд дүү над руу “та яаж байгаа юм бэ” гэхээр нь би гарлаа та нар ямар хэцүү юм, хэрэлдэхээ болиоч гэж хэлээд гарсан. Гараад 10 давхарт шатан дээр сууж байгаад буцаад бага дүүг нохойтой нь хамт гаднаас гэр рүү оруулж ирсэн. Гэрт орж ирэхэд цагдаа ирсэн байсан. Намайг согтуу байна гээд эрүүлжүүлэхэд хийсэн. Уурласандаа болоод, мөн хоорондоо хэрэлдээд байхаар нь дүүгээ айлгах гэж, болиулах гэж санаандгүй цохисон. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дүү рүү ярихад толгой жоохон язарсан байна гэж хэлсэн, дүүгээсээ уучлалт гуйсан. ...Хэрэлдээд байхаар нь заазуурын ар хэсгээр нэг удаа цохисон. Бид гурван ширхэг 2.5 литрийн пиво уусан. Нөгөө хоёр гайгүй, би нойргүй ажилласан болохоор амархан тэр хэсэгтээ муудсан, тэгээд дүүгээ цохисон байсан. ...Өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байгаа, хэргийг хялбаршуулж өгнө үү. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1604 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: толгойн баруун зулайн хэсэгт хөндлөн 1.3х1 см 2 ширхэг оёдол тавигдсан зах ирмэг харьцангуй тэгш зүсэгдсэн шархтай, биед өөр ил харагдах гэмтэлгүй.

1. Г.Оы биед зулайд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /шинжээч эмч Н.Туяа/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

            10. Яллагдагчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 88 дахь тал), 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 89-90 дэх тал),

            11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаар (хавтаст хэргийн 59-60 дахь тал), 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаар (хавтаст хэргийн 61-64 дэх тал), 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 24.тай шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 65-67 дахь тал), Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дугаар захирамжийн хуулбар  (хавтаст хэргийн 79-81 дэх тал), суллагдсан болон засрал хүмүүжлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 81-82 дахь тал), оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 53, 55 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), “” Их сургуулийн 2022 оны . сарын 17-ны өдрийн 02/507 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 87 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн орчим дүү Г.Отай “найз охинтой хэрэлдлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн хэсэгт заазуураар 1 удаа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай” тухай дүгнэлт гаргасан. Шүүгдэгч гэм буруугаа зөвшөөрч байгаа гэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.О Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт “.” хотхоны . тоот гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ний 22.00 цагаас эхлэн дүү Г.О, найз охин Б.С нарын хамт согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны 01 цагийн үед, согтуурсан байхдаа “найз охин Б.Стай хэрэлдэж, маргалдлаа” гэх шалтгааны улмаас дүү Г.Оы толгойн хэсэгт ахуйн хэрэгцээний заазуураар нэг удаа цохиж зулайд нь зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

-хохирогч Г.О (хавтаст хэргийн 17 дах тал), гэрч Б.С (хавтаст хэргийн 20-22 дахь тал) нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1604 тоот  дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал) болон бусад баримтууд болох Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 3 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал), 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-10, 5-12 дахь тал), заазуурыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 13 дахь тал), 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Г.Оы биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал), Гэмтэл Согог Судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Оын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогчийн мэдүүлэгтээ “гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Улсын яллагч нь “шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал танилцуулахад зөвшөөрсөн, энэ саналаа дэмжиж байна. Д.О “.” Их сургуульд суралцдаг юм байна лээ, Энхтайваны гүүрээр дамжаад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол байдаг сургуульдаа очдог байдлыг харгалзан дээрх хоёр дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналыг танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн гэж ялын саналын үндэслэлээ танилцуулсан. Шүүгдэгч улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа” гэсэн тайлбар хэлсэн.

Шүүгдэгч Д.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, прокурорын танилцуулсан ялын саналыг зөвшөөрсөн зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан гэж үзэж, тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, ялын хугацаанд өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн болон суралцаж байгаа сургуулийн байрладаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “нийт 25 см урттай, ажлын хэсэг нь 10 см урттай ногоон өнгөтэй заазуур нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Шүүгдэгчийн хувийн байдлыг судлахад Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт гурван удаа ял шийтгэгдэж байсан байх ба, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 24. шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгэгдэж, ялыг эдэлж байх үед нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дугаартай захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийг хорих ялыг өршөөн хассан, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан хувийн байдалтай байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 427 дугаар ангийн хаалттай хорих ангиас суллагдсан Д.Оын “Засрал хүмүүжлийн тодорхойлолт”-д архины шалтгаант зан үйлийг өөрчлөх нь бүлгийн зөвлөгөөнд, мөн харилцааны зөрчил, түүний үр дагавар, уур бухимдлаа хэрхэн зохицуулах, хандлагаа өөрчлөх нь болон хууль эрх зүйн сургалтад хамрагдсан, “хууль, журмыг чанд мөрдөж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, гэр бүлтэйгээ сайхан амьдрах бодолтой байгаагаа уулзалтын явцад удаа дараа илэрхийлж байсан ба хувь хүний хувьд төлөвшлийг олсон” гэж тодорхойлсон байх боловч Д.О нь суллагдсаны дараа дахин “Хүний эрүүл мэндийн эсрэг” гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг согтуурсан үедээ гэр бүлийн хүрээнд, заазуур хэрэглэж үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийг байдлыг, 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тус тус харгалзана” гэж заасан, мөн шүүхээс хуульд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдаагүй гэж хэргийг прокурорт буцаасан шийдвэр хүчин төгөлдөр  байхад дээр дурдсан нөхцөл байдлуудад прокурор эрх зүйн дүгнэлт хийлгүй, дахин хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тогтоол гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, улмаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял тохиролцох, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг судлахгүйгээр ял тохиролцох зэргээр эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хууль ёсны зарчим зэргийг анхаараагүй байх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж, цаашид дээрх асуудлыг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.. зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2,  38.1 дүгээр зүйлийн 1, 38.. зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 2210000000101 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Од төлөх төлбөргүйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нийт 25 см урттай, ажлын хэсэг  нь 10 см урттай” ногоон өнгийн заазуур нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА