Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/273

 

 

 

                                              

 

 

 

 

 

   2022           04            13                                        2022/ШЦТ/273

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

хохирогч Б.Б,

шүүгдэгч М.Т нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э овогт М-гийн Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210005290283 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э овогт М-ий Т нь Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн  тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан (РД:).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

М.Т нь 2022 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд Б.Бийг “эхнэртэйгээ зүй зохисгүй бүжиглэсэн” гэж хардан нүүрэн тус газарт нь цохиж зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн зовхины цус хуралт, зүүн зулайн төвгөрт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Маралмаа гэдэг найзын төрсөн өдөр болоод бид М бааранд орсон. Би найзтайгаа юм яриад байж байхад эхнэр У хүрч ирээд энэ залуу танилцъя гээд байна гэсэн. Би асуудал үүсгээд яахав гээд тоогоогүй юм. Тэгтэл Б нь дахиад эхнэр У дээр очсон байхаар нь уураа барьж чадалгүй очоод Бийг стаканаар цохисон. Шүүх хуралдааны өмнө Бээс уучлал гуйгаад бид хоёр хохирлынхоо талаар ярилцсан. Би энэ хэргээс болоод ажлаасаа гарсан. Эмчилгээний бодит зардалд нь 1.000.000 төгрөг төлсөн гэв.

            Хохирогч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр М бааранд очиж бүжиглэж байхдаа нэг охинтой бүжиглэсэн. Тэгтэл хажуунаасаа стаканаар цохиулсан. Яагаад намайг стаканаар цохисоныг дараа нь мэдсэн. Сүүлд сонсоход миний хамт бүжиглэж байсан охин Тын эхнэр байсан юм байна лээ. Тэр өдөр М бааранд арван жилийн сургуульд хамт байсан залуутай тааралдсан ч мэнд мэдээд өнгөрсөн, надад тэр охиныг Тын эхнэр гэдгийг хэлээгүй. Хохиролд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.000.000 төгрөг хүлээн авсан. Т надад дахиад 1.000.000 төгрөг өгнө гэж бид хоорондоо тохиролцсон байгаа. Түүнээс цааш гарах зардлыг би өөрөө хариуцаад явна гэж Ттай тохирсон. Одоо бол нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Эрүүгийн 2210005290283 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан дуудлагын лавлагаа, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэмт хэрэг, зөрчлийн талаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7, 8 дугаар хуудас),

2. Хяналтын камерын бичлэг, хохирогчийн өмсөж явсан гэх урагдсан цамц, футболк, майк зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, бичлэгт  үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12, 15-17 дугаар хуудас),

3. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

4. Гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

            5. Шүүгдэгч М.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг

(хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №2951 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: Зүүн хөмсөгний дотор 1.5 см урт, оёдол тавигдсан, ирмэг тэгш бус шархтай, зүүн зовхи хавдсан, хөх өнгийн цус хурсан. Зүүн зулайн төвгөрт 1.0х0.5 см улаан зулгарсан.

1. Б.Бэд зүүн хөмсөгт няцарсан шарх.зүүн зовхины цус хуралт, зүүн зулайн төвгөрт зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.   

4. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /шинжээч эмч Ц.Ганболд/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

7. “Дамно” ХХК-ын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №ХУ-22-248 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),

            8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 95 дугаар хуудас), Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 91 дүгээр хуудас) гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч М.Т нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” бааранд 2022 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим иргэн Б.Бийг “эхнэртэйгээ зүй зохисгүй бүжиглэсэн” гэж хардан нүүрэн тус газарт нь вискиний шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт нь няцарсан шарх, зүүн зовхины цус хуралт, зүүн зулайн төвгөрт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “хүнд зодуулчихлаа” гэсэн дуудлагын лавлагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7, 8 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэгийг болон хохирогчийн өмсөж явсан гэх урагдсан цамц, футболк, майк зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 12, 15-17 дугаар хуудас),

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...би хажууд бүжиглэж байсан охинтой яриа өдөөд танилцсан. ...гэнэт араас үл таних том биетэй өндөр махлаг залуу миний нүүрэн тус газар гараараа цохиод үргэлжлүүлээд нөгөө гартаа барьсан байсан вискиний стакантай аягаараа бас миний зүүн хөмсөг орчимд нэг удаа цохисон. Шилэн аяга нь хагараад унасан. ...хэд хэдэн удаа толгой руу цохисон. Энэ үед миний цамц хувцас урагдсан. ...Миний хөмсөгнөөс цус гараад бас манараад толгой эргэж байсан. ...Зүүн хөмсөгний урд хэсэгт босоо хэлбэрийн язралт үүсэж 3 оёдол тавиулсан. Нүд хөхөрсөн. Толгой доргисон. ...Намайг эхнэртэйгээ хардаад л намайг цохисон юм шиг байна лээ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас), Гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...үл таних залуу хажууд бүжиглээд намайг танилцъя гээд байхаар нь би бүжиглэхээ болиод нөхөр дээрээ очоод энэ залуу намайг танилцъя гээд байна гэхэд нөхөр ...тоогоогүй. ...Тэгснээ дахиад намайг танилцъя гэхээр нь хальт танилцаад нэр усаа мэдэлцсэн. ...чимээ их байсан болохоор ...хэн хэнийхээ чихэн дээр ярьчхаад ...бүжиглээд байж байтал гэнэт ард “тас” гэж дуугараад шилэн юм хагарах чимээ гарсан. Хартал манай нөхөр вискиний стаканаар нөгөө залууг цохичихсон бололтой, ...байсан. ...Т хохирогч гээд байгаа залууг намайг хоргоогоод байх шиг болохоор нь хараад уурлаад виски ууж байсан стакантай гараараа түүний нүүрэнд цохичихсон юм билээ. ...надаас салахгүй бүжиглээд байхыг нөхөр ширээн дээр сууж байхдаа харсан юм билээ. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас), шүүгдэгч М.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн...манай эхнэр Уыг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад үл таних залуу хажууд нь салахгүй бүжиглээд байгааг би харсан. ...У ирээд тэр залуу намайг танилцъя гээд байна гээд ирэхээр нь би тоохгүй орхичих гэж хэлсэн. ...нөгөө залуу дахиад л манай эхнэр дээр ирээд салахгүй ойрхон бүжиглээд ...10 орчим минутын дараа нөгөө өндөр туранхай залуу эхнэр дээр буцаж ирээд манай эхнэрийг хүзүүдээд юм яриад байх шиг байхаар нь уур хүрээд тэр залуугийн толгой руу шууд барьж байсан стаканаараа нэг удаа цохисон чинь стакан хагараад газар бутраад унасан. ...Удалгүй цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. ...Манай эхнэрийг зүгээр бүжиглүүлэхгүй өдөж хоргоогоод байхаар нь л уур хүрээд цохиод авсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дугаар хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2951 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас), “Дамно” ХХК-ын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №ХУ-22-248 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Тын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бээс эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохиролтой холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ...Миний зүүн хөмсөгний урд хэсэгт том сорви үлдсэн. Үүнийг арилгахад эмчилгээний зардалд 8.160.000 төгрөг, ажилдаа 5 хоног очоогүй цалин хөлс 675.000 төгрөг, МRI оношилгооны зардал 455.000 төгрөг, урагдсан цамц, футболк, майкны үнэ 520.000 төгрөг, хөмсгөндөө оёдол тавиулсны зардалд 100,000 төгрөг, толгойны ерөнхий бүтцийн зураг авхуулахад 130.000 төгрөг, сорвины тос авсан 64.000 төгрөг, нүдний оношилгоо 45.000 төгрөг, гоо сайхны эмчид үзүүлсэн зардал 25,000 төгрөг, нүдний дусаагуур 15.000 төгрөг, эмийн зардал 10.700 төгрөг, эмнэлэг болон цагдаа явсан зардал 90.740 төгрөг нийт 10.290.440 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилнэ гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 20-21 дэх тал) хэргийн 64-72 дугаар талд эмчилгээний талаарх зарим баримтуудыг хуулбараар ирүүлж, арьсны эмчийн үзлэгийн баримт, Эм Ай Си Си ҮЦК ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 14-ээс 18-ны өдрүүдэд Б.Б ажилдаа ирээгүй, цалин нь 675.000 төгрөг болж байна гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), урагдсан гэх хувцасны зургууд (хавтаст хэргийн 73-78 дугаар хуудас) зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар цамц, футболкы 92.000 төгрөгөөр үнийг тогтоож дүгнэлт гаргасан байна.

Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нараас хохирлын талаар хоорондоо ярилцаад хохирогч Б.Б нь 10.290.440 төгрөгийн хэмжээнд хохирлыг нэхэмжлэхгүй, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр эмчилгээ, цалин хөлс бусад зардалд 1.000.000 төгрөг шүүгдэгчээс хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч М.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан байх ба уг ялыг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр биелүүлж, 1/2063 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан байна.

Шүүгдэгч М.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн гэмт хэрэг үйлдэхдээ вискиний шил хэрэглэж хохирогчид гэмтэл учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн цамц, футболк зэргийг хохирогч буцаан авахгүй гэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт М-ий Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн 2210005290283 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Т цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Бэд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хохирогчоос хураагдсан цамц, футболк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА