| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2020/0078/э |
| Дугаар | 2021/ШЦТ/71 |
| Огноо | 2021-05-03 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | С.Баярчимэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/71
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: С.Баярчимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болортуяа,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн *******д холбогдох 2126000300086 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чонос овгийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь цахим мэдээллийн технологи болох “Sugalaa Aztai” гэсэн нэр бүхий нүүр номын хаяг ашиглан 2021 оны 01 дүгээр сарын 13-15-ны өдрийн хооронд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан дүнг нь төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “техас покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би “Sugalaa Aztai” гэсэн фэйсбүүк хаягаар 2021 оны 01 дүгээр сарын 13-ны орой “техас покер” нэртэй мөрийтэй тоглоом тоглуулж байгааг харсан. Тэгээд азаа үзье гэж бодоод 5000 төгрөгийг ******* тоот дансанд хийж 1 удаа тоглоод 20000 төгрөг хожиж мөнгөө аваад дахиж тоглоогүй./хх-ийн 19 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би тухайн өдөр фэйсбүүк ухаж байсан чинь бооцоот тоглоомын лайв гарч ирсэн. Тэгээд үзэж байгаад оролцож тоглосон. Тэгээд ******* тоот данс руу 5000 төгрөг шилжүүлээд нийт 2 удаа тоглосон. 5000 төгрөг хожсон. Тэгээд тэр мөнгө алдаад дахиж тоглоогүй. Хууль бус гэдгийг нь мэдээгүй. Амар хялбар аргаар мөнгө олж магадгүй гэж бодоод тоглосон. /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... би 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн өдөр өөрийнхөө гар утсаар фейсбүүк ороод байж байтал “Sugalaa Aztai” гэх фейсбүүк хаягаас бооцоот тоглоом тоглуулсан лайв явагдсан. Тухайн тоглоом нь хөзрөөр тоглож байсан бөгөөд 5000 төгрөг шилжүүлээд өөрийнхөө суух суудлыг сонгож нэг удаа тоглодог тоглоом байхаар нь сонирхоод өөрийнхөө хаан банкны ******* дугаарын данснаас 5000 төгрөг шилжүүлээд нэг удаа тоглосон. ******* дугаарын данс руу 5000 төгрөг шилжүүлж намайг хожлоо гээд эргүүлээд 25000 төгрөг шилжүүлсэн. Би дахиж тоглоогүй. /хх-ийн 38 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Sugalaa Aztai” гэх фейсбүүк хаягаас бооцоот тоглоомын лайв явагдсан. Би тухайн бооцоот тоглоомонд өөрийн хаан банкны дансыг ашигласан оролцсон. Техас буюу бооцоот тоглоом тоглож байсан. Тухайн данс руу гүйлгээ хийхдээ утга нь дээр нь “Азжаргал” гэх нэрээ бичсэн”. /хх-ийн 41-42 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Sugalaa Aztai” гэх фейсбүүк хаягаас бооцоот тоглоомын лайв явагдсан. Би тухайн бооцоот тоглоомонд өөрийн тоот дансыг ашиглан мөнгө шилжүүлж тоглосон. Би 5000 төгрөг шилжүүлж тоглосон. Гэхдээ хожоогүй. /хх-ийн 44-45 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Sugalaa Aztai” гэх фейсбүүк хаягаас бооцоот тоглоомын лайв явагдсан. Би уг тоглоомонд өөрийн цахим хаягаар орж тоглосон. Би 5000 төгрөг шилжүүлж тоглосон. Нэг удаа тоглоод хожигдоод уг тоглоомноос гарсан. /хх-ийн 48 хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би анх хүмүүс цахимаар “техас” гээд покер тоглуулаад байхаар нь харж байгаад аргыг нь сурч авсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр 13-ны өдрийн 19-20 цагийн орчим “Sugalaa Aztai” гэх хаягаар лайв хийж “техас покер” тоглуулсан. Нийт 6 хүний суудалтай. Нэг хүн 5000 төгрөгөөр суудлаа сонгоод сууна. Тоглоомын дараа хожсон хүн нь 25000 төгрөг авдаг. Үлдсэн 5000 төгрөгийг нь өөрөө авдаг. Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 10 удаа тоглуулсан тэгээд 45000-55000 төгрөгийн ашиг олсон. Яг хэдэн төгрөгийн ашиг олсноо сайн мэдэхгүй байна. Тэгсэн чинь миний лайв бичлэг тасарсан. Тэгээд хоёр дахь удаагаа лайв бичлэгээ эхлүүлээд байж байтал манай нэг найз ийм мөрийтэй тоглоом тоглуулаад хэрэггүй. Цагдаагаас шалгадаг болсон шүү гэхээр нь шууд зогсоосон. Хоёр хоногийн дараа намайг Цагдаагаас дуудсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /хх-ийн 59 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хаан банкны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5540/61 дугаартай албан бичиг, депозит дансны хуулга, *******ийн депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1, 7-8, 9-13, 63-71, 72-75 хуудас/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №31 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн холбооны газрын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тодорхойлолт /хх-ийн 61, 86, 88 хуудас/,
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 13-14-ний өдрийн хооронд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Sugalaa Aztai” гэсэн нэр бүхий цахим хаягаар хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж “техас покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 13-14-ний өдрийн хооронд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Sugalaa Aztai” гэсэн нэр бүхий цахим хаягаар хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж “техас покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан гэрч *******ийн би “Sugalaa Aztai” гэсэн фэйсбүүк хаягаар 2021 оны 01 дүгээр сарын 13-ны орой “техас покер” нэртэй мөрийтэй тоглоом тоглуулж байгааг харсан. Тэгээд азаа үзье гэж бодоод 5000 төгрөгийг ******* тоот дансанд хийж 1 удаа тоглосон. Гэрч *******ийн би тухайн өдөр фэйсбүүк ухаж байсан чинь бооцоот тоглоомын лайв гарч ирсэн. Тэгээд үзэж байгаад оролцож тоглосон. Тэгээд ******* тоот данс руу 5000 төгрөг шилжүүлээд нийт 2 удаа тоглосон. Гэрч *******гийн би 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “Sugalaa Aztai” гэх фейсбүүк хаягаас бооцоот тоглоом тоглуулж байхыг хараад өөрийнхөө хаан банкны ******* дугаарын данснаас 5000 төгрөг шилжүүлээд нэг удаа тоглосон. Гэрч *******ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Sugalaa Aztai” гэх фейсбүүк хаягаас бооцоот тоглоомын лайв явагдсан. Би тухайн бооцоот тоглоомонд өөрийн хаан банкны дансыг ашигласан оролцож тоглосон. Гэрч гийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Sugalaa Aztai” гэх фейсбүүк хаягаас бооцоот тоглоомын лайв явагдсан. Би тухайн бооцоот тоглоомонд өөрийн тоот дансыг ашиглан мөнгө шилжүүлж тоглосон. Би 5000 төгрөг шилжүүлж тоглосон. Гэрч ы 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Sugalaa Aztai” гэх фейсбүүк хаягаас бооцоот тоглоомын лайв явагдсан. Би тоглоомонд өөрийн цахим хаягаар орж тоглосон. Би 5000 төгрөг шилжүүлж тоглосон. Нэг удаа тоглоод хожигдоод уг тоглоомноос гарсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хаан банкны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5540/61 дугаартай албан бичиг, депозит дансны хуулга, *******ийн депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хаан банкны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5540/61 дугаартай албан бичиг, депозит дансны хуулга, *******ийн депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 13-14-ний өдрийн хооронд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Sugalaa Aztai” гэсэн нэр бүхий цахим хаягаар хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж “техас покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Чонос овгийн *******ийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь “Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 13-14-ний өдрийн хооронд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Sugalaa Aztai” гэсэн нэр бүхий цахим хаягаар хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж “техас покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж 278800 төгрөгийн орлого олсон болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хаан банкны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5540/61 дугаартай албан бичиг, депозит дансны хуулга, *******ийн депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 278.800 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овгийн *******ийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 278.800 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.