Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/286

 

 

                                              

 

 

 

 

 

   2022           04            18                                        2022/ШЦТ/286

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч С.Ууганбаяр,

хохирогч О.Э,

шүүгдэгч Н.Т, өмгөөлөгч Я.Баярсайхан нарыг оролцуулан шүүхийн хуралдааны нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И овогт Нийн Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000920230 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

И овогт Нийн Т Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Н.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.” нэртэй караоке дотор О.Этай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт шилээр цохиж биед нь зүүн хацарт шарх, дух, цээж, баруун хацар, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн шанаа, нуруунд зулгаралт, зүүн шанаа, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар бүх зүйлийг ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Э мэдүүлэхдээ: Н.Тд гүтгүүлсээр л байна. Хэрэг болсон өдөр “.” нэртэй караоке орсон. Тэгтэл Н.Т эмэгтэйчүүдийг хөөхийг нь хөөж, боохыг нь боосон. Тэгээд Ций гар утсыг Н.Т авсан байхаар нь би түүнд болиоч гэж хэлэхэд миний өөдөөс пивоны аяга шидэж надад гэмтэл учруулсан. Энэ хүнд их гомдолтой байна. Миний бие нь өөрийн эрүүл мэндэд учирсан сорвийг арилгах эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Монгол Улсад мэргэжлийн эмнэлэгт үзүүлэхэд миний нүүрэнд үүссэн сорвийг арилгахгүй гэж дүгнэлт гарсан. Тиймээс Турк улсын эмнэлэгтэй холбогдож өөрийн зургаа явуулж ямар хэмжээний эмчилгээ хийлгэх талаар асуухад 10 удаагийн лазер эмчилгээнд орно гэсэн. Энэ эмчилгээг Турк улсад хийлгэхээр 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ны хүртэл хугацаанд явах тийзээ захиалсан. Мөн тэнд очиж 28 хоног байх буудал, 10 удаагийн лазер эмчилгээ, хоол, тийзийн зардал зэрэгт 20.603.188 төгрөгийн зардал орно гэсэн тул 20.603.188 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөөр би аялаж зугаалах гээгүй. Одоо бас эмчилгээ хийлгэж байгаа боловч өнөөдөр баримтаа авчирч чадаагүй гэв.

Эрүүгийн 2210000920230 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

2. Гэрч Д.Ций мөрдөн шалгах өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 18-19 дүгээр хуудас),

4. Гэрч М.Мн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

5. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

6. Гэрч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

            7. Шүүгдэгч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9 дугаартай дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацарт 7.5 см хэмжээтэй мэс заслын 16 ширхэг оёдол тавигдсан, зах ирмэг тэгш шархтай, нурууны доод хэсэгт 19.0х0.3 см, 9.0х0.5 см баруун доод хэсэгт 5.0х0.5 см зах ирмэг тэгш ягаан өнгийн зулгаралттай. Духны баруун хэсэгт 5.0х.3.0 см, цээжний зүүн дээд хэсэгт 6.0х5.0 см бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун хацрын төвгөрт 3.0х1.5см, зүүн дээд зовхийг нэлэнхийд нь хамарсан хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн шанаанд 0.2x0.1см хэмжээтэй олон тооны цэгчилсэн ягаан өнгийн зулгаралттай.

            -О.Эын биед зүүн хацарт шарх, дух, цээж, баруун хацар, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн шанаа, нуруунд зулгаралт, зүүн шанаа, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн хацрын шарх, нурууны зулгаралт гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, дух, цээж, баруун хацар, зүүн дээд зовхины цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зүүн шанаа, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №155 дугаартай дүгнэлтэд:

Баясал Вэлнэс Төвд 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Мэс заслын эмчийн үзлэгт орж зөвлөгөө авсан. Үйлчлүүлэгч иргэн 2021 оны 12 дугаар сарын 03-нд хацарт 7 см орчим гэмтэл авсан бөгөөд тухайн гэмтлийн улмаас үүссэн сорви бүрэн арилах боломж байхгүй гэж эмч нарын баг дүгнэсэн болно.

2022 оны 2 дугаар сарын 11-нд О.Эын биед хийсэн үзлэгээр зовуурь зүүн хацар хөндүүлнэ гэнэ. Үзлэгт: хэсэг газрын үзлэгт зүүн хацрын хажуу хэсэгт хөндлөн 6.8смх0.2см арьсны түвшнээс бага зэрэг хонхор ягаан хүрэн өнгийн оёдол ором бүхий сорвитой, өмнөд хэсэгт 0.5смх0.6 см арьсны түвшнээс дээш овгор, ягаан хүрэн өнгийн тэмтрэхэд хатуу сорвитой зүүн нүдний дээд зовхинд 0.3х0.2см арьсны түвшнээс дээш овойсон цайвар өнгийн сорвитой.

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэгийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 9 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

-0.Эын биед тухайн үед зүүн хацар, зүүн нүдний дээд зовхинд шарх, дух, цээж, баруун хацар, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн шанаа, нуруунд зулгаралт, зүүн шанаа, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

-Зүүн хацарт учирсан шарх гэмтэл нь сорви тогтож эдгэсэн байна. Ердийн явцаараа бүдгэрч арилахгүй. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй.

- Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас),

10. “Баясал вэлнэс” төвийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

11. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн 2021 оны 12 дугаар сарын 04-ны хуудас (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

12. Хохирогч О.Эт учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг (хавтаст хэргийн 90-91, 99 дүгээр хуудас), хохирол нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас) болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд,

            13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас) нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 80 дугаар хуудас) үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Н.Т нь Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.” нэртэй караоке дотор согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 04-ний 03 цагийн орчим О.Этай тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас маргалдаж түүний нүүрэн хэсэгт шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх, дух, цээж, баруун хацар, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн шанаа, нуруунд зулгаралт, зүүн шанаа, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...“.” нэртэй караокед 23 цаг 30 минутын үед орсон ...2021 оны 12 дугаар сарын 04-ний 02 цагийн үед би ариун цэврийн өрөө орох гээд караокены коридорт гарсан чинь орлогч захирал Т ...Цийг түлхэж унагаад гар утсыг нь шүүрч аваад сууж байсан өрөө лүүгээ орсон. ...би сууж байсан өрөөндөө буцаад орсон чинь Т Цийг хананд шахаад заамдчихсан байсан. Тийг би болиулах гээд цээж рүү нь түлхсэн чинь Т намайг зөрүүлээд түлхсэн. Би ахиад түлхсэн чинь Т гартаа байсан вискиний аягаар миний нүүр лүү саваад цохисон. Миний нүүрнээс их цус гараад бид хоёр ноцолдоод зууралцаад авсан чинь манай ажлынхан орж ирээд бид хоёрыг салгасан. ...Миний 2 нүд хавдаж хөхөрсөн, нүүрэндээ 18 оёдол тавиулсан, миний нүүрийг оёж байсан эмч хэлэхдээ над руу хагархай юмаар зүссэн байна гэж хэлсэн. Бүтэн зүйлээр цохиулбал ингэж зүсэгдэхгүй гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

-Гэрч Д.Ций мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 02 цагийн үед байх орлогч захирал Т гэнэт миний гар утсыг шүүрээд авсан, тэгээд буцаагаад гар утсаа авах гэсэн чинь Т намайг түлхээд унагаачхаад яваад өгсөн. ...би уурлаад та яаж байгаа юм бэ гээд хэлсэн чинь ...Э хүрч ирээд та сая яасан бэ гээд Ттэй барьцалдаад авсан. ...Т нэг бол стакантай виски эсвэл шилтэй пиво барьчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас) болон дахин өгсөн ...Т ...миний гар утсыг булааж авсан, ...араас нь очоод ...утсаа авах гэсэн чинь намайг түлхээд унагаасан. ...босоод хөөе утсаа авъя гээд очсон чинь намайг заамдаад өөрөөсөө ходуулаад байсан. ...Э болсон явдлыг хараад давраад байгаа юм биш үү гэх өнгө аястай зүйл хэлээд Т ..дээр очсон чинь Т захирал чи юу гээд байгаа юм бэ гэж хэлээд гарт байгаа вискиний хундагаа шидээд Эын нүүрэн тус газарт оночихсон. ...Т захирал нөгөө газарт байсан хагархай шилийг аваад Эын нүүрийг зүсээд нурууг нь бас зүссэн.  ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

Гэрч М.Мн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... . нэртэй караокед очсон. ...Ц очоод гар утсаа авах гэсэн чинь Цийг Т захирал хоолойноос нь боож түлхсэн, тэгсэн Э Т захирал дээр очоод цээж рүү нь түлхээд одоо болиоч дээ ...гээд хэлсэн. Тэгсэн чинь Т шууд гартаа байсан стаканаа Эын толгой руу шидээд оносон. ...Т Э хоёр ноцолдоод дээр доороо ороод байсан. ...Т захирал хагархай шил газраас аваад барьчихсан байсан болохоор би Эыг татаж авч тэр хоёрыг салгаж чадаагүй. ...Э Ттэй ноцолдсоны дараа нойлын өрөөнд орж ирэхэд нүүр ам хувцас хунар нь цус болчихсон байсан, хацар нь аймар том урагдаад ангайчихсан байсан, хөмсөг нь шалбарчихсан байсан. ...Эын нуруу гарыг нь бол Т захирал гартаа байсан хагархай шилээрээ зүсэж байсныг бол харсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

-Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... . нэртэй караокед очсон.  ...Т захирал ...хэдэн эмэгтэйн гар утсыг хураагаад авчихсан нөгөө явна гээд байсан охидын гар утсыг өгөхгүй явуулахгүй гээд байсан. ...Ц гээд охин Т захиралд гар утсаа хураалгачхаад очоод явах гэсэн чинь Цийг багалзуурдаад түлхсэн, тэгсэн чинь Э ах хүрч ирээд Т захирлыг түлхсэн чинь Т захирал ширээн дээрээс стакан аваад шууд Э ахын нүүр лүү нь шидчихсэн. Тэгээд Э ахаас баахан цус гараад тэр хоёр зууралцаад авсан. ...Т захирал гартаа шил барчхаад ална тална гээд орилоод байсан. Тэгээд Т захирлын гараас нь шил нь унангуут бид нар бөөндөө очоод салгасан. Т захирал ойртсоныг чинь ална гээд орилоод нойлын өрөө лүү орсон. Тэгээд Э ах босоод ирсэн чинь нүүр ам нь битүү цус болчихсон хацар нь аймар том зүсэгдчихсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

Гэрч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... нэртэй караокед орсон. ...намайг явсны дараа захирал Т захирал О.Этай маргалдаж зодоон цохион хийсэн гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

            -Шүүгдэгч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...Би уг хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээж гэмшиж байна. .... нэртэй караокед орж үйлчлүүлсэн. ...Ц гэх охины гар утсыг хурааж авсан, тэгсэн чинь Э чи хэн бэ алнаа чамайг гээд над руу дайрсан, тэгэхэд нь би гартаа барьсан байсан виски ууж байсан бакалаараа Эын нүүрэн тус газарт цохисон. ...бид хоёр барьцалдаж өнхөрсөн байсан. Э миний дээр гарчхаад цохиод байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №155 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-39 дэх тал), Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), Хохирогч О.Эт учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг (хавтаст хэргийн 90-91, 99 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Т нь хохирогч О.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.

Шүүгдэгч Н.Тийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг “хангасан байна.

Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч хохиролтой холбоотой 896,420 төгрөгийн  (хх70-71) нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт ирүүлсэн байх ба шүүхийн шатанд шүүгдэгч Н.Т 1.000.000 төгрөг хохирогч О.Эт нөхөн төлсөн байна.

Мөн шүүх хуралдаанд хохирогч О.Эаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлыг нэхэмжилж баримтыг ирүүлсэн ба, миний нүүрэнд учирсан гэмтлээс үүдэлтэй сорвийг Монгол Улсад арилгахгүй гэж дүгнэлт гарсан тул БНТУ-ын эмнэлэгт холбогдож, гэрэл зургаа явуулахад 10 удаагийн лазер эмчилгээ хийнэ гэсэн. Иймд 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 04-ний хооронд БНТУ-ын эмнэлэгт эмчилгээ хийлгэхдээ холбоотойгоор эмчийн үзлэг 502.788 төгрөг, сорвины 10 удаагийн лазер эмчилгээ 9,141,600 төгрөг, 28 хоногийн зочид буудлын төлбөр 7,326,400.52 төгрөг, 28 хоногийн өдрийн хоолны зардал 280,000 төгрөг, 28 хоногийн оройн хоолны зардал 280,000 төгрөг, 2 талын тийзийн төлбөр 2,752,400 төгрөг болон орчуулгын төлбөр 70,000 төгрөг, одоо хийгдэж байгаа эмчилгээний төлбөр 250,000 төгрөг, нийт 20,603,188.52 төгрөг гэж нэхэмжилсэн.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хохирогчийн нэхэмжилж буй 20,603,188.52 төгрөг нь бодитой гарсан зардал биш байх тул төлөх боломжгүй гэж маргасан.

Хохирогчийн нэхэмжлэлээс одоо хийгдэж байгаа эмчилгээний гэх зардлын талаарх  нотлох баримтгүй, БНТУ-д эмчлүүлэх гэж байгаа эмчилгээ болон үүнтэй холбоотой гарна гэх 20,603,188,52 төгрөгийн зардлыг эмнэлгийн урилга, Эйр маркет ХХК-ийн тийзийн нэхэмжлэх, Зочид буудлын үнийн санал зэрэг баримтад үндэслэж шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Иймд хохирогч О.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан цаашид гарах хор уршгийн зардлыг хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч “шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай гэсэн” дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан ялыг саналыг хөнгөрүүлж Н.Тд торгох ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргав.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Н.Т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүгдэгч Н.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ, мөн хохирогчийн эрүүл мэндэд шилээр буюу гадны биетээр гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй  гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял ногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2210000920230 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Т цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Нийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн 210000920230 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Т цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор хохирогч О.Эт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Э энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан цаашид гарах хор уршгийн зардлыг хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА