Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/304

 

 

 

                                              

 

 

 

 

 

 2022           04            20                                           2022/ШЦТ/304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч Б.Ч, өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ын Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000412 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ын Ч нь Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Б.Ч нь 2022 оны . сарын 20-ны шөнө Хан-Уул дүүргийн. хороо, “.” ХХК-ийн орчим иргэн Д.Мг хардалтын улмаас зодож түүний биед баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн чихэнд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Чээс: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Эрүүгийн 2210 0000 00412 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Д.Мгаас Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэр төв зам дагуу 2022 оны . сарын 19-өөс 20-ны шилжих шөнө 01:30 минутаас 02:00 цагийн хооронд зодуулсан” гэсэн 2022 оны . сарын 21-ний өдөр гаргасан гомдол (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),

3. Хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-1. хуудас),

4. Гэрч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

5. Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

            6. Шүүгдэгч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 02-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны . сарын 24-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4742 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Духны гол хэсэгт үстэй хэсгийн заагт 2x0,5 см улаан хүрэн тав тогтсон зулгаралттай, зүүн хэсэгт 4x0,8 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй. Зүүн нүдний доод зовхинд 2,5x1 см бор хүрэн өнгийн цус хуралттай. Зүүн чамархайд 2,5x0,5 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн тав тогтсон зулгаралттай. Зүүн чихний дэлбээний ар хэсэгт 3x2 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун дээд 1-р шүд буйлны түвшинд ёзоор үлдэж хугарсан. Хоёр гарын^; сарвуугаар тэмтрэхэд эмзэглэлтэй.

-Д.Мгийн биед баруун дээд 1-р шүдний хугарал, духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн чихэнд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Нэг шүдний сулрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна /шинжээч эмч Б.Сэргэлэн/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

8. “Анагаах урлаг” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн имплант шүд хийлгэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),

            9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас зэрэг болно.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Ч нь Хан-Уул дүүргийн . хороонд 2022 оны . сарын 20-ны шөнө 01:30 цагаас 02:00 цагийн хооронд “.” хотхоны . тоотод иргэн Д.Мг өөрийн үерхдэг Д.Стэй хардаж хамарт нь цохих, гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодсон, хохирогч тухайн айлаас гараад явсан байхад үйлдлээ үргэлжлүүлэн араас нь очиж “.” ХХК-ийн орчим газарт унаган нүүрэнд өшиглөх, үснээс чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, духанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн чихэнд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогчийн гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), Д.Мгийн биед үзлэг хийхэд “дух болон зүүн талын шанаа хэсэг зулгарсан, зүүн талын үүдэн шүд хугарсан байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),

Хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 0. сарын 19-өөс 20-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн “.” хотхонд ...ажлын газрын Сийг ...хүргэж өгсөн. Сийг ...оруулж өгөөд буцаад гарах үед гаднаас найз Ч гэх залуу орж ирсэн. ...Би ажлынхан газрын залуу байна, хүргэж өгсөн юм гэхэд ...хамар луу гараараа цохиж хамраас цус гарсан, гэдэс рүү өшиглөж шанаа руу цохисон. ..Би орцноос нь гараад 19 үйлчилгээний төв рүү явж байтал нөгөө залуу хойноос гарч ирээд ....гийн урд талд зам дагуу ...араас жийгээд би газарт унаж, миний үснээс татаж би нүүрээ хамгаалахад толгойны ар хэсэг рүү өшиглөсөн, нүүр хэсэг рүү өшиглөж байсан. камергүй газар ална гээд намайг чирсэн. ...Ч миний нүүр лүү гараараа цохиж, мөн өшиглөсөн. Миний үүдэн шүд хугарсан. ...толгойны ар хэсэг бол дух хэсэгт хавдаж зулгарсан, 2 гар зулгарч хавдсан, хамар шанаа хавдсан, зүүн мөрний хэсэг хавдсан, цээж мөн хөндүүрлэсэн байна. Дээрх гэмтлийг бол Ч учруулсан ... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-1. хуудас),

-Гэрч Д.Сийн мөрдөн шалгах өгсөн ...Эрэгтэйчүүдийн баяр болоод  ажлын хамт олноороо ууж идэж суусан, нэг сэрсэн би гэрийн гадаа ирсэн, түлхүүр байхгүй болохоор би буцаад Зайсан хилл дээр ирсэн. Тухайн үед ажлын Мтай таарсан. Манай гэр лүү хамт явсан. Ривер стон хотхоны 42-А байрны 303 тоотод хүргэж өгсөн. ...найз залуу Ч орж ирсэн, чи хэн бэ гэж асуугаад намайг хардаад Мг зодсон. ...М гэрээс гараад явсан, хойноос нь найз залуу Ч гарсан. ...М шөнө 03 цагийн үед надад танай найз залуу намайг зодчихлоо гэж хэлсэн. ...Ч манай найз залуу,  үерхээд 3 сар болж байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

- Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Ч найз охинтойгоо уулзана гээд хамт очоод ирье гэсэн. 2022 оны 0. сарын 19-өөс 20-ны шилжих шөнө 01 цагийн үед найз “Ривер стон” хотхоны 42-А байрны гадаа очсон. Би машиндаа үлдсэн,  10 минутын дараа нэг залуу гүйгээд гарсан, хойноос нь Ч гараад дуудаж байсан. Би машинаа байршуулаад хойноос нь очиход “.”-гийн явган хүний зам дээр хоорондоо зодолдож байсан. ...Ч тус залууг цохиж байсан. Ч чи айл эзгүйчлээд юу хийж байгаа юм чи хэн бэ гэж хэлж байсан. ...Намайг очих гэсээр байтал тэр хоёр хоорондоо зодолдсон байсан. ...Би бол гар хүрээгүй бол гээд салгасан, харин Ч нүүр толгой хэсэг рүү нь цохисон. Намайг очиход нэг нэгнээ шанаадаж байсан. Барилдаж байгаа юм шиг газар унаад дээр доороо ороод байхаар нь би салгасан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

            -Шүүгдэгч Б.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ...2022 оны 0. сарын 19-өөс 20-ны шилжих шөнө 01 цагийн үед найз охины гэр . хотхоны . тоотод ирсэн. Үүдэн хэсэгт нь танихгүй залуу сууж байсан. Хэн бэ гэж найз охиноосоо асуусан. Тухайн залуугийн нүүрэн хэсэгт 2 удаа цохиод өшиглөөд, элэгдээд түлхэж гаргасан. Зугтахаар нь би хойноос нь гараад ....гийн зам дагуу гүйж байгаад тус залуу өөрөө мөсөн дээр саваад унасан. Нүүрэнд нь өшиглөсөн, толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. ...Гэмтлийг би учруулсан өөрийн буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч байна.... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны . сарын 24-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4742 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Чийн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь хохиролтой холбоотой “Анагаах урлаг” ХХК-ийн тодорхойлолтыг ирүүлсэн ба уг баримтад имплант шүд хийлгэх нийт зардалд: дэлгэмэл рентген зураг 36.000 төгрөг, СТ зураг 200,000 төгрөг, имплант шүд 3,000,000 төгрөг болох талаар, тодорхойлсон, мөн эм худалдан авсан 87,500 төгрөгийн төлбөрийн баримт (хх54, 56)-ыг ирүүлжээ.

Дээрх 3.323.500 төгрөгийн баримтаас 87.500 төгрөгийн зардал бодитоор гарсан, “.” ХХК-ийн тодорхойлолтод бичсэн 3.236.000 төгрөг бодитоор гараагүй байна.

Гэхдээ шинжээчийн 4742 дугаартай дүгнэлтээр хохирогчид хэд хэдэн гэмтэл тогтоогдсон ба, үүнд баруун дээд 1-р шүдний хугарал үүссэн, гэмтэл нь Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна гэж дүгнэсэн. Хохирогч имплант шүд хийлгэхэд гарах төлбөрийн дүнг урьдчилсан байдлаар шүүхэд ирүүлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “Би хохирогч Д.Мтай ярилцаад имплант шүдний зардал нь 3.323.500 төгрөгөөс буурч шүдний төлбөр нь 2.100.000 төгрөг болох боломжтой гэж эмнэлэг нь хариу өгсөн гэсэн бөгөөд үүн дээр 36.000 төгрөг, 200.000 төгрөг,  ажилгүй байсан хугацааны цалин хөлс 750.000 төгрөгийг нь нэмээд 3.086.000 төгрөг болсон ба бидний хооронд 3.100.000 төгрөгөөр тохиролцсон, уг төлбөрөөс 2.000.000 төгрөгийг өнөөдөр хүлээлгэн өгнө, харин үлдэх 1.100.000 төгрөгийг хоёр сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон гэж мэдүүлсэн тул тэдний тохиролцооны хүрээнд шүүх шүүгдэгчээс 3.100.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэр гарсны дараа шүүгдэгчээс  хохирогч Д.Мд 2.000.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн тул үлдэх 1.100.000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч “шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах” тухай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуягаас шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Б.Ч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүгдэгч Б.Чийг гэм буруутай болохыг тогтоосон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, уг ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Хохирогчид учирсан хор уршиг арилаагүй, хохирогчийн зүй бус, хууль бус ажиллагаа хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь  ирээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.1. зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.. зүйлийн 4, 5 дахь дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Чээс 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр сарын хугацаанд олгохоор тогтоосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8 . Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА