| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2022/0339/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/331 |
| Огноо | 2022-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/331
2022 05 02 2022/ШЦТ/331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н овгийн Д-гийн Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210007040395 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н овогт Д-гийн Б нь Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Д.Б нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн . хороо, . тоот хашааны гадна Д.Нтэй хашааны гадна шээлээ гэх шалтгаанаар зүүн шанаанд, цээж хэсэгт цохиж эрүүл мэндэд нь завжны няцарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Эрүүгийн 2210007040395 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18:27:32 цагт “нэг хүн намайг ална гээд зодоод хувцас урсан” гэх дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), Д.Нгийн гомдол хүсэлт (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), илтгэх хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
2. Хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Тухайн өдөр би Хан-Уул дүүргийн . хороон нутаг дэвсгэрт байрлах цайны газар орж хоол идчихээд гадаа гарч хашааны буланд тамхи татаж байхад цаанаас Приус-20 маркийн автомашин дуут дохиогоо дуугаргаад өөрийнхөө хашааны үүдэнд зогссон. Машинаас 50 орчим насны эрэгтэй хүн бууж надад хандан зайл ... гэж хэлэхээр нь би өөдөөс нь яасан гэнэ ээ гэж асуухад уурлаад шууд миний цээж рүү баруун гараа атгаж байгаад 2 цохиод үргэлжлүүлэн миний өмсөж байсан хувцаснаас зуураад зүүн шанаанд дахин баруун гартаа атган нэг удаа цохисон, мөн зүүн чихний ард баруун гараараа нэг удаа зохисон. Би тус танихгүй хүнээс салаад цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. ...Миний бодлоор би хашааны гадна тамхи татлаа гэх шалтгаанаар уурлаад намайг хэл амаар доромжлон гараа атгаад цээж болон толгой руу цохичихлоо гэж бодож байна. Өөрөөр намайг зодоод байх шалтгаан тус хүнд байхгүй. ...Цээжиндээ цохиулснаас болж цээжний баруун талын хэсэг газарт өвчин орсон, зүүн шанаанд цохиулснаас болж завж язарсан. Мөн толгойд цохиулснаас болж толгой өвдсөн. Дээрх гэмтлүүдээ эмчлэхийн тулд эмчлэхийн тулд би цээжний зураг 30,000 төгрөгөөр зураг авхуулсан, толгой өвдөөд байсан тул 4 удаа бариачаар толгойгоо бариулаад нийт 80,000 төлсөн. /баримтгүй/. ...Тухайн үед би ганцаараа байсан бөгөөд надтай маргалддаг 50 орчим насны хүн мөн адил ганцаараа байсан бид хоёрыг маргалдах үед ойр хавьд хүн байгаагүй. ...Миний бие гэмтэл учруулсан Д.Б гэх хүнээс эмчилгээний зардалд 180,000 төгрөг авах хүсэлтэй байна. Эмчилгээний зардлаа авчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),
3. Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
Би ажлаа тараад гэртээ 17 цагийн орчимд хашааныхаа гадаа ирэхэд манай хашаа руу үл таних 30 насны эрэгтэй хүн шээх гээд зогсож байхаар нь би машиныхаа дуут дохиог өгөхөд тус залуу шээхээ больсон. Би хашааныхаа хаалгыг онгойлгох гээд машинаасаа буухад манай хашаа руу шээх гээд зогсож байсан залуу харагдсан тул би тус хүнд хандан зайл, ...хол явж шээ гэж хэлэхэд тус залуу надад хандан дусаагаагүй байхад сүртэй гэж хэлэхээр нь миний уур хүрч баруун гараа атгаад нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Харилцан бие биеийнхээ хувцаснаас зууралцсан. Тухайн үед хоёр биеэ харааж байгаад салсан. Д.Н гэх үл таних залуу нь манай Хан-Уул дүүрэг . хороо . тоот хашаа руу шээх гэж байснаас хэрүүл маргаан болсон. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 3. хуудас),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4161 дугаартай:
Хэсэг газрын үзлэгт: зүүн завжны дотор салстад 1х0,2 см няцарсан шархтай. Цээжний голын хэсгээр эмзэглэлтэй. Цээжний КТГ-д явуулсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав.
Д.Нгийн биед завжны няцарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.7-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
5. Хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримтууд, Д.Бас 180.000 төгрөг хүлээн авч, хохирогч Д.Нд хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 20, 40-41 дүгээр хуудас),
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, ял шийтгэгдсэн таслан шийдвэрлэх тогтоол, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 23, 24, 43 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.Б нь Хан-Уул дүүргийн . хороонд байх Жаргалантын 1-43 тоот өөрийн хашааны гадна 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хашааны гадна бие засах гэлээ гэх шалтгаанаар иргэн Д.Нтэй маргаан үүсгэж, улмаар түүний зүүн шанаа, цээж хэсэгт цохих зэргээр эрүүл мэндэд нь завжны няцарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Н, яллагдагч Д.Б-ын нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 11, 3. хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 4161 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт гэмт хэргийн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), хохирогчийн гомдол хүсэлт (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), цагдаагийн байгууллагын ажилтны илтгэх хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан хугацааг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэж тусгасан /засварласан/ байх боловч хэргийн үйл баримтаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон тул хугацааг зөвтгөв.
Шүүгдэгч Д.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардалд 60,000 төгрөгийн баримтыг (хавтаст хэргийн 20 дахь тал) хэрэгт ирүүлж нэхэмжилсэн боловч мөрдөн байцаалтад шүүгдэгчээс 180.000 төгрөгийг хохирогчид төлсөн нь хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдсон тул /хх40-41/ шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч “шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах” тухай дүгнэлт гаргасан, Д.Б улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан.
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Д.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч ялын хугацаа дуусгавар болсон байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон.
Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийг арилгасан, эрхэлсэн ажилтай зэргийг харгалзан прокуророос саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн Д-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Нд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА