Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/330

 

 

                                              

 

 

 

 

 

   2022           05            02                                           2022/ШЦТ/330

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Д.О, өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 1703) нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овгийн Д-ийн Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000237 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ө овгийн Д-ийн О нь Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Д.О нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны Хан-Уул дүүргийн . хороо, .20-4 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр М.Цг шилэн аягаар нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун хацар, шанаа, дух, хамрын нуруу, дээд, доод уруул, цээжинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: Хэргийн талаар өмнө мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

Эрүүгийн 2210000000237 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18:14:56 цагт “Манай ажлын хүн Маналжав овогтой Ц хүнд зодуулсан байна, цээжиндээ хутгалуулсан байж магадгүй 103 дуудсан” гэх дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

2. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн . хороо .тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас), 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эд зүйлд буюу хагарсан шил, архины шил, хөнжлийн даавуу, хүрэм зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 8-. хуудас), 12 ширхэг шилний хагархайг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

3. Хохирогч М.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 08 цаг өнгөрч байхад А /бүтэн нэрийг нь мэдэхгүй/-ын Хаан банкны картыг аваад “Ц” хүнсний дэлгүүр орж “Хараа” нэртэй 0.75 литрийн 1 шил архи аваад гэртээ харьж эхнэр О, А нарын хамт хувааж уусан. Бид 3 нэлээд согтож эхэлсэн. Нэг мэдсэн миний баруун талын шанаа, нүд хэсэгт манай эхнэр О цохисон. Тэгсэн миний дух хэсгээс цус гарсан, архины шил хагарсан байсан. Би газар унахад эхнэр О миний зүүн талын эгэм хэсэгт маажсан, аль гараараа маажсаныг нь мэдэхгүй. Тэгээд түргэн дуудъя гэж О, А хоёр яриад байсан. Тэр үед миний ухаан санаа орж гараад байсан болохоор зарим үйлдлийг сайн санахгүй байна. Түргэн ирээд миний биеийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. ...О, А бид гурав байсан. ...Намайг Атай хардаад цохисон байх. ...Хэрүүл маргаан зодоон урьд нь хийж байгаагүй. ...О бид хоёр 2002 онд танилцаад гэр бүл болсон, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. О нэлээд согтсон байсан. ...Би мэдрэл унаж татдаг өвчнөөр группэд байдаг. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

            Хохирогчоор дахин 2022 оны 02 дугаар сарын 17-ны өгсөн: Миний нүүрний баруун хэсэг дух, баруун шанаа хэсэгт шинжтэй шилэн аяга /стакан/-р нэг удаа цохисон. Ямар шалтгааны улмаас намайг цохисныг мэдэхгүй миний бодлоор согтсоны улмаас цохисон байх. ...Гэр бүлийн хэрүүл маргаан хийдэг байсан, зодоон бол хийж байгаагүй. ...Би 2006 онд барилга дээр ажиллаж байхад дээрээс толгой дээр тоосго унасан тэрнээс хойш толгой өвдөж, унаж татдаг, мартамхай болсон. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлж 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болж группт орсон. ...Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

            4. Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            Би 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өмнө хамт ажиллаж байсан найз Ц ахынд очиж хоносон. Тэр оройдоо 0,75 литрийн Хараа нэртэй 1 шил архи Ц ах, О, мөн хашаан дотор нь хамт байдаг Оын төрсөн ах нь бид дөрөв хувааж уусан. Маргааш нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ц ах мөнгө байна уу гэж асуусан. Ц ах миний банкны картыг аваад гараа явсан. Удалгүй 0,75 литрийн Хараа нэртэй 1 шил архи аваад ороод ирсэн. Уг архийг О, Ц ах бид гурав уусан. Ц ах том охинтойгоо хамт ажилдаа явна гээд гараад явсан. О намайг дуудаад Ц ах чинь жижиг архитай ороод ирлээ бос архи ууя гэж хэлээд байхаар нь би архи уухгүй гэж хэлсэн. Ц ах гэрийн хойд орон дээр унтаад өгсөн Ц ахын бага охин нь намайг дуудаад эгч орон дээр гарч хэвт гэхээр нь би гэрийн баруун талын орон дээр хэвтсэн. ...О нэлээн согтсон байсан. О Ц ахыг босооч пизда минь гээд хувцаснаас татаад, үснээс нь зулгаагаад байсан. О Ц ахыг бууз идэх үү гээд хажууд нь очоод асуухад Ц ах Оыг барьж аваад орон дээр унагаагаад зүүн талын гараараа Оын хоолойг нь боохоор нь би Ц ахад хандаж О амандаа буузтай байгаа хахчихвал яах юм бэ гэж хэлэхэд Ц ах болиод орон дээр хэвтсэн. О босож ирээд ширээн дээр байсан шинжтэй шилэн аяга /стакан/ аваад доторх цайг нь Ц ах руу цацаад шууд нүүр хэсэгт нь цохиход аяга хагарсан. Ц ахын нүүрнээс нь цус гараад эхэлсэн. О шууд гэрээс гараад ахынх руугаа орсон. Би араас нь очоод Оаа чи түргэн дуудаачаа очиж цусыг нь арчиж өгөөч гэж хэлэхэд О яадгийн гээд хөдлөхгүй байсан. О намайг гэрээс ороод миний хувцас, бичиг баримтуудыг аваад гараад ир хоёулаа хамт явъя гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм Ц ахыг яаж ийм байдалтай үлдээх гээд байгаа юм чи эндээ үлд гэж хэлээд би шууд явсан. ...О, Ц ах хоёр нэлээн согтолттой байсан. Би бага зэргийн согтолтой байсан ...О, Ц ах бид гурав байсан өөр хүмүүс байгаагүй. ...О, Ц ахын нүүрэнд нь шилэн аяга /стакан/-р цохиход уг шилэн аяга нь хагарсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

5. Гэрч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 02 дугаар сарын 10-ны 17 цаг 25 минутад манай ажлын залуу болох Цгийн том охин болох Ариунзаяа нь 89140476 дугаарын утсаар миний ажилладаг 80237275 дугаарын утас руу намайг ажил дээр байхад залгаад “Аав гэрт нэлээд цус алдчихсан байна” гэхээр нь би шууд гэрт нь яваад очтол манай ажлын залуу Ц нь гэрийнхээ хоймрын орон дээр маш их цус алдсан байдалтай хэвтэж байсан. Би эхнэрээс нь “Түргэн тусламж” дуудсан уу, юу болсон юм бэ гэж асуухад эхнэр нь би түргэн тусламж дуудчихсан, гэртээ орж ирэхдээ ийм байдалтай орж ирсэн. Тэгээд түргэн тусламж ирэхгүй болохоор нь би 17 цаг 41 минутад залгаж “дуудлага өгчихсөн байхад яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж асуухад надад 103-аас хариуд нь “манайд хамраас нь цус гарсан байгаа гэдэг дуудлага ирсэн, манайхаас хүн очиж байгаа” гэж ярьсан. Би цагдаагийн байгууллагад хандсан. ...Би гэрт нь ороход Цгийн куртикний энгэр хэсэг цус болсон бусад хэсэг болон гадуур өмд зэрэг нь цусгүй байсан. 15 цагт гэртээ ийм байдалтай орж ирчхээд 17 цаг 40 минут хүртэл түргэний хүний бие маш муу байгаа талаар дуудлага өгөөгүй байгааг харахад эхнэр нь надад сэжигтэй санагдаж байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

6. Гэрч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            2022 оны 02 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед манай нөхөр болох Угийн хамаатны эгч болох Алтансум эгч манай нөхөр рүү 8616-0510 гэсэн утсаар залгаад Ц хүнд хутгалуулсан юм шиг байна их хэмжээний цус алдаад байна гэхээр нь нөхрийн хамт Хан-Уул дүүргийн . хороо Бурхантын 20-4 тоотод очсон. Тухай нь үед Цгийн бага охин болох А аавынхаа цусыг цэвэрлэж байсан, цээжин хэсгийн алчуураар арчиж байсан. Цгийн эхнэр болох О хажууд нь зогсож байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. О намайг гэрт очиход Сумаа эгч манай нөхөр болох У, О Алтансум эгч Ц хоёр охин нь болох А, Ариунзаяа хоёр байсан. Тэнд байсан тухай нь хүнийг би танихгүй юм байна лээ нэг эгч цагдаагийн байгууллага болон 103 дуудлага дуудаж өгсөн. Би юу болсон талаар О, болон охин А хоёроос асуухад манай нөхөр гаднаас' 15 цагийн үед орж ирэхдээ ийм байдалтай орж ирсэн гэж хэлж байсан. Тэгээд удалгүй түргэн ирж Цг авч явсан, удалгүй цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

7. Гэрч Д.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байсан чинь 18 цагийн орчимд манай эгч Алтансумаа нь залгаж “Цгийн бие болохоо байлаа, хамраас нь маш их цус гарчихсан байна’’ гэхээр нь би машинаа асаагаад эхнэр Г.Мгийн хамтаар Цгийн Хан-Уул дүүргийн . хороо .20-4 тоотод очсон. Гэрт нь ороход Ц гэрийн хойд орон дээр хэвтчихсэн маш их цус алдчихсан, бага охин нь цусыг нь цэвэрлээд байж байсан. Намайг очиход түргэн тусламж дуудсан ороод нэг их удаагүй байхад түргэн тусламж, цагдаа ирсэн. ...Гэрт ороход ямар ч байсан Ц өөрөө хойд орон дээрээ цус алдаад хэвтчихсэн 2 охин нь шалаар байгаа цусыг цэвэрлэчихсэн байж байсан. Мөн гэрт нь архины шилний эмтэрхийнүүд байсан. Цгийн зүүн мөрөн дээр нь ямар нэгэн мэсээр зүссэн байдалтай харагдаж байсан. ...Тухайн үед Цгийнд эхнэр нь болох Д.О, 2 охин нь мөн Цгийн ажлын газрын эмэгтэй /А.Д/, манай эгч болох Алтансумаа нарын 6 хүн байсан. ...Тэр хоорондоо нэлээн хэцүү харилцаатай, байнгын хэрэлдчихсэн байж байдаг байсан. Тэр 2 нийлээд архи уучхаад байдаг юм. Ямар ч байсан гадуур гудамжинд байгаа хүн болгонтой л гэртээ архи уучихсан байж байхаар нь би анхааруулж хэлж загнадаг. ...Би одоо бодоход өмсөж явсан хувцас нь цус ямар нэгэн урагдал байхгүй, өөр цус болж урагдсан хувцас байхгүй мөн гэрт нь архины хагарсан шилний хэлтэрхий байхаар нь би хоорондоо зодолдож тухайн гэмтлийг авсан болов уу гэж бодож байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

            8. Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр найз А манайд нэг шил Хараа нэртэй 0,5 литрийн архитай ирсэн А, манай нөхөр Ц бид гурав хувааж уугаад унтаж амарсан. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өглөө сэрэхэд А, Ц хоёр 0,75 литрийн 1 шил архи задлаад сууж байсан. Ц ажилдаа явлаа гээд явсан. А бид хоёр ууж байсан Хараа нэртэй 0,75 литрийн 1 шил архийг талд нь ортол хувааж уусан. Цаг гарангын дараа Ц чөлөө авчихлаа гээд 1 шил архи аваад орж ирсэн. Ц их согтсон байсан учир гэрийн хойд талын орон дээр унтаад өгсөн. Би бууз жигнээд Цд өгөхөөр дуудаж сэрээгээд бууз жигнэчихлээ хоолоо ид гэж хэлэхэд Ц босож ирээд намайг ...гичий минь гэж хэлээд баруун гараараа миний хоолой хэсэгт түлхээд намайг сандал дээр суулгахаар нь би босоод зүүн талын гараараа ширээн дээр байсан шинжтэй шилэн аягийг аваад Ц руу шидсэн. Удалгүй Цгийн баруун талын хацар, шанаа, дух хэсгээс нь цус гарч эхэлсэн. ...Би дунд зэргийн согтолттой байсан, өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан. ...М.Ц нэлээн согтолттой байсан. ...Бид хоёр урьд өмнө хоорондоо хэрүүл маргаан, зодоон хийж байгаагүй, өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. ...Би ширээн дээр байсан шинжтэй шилэн аягийг аваад М.Ц руу шидсэн, удалгүй Цгийн баруун талын хацар, шанаа, дух хэсгээс нь цус гарч эхэлсэн. ...Би түргэн тусламж дуудсан. Тухайн үед айгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 116 дугаар хуудас),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2878 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Баруун хацар, шанаанд 4 см урт оёдол бүхий шархтай, духны дунд хэсэгт 4.3 см, хамрын нурууны баруун талд босоо 5.5 см, 2.5 см, дээд уруулын гадна 2.7 см, доод уруулын дотор салстад 2 см урт тус бүр оёдол бүхий шархнуудтай, шархнуудад боолт хийгдсэн, цээжний зүүн дээд хэсэгт зүүн эгмийн доод талд 3.5 см, 2.5 см, 1.3 см тус бүр урттай, оёдол бүхий шархтай, шархнуудад боолт хийгдсэн байдалтай.

-М.Цгийн биед баруун хацар, шанаа, дух хамрын нуруу, дээд доод уруул, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

10. Хохирогч М.Цгийн хөдөлмөр чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдийн хуулбар (хавтаст хэргийн 54-5. хуудас) бичиг, амбулаторийн картын хуулбар (хавтаст хэргийн 53, 60-62 дугаар хуудас),

            11. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 11. хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), М.Ц, Д.О нар нь 2066 онд гэр бүл болсныг бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Яллагдагч Д.Оын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгчгүйгээр өгсөн мэдүүлгийг хууль зөрчиж цуглуулсан байгаа учраас нотлох баримтаас хасаж тооцсон болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.О нь Хан-Уул дүүргийн . хороо, . тоот гэртээ 2022 оны 02 дугаар сарын 10-нд согтуурсан үедээ нөхөр М.Ц руу шилэн аяга шидэж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун хацар, шанаа, дух, хамрын нуруу, дээд, доод уруул, цээжинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 17 дугаар хуудас), гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас), гэрч А.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас), гэрч Г.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас), гэрч Д.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), Д.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 116 дугаар хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2878 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас), 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эд зүйлд буюу хагарсан шил, архины шил, хөнжлийн даавуу, хүрэм зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 8-. хуудас), 12 ширхэг шилний хагархайг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хэдийгээр шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй боловч дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

Хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч Д.Ц согтуурсан үедээ унтаж байхад шүүгдэгч Д.О түүнийг босооч гэж хувцаснаас татах, үснээс нь зулгаах зэрэг үйлдэл хийсэн байна. Үүнээс үүдэлтэйгээр хохирогч Д.Ц нь босож эхнэр Оыг газар унагааж хоолойг нь боох үйлдэл хийгээд, болиод орон дээрээ хэвтсэн байна. Үүний дараа Д.О шилэн аяга хохирогч Д.Ц руу шидэж түүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан болох нь хэргийн газар хамт байсан  хөндлөнгийн гэрч  Б.Аын мэдүүлгээр тогтоогдсон, тус гэрчийн мэдүүлгийн эх сурвалж шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр давхар нотлогджээ. Иймд шүүгдэгч Д.О нь хэрүүл маргааныг өөрөө эхэлж үүсгэсэн, мөн хохирогч Д.Ц нь түүнийг боох үйлдлээ хийж дуусгасан байхад дараа нь түүн рүү аяга шидэж гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хохирогч Д.Ц нь өвчний улмаас 50 хувиар  хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгож, группэд байдаг шийдвэр хэрэгт авагдсан хэдий боловч тухайн хэрэг гарсан өдөр хохирогч нь шүүгдэгчийн эсрэг идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийсэн байх тул хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байсан этгээд гэж үзэх боломжгүй байна.

Нөгөө талаар шүүгдэгч Д.О, хохирогч Д.Ц нар 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид буюу эхнэр, нөхөр байх ба шүүгдэгч, хохирогч нарын хооронд таарамжгүй харилцаа байдаг хэдий боловч Д.О нь урьд хохирогч Д.Цгийн эрүүл мэндэд халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал байгаагүй талаар гэрч нараас мэдүүлсэн байх тул тухайн хэрэг үйл явдал болсон өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Д.О хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх шинжгүй гэж үзэж, гэмт хэргийн үндсэн шинжээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэв.

Шүүгдэгч Д.Оын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хор уршиг нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй, гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.О нь эрхэлсэн ажилгүй, нөхрийнхөө группийн мөнгөөр амьдардаг байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг оршин суудаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох гэсэн,  

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Д.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний өрхийн орлогыг харгалзан улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.О урьд ял шийтгэлгүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон  тул дээрх хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нэг талаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шилэн аягаар хохирогчид гэмтэл учруулсан байдал, нөгөө талаас эрхэлсэн ажилгүй, гэр бүлийн өрхийн орлого нөхрийнхөө хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн мөнгөөр амьдардаг зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хорооны тодорхойлолтод үндэслэн /хх68/ ялын хугацаанд Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 12 ширхэг шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2,  38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овгийн Д-ийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 12 ширхэг шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Ц нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Оын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА