Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2014/0225

 

Д.Ц-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 11 сарын 18-нчй өдрөөс Дорнод аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж эхэлсэн. Гэтэл 2013 оны 12 сарын 20-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар аймгийн Засаг даргад нэр дэвшигч С.Ганбат нь аймгийн Засаг даргаар томилогдсоны дараа Засаг даргын орлогчоор ажиллаж байсан намайг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12 дахь заалтыг үндэслэн 2013 оны 12 сарын 24-ний өдрөөс үүрэгт ажлаас ямар ч шалтгаангүйгээр чөлөөлжээ.

Дээрх хуулийн заалтууд нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь “Засаг даргын орлогчийг тухайн хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх ба Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 нь “Засаг даргын орлогч”-ийн хувьд төрийн улс төрийн албан тушаалын ангилалд багтана гэдгийг заасан.

Гэтэл аймгийн Засаг даргын Б/50 тоот захирамж нь ямар ч шалтаг, шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3 дахь заалтуудыг зөрчсөн байх тул уг захирамжийг хүчингүйд тооцож, Засаг даргын орлогчийн албан тушаалд эргүүлэн томилохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/50 тоот захирамжаар Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Ц-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй.

Аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/3620 тоот албан бичгээр аймгийн орлогч дарга Д.Ц-ийг чөлөөлөх саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлж, 2013 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 93 дугаар тогтоолоор чөлөөлөх саналыг ирүүлсэн юм.

  1. Төрийн албаны тухай хуулийн 6.1, 6.1.12-т зааснаар бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалын ангилалд багтаж, сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллахаар хуульчилсан заалт байгаа юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар орлогч дарга нь төрийн албан хаагч мөн. Төрийн албан хаагчийн хувьд улс төрийн албан тушаалд хамаарна. Төрийн албан хаагчийн цалинг Засгийн газрын тогтоолоор, аймгийн Засаг даргын Тамгын газраас албан контор ажиллах нөхцөлийг хуулийн дагуу хангаж ажиллаж байдаг. /Төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27, 28, 29, 30, 31 зүйлийн холбогдох заалтууд хамаарна./

Төрийн албаны тухай хуулийн 11.3-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлын хууль нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхой заасан. Мөн Төрийн албаны тухай хуульд сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллахаар хуульчилсан.

Иймд дээрх шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ... Засаг дарга С.Г нь Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12 дахь заалтуудыг үндэслэн өмнөх Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Ц-ийг ажлаас чөлөөлж, М.Б намайг 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 тоот захирамжаар Засаг даргын орлогчоор томилсон.

Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хугацаанд улс төрийн албан тушаалд тооцогдох зарим нэгэн албан тушаалтныг холбогдох хуулийн дагуу томилох бүрэн эрхтэй байдаг.

Нэхэмжлэгч нь ч нэхэмжлэлдээ Засаг даргын албан тушаалыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу улс төрийн албан тушаал болохыг дурдсан байна. Засаг дарга нь Д.Ц-ийг албан тушаалаас чөлөөлөхдөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй санал солилцох бичиг хүргүүлэн тэргүүлэгч нар дэмжсэн, гаргасан эрх зүйн акт нь хууль зүйн үндэслэлтэй байна. М.Б намайг Засаг даргын орлогчоор томилохдоо мөн л аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн санал солилцсоны үндсэн дээр Засаг даргын орлогчоор томилсон. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийг 30.1.2 дахь заалт /аймаг, нийслэлийн Засаг даргын орлогчийг тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх/-ыг баримталсан хуулийн дагуу гаргасан шийдвэр гэдэг нь харагдаж байна.

Иймд аймгийн Засаг даргын Б/50 тоот захирамж нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсгийг баримтлан Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч Д.Цийн “Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхп/й болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 28-ны өдрийн 10 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх нь “Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/50 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй асуудалд дүгнэлт хийж шийдвэр гаргажээ.

Нэхэмжпэгч Д.Ц миний бие 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс Дорнод аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Засаг даргаар томилогдсон С.Г нь ямар ч шалтгаангүйгээр үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцэн шийдвэр гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Тус хуулийн зарим зүйл, заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай зөвлөмж 2010 оны 06 дугаар сарын 03-нд гарсан байна. Энэхүү зөвлөмжид "... Засаг даргын орлогчийг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн огцруулсан тохиолдол нь хуулийн холбогдох заалтад нийцсэн эсэхээс гадна тухайн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, огцруулах шаардлага, хуульд заасан хангалттай үндэслэл байгаа эсэхийг шүүх хянан шийдвэрлэхдээ шалгах үүрэгтэй” гэж тайлбарлажээ. Гэтэл анхан шатны шүүх нь энэ үүргээ эс биелүүлэн нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, нэхэмжлэлийн шаардлагад огт хамаарахгүй, маргалдаагүй зүйл дээр дүгнэлт хийж шийдвэр гаргажээ.

Засаг дарга Засаг даргын орлогчийг томилох нь түүний бүрэн эрхэд хамаарах ёстой гэдэгт миний бие маргаан үүсгээгүй. Энэ нь Засаг даргад олгогдсон хуулийн ерөнхий зохицуулалт. Энэхүү эрхээ Засаг дарга хэрэгжүүлэхдээ холбогдох хууль зөрчсөн эсэх, хуульд заасан хангалттай үндэслэл байсан эсэхийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэх явцдаа тогтоогоогүй учир миний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 6.1-д улс төрийн албан тушаалыг сонгогддог болон томилогддог, өөрт нь үйлчлэх гэж гурван ангилалд хуваасан байдаг бөгөөд “... сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ...” гэдэгт томилогддог улс төрийн албан тушаалтныг хамааруулахаар заасан байдаг.

Иймээс “... сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ...” гэдэгт яг ямар сонгуулийн үг дүнг ойлгож байгааг тайлбарлалгүй үлдээжээ. Өөрөөр хэлбэл сонгогддог улс төрийн албан тушаалтныг (Засаг даргыг) сонгосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үр дүн үү, эсвэл орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгосон 2012 оны сонгуулийн үр дүнг үү гэдэгт шүүх ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Үүнийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой зүйл болох байсан.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Упс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөед хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заажээ. Нэгэнт улс төрийн томилогддог албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хууль байхгүй учир Төрийн албаны тухай хуулийн зохих заалтуудыг мөрдөхөөс өөр аргагүй.

Засаг дарга өөрийн бүрэн эрхэд хамааралтай асуудлуудаар захиргааны акт үйлдэхдээ Төрийн албаны тухай хуулийн заалтыг мөрдөж тодорхой үндэслэл шалтгаан зааж, чөлөөлөх ёстой байсан. Гэтэл “таалагдахгүй” гэдэг шалтгаан заасан нь хуульд заасан үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд дээрх нэхэмжлэлийг дахин хянаж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 28-ны өдрийн 10 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан захиргааны хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлбх баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т заасан төрийн улс төрийн албан тушаалтан болох аймгийн Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь тухайн шатны Засаг даргын бүрэн эрх бөгөөд энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2- т зааснаар тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлөхөөр хуульчилсан байна.

Эрх бүхий этгээд нь Засаг даргын орлогчийг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан тохиолдол нь хуулийн холбогдох заалтад нийцсэн эсэхийг, мөн тухайн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, огцруулах шаардлага, хуульд заасан хангалттай үндэслэл байгаа эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шалгах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/3620 дугаар албан бичиг, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн мөн өдрийн 93 дугаар тогтоолоор  хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Ц-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулан зөвшилцсөн болох нь тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч аймгийн Засаг даргаас Засаг даргын орлогч Д.Ц-ийн талаар зөвшилцөх санал хүргүүлсэн 1/3620 албан тоот, уг саналыг дэмжсэн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 93 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын “Д.Ц-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/50 дугаар захирамж, М.Б-г аймгийн Засаг даргын орлогчоор томилох саналыг зөвшилцөхөөр хүргүүлсэн 1/3626 албан тоот, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Саналыг дэмжих тухай” 98 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын “М.Б-г ажилд томилох тухай” Б/52 дугаар захирамж зэрэг нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гарч, санал зөвшилцөхөөр хүргүүлсэн аймгийн Засаг даргын 1/3620, 1/3626 албан бичгүүдийг мөн өдрөө шуудангаар хүргүүлсэн талаар тэмдэглэснээс үзвэл тухайн өдөр ийнхүү зөвшилцөх саналуудыг тус тус хүргүүлж, эрх бүхий этгээд нь саналуудыг шийдвэрлэсэн эсэх нь эргэлзээтэй байхаас гадна нэхэмжлэгчээс "... зөвшилцөх саналыг хүргүүлсэн талаар огт мэдээгүй, энэ талаар архивласан баримт байгаагүй” гэж маргаж байх тул хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эдгээр баримтуудыг боловсруулсан, нийлсэн огноо, цаг минутыг нэг бүрчлэн шалгаж, Засаг даргын орлогчийг чөлөөлөхөд Монгол Улсын засаг ,        захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу зөвшилцөх ажиллагаа хийгдсэн эсэхийг тогтоох шаардлагатай байна.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд үзлэг хийсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх боловч тус тэмдэглэлээс үзвэл үзлэг хийхэд хэргийн оролцогчид оролцсон эсэх нь тодорхойгүй, тэдэнд үзлэгийн ажиллагаанд оролцох, тэмдэглэлтэй нь танилцах, тэмдэглэлд засвар оруулах санал гаргах зэрэг хуульд заасан эрхийг тайлбарлаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Иймд шүүх Дорнод аймгийн Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөхөөр зөвшилцсөн талаар нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт үндэслэн тус ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧИД:                                     Э.ЗОРИГТБААТАР

                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                                    Э.ХАЛИУНБАЯР