Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 114

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор  Б.Бямбадагва,

хохирогч: Ш.Энхцэцэг,

шүүгдэгч: Ш.Болортунгалаг, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /2260/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Шаравын Болортунгалагт холбогдох эрүүгийн 2016 2602 1848 дугаартай 1 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Аптай аймгийн Шарга суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Боловсролын их сургуульд эчнээгээр суралцдаг, Хүүхдийн төв сувилалд асрагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, 2 нас 9 сартай хүүхдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 9 дүгээр гудамж, 296 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ДП 89092702, Жалайр овогт Шаравын Болортунгалаг.

 

Шүүгдэгч Ш.Болортунгалаг нь 2016 оны 6 дугаар сарын 17-ны орой Баянгол дүүргийн 23 хороо, Зүүн Ард Аюушийн 10 дугаар гудамжны 3176 тоот хашаанд иргэн Ш.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь зүүн сарвууны ядам хурууны угийн шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ш.Болортунгалаг мэдүүлэхдээ:

Би тухайн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороонд Ардчилсан намаас нэр дэвшсэн З.Энхболд гишүүний сонгуулийн ажилд оролцож, тараах материал тараагаад 17 хоног ажилласан. Хэрэг гарсан өдөр би хохирогчтой сонгуулийн тараах материалаас болоод ойлгоцолгүй маргалдсан юм. Би Ш.Энхцэцэг эгчийнд сонгуулийн материал өгсөн байсан. Гэтэл аваагүй гээд байсан. Тэднийд сонгуулийн материал өгсөн талаараа тайлбарлахаар гэрт нь очсон. Ш.Энхцэцэг эгч манайх материал аваагүй, хараагүй гэж надад хэлээд бид хоорондоо маргалдаж, хэрэлдсэн. Тэр эхлээд миний мөр рүү цохихоор нь би түүний гараас нь бариад арагш нь түлхсэн юм. Тэр үед түүний гарын хуруу нь хугарсан байх. Хохирогчид хохирлын төлбөрт 1 000 000 төгрөг төлсөн. Би түүний биед зүүн гарыг нь гэмтээн, хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед хараалын үг хэлсэн нь үнэн. Би одоо МУБИС-ийн 3 дугаар дамжаанд эчнээгээр суралцдаг ба хүүхдийн асрамжийн төвд ажилладаг. Ээж маань элэгний хавдартай, байнгын асаргаанд байдаг. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна. Аав, ээж, хүүхдийг минь надаас өөр асрах хүнгүй тул миний хувийн байдлыг минь харгалзан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ш.Энхцэцэг мэдүүлэхдээ:

Намайг хороон дээр өглөө 10 цаг өнгөрөөгөөд Гэрэлээ эгчтэй хамт очиход Болортунгалаг, түүний аав болон Засаг дарга нар хамт байсан. Тэгээд би “Гэрэлээ эгчээ танайд тарааж өгөх материал оруулж өгсөн үү” гэхэд өгөөгүй гээд тэнд байсан материалаас авсан. Би Ш.Болортунгалагаас “манайд материал өгсөн үү” гэхэд “өгсөн шүү дээ” гээд уурласан. Би Ш.Болортунгалагийг манай гэрт сонгуулийн тараах материал өгөөгүй байвал тухайн материалыг сонгуулийн штаб дээрээсээ авах зорилгоор түүнээс асууж, эндээс авчихъя гэж бодсон юм. Ш.Болортунгалаг бид хоёрын хоорондын энэ маргаан 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн. Тэгээд орой нь хуралд суугаад 23 цагийн үед гэртээ байж байтал Ш.Болортунгалаг ээжтэйгээ хамт манайд ирээд хашааны хаалга нүдээд, маргалдаад байхаар нь би “харанхуй шөнө болсон байхад битгий хэрүүл хийгээд бай, цаашаа гар” гээд түлхсэн. Гэтэл миний гарыг арагш нь дараад манай хашаа руу орж ирсэн. Хажуунаас ээж нь намайг цохиж авсан. Би Ш.Болортунгалагийн ээжтэй маргалдаагүй. Харин ээж нь “би танайд охиныхоо өмнөөс тараах материал оруулж өгсөн” гээд намайг загнаад байсан. Ш.Болортунгалаг намайг “гичий, нохой” гээд янз бүрээр хэлсэн. Би Ш.Болортунгалагт “чи жаахан хүүхэд байж, ямар хаашаа юм бэ, харанхуй шөнө айлд орж ирж хэрүүл хийгээд байхын гар” гэж хэлсэн. Энэ үед Ш.Болортунгалаг миний гарыг тавихгүй дарсаар байсан. Би гараа доош нь болгож байгаад өөрөө татаж авсан. Тэгтэл миний зүүн гарын ядам хуруу дотогш мурийсан байсан. Энэ талаар түүнд хэлтэл “чамайг нэг мөсөн алчихъя” гээд хараагаад байсан. Тэгэхэд Гэрэлээ эгч “чи болиоч, хүүхдийн гар сонин болгочихлоо” гэж хэлж байсан. Тэгээд Болортунгалаг аав руугаа яриад аав нь манай хашаанд орж ирээд намайг “гичий” гэх зэргээр хараагаад байсан. Энэ үед манай хойд эцэг гэрээс гарч ирсэн. Тэр хүнийг хараад Болортунгалаг аав, ээжийгээ дагуулаад манай хашаанаас гарсан. Маргааш өглөө нь миний гар хавдаж, хөхрөөд хөдөлгөж болохгүй байсан. Тэгээд сонгуулийн штаб дээр очиход хүмүүс намайг “эмнэлэгт үзүүл” гээд байсан. Гэмтлийн эмнэлэг орж зураг авахуулахад хугарсан байна гэж хэлсэн. Энэ хэрэг гарахаас өмнө миний гар зүгээр байсан. Одоо миний хугарсан хуруу өвддөг болсон. Манай гэрт сонгуулийн тараах материал өгснийг би тэр үед мэдээгүй байсан юм. Манай хүүхдүүд тоглож байгаад амбаарын ард хийчихсэн байсан. Гомдол, саналгүй. Түүний ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ё.Мөнхтуяа мэдүүлэхдээ:

2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай охин сонгуулийн штабт ажиллаад, материал тараадаг байсан. Би материалаас нь тараалцдаг байсан. Манай охинтой хамт ажилладаг Ш.Энхцэцэг гэх хүүхэн “манайд материал ирээгүй” гэж ажил дээр нь 2-3 удаа хэлж, охиныг маань ажил хийхгүй байгаа мэтээр бусдад ойлгуулаад байна гэж охин маань тэр орой надад хэлсэн. Тэгэхээр нь би “үнэнийг нь олъё, хоёулаа хамт явъя” гээд Ш.Энхцэцэг гэх хүүхний гэрт очсон. Тэгээд хаалгыг нь тогшсон чинь тэр хашаан дотроо нэг хүүхэнтэй хамт тамхи татаад зогсож байгаад хаалгаа онгойлгож шагайчихаад манай охиныг харчихаад “бузрууд минь харанхуй шөнөөр яах гэж яваа юм” гээд хаалгаа хаасан. Тэгээд манай охин хаалгыг нь түлхээд бид 2 худгийн хүмүүсээс санаа зовоод хашаанд нь орж, Ш.Энхцэцэг гэдэг хүнд “эгч нь тэр материалыг чинь өгөөд байгаа шүү. Танайхаас 1 эрэгтэй хүн, жижиг хүүхэд 2 гарч ирээд авдаг юм” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй дуугарахгүй байтал хамт байсан хүүхэн нь “уучлаарай эгчээ хайрцаганд хийгээд байсан юм билээ” гээд хэлсэн. Тэгсэн чинь манай охин “би өгсөн байгаа биз дээ, би өгсөн байхад ажил дээр намайг өгөөгүй мэтээр яриад байсан” гээд манай охин Ш.Энхцэцэг 2 маргалдаж эхлэхэд тэр манай охины мөр хэсэг рүү түлхсэн. Тэр үед манай охин тэр хүүхний түлхсэн гарыг нь цээжтэй нь хавсруулаад нэлээн цааш нь түрээд явсан. Энэ хооронд Гэрэлмаа бид 2 салгасан. Тэр үед Энхцэцэг миний гарыг ингэчихлээ өвдөөд байна гээд цаашаа Гэрэлмаа дээр яваад очсон гэжээ. (хэргийн 13-14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Гэрэлмаа мэдүүлэхдээ:

“2016 оны 06 сарын 17-ны өдөр би сонгуулийн сурталчилгаанд явж байсан бөгөөд Ш.Энхцэцэгтэй хамт орой 12 цагийн хуралд суучихаад гэртээ хариад, бид хоёр тэдний хашаанд зогсож байтал хашааны хаалгыг чанга нүдээд эхэлсэн. Тэгээд Ш.Энхцэцэг хаалгаа тайлсан чинь Ш.Болортунгалаг ээжтэйгээ хамт хашаанд орж ирээд “ээж танайд сонин өгсөн гэж байна шүү дээ” гээд орилсон чинь Ш.Энхцэцэг “харанхуй шөнө болсон орой айлын хаалга нүдээд байгаа юм” гэсэн. Болортунгалаг Энхцэцэг рүү дайраад “чамд өгсөн гээд байхад чинь юу гээд байгаа юм” гээд гараараа түлхэхдээ гарыг хойш нь дарчихсан юм. Гэтэл Ш.Энхцэцэг “миний гар сонин болчихлоо, Гэрэлээ эгчээ” гэхээр нь би гарыг нь харсан чинь зүүн гарынх нь ядам хуруу нь зүүн тал руу нь далийсан байсан. Тухайн үед Ш.Болортунгалаг ээжтэйгээ хамт орж ирээд хэрүүл хийх үед Ш.Энхцэцэг “та нар одоо гарцгаа” гээд Ш.Болортунгалагийг түлхэх үед тэр гарыг нь буцааж хойш нь дарсан. Ш.Энхцэцэг “ёо ёо гар гэмтээчихлээ” гээд гараа бариад хойшоо болсон. Надад Гэрэлмаа эгчээ гар сонин болчихлоо гээд харуулсан” гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 8720 тоот дүгнэлтэд:

1. Ш.Энхцэцэгийн биед зүүн сарвууны ядам хурууны угийн шивнүүр /3-р шивнүүр/ ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ш.Болортунгалаг ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

                        ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ш.Болортунгалаг нь УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт нэр дэвшигч З.Энхболдын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байхдаа сурталчилгааны материалыг хохирогч Ш.Энхцэцэгийн гэрт хүргэж өгсөн гэж, Ш.Энхцэцэг “манайд оруулж өгсөнгүй” гэж хоорондоо маргалдаж, улмаар түүний зүүн гарыг хойш нь дарснаас бие махбодид нь зүүн сарвууны ядам хурууны угийн шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч Ё.Мөнхтуяа, Д.Гэрэлмаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8720 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгч Ш.Болортунгалагийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Хохирогч Ш.Энхцэцэг эмчилгээний зардал болон гэм хорын хохиролд 1 000 000 төгрөгийг шүүгдэгчээс авсан, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Наранцэнгэлийн Эрхэмбилэг төрсөн нь ээж Ш.Болортунгалагийн асрамжид байдаг, Ш.Болортунгалаг, М.Наранцэнгэлээс гэрлэлтээ цуцлуулсан нь гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа бага насны хүүхэдтэй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн 2 нас 9 сартай хүү Наранцэнгэлийн Эрхэмбилэгийг асран өсгөж, хүмүүжүүлэх боломж олгохын тулд Ш.Болортунгалагт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.