Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 218

 

Х.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч А.З,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч А.З нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Хд холбогдох эрүүгийн 1805028720872 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Х.Х, 1991 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч, халдвар судлаач мэргэжилтэй, “Монгол Мед” эмнэлгийн 1 давхарт эмийн санч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ....................... суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............................./;

Х.Х нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч буюу 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах “Монгол мед” эмнэлгийн эмийн санд иргэн Д.Сд “мөнгийг банкинд ажилладаг Зулаа эгчдээ 40 хувийн хүүтэй өсгөж өгнө” гэж 10.000.000 төгрөгийг Хаан банкны 5001339739 дугаартай дансаар, 4.000.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч, нийт 14.000.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг,

Мөн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэн Н.Эаас “өдөрт нь буцаан өгнө” гэж Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван билэг” их дэлгүүрийн зүүн талд байрлах Хаан банкны АТМ-ээс 10.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирол учруулж, бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Х.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Хыг 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Х.Хын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт авагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс хохирогч Д.Сд 1.192.000 төгрөг, Н.Эт 6.297.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хын нэр хөрөнгөөс 17.010.800 төгрөгийг гаргуулан 12.807.800 төгрөгийг хохирогч Д.Сд, 4.203.000 төгрөгийг хохирогч Н.Эт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Би хохирол 17.010.800 төгрөгийн ихэнх хэсгийг бэлдсэн байсан. Шүүхээс олгодог 5 хоногийн завсарлагын талаар хууль зүйн мэдлэг хомс тул сайн ойлгож, мэдэж чадаагүй. Мөн өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар авсан өмгөөлөгчөөс асуухад өөрөө мэд гэж хэлсэн. Би 5 хоногийн завсарлага авсан байсан бол хохирлоо бүрэн төлж барагдуулах байсан. Одоо би хохирогч Д.С, Н.Э нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан.

Би нөхөр, хүү 5 настай Б, хүү 2 нас 4 сартай Б нарын хамт амьдардаг. Миний бага насны 2 хүүхэд миний асрамжид байдаг. Одоо хүүхдүүд маань миний эхийн асрамжид байгаа. Ээж маань бие сул, эмнэлгийн харъяа группд байдаг. Одоо хүүхдүүддээ маш их санаа зовж байна.

Би энэ хорих ангид хоригдож байхдаа хүний эрх чөлөө ямар үнэ цэнэтэй, чухал зүйл болохыг ойлгож байна. Шоронгийн төмөр хаалганы чимээ чихэнд биш, зүрхэнд сонсогддог гэдэг үгийг бие сэтгэлээсээ ойлгож, мэдэрч, ухаарч, гэмшиж байна.

Иймд надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар, эсвэл ял хойшлуулж өөрчилж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Х.Хын өмгөөлөгч А.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Х.Х болон өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгчийн гэм буруу, зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй бөгөөд Х.Х нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байгаагаа илэрхийлж байгаа. Х.Х нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо өөрийн боломжоороо хэсэгчлэн буюу хохирогч Д.Сд 1.192.000 төгрөг, хохирогч Н.Эт 6.297.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд үлдсэн 17.000.000 төгрөгийн хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн хэдий ч шүүхээс энэ байдалд нь анхаарч дүгнэлт хийгээгүй.

Миний үйлчлүүлэгч Х.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Д.Сд 12.807.000 төгрөг, хохирогч Н.Эт 4.203.000 төгрөгийг тус тус төлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно.

Шүүгдэгч Х.Хын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Х.Хын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, 1-ээс 4 насны буюу бага насны 2 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг бөгөөд 1 нас 2 сартай хүүхэд нь хөхнөөсөө гараагүй, эхийн байнгын асаргаанд байдаг байсан.

Х.Хын хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.Хд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү ...” гэв.

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Х.Х нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Х.Хд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Х.Х нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч буюу 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах “Монгол мед” эмнэлгийн эмийн санд иргэн Д.Сд “мөнгийг банкинд ажилладаг Зулаа эгчдээ 40 хувийн хүүтэй өсгөж өгнө” гэж 10.000.000 төгрөгийг Хаан банкны 5001339739 дугаартай дансаар, 4.000.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч, нийт 14.000.000 төгрөгийн хохирол,

Мөн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэн Н.Эаас “өдөрт нь буцаан өгнө” гэж Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван билэг” их дэлгүүрийн зүүн талд байрлах Хаан банкны АТМ-ээс 10.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, 10.500.0000 төгрөгийн хохирол тус тус учруулж, залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Х нь гэм буруугаа хүлээн мэдүүлдэг ба түүний мэдүүлэг /хх-20, 30-34/ нь хохирогч Н.Э /хх-10-13/, Д.С /хх-60-65/, гэрч Н.Э /хх-14/, Б.Б /хх-16-17/, Я.Э /хх-18-19/, Б.З /хх-70-71/, Б.М /хх-72-74/ нарын мэдүүлгүүд, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-40, 80/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогджээ.

Дээрх нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэн Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

 Анхан шатны шүүх Х.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч А.З нар нь “... оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар солих, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл ял хойшлуулж өөрчилж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Х.Х нь анхан шатны шүүх хуралдааны дараа бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч нарын зүгээс гомдол саналгүй, ялыг хөнгөрүүлэх талаар хүсэлт /хх-243-246/ гаргасан, тэрээр хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Х.Хд оногдуулсан хорих ялыг өөрчлөх боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд, Х.Хд 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэлээ.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Хын цагдан хоригдсон 49 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялаас 392 цагийн ажлыг хасаж, түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.

Мөн шүүгдэгч Х.Хд хорихоос өөр төрлийн ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгов.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч А.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Хыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Хыг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж,

- 3 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Хын цагдан хоригдсон 49 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялаас 392 цагийн ажлыг /49 хоног *8 цаг=392 цаг/ хасаж, түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэнд тооцсугай.”  гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Х.Хыг нэн даруй сулласугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                             Ц.ОЧ

 ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН