| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2022/0352/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/346 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/346
2022 05 09 2022/ШЦТ/346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Х-ын Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210000000398 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Х-ын Б нь Монгол Улсын иргэн, , урьд
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 907 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 765 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 352 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял шийтгэгдэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 469 дүгээр захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг дүйцүүлж, 8 жил 1 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, уг ялыг эдэлж байгаад тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар захирамжаар 2 жил 1 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоож байсан, Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны . сарын 14-ний өдрийн 21/3 дугаартай тогтоолоор ялын хугацаа дуусгавар болсон
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Х.Б нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны орой Хан-Уул дүүргийн . хороо, . дугаар гудамж . тоотод согтуурсан үедээ хохирогч Б.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн зулай хэсэгт сүхээр цохиж эрүүл мэндэд зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 3 дугаар сарын 17-ны орой С гэх найз маань манай гэрт ирээд, гэрийн ойролцоох дэлгүүрээс 1 шил архи зээлж аваад хамт хувааж уусан. Маргааш өглөө нь эрүүлжүүлэх байрнаас гарч ирээд найз Сын толгойг хагалсан гэдгээ мэдсэн. Гэм буруугаа зөвшөөрч байна. Прокурорын ялын саналыг зөвшөөрч байгаа. Өөр ярих зүйл байхгүй гэв.
Эрүүгийн 2210000000398 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 3 дугаар сарын 17-н өдрийн 21:44:25 “хоёр согтуу хүн хоорондоо муудалцаад нэгнийхээ толгойг сүхээр цохисон байна” гэх мэдээлэл, дуудлага бүртгэсэн лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
2. Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байхад 10 цаг өнгөрч байхад багын найз Б над руу залгаад ...орой уулзъя, манай гэрт хүрээд ир гэж ярьсан 16 цаг өнгөрч байхад ажлаа тараад хамт ажилладаг найз Бын хамтаар 04-96 УНҮ улсын дугаартай королиа аксио машинтай Био төвийн ард байдаг найз Бын гэрт очсон. Б Борко гэх хочтой найзтайгаа байсан. Гэрт нь байж байсан чинь Б манай эгчийн гэрт очъё гээд бид дөрөв гараад эгчийнх нь гэрт очсон. Б эгчээсээ мөнгө ...өгөөгүй. Тэгээд бид дөрөв гараад Бын гэр рүү явах замд “Гурван Өнгө” гэх нэртэй дэлгүүр ороод Б дэлгүүрээс Эликс нэртэй 0.75 архи зээлж аваад гэрт нь очсон Бид дөрөв хувааж уугаад сууж байхад найз Б миний машиныг аваад манай гэр рүү явсан. Бын найз Борко удалгүй гэр рүүгээ явсан. Тэгээд бид хоёр архи хувааж уугаад сууж байгаад Б “чи намайг тоохгүй байна, ийм найз байдаг юм уу” гээд хэлхээр нь би Бт чи ингэж ярьж байгаа бол би явлаа гээд гэрээс нь гараад алхсан чинь миний толгойн орой хэсэг рүү юмаар хүчтэй цохихоор нь эргээд харсан чинь Б төмөр иштэй сүхээр миний толгой руу нэг удаа цохисон чинь миний толгойноос цус гараад ухаан балартаад Быг хартал намайг дахиад сүхээр цохих гээд байхаар нь гартаа барьж байсан сүхийг гараас нь булааж аваад гэрийнх зүүн урд хэсэг рүү шидсэн. Чи намайг цохичихлоо шүү дээ гээд хэлсэн чинь Б гэрээсээ шар өнгийн аяганы алчуур гаргаж ирээд миний толгой дээр дараад гэр рүү нь бид хоёр орсон. Тэгээд байж байсан чинь эхнэр Наранчимэг ...ирсэн. Тэгээд гэрт орох гэсэн чинь Б гэрийнхээ хаалгыг цоожилсон Эхнэр онгойлго гээд тогшоод байсан чинь Б хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд би эхнэртээ Б намайг сүхээр цохичихлоо гээд хэлсэн чинь эхнэр Бт миний нөхрийг цус нөжтэй нь хольчихсон байна, чамайг цагдаад дуудаж өгнө гэж хэлээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд Быг аваад явсан. Намайг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яваад үзүүлчхээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ир гэж хэлсэн Би эхнэртэйгээ гэмтэл яваад толгойгоо үзүүлсэн чинь миний толгойны хагарсан хэсэг дээр 10 оёдол тавьсан. Рентген, компьютерт хараад эм бичиж өгөөд дүүргийнхээ хяналтад ороорой гэж хэлсэн. Бид хоёр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...Найз Б миний толгойн оройн хэсэгт сүхний иртэй хэсгийн арын хавтгай хэсгээр нэг удаа цохисон. Намайг өөр гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй. ...Б бид хоёрыг маргалдах үед хүн байгаагүй. Б миний толгойн ар хэсэг рүү сүхээр цохиход өөр харсан хүн байхгүй. Миний толгой өвдөж бүхэлдээ лугшиж, дайвалзаад өвдөөд байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
3. Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Манай хойд талын айлд найз Б гээд залуу амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б надад орой С ирнэ гэнээ уулзана гэж байна гэж хэлсэн. 19 цагийн орчим байхаа гэртээ байхад Б манайд орж ирсэн. С ирчихлээ ороод ир гээд намайг аваад гэр лүүгээ орсон. Би Бын гэрт ороход С нэг найзтайгаа хамт ирсэн байсан. Бид дөрөв гараад дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн архи авчирч хувааж уусан. Тэр архийг уучхаад би гарч гэр лүүгээ орсон. Орой манай найзууд ирээд намайг Эрдэнэт рүү аваад явсан гэсэн. Өглөө нэг сэрсэн чинь Эрдэнэт орох гэж байна гээд явж байсан. 03 дугаар сарын 18-ны орой гэртээ ирэхэд Б манай гэрт сууж байсан. Тэгсэн эрүүлжүүлэхэд хоноод гарч ирсэн, Сын толгойг хагалчихсан гэж байна гэж хэлсэн. Тэгээд Б гэр лүүгээ орсон. ...Би тухайн үед нэлээн согтолттой байсан. Бараг тасарсан байсан. ...Намайг тэнд байхад ямар ч маргаан болоогүй. Намайг явсны дараа л тийм асуудал болсон юм шиг байна лээ. Тухайн үед ч Бын гэрт сүх байгаагүй. Б мод түлээгээ хагалах болохоороо манай сүхийг гуйж авдаг. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
4.Гэрч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Би Быг хүн зодсон гэдгийг сонссон. Хэрэг болохоос өмнөх өдөр би гэртээ байхад Б багын найз С гээд залуу ирсэн, архи ууж байсан. Тэд нар хоёр хоног архи уугаад тийм асуудал болсон байна лээ. Нэг мэдсэн цагдаа нар ирсэн байхаар нь гараад харахад Стай зодолдсон юм шиг байсан. Толгойг нь хагалчихсан цус гарч байсан. Быг цагдаа аваад явсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),
5. Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр С бид хоёр ажлаа тарчхаад нэг айлд цахилгааны юм янзалж өгсөн чинь тэр айлын хүн Б.Ст нэг шил архи өгсөн. Тэрийг аваад бид хоёр нэг найзынхаа машинд сууж байгаад хуваагаад уучихсан. Тэр архийг ууж дуусгаад С энэ доор манай нэг найзынх байдаг юм хоёулаа ийшээ очъё гэж хэлэхээр нь би хамт дагаад явсан. Б гээд залуугийн гэрт нь очсон. С бид хоёрыг очиход Б гээд залуу бас танихгүй нэг хүнтэй хамт байсан. Бид дөрөв гараад дэлгүүр орж нэг шил архи авчирч буцаад Бын гэрт ирээд хувааж уусан. Уг архийг ууж дуусгаад Бтай хамт байсан залуу гэр лүүгээ орох гээд гараад явчихсан. Удалгүй би явах гээд Сыг явъя гэсэн чинь С явахгүй байхаар нь би гэр лүүгээ явах гээд гараад явчихсан. Намайг гарахад С Б хоёр ер нь нэг л үг сөрчих гээд л байх шиг байсан. ...Тухайн үед Б, С хоёр яг муудалцаж маргалдсан, зодолдсон асуудал байхгүй. Яах вэ зүгээр нэгнийхээ яриаг үгүйсгээд үг сөрчих гээд л байсан. Тэр нь надад таалагдахгүй болохоор нь би Сыг явъя гэсэн чинь би найзындаа байна, чи явж бай гэхээр нь би явсан. ...С Х.Б хоёр найз л гэсэн. Тэрнээс илүү нарийн ширийн юмыг нь мэдэхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
6. Шүүгдэгч Х.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2022 оны 03 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед багын найз С манай гэрт нэг найзтайгаа ирсэн. Сыг ирэхээс өмнө би урд айлын залуу Боркотой хамт нэг шил 0.5 литрийн Хараа архи уусан байсан. Бага зэрэг халамцуу байсан. С ...надаас юм байгаа юм уу хөгшөөн гэхээр нь би байхгүй ээ харин чамд юм байна уу гэхэд байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гаръя хөгшөөн гээд хамт гараад дэлгүүр орж0.75 литрийн хар шилтэй архи аваад буцаад гэртээ ирсэн. С, түүний найз, манай урд айлын Борко бид хамт хувааж уусан. Би тэр архиа ууж байгаад тасарчихсан. Нэг мэдсэн эрүүлжүүлэхэд сэрсэн. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад цагдаагийн хэлтэс дээр ирэхэд намайг Сын толгой руу сүхээр цохисон гэж байсан. Би тэрийгээ санахгүй байгаа юм. Юу болсон талаар мэдэхгүй байгаа. ...Манай гэрт бол төмөр иштэй сүх байдаггүй. Харин би урд айлын Боркогийн сүхийг авч мод түлээгээ хагалдаг. Боркогийн сүх төмөр иштэй. ...Сын толгойн орой хэсэгт нь хагарсан. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд очоод 10 оёдол тавиулсан гэсэн. Харсан хүн бол байхгүй. Борко Сын найз хоёр түрүүлээд гарчихсан байсан гэсэн. Тэгээд С бид хоёр л гэрт үлдсэн байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4488 дугаартай:
Хэсэг газрын үзлэгт: Зулайн зүүн ар хэсэгт 4 см урт оёдол тавигдсан шархтай, овойж хавдсан, шархнаас бага зэрэг цус шүүрч байв.
-Б.Сын биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо: Уг гэмтэл нь шинэ байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдгээр 24 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),
8. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Сын үзүүлсэн үзлэгийн баримт (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), Лазер мед эмнэлэгт оношилгоо хийлгэсэн баримт (хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас), хохирогчийн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас), хохирогчид 350.000 төгрөг нөхөн төлсөн талаарх хохирогч Б.Сын болон шүүгдэгчийн төрсөн ах Х-ын Б нарын Хаан банканд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 67, 69 дүгээр хуудас)
9. Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх оролцогчдын хүсэлт (хавтаст хэргийн 93, 94 дэх тал), прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 122 дугаартай тогтоол, санал (хавтаст хэргийн 95, 96-97 дугаар хуудас),
10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 907 дугаар шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 352 дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар захирамж (хавтаст хэргийн 84-92 дугаар хуудас), Х.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Х.Б нь Хан-Уул дүүргийн . хороо, . дугаар гудамжны . тоот дахь гэртээ 2022 оны 3 дугаар сарын 17-ны орой согтуурсан үедээ хохирогч Б.Стай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгойн зулай хэсэгт нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас), гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас), гэрч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас), гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас), шүүгдэгч Х.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4488 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам, шаардлагыг зөрчсөн, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Х.Б нь гэм буруугийн талаар маргаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд согтууруулах ундаа хэрэглээд согтсон байсан болохоор хохирогчийн биед гэмтэл учруулснаа санахгүй байгаа гэж мэдүүлэх бөгөөд хэрэгт цугларсан баримтуудаар түүний үйлдэл хангалттай тогтоогджээ. Нөгөө талаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
Шүүгдэгч Х.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирол нэхэмжилж 188.500 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн /хх71-72/, шүүгдэгч Х.Бын төрсөн ах Х-ын Б нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогчид 350.000 төгрөг шилжүүлсэн болох нь түүний банканд эзэмшдэг дансны хуулга баримтаар /хх69/, мөн хохирогч Б.С 350.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан болох нь түүний дансны хуулгаар тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч нь шүүгдэгч Х.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авч, түүнтэй ял тохиролцсон дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлт, шүүгдэгч ялын саналыг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан.
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Х.Б нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 907 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 765 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 352 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял шийтгэгдэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 469 дүгээр захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг дүйцүүлж, 8 жил 1 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон, уг ялыг эдэлж байгаад тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар захирамжаар 2 жил 1 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоож байсан, Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны . сарын 14-ний өдрийн 21/3 дугаартай тогтоолоор ялын хугацаа дуусгавар болсон байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Шүүгдэгч Х.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул дээрх хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан, мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, прокуророос түүнд оногдуулах торгох ялын саналыг танилцуулахад зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар илэрхийлж байх тул хуулийн шаардлага хангагдсан гэж үзэж, улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Х-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Ст төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Бын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА