Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/368

 

 

 

   2022           05            16                                           2022/ШЦТ/368

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч В.Б, өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 1703) нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн   хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт В-гийн Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000433 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт В-гийн Б нь Монгол Улсын иргэн, урьд:

- . дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2620 дугаартай тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

В.Б нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мд “таны утсаар нэг хүнтэй ярьчхаад өгье” хэмээн хуурч, зохиомол байдал зориудаар бий болгож түүний 989,910 төгрөгийн үнэ бүхий Samsung А-52 загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мын гар утсыг авсан нь үнэн. Энэ талаар мөрдөн байцаалтад ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Эрүүгийн 2210000000433 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр иргэн М.Мын гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

2. Хохирогч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

.Би 2022 оны 03 дугаар сарын 09-ны өглөө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Я” хүнсний дэлгүүрийн гадаа байрны дүү Заяа, зүс таних Буузгай нэртэй залуучуудтай таарсан. Зүс таних Буузгай хочтой Б гэх залуу та Заяа ахад архи авч өгсөн байна. Та надаа нэг шил юм аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь нэг шил архи авч өгсөн. Тэгсэн чинь би нэг хүн рүү ярих ёстой юм. Та надаа утсаараа нэг яриулаад өгөөч гэж гуйгаад байхаар нь өгсөн. Тэгсэн миний залгасан хүн утсаа авахгүй байна гээд зогсож байгаад байрны булан тойроод гүйгээд яваад өгсөн. Тэр залуу ирэхгүй болохоор нь цагдаад хандах болсон. ...Миний утас Samsung А-52 загварын цэнхэр өнгийн, гадуураа ягаан өнгийн ширэн хавтастай өөр содон шинж тэмдэг гэхээр зүйлгүй. ...Миний утасны Имей нь 357265990109041, 357737810109047 гэсэн дугаартай. Би утсаа 2022 оны 01 дүгээр сард “С” худалдааны төвөөс 1,100,000 төгрөгөөр худалдаж авсан. Утсаа 1,100,000 төгрөгөөр үнэлнэ. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

Хохирогчийн дахин өгсөн: ...В.Б надад хандаж Туул эгчээ та утсаараа нэг яриулчих гэхээр нь өөрийнхөө Самсунг маркийн А-52 загварын цэнхэр өнгийн гар утсаа кодыг нь тайлаад өгсөн чинь надаас бага зэрэг холдож зогсоод хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Нэлээн хэдэн минут зогсоод байхаар нь В.Бийг би яасан бэ утас өгөх болж байна уу гэсэн чинь нөгөө хүн чинь утсаа авахгүй байна. Одоохон, түр хүлээж байгаарай гэхээр нь хүлээгээд зогсож байсан чинь миний гар утсаар яриад байгаа бололтой надаас холдоод цаашаагаа алхаад байхаар нь араас нь Буузгай гээд нэлээн чанга орилсон чинь сонсоогүй царайлаад цаашаагаа яваад өгсөн.... Тэгээд би өөрийнхөө нөгөө утсаар хорооны цагдаа руу залгасан чинь өргөдлөө бичээд аваад ир гээд маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан. ...В.Б миний Самсунг А-52 маркийн гар утсыг утсаар чинь ярьчхаад өгье гэж хэлээд авсан. Тэгээд утсаар ярьж байгаад миний гар утсыг аваад намайг дуудахад сонсоогүй царайлаад цаашаагаа аваад яваад өгсөн. Зугтааж гүйгээгүй ч гэсэн цаашаагаа хурдтай алхаад явчихсан, би гайхаад үлдсэн. ...Би Бд өөрийнхөө гар утсыг бусдад худалдах, барьцаанд тавих, худалдах талаар эрх, зөвшөөрөл өгсөн зүйл огт байхгүй. ...Миний хохирлыг барагдуулж өгнө үү. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

3. М.М нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Galaxy G-52 маркийн гар утасны зориулалтаар И ББСБ-аас хэрэглээний лизингийн гэрээ байгуулж 1,099,900 төгрөгийн зээл авсан тухай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хувиар (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас), хохирогчоос гаргаж өгсөн “С” худалдааны төвөөс А-52 гар утсыг 1.044.900 төгрөгөөр худалдан авсан тухай баримт (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

4. Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 09 цагийн үед Хан-Уул дүүргийн 10-р хороо 64-р байрны гадаа саадад сууж байтал Туул гэх нэртэй зүс таних эгч намайг 34 дүгээр байр луу хүргээд өгөөч эгч нь унах гээд байна гэж хэлсэн. Би 34 дүгээр байрны гадаа хүргэж ирээд Туул эгчтэй Чука гэх залуугийн гэрт орсон. Удаагүй араас Б орж ирсэн. Туул эгч Б бид хоёрт утсаа өгөөд нэг шил архи аваад ир гэсэн. Тэгээд бид хоёр Янгир гэх хүнсний дэлгүүр орж утсаар нь мөнгө шилжүүлж чадахгүй болохоор нь буцаад шилжүүлж чадахгүй байна гэж хэлээд орсон. ...Б гэх залуу бид хоёрт эхлээд утсаа өгөөд гаргахад нь Б энэ утсыг зараад архи авч ууя гэхээр нь би хаяагаа хадарч уудаг хүн биш би хүний утас зарж уухгүй гэж хэлсэн. ...ягаан өнгийн цэцэгтэй гэртэй утас байсан. Туул эгч Б миний утсыг авч явсан, одоо болтол өгөхгүй байна цагдаад хандсан гэж хэлсэн. Гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

5. Гэрч В.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

В.Б бол миний төрсөн дүү байгаа юм. ...В.Б нь ...Нийслэлийн  дугаар сургуульд 8 дугаар анги хүртэл суралцсан. Тэгээд сургуулиасаа гараад хувиараа ажил хийдэг болсон. В.Б нь Б гэх эхнэртэй болоод хамт амьдраад 2 хүүхэдтэй болсон бөгөөд нэлээн хэдэн жил амьдарч байгаа салаад одоо бол ах дүүгийнхээрээ амьдарч байгаа эхнэр хүүхдүүд нь хаагуур яаж амьдардгийг бол сайн мэдэхгүй. Манай дүү В.Б нь архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг юм. Одоо бол надтай хамт амьдарч байгаа. Я нэртэй дэлгүүрийн хажууд машин угаалгын газарт ажиллаж байгаа. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

6. Шүүгдэгч В.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн (өмгөөлөгч оролцсон):

            Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Туулын задгай тоотод амьдардаг. Би өөрөө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Я нэртэй дэлгүүрийн хажууд C нэртэй машин угаалгын газарт машин угаагчаар ажилладаг. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э найзтайгаа хамт Ч гээд танил ахын гэрт нь ороход М эгч сууж байсан. Бид нар ...архи хувааж ууж дууссан. Тэгээд сууж байсан чинь М эгч Э бид хоёрт гар утсаа өгөөд та хоёр дэлгүүр ороод архи аваад ир гэж хэлсэн. Тухайн гар утсаар нь дэлгүүрийн худалдагчтай утсаар яриулах гэж байсан. Дэлгүүр дээр очоод утсаар яриулах гэсэн чинь Эгэл-Заяа бид хоёр М эгчийн гар утасны кодыг мэдэхгүй байсан болохоор буцсан.  Чука ахын гэрт нь ороод М эгчийн гар утсыг нь буцааж өгсөн. ...М эгч надад өмнө Эгэл-Заяа бид хоёрт өгсөн гар утсаа өгөөд чи Мах ногооны худалдагч дээр очоод надтай миний утсаар яриулаадах гээд надад утсаа өгсөн санагдаж байна. Тэгэхээр нь би гар утсыг нь аваад Чука ахын гэрээс гарч яваад цэцэрлэгийн хажууд очоод танихгүй хоёр ахтай архи ууж явж байгаад гар утсыг нь танихгүй хүнд зарчихсан. Болсон зүйлийг сайн санахгүй байгаа юм, нэлээн архи уучихсан байсан. ...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирол мөнгийг барагдуулна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

7. “Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №ХУ2-22-229 дугаартай “Samsung А52” маркийн 2022.01 сард Сайн худалдааны төвөөс авсан гэх гар утсыг 989,910 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч В.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тал (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 55-57 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), 2014 оны 8,9,10, 2015 оны 6, 7, 8 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38 дугаар хуудас) болон шүүх хуралдаанд прокуророос шинээр гаргаж өгсөн Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2620 дугаартай тогтоол, суллагдсан тухай магадалгаа, В.Бийн зан байдлын  талаарх 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч В.Б нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2022 оны 03 дугаар сарын 09-нд 19 цагийн үед хохирогч М.Маас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг олж авсны үндсэн дээр “таны утсаар ярьчхаад өгье” гэж  хэлж хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон түүний 989,910 төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxy А-52 загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилан авсан үйл баримт нь:

-Хохирогч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 03 дугаар сарын 09-нд ...Зүс таних Буузгай хочтой Б гэх залуу ...би нэг хүн рүү ярих ёстой юм. Та надаа утсаараа нэг яриулаад өгөөч гэж гуйхаар нь өгсөн. Тэгсэн миний залгасан хүн утсаа авахгүй байна гээд зогсож байгаад байрны булан тойроод гүйгээд яваад өгсөн. Тэр залуу ирэхгүй болохоор нь цагдаад хандах болсон. ...Миний утас Samsung А-52 загварын цэнхэр өнгийн, гадуураа ягаан өнгийн ширэн хавтастай байсан. ...“Сайн” худалдааны төвөөс 1,100,000 төгрөгөөр худалдаж авсан. Утсаа 1,100,000 төгрөгөөр үнэлнэ. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас) болон хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас), М.М нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Galaxy G-52 маркийн гар утасны зориулалтаар Инвексор ББСБ-аас хэрэглээний лизингийн гэрээ байгуулж 1,099,900 төгрөгийн зээл авсан тухай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хувиар (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас), “Сайн” худалдааны төвөөс А-52 гар утсыг 1.044.900 төгрөгөөр худалдан авсан тухай баримт (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),  Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Туул эгч Б миний утсыг авч явсан, одоо болтол өгөхгүй байна цагдаад хандсан гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас), Шүүгдэгч В.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),  иргэн М.Мын гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Бээс яллагдагчаар мэдүүлэхдээ  ...М.М архи авахаар мах ногооны худалдагч дээр очоод над руу яриадах гээд гар утсаа надад өгснийг нь замдаа зарсан гэх, .эсхүл ...нэлээн согтуу байсан болохоор утас авсан эсэхээ  санахгүй байна” гэх зэргээр мэдүүлж байсан боловч шүүх хуралдаанд шүүгдэгчээр мэдүүлэхдээ хохирогчоос гар утсыг нь хүнтэй яриад өгье гэж хэлж авсан талаар мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь хохирогч М.Мтай урьд бие биенээ таньдаг байсан байдлыг ашиглан тухайн гэмт хэрэг гарсан хугацаанд хамт архи уусан харилцааны явцад түүнийг хуурч, зохиомол байдлыг бий болгон хөрөнгийг нь өөрийн мэдэлд шилжүүлэн авч, шунахай сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч В.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Мд эд хөрөнгийн хохирол учирсан ба, “Дамно” ХХК нь гар утсыг 989,910 төгрөгөөр үнийг тогтоосон (хх21-22) байна. Шүүгдэгч В.Бээс 989,910 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний дотор төлнө гэж бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн тул түүний хүсэлтэд дурдсан хугацаанд дээрх төлбөрийг гаргуулж хохирогч М.Мд олгох үндэстэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч “шүүгдэгч В.Б нь хохирлоо нөхөн төлөөгүй тул өөр төрлийн ялыг хэрэглэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялын хугацаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгээс гарахыг хориглох, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй” гэсэн дүгнэлт,

Өмгөөлөгч Н.Эрдэнэчимэгээс шүүгдэгч В.Б автомашин засварын газарт тасралтгүй 7 жилийн хугацаанд ажилласан. Хувийн байгууллагад ажилладаг учраас цалин хөлсийг бэлнээр авдаг, өдөрт хийснээр 30,000-40,000 төгрөгийн цалин авдаг боловч орлогыг тодорхойлох баримтыг гаргаж өгөх боломжгүй байгаа. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул ажил хийх боломжийг олгож тэнсэх зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүгдэгч В.Б нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэгдэж Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2620 дугаар тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдаж байсан байх бөгөөд ялын хугацаа дуусгавар болсон байна. Нөгөө талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч В.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил эрхэлдэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолтод үндэслэн зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд дээрх дүүрэг, хорооны нутаг дэвсгэрээ гарч явахыг хориглон, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна. Харин тэнсэх зохицуулалтыг шүүгдэгчид хэрэглэх тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн.

Дамно ХХК нь шинжээчээр оролцож эд хөрөнгийн үнийг тогтоосон дүгнэлт гаргаж шинжээчийн ажлын хөлс 19.800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгт ирүүлсэн тул шүүгдэгчээс 19.800 төгрөгийг гаргуулж шинжээч Дамно ХХК-д олгох нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн В-гийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бийг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бээс 989,910 (есөн зуун наян есөн мянга есөн зуун арав) төгрөгийг гаргуулж хохирогч М.Мд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч В.Бээс 19.800 (арван есөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулж шинжээч Дамно ХХК-д олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч В.Бийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА