| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03166/И |
| Дугаар | 102/ШШ2017/02538 |
| Огноо | 2017-09-26 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/02538
| 2017 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/02538 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн наран 15-р гудамжны 23 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧО74092217, Дагийн овогт Хүрэлтогоогийн Баттулгыг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Бат-Ирээдүй, гуравдагч этгээд Х.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Х.Баттулга нь 2008 оноос байнга архидан согтуурч гэр орон, ах дүү нарынхаа эд зүйлийг зарж хохирол учруулдаг, сүүлийн үед орц хонгил, захаар байнга архидаж удаа дараа эрүүлжүүлэгдэж байгаа, архаг архичдын судалдаагнд байдаг хүн юм. Төрсөн эгч Х.Гэрэлмаагийн гэрийн эд зүйлийг хулгайлж архинаас өгөөд байгаа тул гэр бүл нь гомдол гаргасан. Эмнэлэгийн үзлэгээр архинд донтох 3 дугаар зэргийн өвчтэй нь тогтоогдсон тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Х.Баттулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд ээж маань нас барснаас хойш архи ууж байгаа. Надад орон гэр байхгүй бичил хорооллоор хонодог. Толгой өвдөхөөр архи уудаг, сая 9-р сарын 22-нд төрсөн өдрөөрөө архи уугаад эрүүлжүүлэгдсэн. Эгчээсээ мөнгө авч архи уудаг. Архинаас гаргах эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Х.Баттулгыг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Х.Баттулга нь 2008 оноос эхлэн байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж, зөрчил гаргаж захиргааны арга хэмжээ авагдсан, захиргааны зөрчлийн баримт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна.
Түүнчлэн Х.Баттулга нь 2017 оны 9-р сарын 22-ноос архи ууж, 25-ны өдөр гэртээ хэрүүл маргаан үүсгэж бусдын тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргасан, улмаар эрүүлжүүлэгдсэн байх ба түүнийг архины албадан эмчлүүлэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан байна.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2017 оны 9-р сарын 26-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр 3 дугаар зэргийн архинд донтох өвчтэй нь тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Дагийн овогт Хүрэлтогоогийн Баттулгыг албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА