Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/367

 

 

                                              

 

 

 

 

 

  2022           05            16                                          2022/ШЦТ/367

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-гийн Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210006570497 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-гийн С нь Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Б.С нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Ч амралтын газрын эсрэг талын ууланд иргэн З.У-ын гээсэн Samsung-М12 маркийн 399,200 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авч бусдад зарж борлуулж, гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг гаргахгүй гэв.  

Эрүүгийн 2210006570497 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн З.У-ын гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

2. Хохирогч З.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ч амралтын газрын эсрэг талын ууланд амарч зугаалж явж байх үедээ өөрийн Samsung М12 загварын цэнхэр өнгийн гар утсаа гээгдүүлсэн тул цагдаагийн байгууллагад хандсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

            3. Шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би эхнэр, хүүхдүүдийн хамтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Ч амралтын газрын урд талын уулан дээр очиж гулгасан. Уулнаас гулгаж тоглож явж байгаад цасан дундаас гадуураа резинен гэртэй цэнхэр өнгийн гар утсыг олсон. Тухайн үед гар утсыг үзэхэд утас унтарчихсан байдалтай байсан. Асаагаад үзэхэд код нэхэж байсан тул доторх зүйлсийг нь нээж үзэж чадаагүй. Маргааш нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү болох А.Утай явж байгаад тухайн гар утсыг Тэди худалдааны төвийн гадаа зогсож байсан эрэгтэй хүнд бэлнээр 200.000 төгрөгт зарчихсан. Тухайн үед би гар утасны хэвийн ажиллаж үзэж байгааг шалгах зорилгоор Уад байсан . дугаарын симийг тус М12 загварын гар утсанд хийж ашигласан. Тэгээд зарсан мөнгөөрөө би хувийн хэрэгцээнд зарцуулчихсан. ...Цэнхэр өнгийн резинэн кэйстэй Samsung маркийн М12 загварын гар утас байсан.

            ...Би сургуулиа төгсөөд Говьсүмбэр аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хүнд машин механизмын оператораар 1 жил суралцаж төгссөн. “Э” ХХК-д оператораар ажилд ороод өдийг хүртэл ажиллаж байна. Би эхнэр 3 хүүхэдтэй. ...Би үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна. Миний буруу. Би хохирлыг бүрэн төлж барагдуулна.. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дугаар хуудас),

4. Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №ХУ2-22-120 дугаартай:  “Samsung M12” маркийн 2021.06 сард mobicom-с авч байсан гэх гар утсыг 399,200 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

5. Юнител ХХК-ийн 2022 оны 3 сарын 16-ны өдрийн 05-01/2114 дугаартай албан бичигт: имэй кодтой утсанд дугаарыг 2022 оны 02 дугаар сарын 07-нд,  дугаарыг 02 дугаар сарын 27-ны өдөр тус тус хийж ашигласан байна.  Б Б, , УБ гэсэн тухай (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

            6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 18 дугаар хуудас), байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), 2017-2021 он, 2022 он 1-2 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 40-42, 46 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 44, 49 дүгээр хуудас) болон бусад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар Б.Сын гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), прокурорын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 144 дугаар тогтоол, санал (хавтаст хэргийн 70, 71 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.С нь “Ч” амралтын газрын эсрэг талд байх ууланд буюу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.У-ын гээгдүүлсэн 399,200 төгрөгийн үнэ бүхий “Samsung М12” загварын гар утсыг 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр олж авч, уг хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Хохирогч З.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...ууланд амарч зугаалж явж байх үедээ өөрийн Samsung М12 загварын цэнхэр өнгийн гар утсаа гээгдүүлсэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас), Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ....уулнаас гулгаж тоглож явж байгаад цасан дундаас гадуураа резинен гэртэй цэнхэр өнгийн гар утсыг олсон. ...Тэди худалдааны төвийн гадаа зогсож байсан эрэгтэй хүнд бэлнээр 200.000 төгрөгт зарчихсан. ... дугаарын симийг тус М12 загварын гар утсанд хийж ашигласан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дугаар хуудас), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас), Юнител ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 05-01/2114 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас), иргэн З.У-ын гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй үйлдэл, түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч, ашигласан гэмт этгээдийн үйлдлийг гээгдэл эд хөрөнгө завшсан гэж ойлгоно.  Мөн тус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учруулсан бол гэмт хэргийн шинж болох талаар гэж хуульд заасан.

Иймд шүүгдэгч Б.Сын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, хор уршгийн тухай.

Хохирогчийн З.У-ын гээсэн Samsung M12 загварын гар утасны үнийг 399.200 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байна. Хохирогч 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд 399,200 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал байхгүй гэж тэмдэглэжээ. Иймд шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүгдэгч Б.Сын холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр түүнтэй ял тохиролцсон, энэ саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналаа дэмжиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Б.С өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэсэн тайлбар гаргасан.

Хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч Б.С урьд ял шийтгэлгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, шүүгдэгч Б.С нь прокуророос 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал танилцуулсныг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн байх тул хуульд заасан шаардлага хангагдсан гэж үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.Уд төлөх төлбөргүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Сын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА