Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: С.Баярчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Төмөрбарс,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Лхааганжав,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр Түндэв овгийн *******д холбогдох 2126000400103 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Өндөр Түндэв овгийн ******* /РД:*******/,

 

Шүүгдэгч Өндөр Түндэв овогт ******* нь цахим мэдээллийн технологи болох “Аз Аз” гэсэн нэр бүхий нүүр номын хаяг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “техас нэртэй” мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөрөнгө, орлогогүй гэв.

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би хүмүүсийн цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсныг хуваалцвал үнэгүй тоглуулна гэхээр нь хуваалцаад хэдэн удаа тоглож байсан. 2021 оны 02 дугаар сарын эхээр байх одоо өдрийг нь санахгүй байна. Фейсбүүк ороход “Аз Аз” гэх хаягнаас “Техас” нэртэй бооцоот тоглоомыг 6 хүн суулгаж тоглуулж байхаар нь нэг удаа 5000 төгрөг өгсөн. /хх-ийн 42 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Манай гэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 3-02 тоотод байдаг бөгөөд ******* нь манайхаар байнга ирдэг. Манайд байх хугацаандаа фэйсбүүкээр тоглоом тоглуулж буй лайв руу ороод өөрөө тоглоом тоглоод байдаг байсан. ******* нь 2021 оны эхээр манайд ирээд өөрөө “Аз Аз” гэсэн фэйсбүүк хаягнаас тоглоом тоглуулсан. /хх-ийн 44 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би одоогоор өдрийг нь сайн санахгүй байна. Би өөрийн “Очирхуяг” гэх фейсбүүк хаягаараа ороод байж байхад бооцоотой “Техас” нэртэй тоглоом тоглуулж байхаар нь 1 удаа тоглосон. /хх-ийн 46 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би өөрийн “*******” гэх фейсбүүк хаягаараа ороход бооцоотой “Техас” нэртэй тоглоом тоглуулж байхаар нь өөрийн 5550053469 дугаарын данснаас гүйлгээ хийж нэг удаа тоглосон. /хх-ийн 48 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2021 оны 03 дугаар сарын 10-ны шөнийн 23 цагийн орчимд гэртээ утсаараа фейсбүүк ороод байж байтал аз ёндоогоо үзээрэй гэсэн лайв бичлэг явж байсан. Тухайн үед “Аз Аз” гэсэн фейсбүүк хаягийг анх харсан. Тэгээд “Davaa adiya 3 deer suuy” гэсэн гүйлгээний утгатай 5000 төгрөг шилжүүлсэн. Намайг тоглоход 6 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Нэг хүний 5000 төгрөг гэж бодохоор 30000 төгрөг цугларсан байх. Хожсон хүн нь 25000 төгрөг авна гэж тоглож эхлэхээсээ өмнө лайв дээрээ зарлаж байсан. Тэгэхээр зохион байгуулагч нь нэг тоглоход 5000 төгрөг авдаг юм шиг байна. /хх-ийн 52 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би интернет тоглоомоор тоглоод нэг ширээнд 5 хүн сууж нэг хүн 10000 төгрөгийн бооцоо тавиад хожсон хүн нь 40000 төгрөг авдаг тоглоомонд тоглох гэж 5540570615 дугаарын данс руу 10000 төгрөг шилжүүлсэн. Тэр нь 5 хүний бүрэлдэхүүнтэй тоглоод хожсон хүн нь 40000 төгрөг аваад зохион байгуулсан хүн нь 10000 төгрөг авч байсан. /хх-ийн 56 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11/1322 тоот албан бичиг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 2, 4, 6-8, 15-40, 66, 70, 71 хуудас/,


            Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №25 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 75, 76 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь цахим мэдээллийн технологи болох “Аз Аз” гэсэн нэр бүхий нүүр номын хаяг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “техас нэртэй” мөрийтэй тоглоом зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ******* нь цахим мэдээллийн технологи болох “Аз Аз” гэсэн нэр бүхий нүүр номын хаяг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “техас нэртэй” мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан гэрч *******ын фейсбүүк ороход “Аз Аз” гэх хаягнаас “Техас” нэртэй бооцоот тоглоомыг 6 хүн суулгаж тоглуулж байхаар нь нэг удаа 5000 төгрөг өгсөн. Гэрч *******ийн ******* нь 2021 оны эхээр манайд ирээд өөрөө “Аз Аз” гэсэн фэйсбүүк хаягнаас тоглоом тоглуулсан. Гэрч *******ын Би өөрийн “Очирхуяг” гэх фейсбүүк хаягаараа ороод байж байхад бооцоотой “Техас” нэртэй тоглоом тоглуулж байхаар нь 1 удаа тоглосон. Гэрч Ц.Мөнх-Эрдэнийн Би өөрийн “*******” гэх фейсбүүк хаягаараа ороход бооцоотой “Техас” нэртэй тоглоом тоглуулж байхаар нь өөрийн 5550053469 дугаарын данснаас гүйлгээ хийж нэг удаа тоглосон. Гэрч *******гийн тухайн үед “Аз Аз” гэсэн фейсбүүк хаягийг анх харсан. Тэгээд “Davaa adiya 3 deer suuy” гэсэн гүйлгээний утгатай 5000 төгрөг шилжүүлсэн. Намайг тоглоход 6 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Нэг хүний 5000 төгрөг гэж бодохоор 30000 төгрөг цугларсан байх. Гэрч *******гийн би интернет тоглоомоор тоглоод нэг ширээнд 5 хүн сууж нэг хүн 10000 төгрөгийн бооцоо тавиад хожсон хүн нь 40000 төгрөг авдаг тоглоомонд тоглох гэж 5540570615 дугаарын данс руу 10000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11/1322 тоот албан бичиг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11/1322 тоот албан бичиг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.

           

Шүүгдэгч ******* нь цахим мэдээллийн технологи болох “Аз Аз” гэсэн нэр бүхий нүүр номын хаяг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “техас нэртэй” мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Өндөр Түндэв овогт *******ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

            Шүүгдэгч *******ын үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. , 

 

Шүүгдэгч ******* нь “Хуульд заасан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэх хөрөнгө, орлогогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдэж 152220 төгрөгийн орлого олсон болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, шүүгдэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 152220 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өндөр Түндэв овгийн *******ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 152220 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.